| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 2419000190170 |
| Дугаар | 2025/ДШМ/70 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/70
Д.Бод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Б , Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Зуунай,
хохирогч Н.Б/цахимаар/
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Уярал /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Бод холбогдох 2419000190170 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагийн орчим автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Дорноговь аймгийн *ын нутаг дэвсгэр босоо тэнхлэгийн а/0102 дугаартай замаар "Тоёота Ар Экс 450" маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/...тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох" мөн дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан "Жолооч... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг... тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчиж зам дагуу байрлах зам ашигласны төлбөр хураан авдаг пост буюу ТАЦ-ыг мөргөсний улмаас постон дотор үүрэг гүйцэтгэж байсан Д.Бгийн биед хүнд хохирол, тээврийн хэрэгслээр зорчиж байсан Н.Бгийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газраас Д.Быг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Н.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Д.Бын үйлдэл, учирсан хор уршиг нь шалтгаант холбоотой гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил, 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Бод оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Бод оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил, 8 сарын хугацаагаар, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг, ял оногдуулсан үеэс хугацааг тоолж,
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, мөн хохирогч Н.Б, тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.Ц нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн хяналтын камерын бичлэгийн хуулбар бүхий 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн гаргасан давж заалдсан гомдолд: “Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад: ...хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Эрүүгийн хариуцлагын талаар хохирогчийн ар гэрийн зүгээс прокурорын гаргасан саналын хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүссэн. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульд заагдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс талийгаачийн амь нас хохирсон нь авто ослоос үүдсэн гэмтлүүдээсээ болсон уу, нурууны гэмтэл болон дэлүүгээ авхуулсан нь удаандаа хүндэрч харвалт өгч амь нас нас эрсэдсэн эсэх зэргийг тодорхойлон дүгнүүлэх тусгай мэдлэг бүхий шинжээч томилж өгөхийг хүссэн боловч мөрдөн байцаалтын шатанд гаргаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүйд гомдолтой байна.
Хэргийн хохирогч талийгаач Д.Б нь авто осолд орсны улмаас дэлүү задарч бүтэн нээлттэй хагалгаанд 2 удаа орж дэлүүгээ авхуулсан. Нуруундаа гэмтэл авснаар нурууны үенүүд шахагдан, диск нь цүлхийж гарч ирсэн гэж оношлогдсон. Талийгаач дэлүүний хагалгаанд орсноос хойш байнгын эмчийн хяналтад эмнэлгээр явдаг болсон. Нурууны хагалгаанд орох заалттай байсан боловч урьд хийлгэсэн хагалгаанаас болоод биеийн байдал дээрдэхгүй, мөн ойрхон хүнд хагалгаанд ороход бие нь дийлэхгүй гээд хойшлогдож явж байгаад уг нурууны гэмтлээсээ болоод харвалт өгч нас барсан.
Миний эхнэр авто осолд орж хүнд гэмтэл авч эмнэлгээр уйгагүй явж байсан болохоор хэдхэн сар л амиа зогоож байгаад нас барлаа. Надад маш их гомдолтой байна. Талийгаач амьд байхдаа Д.Бтой холбогдож гайгүй эмнэлэгт үнэ хөлсийг нь төлөөд өгвөл нурууны хагалгаанд орчих гээд олон удаа залгаж байсан боловч утсаа авдаггүй байсан. Ханийн минь амь нас хохирч миний амьдрал ч маш хүнд, хэцүү байна. Иймд шүүгдэгч Д.Бод оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчилж өгнө үү.
Анхан шатны шүүх хуралдаан болох үед миний бие талийгаачийг төлөөлж оролцохоор болсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохгүйгээр, үүнийг иргэний журмаар нэхэмжлэхээр тогтоолдоо тусгаж өгөлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримтад талийгаачийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдсон байдаг боловч хэргийг шийдвэрлэх үед хохирогч өөрөө оролцох боломжгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оролцохоор болсныг анхаарч үзсэнгүй. Иймээс тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэхээр тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна” гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал гаргасан тайлбартаа:”... Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б болон өмгөөлөгч бидний зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон. Давж заалдах шатны шүүхэд гаргасан бичгээр гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолтой танилцсан. Уг гомдлыг 2 агуулгатай байна гэж ойлгож байна. Нэгдүгээрт тухайн авто ослын улмаас учирсан гэмтлээс шалтгаалж хохирогч нас барсан. Иймд Д.Бод холбогдох эрүүгийн хариуцлагыг өөрчилж өгнө үү. Хоёрдугаарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон талийгаачийн нөхөр Б.Бийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож, сэтгэцийн дүгнэлт гаргуулмаар байна. Үүнийг шүүх хүлээн аваагүй нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж байна гэж ойлгосон. Тус хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хүнд хохирол учруулсантай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Эсрэгээрээ талийгаач нас барсан нь тухайн ослоос болсон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хэргийн зүйлчлэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжээр хохирогч сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгосон байгаа учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид дахин сэтгэл санааны хохирлын зэрэг тогтоох хууль зүйн боломжгүй. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тухайн ослоос шалтгаалж хүнд гэмтэл учирч, тодорхой хугацааны дараа хохирогч нас барвал хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх хуулийн заалт байхгүй. Мөн хэргийн үйлчлэл өөрчлөгдөх боломжгүй байна. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бодитой дүгнэлт хийж хариуцлага оногдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчид учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгааныг харгалзан үзэж шүүх эрүүгийн хариуцлагыг зөв оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б гаргасан тайлбартаа: “...2025 оны 02 дугаар сард давж заалдах шатны шүүх хуралдаан болж, 1 сар гаруй хугацааны дараа хохирогч Б эгч нас барсан. Хохирогч Ай-69 гэдэг оноштойгоор нас барсан байсан. Авто осолтой холбоогүй оношоор анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 08 дугаар сард болсон. Би осол гаргаснаас хойш өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Осол 2023 оны 12 дугаар сард болж, 2024 оны 02 дугаар сард Б эгчийн гэрээр очиж байсан. Миний утас байнга асаалттай байсан, хохирогч над руу залгахад нь би буцаагаад залгаж байсан. Шүүх хуралдаанаас өмнө зээл авч өөрийнхөө бололцоогоор хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийн хэмжээгээр бүгдийг нь төлж барагдуулсан. Ар гэрт нь эмгэнэл илэрхийлж уучлалт гуйж байсан. Б эгчийг амьд байхад нь би Улаанбаатар хотоос 3 удаа зорьж ирж уулзаж байсан.” гэв.
8.Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Н.Б гаргасан тайлбартаа: “...Би өмнөх шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Д.Б тухайн үедээ хохирогчийн санал гомдлыг барагдуулж байсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирол төлбөрийг барагдуулсан учраас хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
9.Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Д.Зуунай гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Боос гаргасан гомдолтой танилцлаа. Нэгдүгээрт шүүгдэгч Д.Бод оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөн байна, үүнийг хүндрүүлж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Анхан шатны шүүхээс эрх, тэгш мэтгэлцээний үндсэн дээр, хөндлөнгийн байр сууринаас шийдвэрээ гаргадаг учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хоёрдугаарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлттэй маргадаг. Уг дүгнэлтийг хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбоо нь тухайн зам тээврийн ослоос болсон. Шүүгдэгч Д.Б нь амь насыг хохироох хэмжээний гэмтэл учруулсан. Нурууны гэмтэл болон харвалт нь уг ослын улмаас учирсан бол дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг гаргаж, хэргийн оролцогч нарт бүрэн танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б гийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн гэмтэл, дэлүүний урагдал, бүдүүн гэдэсний няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд амь хохирогчийн нурууны гэмтлээс болж харвалт үүссэн. Энэ гэмтлийг дахин тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан. Тухайн зам тээврийн ослоос үүссэн гэмтэл, хохирогч Б гийн амь нас хохирсон гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоогүй байгаа учраас хүсэлтийг нь хүлээн аваагүй. Гуравдугаарт хохирогч Б гийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Б нь сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Хохирогч Б гийн сэтгэцэд 3 дугаар зэрэглэл тогтоогдсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байгаа. Хохирогч Б гийн амь нас хохирсон үйлдэл нь Д.Бын үйлдэлд хамаарахгүй учраас дахин сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
-тээврийн хэрэгслийн жолооч буюу шүүгдэгч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагийн орчим Дорноговь аймгийн *ын нутаг дэвсгэр босоо тэнхлэгийн а/0102 дугаартай замаар "Тоёота Ар Экс 450" маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад “...тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож явах" Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам ашигласны төлбөр хураан авдаг пост буюу ТАЦ-ыг мөргөсөн,
-тухайн төлбөр хураан авдаг постод албан үүргээ хэрэгжүүлж байсан Д.Бгийн биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний урагдал, бүдүүн гэдэсний няцрал, дотуур цус алдалт гэмтэл” бүхий хүнд хохирол /Iхх-50-51/,
-тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Н.Бгийн биед “зүүн дунд чөмөг ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан /Iхх-42-43/,
-дээрх гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой болох үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.
5.Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан буюу мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 13 дугаар зүйлд зааснаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэгдсэн журмаар тусгайлан зохицуулсан хэм хэмжээний акт” бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон, тусгай мэдлэг шаардсан асуудлын хүрээнд эргэлзээ, маргаан бүхий байдал үүсээгүй байна.
Тодруулбал, шүүгдэгчийн эс үйлдэл ба хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Н.Бгийн биед хүндэвтэр хохирол учирсан хохирол хоорондын шалтгаант холбоог нотолж буй дээрх нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсонгүй.
6.Хохирогч Д.Б нь 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нас барсан байх ба нас барсан шалтгааныг I61.9 буюу олон улсын өвчний ангилалд зааснаар “тархины цус харвалт” гэж оноштойгоор бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-209/
7.Хохирогчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг шүүх хуралдаанд “хохирогч Д.Б нь авто осолд орсны улмаас дэлүү задарч мэс засалд орсон талаарх дүгнэлт хэрэгт авагдсан боловч, хохирогч нас барсан. Хохирогч нурууны гэмтэл авсан, уг гэмтлээ дүрс оношлоогоогоор шинжлүүлж байсан байдаг. Харин ...шинжээчийн 02/105 дугаартай дүгнэлтэд нурууны гэмтлийг дүгнээгүй. Хохирогч энэ гэмтлийн улмаас харвалт өгч нас барсан тул энэ гэмтэл хохирогчийн гэмтлийн зэрэгт хамаарах уу, хохирогчийн амь насанд хэрхэн нөлөөлсөн гэдгийг тодруулж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж маргасан боловч 1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр талд авагдсан хохирогч Д.Бгийн Med trauma эмнэлгийн 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Дүрс оношилгооны шинжилгээг цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болсон өдрөөс хойш, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02/105 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ээс өмнө хийлгэсэн байна.
Уг шинжээчийн дүгнэлтэд “Д.Бгийн биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний урагдал, бүдүүн гэдэсний няцрал, дотуур цус алдалт гэмтэл” бүхий хүнд хохирол тогтоогдлоо... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 30 хувь нөлөөлнө” гэснийг хохирогч Д.Бд 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр танилцуулахад тэрээр хуульд заасан журмын дагуу гомдол хүсэлт гаргаагүй байна.
Анхан шатны шүүхийн “...талийгаач Д.Бгийн биед хийсэн шинжилгээ, нас барсны гэрчилгээ дээрх тэмдэглэгээ, осол гарсан 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс нас барсан өдөр хүртэлх хугацаа зэргийг харгалзан үзвэл Д.Бын үйлдэл болон талийгаачийн нас барсан явдлын хооронд шалтгаант холбоогүй” гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь, тус гэмт хэргийн улмаас Д.Бгийн эрүүл мэндэд “хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн урагдал, бүдүүн гэдэсний няцрал, дотуур цус алдалт бүхий” хүнд хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, 2024 оны 1эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон бөгөөд хожим хохирогч Д.Бгийн нас баралт шүүгдэгч Д.Бын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй нь хохирогчийн “тархины цус харвалт” оношоор тогтоогдсон.
8.Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэснийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж өөрчлөн найруулсан ба 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж, мөрдөхөөр тогтоосон хуулийг буюу гэм буруутай этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь хуульд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар буюу хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Д.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан, түүний гэм бурууд тохирчээ.
9.Хохирогч Д.Бгийн нас барсан шалтгаан нь шүүгдэгч Д.Бын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй буюу хамааралгүй үндэслэлээр хохирогч Д.Бгийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн гаргасан оршуулгын болон буяны зардлыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцсэн, үндэслэл бүхий байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаны хохирол, хор уршигт шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт хохиролд 21,005,897 төгрөгийг хохирогч Д.Бд төлж барагдуулсан байх ба уг хохирлын дүнд Д.Бгийн сэтгэцэд учирсан хохирол 15,173,400 төгрөгийг тооцогдсон байх тул хууль ёсны төлөөлөгч Б.Б нь өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилуулах, нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх хууль зүйн үндэслэлгүй байна. /хх-129, 130-145/
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10.Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангах, 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт, гомдлыг шийдвэрлүүлэх,
анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа дахин шүүхэд шилжүүлсэн үндэслэлийг тайлбарлах, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тэмдэглэл, эрхийн актад зөрүүгүй тэмдэглэх, хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж, хэргийн материал танилцуулсан эсэхээ баталгаажуулах, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг эрхийн актаар шийдвэрлэх шаардлагатайг тус тус тэмдэглэв.
ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
Д.МӨНХБҮРЭН