Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 345

 

 

 

 

                                                

 

                                                

 

                                      

                                                                           

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/,

шүүгдэгч А.З,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шинжээч эмч Б.А,

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710004620227 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч А.З нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Р харш хорооллын тоглоомын талбайд М.Г-тэй “дуудаж байхад томорлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож цохин эрүүл мэндэд нь “зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.  Шүүгдэгч А.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөвөөр  мэдүүлсэн учир одоо нэмж ярих зүйл байхгүй байна. Тухайн хэрэг гардаг өдөр хохирогч Г-тэй тоглоомын талбай дээр таарч байсан ба дараа нь Цэнгэлдэх хүрээлэнд дахин таарч, хоорондоо маргаснаас би түүнийг цохисон нь үнэн. Хохирогч нь өөрөө намайг “энэ хорвоод төрсөнд чинь харамсуулж чадна шүү” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан тул би түний зүүн шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би хохирогчийг цохисон нь үнэн. Гэхдээ хүчтэй цохиогүй, санамсаргүй байдлаар цохисон. Миний үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан хэдий ч учирсан гэх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаад эргэлзэж байна. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлээгүй, миний хувьд эмчилгээний зардал энэ тэр гэж мөнгө төлж барагдуулсан асуудал байхгүй. Би хэрэг болсноос хойш хохирогч Г-тэй уулзаж зөндөө уучлалт гуйсан.

Би анхнаасаа хохирогчийг цохисоноо хүлээн зөвшөөрч байгаагаа мэдүүлсэн. Гэмтэл учирсан гэдгийг би өмгөөлөгчийн хамт танилцаад хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зурсан. Бид хоёр таарамжгүй байдлын улмаас зодолдсон. Би хохирогчийг урьд нь таньдаггүй байсан. Би хохирогчоос уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Би түрүүлж хохирогчид гар хүрсэндээ буруутай. Би хохирогчийг зөөлөн алгадсан учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзэж байна. Намайг гар хүрсэний улмаас учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарч байгааг ойлгож мэдлээ. Бусдын биед халдах нь буруу. Би дахин ийм асуудал гаргахгүй. Би санамсаргүй байдлаар хүний эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргасандаа харамсаж гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шинжээч эмч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:

“...Миний бие хүний их эмч мэргэжилтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч эмчээр 21 дэх жилдээ ажиллаж байна. Хан-Уул дүүргийн прокурорын тогтоолоор дахин шинжээч томилсон бүрэлдэхүүнтэй шинжээчдийн бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 720 дугаартай дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтэд зааснаар хохирогч Г-ийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цус хуралт гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэмтэл юм. Шинжээч эмч С-ийн урьд гаргасан 10289 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн дүгнэсэн. Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг хэргийн материалаар гаргасан бөгөөд өмнөх дүгнэлтийг гаргахдаа урьд Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний урьд гаргасан дүгнэлт, шинжээч эмч нарын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн ЭМЖЖ эмнэлэгийн үзлэгийн карт баримтуудыг шинжлэн судласан. Үзлэгийн картад зүүн чихний хэнгэргэн хальс бүтэн, хэнгэргэн хальсан дээр бага зэрэг цус хурсан гээд гэмтлийн гаралтай зүүн дунд чихний үрэвсэл гэсэн онош тогтоосон байсан. Хохирогч нь чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн ба нарийн мэргэжлийн эмчийн онош, дүгнэлт нь албан ёсны баримт болно.

Иймд зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, хэнгэргэн хальсны цус хуралт нь гэмтэл нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах юм. Гэмтлийн зэрэг тогтоох журамд олон тооны гэмтэл учирсан бол тэдгээрийг нийлүүлж хамгийн хүндээр нь зэргийг тогтоох бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэг нь 7-28 хоногийн дотор бүх шинж тэмдэг арилна. Толгой болон салтнаас бусад хэсэгт 1 хувиас хэтрэхгүй байх ёстой. Хохирогчийн хувьд хэнгэрэг цоороогүй учраас цаашид сонсголд нөлөөлөхгүй, тухайн гэмтэл нь энгийн явцаар 7-28 хоногийн дотор бүрэн эдгэрэх гэмтэл тул хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710 0046 20227 дугаартай хэргээс:

 

1. Насанд хүрээгүй хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн оройн 21 цаг өнгөрч байхад өөрийн амьдардаг Р харш хорооллын тоглоомын талбайн ойролцоо байрны хүүхдүүд волейбол тоглож байхад хамт байсан бөгөөд харанхуй болоод бөмбөг харагдахгүй болохоор нь тоглохоо болиод тарцгаасан. Тэгээд тоглоомын талбай дээр найз А-гийн хамт юм яриад байж байтал манай хороололд байдаг гэх З гэх залуу, Ц гэх найзынхаа хамт явж байхдаа намайг дуудахаар нь ... би яваад очсон чинь З, Ц хоёр намайг “чи хаанаас ирсэн юм, ирээд хэр удаж байгаа юм” гээд шалгаагаад байхаар нь би “29 дүгээр байранд амьдардаг” гэж хэлээд ярилцаж байтал ярианы уур амьсгал хэг ёг хийсэн харьцаатай болоод ирэхээр нь би тэр хоёроос холдоод яваад өгсөн юм.

