Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/50

 

 

 

 

 

 2025        10        29                                         2025/ДШМ/50

 

   Ө.Жд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч: Ө.Ж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Билгүүн, О.Анхбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн, О.Анхбаяр наррын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Жд холбогдох 2438001850532 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын  илтгэснээр хянан хэлэлцэв.

Гашуунтан овогт Өын Ж, 000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Х сумын 0 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас Алтангадас одонгоор шагнуулж байсан /регистрийн дугаар 000/.

Ө.Ж нь Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг буюу “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, мөн хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг буюу “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан өөрийн болон еертэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” гэснийг, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39 1.2 дахь хэсэг буюу “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэснийг, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг буюу “Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” гэснийг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ын 1 дүгээр зорилтын 21 дэх хэсэг буюу “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” гэснийг тус тус зөрчиж, Хөвсгөл аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар буюу Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-д заасан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол гаргаж, нас барсан тус сургуулийн технологийн багш, өөрийн садны хүн болох М.Шт нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулахаар тухайн өдөр хариуцлагатай эргүүлээр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан мэтээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 000дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалыг гаргаж, хавсралтад М.Шын нэрийг оруулах үүргийг өгөх зэргээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа буюу албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, холбогдох баримтыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүргүүлж нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгуулах нөхцөл байдлыг үүсгэж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гашуунтан овогт Өын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өын Жыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Жын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Х сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ө.Жын Хөвсгөл аймгийн Х сумаас гадагш зорчих эрхийг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ө.Жд тайлбарлаж, түүний нийтийн албанд ажиллах эрх хасах ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Жд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг:Хавтаст хэрэгт авагдсан баримтаар сургуулийн технологийн багш М.Шыг хаашаа, ямар ажлаар явж байсан зам маршрутыг шалгаж тогтоогоогүй.

...Хэрэгт авагдсан дээрх баримтаас гадна осол болсон өдөр технологийн багш М.Ш нь албан үүргээ гүйцэтгэж явсан болохыг мэдэх Хөвсгөл аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн Бага боловсролын сургалтын менежер Г.Э, Монгол хэл, уран зохиолын багш Х.Ц, бага боловсролын багш Э.Огэх мэт олон гэрч байдаг. Эдгээр гэрчээс мэдүүлэг авахуулахаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/163 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хангаж, дээрх гэрчүүдээс мэдүүлэг авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэнийг тогтооход хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон.

Дээр дурдсан баримтуудыг нэгтгэн үзэхэд Хөвсгөл аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш М.Ш нь 2023.12.21-ний оройн буюу албан үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж нас барсан болох нь харагдаж байна. Мөн зам тээврийн осол болсон газар нь талийгаач М.Шын гэрээс сургууль явах замд болсон байгааг шүүхээс анхаарч үзэх нь зүйтэй юм.

Хоёр: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хуулийн тайлбараас үзэхэд Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах ” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж заажээ.

Ө.Ж нь Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын хувьд Ажлын байрны тодорхойлолтод зааснаар байгууллагьн хэвийн үйл ажиллагааг хангах үүргийг хэрэгжүүлэхдээ хуульд заасан тушаал, шийдвэр гаргах эрх бүхий этгээд байх тул Орон тооны бус комисс томилох тухай 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №000тушаал, Хөвсгөл аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 000дүгээр тушаал гаргасан нь эрх хэмжээнийхээ хүрээнд үйлдсэн эрх зүйн акт юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Хөвсгөл аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш М.Шын зам маршрутыг тогтоогоогүй, Хөвсгөл аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 000дүгээр тушаалын хавсралтыг хэзээ, хэрхэн үйлдсэн болох, нөхөж үйлдсэн эсэхийг тогтоолгүйгээр, зөвхөн зарим гэрчийн бусдаас сонссон гэх дамжмал мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд ...шийтгэх тогтоолд шүүгдэгч Ө.Жыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар:

