Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2020/00877

 

ф- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00332 дугаар шийдвэртэй,ф- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Од холбогдуулан гаргасан

Гэрээний үүрэгт 53 606 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, А.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч ф- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани С.Отой 2018 оны 9 дүгээр сарын 27-нд 1/12, 1/13 тоот авто машины дулаан зогсоол захиалан бариулах гэрээнүүдийг байгуулж, компанийн зүгээс Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хан-Уул хотхон орон сууцны барилгын 5-р байрны зоорийн давхарт байрлах 16 тоот 30 м.кв, 15 тоот 30 м.кв дулаан зогсоолуудыг хүлээлгэн өгөх, харин захиалагч С.Оы зүгээс 1 зогсоолын үнэд 35 000 000 төгрөг, 2 зогсоолын үнэд 70 000 000 төгрөгийг төлөх, үүнээс 1/12 дугаартай гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 24 500 000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр, 1/13 дугаар гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 24 500 000 төгрөгийг мөн 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төлөх үүргийг хүлээсэн. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж С.Оы эзэмшилд зогсоолуудыг шилжүүлсэн, С.О төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний 2.3 дахь хэсэгт 0,1 хувийн анз төлөхөөр тохиролцсон. Гэрээгээр 2 ширхэг дулаан зогсоолын үнэ 49 000 000 төгрөг, алданги 4 600 000 төгрөг хугацаа хэтэрсэн 94 хоногт 0,1 хувийн алданги 24 500 төгрөг, нийт 53 606 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 гараашаа хүлээн авсан ч 70 хувийг нь төлөөгүй байгаа. Гэрээг дуусгавар болохоос өмнө 6 сарын хугацаанд сунгаж, өгөхийг хүссэн боловч зөвшөөрөөгүй. Энэ ондоо төлнө. Байр ашиглалтад орох хугацаа их хойшилсон. Тэр асуудалд бидний зүгээс ямар ч гомдол гаргаж байгаагүй. Төлбөр барагдуулсан айлууддаа ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргаж өгөхгүй удаж байгаа юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Ооос 53 606 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ф- ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ооос 425 980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ф- ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч С.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Автозогсоол нь гэрээгээр тохирсон 30 м.кв талбайдаа хүрэхгүй төдийгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч С.Оы нэр дээр гарган өгөөгүй байдаг. Худалдах-худалдан авах гэрээний гол харилцаа бол худалдагч тал ямар нэгэн төрлийн зүйлийг худалдан авагчид эрхийн болон биет байдлын доголдолгүй бүрэн хүлээлгэн өгөх, үүний дараа худалдан авагч тал үнийг бүрэн төлөх асуудал байдаг. Анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж, худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биет байдал чанарын доголдолгүй, бүрэн биелүүлсэн эсэхийг тодруулалгүй, энэ талаар дээр ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөлгүй, зөвхөн талуудын тайлбарт үндэслэн хариуцагчаас мөнгө гаргуулах шийдвэр гаргасанд гомдолтой. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэж байх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн авто зогсоолын төлбөрийн асуудал гэж ойлгон авто зогсоолын чанар, хэмжээ, өмчлөх эрхийн гэрчилгээний талаар тайлбар гаргаагүй байдаг. Хэргийг бүхэлд нь хянан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч ф- ХХК нь хариуцагч С.Од холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг, анз нийт 53 606 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 49 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 19/

Талууд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр №1/12, 1/13 дугаартай автомашины дулаан зогсоол захиалан бариулах нэртэй гэрээг байгуулж, хариуцагч 2 зогсоолын үнэд 21 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Авто зогсоолын үнээс 49 000 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэнийг, уг мөнгийг төлөх үүрэгтэй гэдэгт хариуцагч маргаагүй. Гэрээгээр авто зогсоолыг нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч 2019 оны 6 дугаар сард худалдан авагч буюу хариуцагч бодит эзэмшилдээ хүлээн авсан бөгөөд өнөөдрийг хүртэл орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй үйл баримт тогтоогджээ. /хх-6-9, 38-39/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхээс зөв тодорхойлжээ.

Хариуцагч анз төлөх үндэслэлтэй эсэх, үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчсөн эсэх, анз шаардах эрхтэй эсэх асуудал маргааны зүйл болжээ. /хх 1-2, 37-39/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, худалдах-худалдан авах гэрээний үүрэг нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт хамаарах юм.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө болох авто зогсоол, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбарыг баримтаар буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах замаар няцааж чадаагүй. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгүүдэд заасан журмаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох юм.

Талуудын гэрээнээс үзэхэд худалдагч буюу нэхэмжлэгчийн авто зогсоолыг өмчлөлд шилжүүлэх үүргийн хугацаа 2018 оны 4 дүгээр улиралд байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилждэг. Гэрээнээс үзэхэд эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэсэн тохиролцоо талуудын хооронд байхгүй байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах юм.

Үүрэг гүйцэтгэх дарааллын ерөнхий агуулгаас үзэхэд хугацаа болсон үүргийг эхэлж гүйцэтгэнэ. Дарааллын хувьд авто зогсоолыг өмчлөлд шилжүүлэх үүрэг цаг хугацааны хувьд эхэлж гүйцэтгэхээр байжээ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Цаг хугацааны хувьд 2018 оны 4 дүгээр улиралд авто зогсоолын бодит эзэмшил болон өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг биелэгдээгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх юм. Учир нь өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үүрэг биелэгдэхгүй байгаатай холбоотойгоор үнийн үлдэгдлийг төлөхгүй саатуулсан хариуцагчийн үйлдэл Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасан хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэсэн агуулгын хүрээнд байна.

Хариуцагч хэдийгээр 2019 оны 9 дүгээр сарын 1-нд авто зогсоолын үнийн үлдэгдлийг төлөх үүргээ биелүүлээгүй ч үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавар үүснэ. Иймд 4 606 000 төгрөгийн анзыг хэрэгсэхгүй болгож, 49 000 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй. Бүртгэлд үндэслэгдсэн үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөлд шилжүүлсэн эсэхийг Улсын комиссын актыг биш харин тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн нотлох юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00332 дугаар шийдвэрийн

-тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ооос 49 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ф- ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул алдангид нэхэмжилсэн 4 606 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

-тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 425 950 гэснийг 402 950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 426 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД