Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/72

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Зуунай,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн гаргасан гомдол, прокурор Д.Зуунай бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Б.Бд холбогдох 2519002290168 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*,

урьд нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн (РД: *).

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн * Цагдаагийн газрын замын уулзвар дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Сэнти маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцжээ.  

4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн 2 дахь заалтаас " хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр болон 3 дахь заалтыг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хорих оногдуулсан ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 6 сарын хорих оногдуулсныг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, хорих ялуудыг нэмж нэгтгэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдааны тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд нь 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэх шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзэж байна. 

Өөрөөр хэлбэл Б.Б нь тухайн үед сэтгэл зүйн тавгүй байдалд орсны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, ямар нэгэн муу совин татаад би цагдаа бараадъя гэж бодоод цагдаа руу явсан гэдгээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн байх ба уг гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн хохирол, хор уршиг учруулаагүй байжээ. Гэтэл шүүхээс эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс хамгийн хүнд ялын төрлийг оногдуулсан нь дээрх хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэж байгаа юм. 

Шүүгдэгч Б.Б нь ам бүл 6, эхнэр 4 хүүхэдтэй бөгөөд * багт эхнэр Э.Л нь сургуулийн хүүхдүүдээ харж аймгийн төв дээр оршин суудаг, нөхөр Б.Б нь * сумаас зүүн хойно 18 км газарт мал маллан амьдардаг, бага хүү Б.Бийн Т нь /2 нас/ төрөлхийн бамбайн дутагдал өвчний улмаас хөгжлийн хоцрогдолтой, унаж татдаг, хэлд ороогүй, байнгын асаргаанд байдаг тул хүүхдээ байнга эмчилгээнд авч явдаг бөгөөд энэ бүх шалтгааны улмаас урьдын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ тэнсэн ял тохирч шийдвэрлэгдсэн байсан нь одоо хуульд заасан журмын дагуу хорих ял болон солигдож байгаа хэдий ч, үүн дээр нь нэмж дахин хорих ял оногдуулахгүйгээр торгуулийн ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Б.Б нь шүүхээс торгуулийн ял оногдуулсан тохиолдолд ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулах боломжтой, 100 гаруй тооны малтай малчин хүн  бөгөөд мал нь эхнэр Э.Лгийн нэр дээр тоологддог” гэв.

6.Прокурор Д.Зуунай нь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2025/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн 2 дахь заалтаас хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр болон 3 дахь заалтыг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хорих оногдуулсан ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 6 сарын хорих оногдуулсныг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн болно. 

Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт "Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно" гэж хуульчилсан.

Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох хуулийн хүрээнд шүүгдэгч Б.Бийн урьд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ялын үлдэгдэл ялын тооцоог тооцож, нэмж нэгтгэлгүйгээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ял дээр нэмж нэгтгэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Учир нь шүүгдэгч Б.Б нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүчин төгөлдөр болсон нь Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01/948 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас) авагдсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийт 267 хоног буюу 8 сар, 27 хоногийн үлдэгдэл эрх хасах ялтай байжээ. 

Иймд дээрх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 4 дэх заалтад "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар, 27 хоногийн эрх хасах ял, 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 8 сар, 27 хоногийн хугацаагаар хасаж, хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тогтоосугай", 6 дахь заалтад "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 8 сар, 27 хоногийн хугацаагаар хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай" гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэв. 

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Би гурван хүүхэдтэй, хүү маань бие нь хэцүү байгаа. Би архинаас болж энд удаа дараа ирж, гэр бүлээ хүнд байдалд оруулж байгаад гэмшиж байна ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            2.Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунай шүүгдэгч Б.Бийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр ирүүлснийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4.Анхан шатны шүүх, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

         5.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг нь “...Б.Б нь тухайн үед сэтгэл зүйн тавгүй байдалд орсны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, ямар нэгэн муу совин татаад би цагдаа бараадъя гэж бодоод цагдаа руу явсан гэдгээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн байх ба уг гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн хохирол, хор уршиг учруулаагүй. Шүүгдэгч Б.Бийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд нь 6 сарын хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй үндэслэлээр торгох ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулгаар давж заалдах гомдлыг,

прокурор Д.Зуунай “...Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо хууль буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулгаар эсэргүүцэл бичсэн байна.

6.Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчмуудыг удирдлага болгодог.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцэж гарсан болохыг илэрхийлэх “хуульд захирагдах” зарчмын үндсэн шалгууруудын нэг юм.  

Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан хугацаанд буюу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноо хүлээн зөвшөөрч байх ба “шүүгдэгч Б.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн орчимд хөдөө гэртээ байхдаа 0,5 литрийн Тайга нэртэй архийг ганцаараа уусан ч гэсэн нүдэнд нь хий юм харагдаад байхаар нь хий юм хараад байгаагаа цагдаад хэлэх гэж өөрийн эзэмшлийн Senty маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон * сумын төв рүү орж ирэн өөрийн биеэр цагдаагийн байгууллагад ирж драгер үлээж согтолтын зэргээ шалгуулсан” тухай тогтвортой мэдүүлсэн.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах түүний “цагдаагийн байгууллагаас өөртөө тусламж авах зорилгоор” хэргээ илчлэн ирснийг, мөн тус гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй, түүний гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарахыг, мал маллаж амьдардаг, бага насны байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаараагүйг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.  

Шүүгдэгч Б.Бийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан жолооны эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэнээ өөрөө гэм буруугаа хүлээж Цагдаагийн байгууллагад илчилж ирсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулаагүй нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх үндэслэлд нийцэх тул түүнийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

7.Харин шүүгдэгч Б.Б нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүхээс нэг жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн учир нэг жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг анхан шатны шүүхээс хүчингүй болгож, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь түүний урьд шүүхээр шийтгүүлж, ял оногдуулахгүйгээр тэнссэнийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахад нөлөөлөхгүй юм.

8.Прокурорын эсэргүүцлийн анхан шатны шүүх эрх хасах нэмэгдэл ялыг нэгтгэж, тоолох журмыг тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэснийг хүлээн авч, зөвтгөх нь зүйтэй.

Тодруулбал, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан 2 жилийн нэмэгдэл ялаас 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл эдэлсэн нийт 1 жил 3 сар 08 хоногийг хасаж, үлдэх 8 сар 22 хоногийг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн үргэлжлүүлэн тоолох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үндэслэгдэж байна. /жолоочийн лавлагаа, хх-05/

9.Иймд дээр дурдсан үндэслэлээр хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн болон прокурорын эсэргүүцлийн “шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын хэсгийг өөрчлөх агуулгаар гаргасан” давж заалдах гомдол, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

10.Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа сэжигтэн, яллагдагчид эрх үүргийг тайлбарлаж, өмгөөлөх эрхийг хангаж буй байдал, түүний үр дагаврыг бүрэн ойлгосон эсэх тодруулсан ажиллагаагаа бэхжүүлэхгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн, ял тохиролцохдоо тэнссэн хугацааг дууссан эсэхийг цаашид нягталбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн:

2 дахь заалтыг “шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж,

4 дэх заалтыг хүчингүй болгож,

5 дахь заалтад “1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял” гэснийг “нэг жилийн хорих ялыг” гэж,

6 дахь заалтын “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг...” гэснийг “...эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Д.Зуунайн бичсэн эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА

Д.МӨНХБҮРЭН