Тэгээд 10 орчим минутын дараа А бид хоёр дахин А.З, Ц хоёртой таарахад тэр хоёр намайг араас дуудаад “наанаа зогсож бай” гэхээр нь би үл тоогоод явж байтал араас хүрч ирж намайг зогсоогоод А.З нь “намайг дуудахад зогсдоггүй, чи яасан том баньд вэ” гээд миний зүүн шанаа, чих рүү гараараа 2 удаа цохисон. Энэ үед А салгасан. Тэгээд тэднээс би салаад, шууд гэрлүүгээ харьсан.

Миний зүүн чихний хэнгэрэг цус хуралттай, зүүн шанаа хавдаж хөхөрсөн, ам нээхэд зовиуртай байсан. Өөр гэмтэл шарх байхгүй байсан. Одоо биеийн байдал зүгээр хэвийн болсон. А.З-тай урьд өмнө маргаж муудалцаж байгаагүй, би түүнийг огт танихгүй, тааралдаж ч байгаагүй. Тухайн өдрийн орой л З-тай таарсан ба намайг “...дуудахад ирдэггүй ямар том баньд бэ” гээд ...цохиж зодсон. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х/,

 

2. Насанд хүрээгүй өсвөр насны гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би З-тай 2017 оны 08 сарын 10-ны орой 21:00 цагийн үед ХУД-ийн 15 дугаар хорооны нутагт байрлах Хурд хорооллын тоглоомын талбайн орчим явж байгаад А, нэг танихгүй өсвөр насны хүүхэдтэй явж байхаар нь таарсан. Тэгээд З бид хоёр “танилцая” гэж очоод А-тай хамт яваа баньдтай юм яриад “чи Хурдынх юм уу, хэзээ нүүж ирсэн бэ” гэж асуусан. Ингээд танилцахад тэр баньд өөрийгөө Г гэж байсан бөгөөд бид нар салаад явцгаасан. Ингээд З бид хоёр тэндээс яваад тоглоомын талбайн шатаар бууж байхад А, Г хоёртой дахиад таарсан.

Таараад зөрөөд явахад З Г-ийг араас нь дуудаад очиход нь би дагаад очтол З “Г-ийг чи юу гээд байгаа юм бэ” гэсэн утгатай үг хэлсэн чинь Г “энэ хорвоод төрүүлсэнд чинь харамсуулна шүү” гэсэн. Тэгэхээр нь З Г-ийг нүүр лүү нь гараараа нэг цохиод, нэг алгадсан. Тэгээд би З-ыг “боль” гэж салгаад, А Г-ийг цааш нь түлхээд аваад явсан. Ингээд салцгаасан. Дахиж тэр оройдоо тааралдаагүй.  

...Сүүлд дахиж таараад зөрөх үед нь би утсаар яриад явж байсан тул зөрөх хоорондоо юу гэж ярилцсаныг нь сонсоогүй. Би бодохдоо зөрч өнгөрөх үед л хоорондоо үг зөрсөн юм болов уу гэж бодсон. Г, З нар нь урьд өмнө хоорондоо маргаж муудалцаж байсан зүйл байхгүй. Бие биенээ танихгүй. Г, З-ыг цохиж зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,

 

3. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10289 дугаартай:

1. М.Г-ийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 26х/,

 

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 720 дугаартай шинжээчийн дүнгнэлтэд:

1. М.Г-ийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10289 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 85х/,

 

5. Насанд хүрээгүй хохирогч М.Г-ийн амбулаторийн үзлэгийн түр карт /хэргийн 86х/,

