Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/79

 

Говьсүмбэр аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн даргаар Б.Х,

улсын яллагч Н.М,

шүүгдэгч А.И, түүний өмгөөлөгч Э.Ш нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ид холбогдох эрүүгийн 1802003450181 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б. овогт Аын И, 1999 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУБИС-ийн 2 дугаар ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, 3 дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны .......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн .......... дугаартай,

 

Шүүгдэгч А.И нь “2018 оны 06 дугаар сарын 20-ны орчин Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тээврийн товчоо” гэх газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтад багтсан дельта-9-тетрогидроканнабинолын агууламжтай “Каннабис өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 58 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж аван 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн цүнхэндээ хууль бусаар хадгалсан, улмаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын 133 дугаар байрны баруун талд байх “Дөрвөн Энх-Оюу” ХХК-ний хашаанд байрлах гэрт Г.Ж, П.Мэ нарт хууль бусаар өгсөн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.И нь “2018 оны 06 дугаар сарын 20-ны орчин Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тээврийн товчоо” гэх газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтад багтсан дельта-9-тетрогидроканнабинолын агууламжтай “Каннабис өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 58 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж аван 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн цүнхэндээ хууль бусаар хадгалсан, улмаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын 133 дугаар байрны баруун талд байх “Дөрвөн Энх-Оюу” ХХК-ний хашаанд байрлах гэрт Г.Ж, П.Мэ нарт хууль бусаар өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Шүүгдэгч А.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гялгар ууттай өвс нь минийх бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 20-ны үед өмнө нь зүс харж байгаагүй хүнээс авсан. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зүс таних Ж, Мэ, МӨ, Ууганбаяр нар нь намайг дуудаж хамт найзынхаа төрсөн өдөрт очъё гэхээр нь зөвшөөр ч очоод өөрт байсан өвснөөс хэрэглэсэн нь үнэн. Дээрх хүүхдүүдэд өвс гэх зүйлийг худалдан борлуулсан зүйл байхгүй. Мөн ямар нэгэн байдлаар шахаж, дарамталсан зүйл байхгүй. Бүгд сонирхоод хэрэглэж үзсэн. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өвс гэх зүйлийн 2018 оны 02 сард анх хэрэглэж үзсэн. Түүнээс хойш хэрэглээгүй байж байгаад үл таних хүн энэ зүйлийг сонирхох уу гэхээр нь авчихсан юм аа. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 26-нд хэрэглэж байгаад баригдсан...” гэх мэдүүлэг.

 

Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би чойрт ах Эрдэнэцогт болон түүний эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай эгч Оюун гэр лүү ороод толгойгоо угаачих гээд оруулсан. Би гэр лүү ороод зурагт үзэж байгаад толгойгоо угаах гээд байж байхад манай найз МӨ, Ж, Ууганбаяр, Молор- Эрдэнэ цагаан өнгийн куртиктэй И нар гэрт орж ирсэн.” “... МӨ, Мэ хоёр гараад дэлгүүр орчхоод нэг ширхэг түмний спрайт, рулет авчирч надад өгсөн. Тэгээд удаагүй байхад цагаан куртиктэй И цүнхнээсээ ууттай өвс гаргаж ирээд хэрэглэнэ гэхээр нь энд хэрэглэж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би нэг гарчхаад ороод ирэхэд И болон МӨ, Ж, Ууганбаяр, Мэ нар ундааны сав цоолж байгаад нарийхан соруул шиг юм хийгээд дээрээс нь мөнгөлөг цаасыг бөөрөнхийлөөд тогоо шиг хэлбэртэй болгосон. Тэгээд мөнгөлөг цаасан дээрээ өвсөө тавиад дээрээс нь асаагаад ундааны савны амсраас нь бүгд сорсон. Эхлээд тэр ах /И/, дараа нь Ж, МӨ, Ууганбаяр нар сорсон. Тэгээд намайг авах уу гэхээр нь би үгүй үгүй гэсэн. Молор- Эрдэнэ бас авахгүй гэсэн. Тэгээд нөгөө хэд ахиад нэг нэг удаа сороод Мэ бид хоёр эхний хоёр дээр нь авахгүй гэсэн бөгөөд сүүлдээ миний сонирхол төрөөд тэр өвснөөс нь сороод уушигласан. Би нэг дор 3 удаа сорсон...”  гэх мэдүүлэг /хх-ийн 57-р тал/

Насанд хүрээгүй гэрч Г.Ж мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Улаанбаатар хотод сурдаг бөгөөд 10 хоногийн өмнө Улаанбаатар хотоос Чойрт ах Чинзоригийн гэрт ирсэн. 2018 оны 06 сарын 26-ны өдөр Дын төрсөн өдөр байсан бөгөөд орой нь 20 цагийн үед МӨ, Ууганбаяр, Мэ бид дөрөв Хонхорын 4-р байрны урд талд уулзсан. Бид нар интернетээр өвс гэж хар тамхины талаар мэддэг байсан. Ид өвс байдгийг бид бүгд мэддэг байсан. Тэгээд Дын төрсөн өдрөөр өвсийг хэрэглэж үзэх гэж И, МӨ, Ууганбаяр, Мэ бид нар очсон. Замаараа Идэрээ нэг цэвэр усны сав, шоколад авчих гэхээр нь дэлгүүрээс Ууганбаяр авсан. Тэгээд Дын гэрт нь очоод шоколадны мөнгөлөг цаасаар тогоо хийсэн. Тэгээд монгол төгрөг ороогоод усны саваа цоолоод хийсэн. Тэгээд Идэрээ өвсөө өөрийнхөө цүнхнээс гаргаж ирээд мөнгөлөг цаасан тогоонд хийгээд асаагаад цэвэр усны амсраас нь Идэрээ сороод дараа нь би сорсон. Тэгээд Ууганбаяр, МӨ, Д нар сорсон. Бүгд 2-3 удаа сорсон. Харин Мэ сүүлд нэг удаа сорсон. Дын төрсөн өдрөөс 2 хоногийн өмнө Мэ,  Ууганбаяр, Улаака бид нар Ус-Ду-гийн зүүн талд өвс хэрэглэж байсан. Тухайн өвсийг Улаака авчирсан бөгөөд Игаас 5000 төгрөгөөр худалдаж авсан. И тэр өвсийг ахаасаа авсан гэж ярьсан бөгөөд Сэлэнгэ аймгаас түүсэн гэсэн” “... гэрчээр анх мэдүүлэг өгөхдөө зарим зүйлсийг буруу байдлаар өгсөн нь тухайн үед айж сандарсан байсан учраас өөрөөсөө хэргээ зайлуулах гэж өвс гэх нэршилтэй  мансууруулах бодисыг Идэрээ гэх ахаас худалдаж авах гэж байсан талаарх яриаг өгчихсөн ууг нь бол бид нар бөөнөөрөө сониуч зангаасаа болж сонирхож хэрэглэж үзэхээр болоод л Идэрээ ахын цүнхэндээ авч явсан гялгар ууттай өвснөөс Идэрээ ахыг татаж хэрэглэхээр нь татаж хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 61, 63-р тал /

 

Насанд хүрээгүй гэрч болох П.Мэ мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018оны 06 сарын 26-ны өдөр гэртээ байж байтал 21 цагийн үед байх манай найзууд болох Ж, МӨ нар манай гэрийн цонхон дээр ирээд миний нэрээр дуудсан. Би гэрээсээ гараад очиход тэр хэд байхгүй байсан. Би Ж руу өөрийн 99420298 дугаарын утсаар Жгийн утас руу залгасан. Тэгээд Ж Ууганбаяр хоёр Идэрээ ахаас нэг юм авна тэгээд дээшээ дэнж рүү явна гэсэн. Идэрээ ах бас дээшээ дэнж рүү явна хамт явъя гэсэн. Тэгээд 4-р байрны дэлгүүр орж Ууганбаяр шоколад авсан. Тэгээд таксины зогсоол дээрээс таксинд суугаад дээшээ дэнж рүү яваад төмөр замд байдаг саарал өнгийн 5 давхар байшингийн урд буусан. Тэгээд 5 давхар барилгын баруун урд талд байдаг барилга барьж байгаа хашаанд Дын гэрт орсон. Д тэр хашааг манаж байгаа юм шиг байна лээ. Дын гэрт Идэрээ ах, Ууганбаяр, Ж, МӨ бид хэд орсон. Идэрээ ах хоёр мөрөндөө үүрдэг бараан өнгийн үүргэвчнээсээ хөх цэнхэр ууттай ганга өвс шиг зүйл гаргаж ирсэн. Тэгээд Идэрээ ах тамхи татаад тамхиныхаа цогоор цэвэр усны савыг цоолоод байсан. цэвэр усны савны цоолсон хэсгээр мөнгө хуйлж хийгээд үзүүрт нь мөнгөлөг цаасан дээр нөгөө гялгар ууттай юмаа хийгээд шатаагаад байсан. Утаа нь цэвэр усны саванд ороод, утаанаас нь Идэрээ ах МӨ, Ууганбаяр, Ж Дарханбаатар нар сороод байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/