Шударга ёсны зарчмын үүднээс харах юм бол үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн комиссыг байгуулсан захирал Ө.Ж нь бусдад давуу байдал үүсгэсэн хэмээн гэм буруутайд тооцогдож байгаа юм бол давуу байдлыг бодитоор үүсгэсэн комиссын гишүүд яагаад яллагдагчаар татагдаагүй юм бэ гэсэн зүй ёсны асуулт урган гарна. Нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгуулах нөхцөл байдлыг үүсгэсэн гэх давуу байдалтай шууд шалтгаант холбоотой гэмт үйлдэл бол комиссын акт юм. Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 34-35 дугаар хуудсанд авагдсан акт үйлдэгдэж гарснаар бусдад давуу байдал олгох гэмт үйлдэл туйлдаа хүрч төгсөж байна. Түүнээс сургуулийн захирлын “хариуцлагатай эргүүл томилох тухай” тушаал, түүний хавсралт дангаараа хэзээ ч нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зүйн үр дагаварыг үүсгэхгүй юм. Харин комиссын акт гарснаар сая давуу байдал үүсэж төсвөөс мөнгө авах боломжийг М.Шын ар гэрт олгосон байна. Өөрөөр хэлбэл комиссын акт болон нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шийдвэр хоёр нь хоорондоо шалтгаантай холбоотой. Энэхүү гэмт хэрэг нь комиссын гишүүд актад гарын үсэг зурснаар төгсөж байгаа.

Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн комисс нь нийтдээ 5 гишүүнтэй байх бөгөөд эдгээр хүмүүс хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлан ойлгож хүсэж үйлдсэн болох нь баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 65 дугаар хуудсанд гэрч Х.Э мэдүүлэхдээ “Тэгтэл багийн менежер Ч.Энягтлан бид нар талийгаачийг ажил үүргээ гүйцэтгэж явсан гэвэл тэтгэмжийн хэдэн төгрөг олдох юм шиг байна гэж ярилцсан. Та хуваариа талийгаачийг оруулаад цагийг нь тааруулаад гаргаарай гэж Эхэлсэн. Би ар гэрт нь үлдэж байгаа хань 4 хүүхдэд нь хэрэгтэй байх гээд хуваарийн дэс дугаарын 7 дугаар хэсэгт М.Шын нэрийг оруулж ...захирлаар батлуулсан” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 169 дүгээр хуудсанд гэрч Ц.С мэдүүлэхдээ: “...П.Н багш “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-д намайг гарын үсгээ зур гээд авчирсан, үлдэж буй хүүхдэд нь хэрэгтэй ш дээ багшаа гэхээр нь би зурсан. Үүнээс өмнө Х.Э багш надад хуваарийг өөрчилж батлуулсан талаар хэлж байсан учраас би мэдэж байсан” гэх мэдүүлэг.

Дээрх мэдүүлгээс харвал энэхүү хоёр гэрчийн мэдүүлэг бие биенээ нөхөж, харилцан нэгийгээ нотолсон шинжтэй байгаа нь туйлын тодорхой байна. Комиссын гишүүд актад гарын үсэг зурж байгаа гэмт үйлдлээ “ар гэрт нь, үр хүүхдэд нь хэрэгтэй юмдаа” гэх бодлоор хаацайлан зөвтгөжээ.

...Гэтэл анхан шатны шүүх нь дээр дурдсан нөхцөл байдлыг огт анзааралгүйгээр зөвхөн шүүгдэгч Ө.Жыг дангаар нь шийтгэсэн явдал нь бусад этгээдүүдийг ял завшуулж, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг зөрчиж, гэмт этгээдэд давуу байдал олгожээ. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй хэмээн дүгнэх ямар ч боломжгүй болгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлттэй байна” гэв.

