Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 605

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

            Улсын яллагч Б.Чинбилиг,

            Шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч Г.Намуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь дахь хэсэгт зааснаар Б овогт Н-ийн З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708024760092 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:            

Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.З нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны үед гэртээ хамтран амьдрагч Р.Ц-ийг хардсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 04-ний гэртээ хамтран амьдрагч Р.Ц-ийг хардсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Н.З нь 2017 оны 09 дүгээр сарын 10-15-ны өдрийн орчим хамтран амьдрагч Р.Ц-ийг хардсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн    

2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой гэртээ хамтран амьдрагч Р.Ц-ийг хардсаны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: 

            - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/

            - иргэн Р.Ц-ийн Сонгинохайрхан дүүрэг дахь Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-3, 4/

            - хохирогч Р.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 23 цагийн хооронд манай хамтран амьдрагч Н.З нь хадам аавын хамт ирж архи уусан...Намайг халзан банди нартайгаа алцаганадаг гээд доромжилж эхэлсэн....Тэр шөнө би унтахын өмнө А гээд залуутай чат бичилцэж байгаад унтаад өгсөн. Тэгээд намайг унтаж байхад З миний нүүр лүү цохьсон. Тэгээд би сэртэл “чи хүнтэй чаталсан байна, банзал, янхан минь” гээд үгийн зөрүүгүй намайг цохиод өшиглөөд байсан. Арай гэж мөлхөж гараад хажуу айлын Ө гээд эгчийг дуудсан...Нурууны сэртэн яс зүүн талдаа хугарсан байсан…2017 оны 09 дүгээр сарын 20-ны орчим намайг зодсон. Тухайн үед толгойндоо гэмтэл авч байсан, би хөхөрч няцарч шалбарсан байсан...2012 оны 07 сараас хойш хамтран амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хх-12-13, 67/...2017 оны 09 дүгээр сард...намайг гэртээ зодож байсан, тэгэхэд би гэмтлийн эмнэлэгт хүлээн авахад нь үзүүлээд хувийн эмнэлэг рүү томографийн зураг авахуулсан, тэгэхэд миний хамар хугарсан байна гэж  хэлж байсан, томографийн баримт нь байгаа...намайг байнга хардаад байдаг...гэх мэдүүлэг /хх-95, 115/,

            - гэрч Ц.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...сүүлийн үед нөхөр З нь архи дарс уудаг болохоор эхнэртээ агсам тавидаг болсон, сая 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болон 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Н.З нь Р.Ц-ийг зодож байсан…2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлээ унтраагаад унтах гээд байж байтал хажуу айлд эмэгтэй хүн аллаа авраарай гээд орилоод байхаар нь гэрт нь яваад ортол нөхөр З нь Ц-ийг зодчихсон, өөрийгөө хутгалчихсан байсан…2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой гэртээ намайг байж байхад бас Ц орилоод байхаар нь гэр рүү нь яваад ороход Ц-ийн нуруу бөөр рүү нь өшиглөчихсөн босож чадахгүй байна гээд орон дээр хэвтэж байсан...гэх мэдүүлэг/хх-18, 117/,

- насанд хүрээгүй гэрч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн:...заримдаа аав ээж хоёр хэрэлддэг...2017 оны 09 дүгээр сард өдрийг санахгүй байна зодож байсан, аав тэр үед зодохдоо нүүр рүү нь цохиод газар уначихсан байхад нь үснээс нь чирээд хөл гар руу нь өшиглөсөн...хамгийн сүүлд 11 сард зодсон гэсэн...гэх мэдүүлэг /хх-100/

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13840 дугаартай:...Р.Ц-ийн биед бүсэлхийн 2-р нугамын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, духны баруун хэсэг, эрүүнд зулгаралт, цээжний зүүн доод болон баруун хажуу хэсэгт цус хуралт, бүсэлхийнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Р.Ц нь өмнө нь ямар нэг ужиг хууч өвчтэй байсан гэх эмнэлгийн материал байхгүй байна...гэх дүгнэлт /хх-20/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 734 дугаартай:...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр авхуулсан толгойн КТГ, ГССҮТөвийн хүлээн авах тасагт үзүүлсэн үзлэгиын лавлагаагаар Р.Ц-ийн биед тархины доргилт, хамрын ясны хугарал гэмтэл учирсан байх боломжтой байна, энэ гэмтлүүд нь ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 2017.09.13-ны өдөр үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-147/,

            - хохирогчийн гэмтэлд хамаарах баримт бичиг /хх-134-137/,

            - мед Траума эмнэлгийн компьютэр томографийн шинжилгээ “...Р. Ц, 32 настай, эмэгтэйд хамар ясны баруун хажуу хана зөрөөгүй хугаралтай...гэх /хх-137/

            - шүүгдэгч Н.З-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2012 оноос хойш Р.Ц-тай хамт амьдарсан. 4 хүүхэдтэй. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхнэртэйгээ А гэж залуугаас болж хэрэлдсэн, хэрүүлийн үед би уурандаа өөрийнхөө хэвлийн хэсэгт хутгалсан, цагдаа ирэхэд би өөрийгөө хутгалсан гээд шалгуулаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой бид архи уусан...эхнэр унтаж байсан ба утасных нь фэйсбүүк мессэнжер онгорхой байхаар нь уншиж үзэхэд А гэж залуутай мессэж бичсэн байсан...би чамд хайртай секс хийхийг хүсэж байна гээд цээжнийхээ нүцгэн зургаа явуулсан байсан, би цочирдоод эхнэрийгээ сэрээх гээд нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Босоод ирэхээр нь хэрэлдээд, ахиж нүүр рүү нь нэг удаа цохитол нүүрээ дараад доош суухаар нь нуруу хэсэгт нь гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-62/...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Ц-тай маргалдаад түлхээд унагаахад нүүрээрээ унаад хамар нь гэмтсэн байх, тухайн үед би мэдээгүй, тэр өдөр өөрийгөө би хутгалсан байсан болохоор эмнэлэг яваад би эхнэрийг үзүүлснийг мэдээгүй, дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 04-нд эхнэрээ хардсаны улмаас нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд доошоо тонгойхоор нь нуруу руу нь гараараа хоёр удаа цохисон, тэгээд нуруу нь гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-151/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

 

            Иймд шүүгдэгч Н.З-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:         

            Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, шүүгдэгч нь хохирогчийг 2 удаа тус тус зодсон тухай хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.     

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч, хохирогч нар 5 жилийн хугацаанд хамт амьдарсан байх ба тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү халдсан, хүч хэрэглэсэн хууль бус, зүй бус үйлдэл хийсэн гэж үзэх нотлох баримтгүй байх тул шүүгдэгчийг тухайн хэргийг үйлдэхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.      

2015 оны Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг ойлгоход Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаар тус тус заасан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.  

Харин шүүгдэгчийн 2017 оны 09 дүгээр сард хохирогчийг зодсон өдрийн хувьд хохирогч, гэрч нар 13, 20 гэж, шүүгдэгч 10-ны өдөр гэх мэтээр мэдүүлж харилцан адилгүй мэдүүлсэн, шүүгдэгч өөрийгөө хутгалан эмчид үзүүлж байсан эсэх баримтыг шалгаагүй байх боловч шүүгдэгчид зодуулснаас 2015.09.15-ны өдөр хохирогчид гэмтэл учирсан нь тогтоогдсон байх тул тухайн гэмт хэргийн цаг хугацааг “2017 оны 9 сарын 10-15-ны өдрийн орчим” гэж тодорхойлов.

            Хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн “бусадтай зүй бус утга агуулга, дүрс бүхий мэссэж бичсэн болон бусад зүй бус үйлдэл” тус хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг 2 удаа үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй болно. 

            Бусад асуудал

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.    

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Н.З-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Н.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сар хорих ялаар,  

            мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.З-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр мөн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.З-ын эдлэх 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

            5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Н.З-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.     

 

            7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.