 

Насанд хүрээгүй гэрч болох Э.МӨ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...PC тоглоомын газар байхад Ууганбаяр гараад ир, Дын төрсөн өдрийн төрсөн өдрийн талаар ярилцъя гэсэн. Ууганбаяр Идэрээ ахынд өвс байдаг гэсэн биз дээ гэж байсан. Идэрээ ах гарч ирээд та нар юу яриад байгаа юм бэ мэдсэн юм уу? гэхээр нь мэдсэн гэсэн. Идэрээ ах сул газар байвал өвсөө татаж үзүүлье гэсэн. Тэгсэн бүгд тэгье гэцгээсэн.” “... Идэрээ ах анх, та нар сонирхоод байвал 5000 мянгаар авч болно ш дээ гэхээр нь бид нар найзын төрсөн өдөр болоод мөнгө төгрөг байхгүй гэсэн чинь Идэрээ ах найзын чинь төрсөн өдөр юм бол би та нарт хэрэглэж үзүүлье гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р тал/

 

Гэрч Ц.А мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манай хүү И нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, хүнд тусархаг өрөвч зөөлөн сэтгэлтэй хойд эцгийгээ нас барснаас хойш ээждээ их тусч болж дүү нараа харж ханддаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй. Хуулийн чиглэлээр суралцаж хууль хэрэгжүүлдэг, хуулийг сахиулдаг хүн болох сонирхолтой байсан ч хүссэн сургуульдаа орж чадаагүй учраас багшийн сургуулиа орхисон одоо өмнөх жилийн элсэлтийн оноогоороо Их засаг их сургуулийн эрх зүйн ангид орохоор хөөцөлдөж байгаа. “... өөрийн хүүд хортой зүйл битгий хэрэглэж архи дарс ууж байгаарай гэж хэлж захидаг байсан. Манай хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй харин утаат тамхийг миний хажууд татахгүй ч нүднээс далдуур татаад байх шиг байдаг юмаа.”...  гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/

 

Насанд хүрээгүй гэрч болох Б.У мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 сарын 26-ны өдөр Иг Хонхорын таксины зогсоолын PC-нд байхад нь Жавхаа бид хоёр дотогш ороод Идэрээг дуудаад гаргаж ирээд өвс авъя гэхэд за гэж хэлээд 2-р байрны хамгийн эхний орц руу Молор, Жавхаа, Дөлөө, Идэрээ бид хэд ороод өвсөө авах гэж байхад Идэрээ та хэд хийж чадахгүй би хийж өгчхөөд цуг сорчхоод явъя гэж хэлсэн. Ид өвс байдаг талаар доод ангийн Энхмөнх гэдэг хүүхдээс сонссон. Тэр надад хэлэхдээ Ид өвс байдаг тэр зардаг гэхээр нь 2018 оны 06 сарын 25-ны өдөр түүнд рүү өвс байна уу? Өвснөөс чинь 5000-д авъя гэхэд тийм жоохон юм авах юм уу? за за маргааш залгаарай гээд утсаа өгсөн. Тэгээд чатаа устгаарай гээд байсан.” “... гэрчээр анх мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг айж сандарсандаа болоод буруу байдлаар өгсөн. И гэх ахаас өвс гэх зүйлийг худалдаж авах талаар ярьсан зүйл байхгүй. Тухайн үед хэргийг өөрөөсөө зайлуулахын тулд Игаас авсан талаар ярьсан. Игаас өвс гэх зүйлийг мөнгөөр худалдаж аваагүй харин бид нар хэрэглэж үзэхээр сонирхож байсан болохоор хэрэглүүлсэн гэж бодож байна. Хэн нэгэн хүнд мөнгөөр өвс гэх зүйлээ зарж байхыг хараагүй. Өмнө нь Мэ, Ж, Энхмөнх буюу дууддаг нэр нь Улаакаа гэх хүүхэд болон бид 4 өвс гэх зүйлийг хэрэглэж үзэх талаар ярилцаад Энхмөнх гэх хүүхэд гялгар уутны ёроол хэсэгт бага зэрэг өвс мэт зүйлийг авч ирсэн ч чадахгүй байсан тул тухайн өвсөө хаячихсан”  .. гэх мэдүүлэг /хх-ийн 74-77-р тал/

 

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 6956 дугаартай:

  • Шинжилгээнд ирүүлсэн урд хажуу бөөр хэсэгт 2 ширхэг нүхэлж цоолсон цэнхэр өнгөтэй хуванцар сав, хуйлж ороосон 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, улаан бөглөөтэй дотор талдаа шингэн зүйлтэй хуванцар сав, бортого мэт хэлбэрт оруулсан тугалган цаас дотор байсан үнс мэт зүйл, дутуу шатсан ургамал мэт зүйл, цайвар ногоон өнгөтэй хатаасан ургамал мэт зүйл зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.
  • Шинжилгээнд ирүүлсэн Улаан бөглөөтэй дотор талдаа шингэн зүйлтэй хуванцар савнаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн урд хажуу бөөр хэсэгт 2 ширхэг нүхэлж цоолсон цэнхэр өнгөтэй хуванцар сав, хуйлж ороосон 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, бортого мэт хэлбэрт оруулсан тугалган цаас дотор байсан үнс мэт дутуу шатсан ургамал мэт зүйл, цайвар ногоон өнгөтэй хатаасан ургамал мэт зүйл зэргээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
  • Илэрсэн  делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно гэх дүгнэлт /хх-ийн 78-79 тал/

 

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 6957 дугаартай:

  • Шинжилгээнд ирүүлсэн урд хажуу бөөр хэсэгт 2 ширхэг нүхэлж цоолсон цэнхэр өнгөтэй хуванцар сав, түлсэн мэт бохирлогдсон мөнгөлөг цаас, хуйлж ороосон АТ4981880 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.
  • Шинжилгээнд ирүүлсэн урд хажуу бөөр хэсэгт 2 ширхэг нүхэлж цоолсон цэнхэр өнгөтэй хуванцар сав, түлсэн мэт бохирлогдсон мөнгөлөг цаас зэрэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна.
  • Шинжилгээнд ирүүлсэн хуйлж ороосон АТ4981880 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
  • Илэрсэн  делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно гэх дүгнэлт /хх-ийн 88 тал/

 

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 6954 дугаартай:

  • Шинжилгээнд ирүүлсэн “Э.Д 2018.06.27” гэж хаягласан, “Г.Ж 2018.6.28” гэж хаягласан, “П.Мэ 2018.6.28” гэж хаягласан, “Э.МӨ 2018.6.28” гэж хаягласан, “А.И 2018.6.27” гэж хаягласан, “Б.Ууганбаяр 2018.06.27” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
  • Шинжилгээнд ирүүлсэн “Э.Д 2018.06.27” гэж хаягласан, “Э.МӨ 2018.6.28” гэж хаягласан, “Б.Ууганбаяр 2018.06.27” гэж хаягласан шээс тус бүрт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн “Г.Ж 2018.6.28” гэж хаягласан, “П.Мэ 2018.6.28” гэж хаягласан, “А.И 2018.6.27” гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.

Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно гэх мэдүүлэг. /хх-ийн 97 тал/

 

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл жинлэсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-23 тал/,

 

            - мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 36-40 тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 615 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч А.И нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-р тал/-аар тогтоогдож байна.

 

Эрүүгийн 1802003450181 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урд хажуу хэсэгтээ нүхэлж цоолсон цэнхэр өнгийн хуванцар сав, 2 удаа түлж цоолсон хуванцар сав тус бүр 1 ширхэг, бортого мэт хэлбэрт оруулсан үнс мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, гялгар уутанд хийсэн цайвар ногоон өнгөтэй хатаасан ургамал мэт зүйл, хуйлж ороосон AQ0627456 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АТ4981880 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, МУБИС-д суралцдаг, анх удаа гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон багийн Засаг даргын тодорхойлолт, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Аын Иг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч А.Ид зан үйлээ засах, мансууруулах бодис хэрэглэхгүйгээр хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Шүүгдэгч А.Ид авсан албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ид тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч А.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урд хажуу хэсэгтээ нүхэлж цоолсон цэнхэр өнгийн хуванцар сав, 2 удаа түлж цоолсон хуванцар сав тус бүр 1 ширхэг, бортого мэт хэлбэрт оруулсан үнс мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, гялгар уутанд хийсэн цайвар ногоон өнгөтэй хатаасан ургамал мэт зүйл, хуйлж ороосон AQ0627456 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АТ4981880 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