Шүүгдэгч Ө.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашиг сонирхолтой байсан бол тушаал гаргаад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох бүрэн боломжтой байсан. Тийм хүсэл сонирхол надад байхгүй учраас би олгоогүй.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Ө.Ж нь Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг буюу “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг буюу “Апбаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг буюу “Албан тушаалтан хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” гэснийг, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39 1.2 дахь хэсэг буюу “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэснийг, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг буюу “Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” гэснийг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ын 1 дүгээр зорилтын 21 дэх хэсэг буюу “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” гэснийг тус тус зөрчиж, Хөвсгөл аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар буюу Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-д заасан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол гаргаж, нас барсан тус сургуулийн технологийн багш, өөрийн садны хүн болох М.Шт нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулахаар тухайн өдөр хариуцлагатай эргүүлээр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан мэтээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 000дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалыг гаргаж, хавсралтад М.Шын нэрийг оруулах үүргийг өгөх зэргээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа буюу албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, холбогдох баримтыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүргүүлж нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгуулах нөхцөл байдлыг үүсгэж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Жын гэм буруугийн хэлбэр, үйлдлийн шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Уг зорилгын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг … яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зохицуулсан.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Х.Билгүүн, О.Анхбаяр нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1.Ө.Ж нь Хөвсгөл аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 000дугаар тушаалаар Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилогдсон, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан мөн боловч тэрээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 000дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаал, мөн сарын 21-ний өдрийн “Хариуцлагатай жижүүрийн хуваарь” батлах үед Х суманд байгаагүй нь:

Яллагдагч Ө.Ж “...мэдүүлгээ бичгээр гаргаж өгөх хүсэлтэй” байгаагаа илэрхийлж, Авлигатай тэмцэх газарт бичгээр хүргүүлсэн “...ажлаар аймаг явах шаардлага гарсан тул 2023.12.18-ны өдөр аймаг явсан юм. ...сургалтын менежер Ч.Эод шинэ жилийн үеэр ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваариа гаргаарай гэж захин үүрэг өгөөд явсан. Бид 2023.10.21-ний өдөр аймгаас сум руу гарч байхад багш М.Шыг аваарт орсон мэдээ ирж, 2023.10.22-нд Хад ирэхэд багш М.Ш нь автын ослоор нас барсан байлаа.” гэх тайлбар /2-р хх-ийн 160, 163-р тал/,

Шүүгдэгч Ө.Жын шүүх хуралдаанд өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр аймгаас сум руу явсан. Эндээс гараад Мөрөнгийн хойно явж байтал сургуулиас залгаж н.Ш багшийг нас барсан талаар хэлсэн. Эндээс Х сум руу 12-13 цаг явдаг.” гэх мэдүүлэг 3-р хх-ийн 123-р тал/,

Гэрч Х.Эийн: “...хуваарь гаргаж батлуулах байтал захирал аймгаас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-р тал/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байх хугацаандаа буюу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаал гаргаж, тушаалын 1-р хавсралтаар “Хариуцлагатай жижүүрийн хуваарь”, мөн сарын 21-ний өдөр дахин “Хариуцлагатай жижүүрийн хуваарь”  тус тус баталсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

2.Дээрх тушаалын 1-р хавсралтаар баталсан “Хариуцлагатай жижүүрийн хуваарь”-аар 2023-12-21-ний өдрөөс 2024-01-02-ны өдөр хүртэлх хугацаанд хийх жижүүрийн хуваарь гаргасан бол 2023.12.21-ний өдрийн “Хариуцлагатай жижүүрийн хуваарь”-аар зөвхөн 2023.12.21-ний өдөр, 2023.12.28-ны өдөр жижүүр хийх хуваарь баталж, хуваарийн 7-д “М.Ш 2023.12.21-ний 20.00-23.00 Хичээлийн I, II  байр, дотуур байр” гэж, 16-д “М.Ш 2023.12.21-ний 20.00-23.00 Спорт заал” гэж тусгасан байх ба уг хуваарийг багш М.Шыг нас барсны дараа гаргасан нь:

Гэрч Б.Дгийн: “...талийгаачийн нас барахаас өмнөх хариуцлагатай эргүүлийн хуваарийг харахад тухайн хуваарь дээр талийгаач багшийн нэр дурдагдаагүй байсан. Тухайн хуваарийг Ч.Эгэх хүн хийж түүнийг сургуулийн захирал баталсан юм. Энэ хуваарь нь Авьяас заах аргын нэгдлийн Фейсбүүк групп дээр байсан үүнийг бид бүгдээрээ харсан. Мөн Э багшаар заах аргын нэгдлийн хуваарийг талийгаач багшийн нас барсан өдрөөр тааруулж хийлгэсэн байсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-64-р тал/,

Гэрч Х.Эийн “...Та хуваариа талийгаачийг оруулаад цагийг нь тааруулаад гаргаарай гэж Ч.Эхэлсэн, түүнд захирал тэгж хэлсэн талаар надад хэлсэн. Би ар гэрт нь үлдэж байгаа хань, 4 хүүхдэд мөнгө нь хэрэгтэй биз гээд хуваарийн дэс дугаарын 7 дугаар хэсэгт М.Ш багшийн нэрийг оруулж 20-23 цагийн хооронд ажиллах хугацаатай хичээлийн 1, 2 дугаар байр, дотуур байрыг хариуцахаар хийж захирлаар батлуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-66-р тал/,

Гэрч Ц.Сийн: “...М.Ш нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан баримт бүрдвэл тэтгэмж олгогдох юм байна гэдэг яриа гарч нэг өдөр Х.Э багш надад хэлэхдээ: “Хөвсгөл аймгийн Х сумын ЕБС-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 000дугаартай “Хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалд М.Шын нэр ороогүй байсан юм, захирал намайг оруул гээд байхаар би хуваарьт М.Шын нэрийг оруулаад дахиад батлуулчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 168-169-р тал/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй”-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцно. Субъектив шинжийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгохыг хүссэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ө.Жын багш М.Шт нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулах нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн дээр дурдсан шинжийг бүрэн хангажээ.

4.Шүүгдэгч Ө.Жын баталсан 2023.12.21-ний өдрийн “Хариуцлагатай жижүүрийн хуваарь” нь “багш М.Шыг албан үүргээ гүйцэтгэж байсан” гэж дүгнэх үндэслэл  болсон, уг үйлдэлд  шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул тухайн багш 2023 оны 12 дугаар сарын 21-ний орой хаашаа, ямар ажлаар явж байсан зам маршрутыг тогтоох нь энэ хэрэгт ач холбогдолгүй.

5.Мөн Ө.Ж нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа очсон, дээрх тушаал, “Хариуцлагатай жижүүрийн хуваарь”-т гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул  тэдгээрийг хэзээ, хэрхэн үйлдсэнийг тогтоох шаардлагагүй байна.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон бөгөөд шүүх гагцхүү прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт заасан, шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн яллагдагчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл, хэсгээр зүйлчилсэн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ.

Тодруулбал, энэ хэргийн хэмжээ хязгаар нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Жын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх ажиллагаагаар хязгаарлагдах тул акт тогтоосон комиссын гишүүдийг яллагдагчаар татаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй хэмээн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн, Х сумын ЕБСургуулийн ХАБЭА-н орон тооны бус зөвлөлийн тэмдэглэлд “...шинэ жилийн баярыг тохиолдуулан томилсон хариуцлагатай жижүүрийн үүргээ гүйцэтгэхээр Х сумын Хяг гэдэг газраас ...явж байхдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан болно.” гэж тусгасан байх ба “Хариуцлагатай жижүүрийн хуваарь” нь багш М.Шыг ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэл болжээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүний “...шүүгдэгчийг  гэм буруугүйд тооцож, цагаатгасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэх, О.Анхбаярын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий  давж  гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн, О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

                          ШҮҮГЧИД                               Н.БАЯРХҮҮ

                                                                                    Б.СОСОРБАРАМ