6. Шүүгдэгч А.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйийн 1 дэх хэсэгт заасан ялыг сонсгож, яллагдагчаар татаж байгааг ойлгож байна. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би Ц гэх найзтайгаа 2017 оны 04 сарын 10-ны 20-21 цагийн үед ХУД-ийн 15 дугаар хорооны Р харшийн тоглоомын талбай дээр явж байтал А гэх охин Г гэх бандитай явж байсан. Тэгэхээр нь Ц бид хоёр А Г хоёртой уулзаж, Г-тэй танилцаж гар барьсан. А нь Г-ийг дагуулаад цаашаа салаад явсан. Салж явсанаас хойш удалгүй Цэнгэлдэх дэлгүүрийн арын хаалганы орчим Г, А хоёртой дахиад таарсан. Таарахад А, Ц бид хоёрт “та хоёр одоо яваа энэ хүүхэд та хоёртой танилцах хүүхэд биш” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би А-д “танилцах л гэж байна ш дээ, яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Г нь А-г аваад цаашаа эргэхээр нь би зөрөөд явах гэтэл Г нь “чи хаанахых юм бэ, энд амьдардаг юм уу” гэж асуухаар би “энд амьдардаг, наад Агаасаа асуу” гэж хэлсэн. Тэгтэл Г нь Ц бид хоёрыг “хөөе хөгшөөн” гэж яриад байхаар нь Ц “бид хоёр хөгшин биш шүү” гэж хэлсэн. Тэгтэл Г “чи тэгээд яах гээд байгаа юм” гээд толгойгоо зангахаар нь би Г-ийг нүүр лүү мангасдаж түлхсэн. Тэгтэл Г “би чамайг энэ хорвоод төрүүлсэнд чинь харамсуулж чадна шүү” гэхээр нь би гараараа зүүн эрүүний хажуу хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Г нь “би дараа ирж чамтай уулзаж тооцоо бодно оо” гээд салаад явсан.

Г намайг хэл амаар доромжлоод, над руу дайраад байхаар нь нэг удаа цохисон. Урьд өмнө би Г-тэй маргаж муудалцаж байгаагүй, Г-ийг таньдаггүй байсан. Г намайг цохиж зодсон зүйл байхгүй. Нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36х/, сурагч А.З-ын гаргасан амжилт, бүтээлийг тодорхойлох баримтууд /хэргийн 57х, 60-65х/, Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн захирал Н.Э, нийгмийн ажилтайн Н.Ц нарын тодорхойлолт /хэргийн 58-59х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонрхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх  үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.  

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг  бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.З-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.З нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Р харш хорооллын тоглоомын талбайд “дуудаж байхад томорлоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар насанд хүрээгүй М.Г-ийн зүүн шанаа тус газарт гараараа алгадах цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь “зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн:   

- Насанд хүрээгүй хохирогч М.Г-ийн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн оройн 21:00 цаг өнгөрч байхад өөрийн амьдардаг Р харш хорооллын тоглоомын талбайн ойролцоо ... А-гийн хамт юм яриад байж байтал манай хороололд байдаг гэх З, Ц гэх найзынхаа хамт явж байхдаа намайг дуудсан. ...би яваад очсон чинь А.З, Ц хоёр “чи хаанаас ирсэн юм, ирээд хэр удаж байгаа юм” гээд шалгаагаад байхаар нь би “29 дүгээр байранд амьдардаг” гэж ярилцаж байгаад ярианы уур амьсгал хэг ёг хийсэн харьцаатай байхаар нь би яваад өгсөн. 10 орчим минутын дараа А бид хоёр явж байгаад дахин З, Ц хоёртой таарсан. ...намайг араас дуудаад “наанаа зогсож бай” гэхээр нь би үл тоогоод явж байтал араас хүрч ирээд, ...А.З нь “намайг дуудахад зогсдоггүй яасан том баньд вэ” гээд миний зүүн шанаа, чих рүү гараараа хоёр удаа цохисон. Энэ үед А салгасан, тэгээд би салаад тэндээсээ шууд гэрлүүгээ харьсан.

Миний зүүн чихний хэнгэрэг цус хуралттай, зүүн шанаа хавдаж хөхөрсөн, ам нээхэд зовиуртай байсан. Өөр гэмтэл шарх байхгүй байсан. Одоо биеийн байдал зүгээр хэвийн болсон. А.З-тай урьд өмнө маргаж муудалцаж байгаагүй, огт танихгүй, таарч ч байгаагүй. Тухайн орой З намайг “чи намайг дуудахад ирдэггүй ямар том баньд бэ” гээд дуудахад ирсэнгүй гэж цохиж зодсон. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х/,

- гэрч Б.Ц-ын: “...Би Зтай 2017 оны 08 сарын 10-ны орой 21:00 цагийн үед ХУД-ийн 15 дугаар хорооны нутагт байрлах Хурд хорооллын тоглоомын талбайн орчим явж байгаад А, нэг танихгүй өсвөр насны хүүхэдтэй явж байхаар нь таарсан. Тэгээд З бид хоёр “танилцая” гэж очоод А-тай хамт яваа баньдтай юм яриад “чи Хурдынх юм уу, хэзээ нүүж ирсэн бэ” гэж асуусан. Ингээд танилцахад тэр баньд өөрийгөө Г гэж байсан. ... З бид хоёр тэндээс яваад тоглоомын талбайн шатаар бууж байхад А, Г хоёртой дахиад таарсан.

Таараад зөрөөд явахад З Г-ийг араас нь дуудаад, ...би дагаад очтол З “Г-ийг чи юу гээд байгаа юм бэ” гэсэн утгатай үг хэлсэн чинь Г “энэ хорвоод төрүүлсэнд чинь харамсуулна шүү” гэсэн. Тэгэхээр нь З Г-ийг нүүр лүү нь гараараа нэг цохиод, нэг алгадсан. Тэгээд би З-ыг “боль” гэж салгаад, А Г-ийг цааш нь түлхээд аваад явсан.” гэсэн мэдүүлэг

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10289 дугаартай “...М.Г-ийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 26х/,

- Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 720 дугаартай “... М.Г-ийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10289 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 85х/,

- шүүгдэгч А.З-ын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: “...Ц гэх найзтайгаа 2017 оны 04 сарын 10-ны 20-21 цагийн үед ХУД-ийн 15 дугаар хорооны Р харшийн тоглоомын талбай дээр явж байтал А гэх охин Г гэх бандитай явж байсан. Тэгэхээр нь Ц бид хоёр А Г хоёртой уулзаж Г-тэй танилцаж гар барьсан. А нь Г-ийг дагуулаад цаашаа салаад явсан. Салж явсанаас хойш удалгүй Цэнгэлдэх дэлгүүрийн арын хаалганы орчим Г, А хоёртой дахин таарсан. ... Г нь Ц бид хоёрыг “хөөе хөгшөөн” гэж яриад байхаар нь Ц “бид хоёр хөгшин биш шүү” гэж хэлсэн. Тэгтэл Г “чи тэгээд яах гээд байгаа юм” гээд толгойгоо зангахаар нь би Гийг нүүр лүү нь мангасдаж түлхсэн. Тэгтэл Г “би чамайг энэ хорвоод төрүүлсэнд чинь харамсуулж чадна шүү” гэхэд нь би гараараа зүүн эрүүний хажуу хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Г нь “би дараа ирж чамтай уулзаж тооцоо бодно оо” гээд салаад явсан. ...Г намайг хэл амаар доромжлоод над руу дайраад байхаар нь нэг удаа цохисон. Урьд өмнө би Г-тэй маргаж муудалцаж байгаагүй би Г-ийг таньдаггүй байсан. Г намайг цохиж зодсон зүйл байхгүй.

.. Тухайн хэрэг гардаг өдөр хохирогч Г-тэй тоглоомын талбай дээр таарч байсан ба дараа нь Цэнгэлдэх хүрээлэнд дахин таарч, хоорондоо маргаснаас би түүнийг цохисон нь үнэн. Хохирогч нь өөрөө намайг “энэ хорвоод төрсөнд чинь харамсуулж чадна шүү” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан тул би түний зүүн шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би хохирогчийг цохисон нь үнэн. Гэхдээ хүчтэй цохиогүй, санамсаргүй байдлаар цохисон. Миний үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан хэдий ч учирсан гэх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаад эргэлзэж байна. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлээгүй, миний хувьд эмчилгээний зардал энэ тэр гэж мөнгө төлж барагдуулсан асуудал байхгүй. Би хэрэг болсноос хойш хохирогч Г-тэй уулзаж зөндөө уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Г-ийн биед учирсан “зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А.З түүнийг зүүн шанаа тус газар гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.З нь насанд хүрээгүй хохирогч М.Г-ийг гараараа зүүн шанаа тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Хан-Уул дүүргийн прокуророос А.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.З-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.        

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлон хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн насанд хүрээгүй хохирогч М.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Т нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа тус тус илэрхийлж /хэргийн 14х/ баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл шаардлага гаргаагүй тул шүүгдэгч А.З нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт  нөхөн төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Шүүгдэгч А.З нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 36х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.                                                                                                                                                                                                                                                                                                                             

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан журмын дагуу оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.       

 

 

Шүүгдэгч А.З нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн,  шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан хувийн байдал, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, насанд хүрээгүй хохирогч М.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Т нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор А.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.   

 

Энэ хэрэгт А.З нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч М.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Т нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. А.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.З-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.З нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт А.З нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч М.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Т нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан А.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД