| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 2519002660213 |
| Дугаар | 2025/ДШМ/71 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/71
С.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Зуунай,
шүүгдэгч С.М /цахим/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан гомдлоор шүүгдэгч С.Мт холбогдох 2519002660213 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.*
2.Шүүгдэгч С.М нь 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн * сумын 8 дугаар баг, Холбооны байрны * тоот хашаанд хамтран амьдрагч Ц.Зтай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун шанаа, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт, зүүн тохойн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
3.Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 540 /таван зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,
Шүүгдэгч С.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч С.М нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдааны тайлбартаа: “миний бие эхнэр Ц.Зтай 2021 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй, хүү маань 3 настай, бид хоёр гэрлэлтийн баталгаагүй.
2025 оны 5 сарын 18-ны өдөр би ялихгүй зүйлээс эхнэртэйгээ маргалдан, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан буруутай үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа.
Миний бие одоо Өмнөговь аймгийн * суманд үйл ажиллагаа явуулдаг JIP компанид материал зохицуулагчаар ажилладаг, 2025 оны 8 сарын 06-наас энэ ажилд орж ажиллаж байгаа, ээлжээр ростероор ажилладаг юм.
Анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ял нь намайг ажлаасаа гарах нөхцөл байдалд хүргэж, ажилгүй болбол амьдрал маань хэцүү байдалд орох гээд байгаа учраас ажилтайгаа үлдэх бүх л боломжийг хайж байна. Эхнэр маань одоо ажилгүй, бид хоёр сард өндөр зээл төлдөг юм.
Иймд эхнэртэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэж, ажил амьдралтайгаа үлдэх боломжийг нэг удаа олгож, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг торгох анх удаа хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгааг маань болон ажил орлоготой байгаа нөхцөлийг маань харгалзан үзээд нэг удаа торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
6.Давж заалдах шатны шүүхэд хохирогч Ц.З гаргасан тайлбартаа: “...2025 05 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн маргаанаас болоод нөхөр С.М нь миний биед хөнгөн гэмтэл учруулсны улмаас анхан шатны шүүхээс 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. ...Бидний хувьд ярилцаж ойлголцсон ба С.М нь дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амласан. Миний бие 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаасаа гарсан. Миний нэр дээрх орон сууцны зээлийг нөхөр төлж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр нь цаашид зээлийн төлөлтийг төлөх, мөн С.М нь ар гэрээ авч явахад хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа тул С.Мт оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.
7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Д.Зуунай гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Моос гаргасан гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирол зэрэгт дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2.Шүүгдэгч С.М нь 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн * сумын 8 дугаар баг Холбооны байрны * тоот хашаанд хамтран амьдрагч Ц.Зтай үл ялих зүйлийн улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун шанаа, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт, зүүн тохойн зулгаралт бүхий хөнгөн хохирлыг учруулсан үйл баримт хохирогч Ц.Згийн мэдүүлэг /хх-40-42/, гэрч Д.Аийн мэдүүлэг /хх-45-46/, Дорноговь аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-16-17/, гэрэл зураг /хх-51-60/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-19-26/, С.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3.Шүүгдэгч С.Мт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ц.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн.
5.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн.
Хууль тогтоогч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол энэ хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тодорхойлсон байна.
Дээрхээс үзэхэд шүүгдэгч С.Мын хохирогч Ц.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, түүний улмаас учирсан хор уршиг, тэдгээрийн шалтгаант холбоо нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
6.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М нь “...шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ял нь намайг ажлаасаа гарах нөхцөл байдалд хүргэж байна. Эхнэр ажилгүй, бид хоёр сард өндөр зээл төлдөг, гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэж, ажил амьдралтайгаа үлдэх боломж олгож, торгох ял өгнө үү” гэсэн агуулгаар гаргасан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдалд хамаарах хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бодит нөхцөл байдал буюу 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн яллах дүгнэлт үйлдэх үед авагдсан “...эрхэлсэн тодорхой ажилгүй” гэх байдлыг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагч, шүүх тодруулаагүй, анхаарч үзэлгүй түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамд нийцсэнгүй.
Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан, шүүгдэгч нь 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс “Оюу толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Говь Инфрастракчер Партнерс” ХХК-д материал-ложистикийн зохицуулагчаар ажиллаж байгаа болон хамтран амьдрагч Ц.З нь ажлаасаа чөлөөлөгдсөн, зээлээр орон сууц худалдан авсны төлбөрийг шүүгдэгч төлдөг, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхэд зайлшгүй хөдөлмөр эрхлэх шаардлагатай зэрэг гомдолд дурдсан хувийн байдалтай холбоотой үндэслэлүүд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Шүүхээс хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, биелэгдэх боломжтой байх шаардлагад нийцсэн байвал зохино.
Энэ үндэслэлээр шүүгдэгч С.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг “нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож” өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж байгаа энэ өөрчлөлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, ялыг хүндрүүлэхгүйгээр шийдвэрт өөрчлөлт оруулах” үндэслэлд хамаарах тул шүүгдэгч С.Мын давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн болно.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан прокурорын “1,000,000 төгрөгөөр торгох” ялын саналыг “10,000,000 төгрөгөөр торгох” гэж зөрүүтэй бичсэнийг анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2 дахь заалтын “...540 /таван зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар...” гэснийг “...нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар...” гэж,
-3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэж,
-4 дэх заалтын “...нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд...” гэснийг “...торгох ялын биелэлтэд...” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Мын давж заалдсан гомдлыг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
Д.МӨНХБҮРЭН