Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00239

 

 

 

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00239

 

 

 

Ц.А  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 23ы өдрийн 181/ШШ2018/02435 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.А гийн 26 000 000 төгрөг, хариуцагч Ц  ХХК-аас гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ц  ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө болон тавилга, тоног төхөөрөмжийг түрээсэлсэн. Гэрээний 3.1-д түрээслэгч тал гэрээ байгуулсны баталгаа буюу гэрээнд заасан үүргээ биелүүлэх баталгаа болгож 2 сарын түрээстэй тэнцэх 26 000 000 төгрөгийг түрээслэгч талд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлнө, гэрээнд заагдсан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс түрээслүүлэгчид хохирол учруулбал түрээслүүлэгч уг барьцаа хөрөнгөөс өөрт учирсан хохирлыг барагдуулна, хэрэв түрээслэгч талд ямар нэгэн хохирол учруулаагүй тохиолдолд барьцааны 26 000 000 төгрөгийг гэрээ дуусгавар болох үед буцаан олгоно гэж заасан байдаг. Миний бие гэрээ байгуулах үедээ барьцааны 26 000 000 төгрөгийг эхний 2 сарын түрээсийн төлбөр болох 26 000 000 төгрөгийн хамт хүлээлгэж өгсөн. Түрээсийн гэрээ байгуулагдаад 16 cap болж байхад Ц  ХХК-ийн захирал ******* манай компани хххххХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах түрээсийн объект болох Ц  хаус барилгыг ххххх ХХК-ийн өмчлөлд шилжүүлж байгаа талаар 7 хоногийн өмнө мэдэгдсэн. Гэтэл гэрээний 6.5-д гэрээ байгуулагч талууд гэрээг тодорхой шалтгааны улмаас цуцлах саналтай байвал нөгөө талдаа 3 сарын өмнө энэ тухайгаа бичгээр мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Тухайн үед миний бие гэрээнд заасан үүргээ яагаад биелүүлэхгүй байгаа талаар асууж тодруулахад Та нар Хххххх ХХК-тай үргэлжлүүлэн түрээсийн гэрээ байгуулаад, үйл ажиллагаагаа явуулж болно, түрээсийн объектыг тус компани нь нэг жилийн дараа нураах юм байна лээ, нураах хүртэл манай тавилга, тоног төхөөрөмжийг ашиглаж болно гэж хэлсэн. Иймд Ц  ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болж, Хххххх ХХК- тай үргэлжлүүлэн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн гэрээ байгуулсан. Хххххх ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, Хххххх ХХК нь удаа дараа мэдэгдэл хүргүүлж тус барилгыг 2018 оны 03 дугаар сарын 28-30-ны өдрийн хооронд нураах болсон тул объектыг яаралтай суллаж өгөхийг шаардсан. Ц  ХХК-ийн захирал Ч.С-тэй удаа дараа холбогдож түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар манай талаас тус объектод байрлах тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх, нөгөө талаас барьцааны 26 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн боловч үүргээ биелүүлэхгүй явсаар байсан бөгөөд сүүлд утсаа тасалж, холбогдох ямар ч боломжгүй болсон. Гэрээний хугацаа дуусгавар болсны дараа миний бие тухайн үед Ц ХХК-ийн захирал Ч.С-тэй холбогдож чадахгүй байгаа талаар болон тавилга, тоног төхөөрөмжийг гэрээнд заасны дагуу Ц  ХХК-д хүлээлгэж өгөх, барьцааны 26 000 000 төгрөгийг буцаан авах хүртэл Ц  хаусыг нураах ажиллагааг хойшлуулж өгөхийг хүссэн боловч татгалзсан хариуг ирүүлсэн. Иймд миний бие аргагүй байдалд хүрч тавилга болон тоног төхөөрөмжийг агуулахад авч хадгалсан. Гэтэл барилгыг нураасны дараа гэнэт ******* надтай холбогдоход гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй, утсаа тасалж алга болсон талаар асууж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардахад ******* битгий хачин юм яриад бай, би тоног төхөөрөмжөө авмаар байна гэсэн бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Бид төнөг төхөөрөмжийг мөнгө төлж хадгалуулж байсан. Барьцаанд өгсөн 26 000 000 төгрөгийг Ц  ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Ц  ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Ц  хаус төвийн нэг давхарын 700 м.кв талбай бүхий рестораныг гал тогоо, ширээ сандльн хамт иргэн Ц.А  гэгчид ашиглуулахаар 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн.

Ингэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 26 00000 төгрөгийг барьцаалсан. Энэхүү мөнгийг барьцаа болгон авах нь түрээсийн төлбөрийг дутуу төлөх, рестораны тоног төхөөрөмж, гал тогооны тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг устгаж гэмтээсэн зэрэг нөхцөлд учирсан хохирлыг барагдуулах зорилготой байсан юм.

Түрээсийн хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сард манай компани өөрийн өмчлөлийн зүйл болох Ц  хаус төвийн барилгыг бусдад шилжүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан бүх түрээслэгч нарт албан ёсоор мэдэгдэл хүргүүлж, компанийн эд хөрөнгийг Ц  хаус төвийн барилгаас шилжүүлэн авсан.

Энэ үедээ бид түрээслэгч Ц.А д түрээсийн гэрээгээ цуцалж, тоног төхөөрөмжөө суллан авах тухайгаа мэдэгдэхэд тэрээр шинэ өмчлөгч нартай харилцан тохиролцсон 2018 оны 4 cap хүртэл үргэлжлүүлэн түрээслэхээр болсон учир тоног төхөөрөмжөө үлдээхийг хүссэн.

Манай компанийн хувьд ресторан болон гал тогооны бүх тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг авсан тохиолдолд түрээслэгч Ц.А  нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болоход хүрнэ гэж үзсэн учир түүний саналыг хүлээн авсан. Гэхдээ нэг нөхцлийг манай компанийн зүгээс тавьсан нь түрээсийн гэрээний барьцаа мөнгийг суутгах тухай байсан ба Ц. Аюушмаа нь үүнийг хүлээн зөвшөөрсөн болно.

Ингээд манай компани нь ямар ч гэрээ хийлгүй Ц.А д 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий ресторан болон гал тогооны тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг үргэлжлүүлэн ашиглуулахаар өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шинэ өмчлөгч болох ххххх ХХК-аас Ц  хаус төвийн барилгыг нураах болсон, түрээсийн гэрээ дуусгавар болсон тул Ц.А д түр хугацаанд ашиглуулахаар болсон тоног төхөөрөмжүүдээ хүлээн авахаар очиход тэрээр Ц  хаус төвд байсан бүх тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг ачаад аваад явсан байсан. Ингэхдээ ххххх ХХК-д сүүлийн сарын ус, цахилгаан, утасны мөнгөө төлөлгүй явсан байсан. Ц.А тай холбогдож рестораныхаа тоног төхөөрөмж, тавилга хэрэгслүүдийг удаа дараа шаардаж байж авсан.

Ц.А гийн хувьд манай компанийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг 2017 оны 7 дугаap сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаанд түрээслэж ашигласан.

Энэ хугацаанд манай компани ямар ч түрээсийн төлбөр, ашиглуулсны хөлс гэж шаардаагүй, нэхэмжлээгүй учир нь Ц.А  нь барьцааны 26 000 000 төгрөгийг суутгуулна гэж тохирсонтой холбоотой. Иймд Ц.А гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүУг 26 000 000 төгрөгийг тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг ашигласны хөлсөнд суутган тооцохоор тохиролцсон тул буцаан өгөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар Ц  ХХК-аас 26 000 000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц  ХХК-аас 287 950 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдын давж заалдах гомдолд: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болох 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээ зэрэг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Ц  ХХК 2017 оны 07 дугаар сард Ц  хаус төвийн барилгыг бусдад шилжүүлсэн бөгөөд энэ талаар тухайн үед түрээслэгч Ц.А д албан ёсоор мэдэгдсэн. Ц.А  цаашид энэ барилгыг түрээслэх сонирхолтой байна гэсэн учраас шинэ өмчлөгчид уламжлан өгч түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл байгуулсан. Компанийн зүгээс ресторан болон гал тогооны бүх тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг авсан тохиолдолд түрээслэгч Ц.А  цаашид ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болох байсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сар хүртэл тоног төхөөрөмжөө үлдээхийг хүссэн. Хоёр тал харилцан тохиролцож өмнө Ц  ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний барьцаа мөнгийг тоног төхөөрөмж ашиглуулж хэрэглүүлсэн учир суутгаж авахаар тохиролцсон. Компанийн зүгээс ямар нэгэн гэрээ хэлцэл хийхгүйгээр Ц.А д 300 орчим сая төгрөгийн ресторан гал тогооны тоног төхөөрөмж хэрэгслийг ашиглуулахаар үлдээсэн. Тухайн барилгын шинэ өмчлөгч болох Алтан жолоо ХХК зөвхөн тухайн барилгыг түрээслэх эрхтэй болохоос дотор нь байсан тоног төхөөрөмж хэрэгслийг түрээслэх эрхгүй этгээд байсан гэдгийг шүүхийн зүгээс анхаарч үзэлгүй тухайн тоног төхөөрөмжийн хамт түрээслэх эрхтэй этгээд мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч түрээсийн гэрээг дуусгавар болгоод дотор нь байсан бүх тоног төхөөрөмжийг авч явсан гэдгээр манай эд хөрөнгө гэдгийг хангалттай нотолж байна. Ц.А гийн хувьд Ц  ХХК-ийн тоног төхөөрөмжгүйгээр дан ганц барилгыг түрээслэснээр ашиг орлого олох боломжгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ц.А , хариуцагч Ц  ХХК-ийн хооронд 2017 оны 7-8 дугаар сард тавилга тоног төхөөрөмжийг хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн бөгөөд хэдийгээр талуудын хооронд ямар нэгэн гэрээ хийгдээгүй ч аман байдлаар тохирсон хэлцэл, түүнийг хүлээн аваад цааш нь хэрэгжүүлсэн үр дагавар үүссэн байна гэдгийг шүүх огт анзаараагүй.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт ... эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус зохицуулсан байдаг.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаанд тоног төхөөрөмж ашиглуулж байхдаа хөлс гэж шаардаагүй нь барьцааны мөнгийг суутгаж авсантай холбоотой юм. Гэтэл нэхэмжлэгч тал талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй байдлыг далимдуулж тоног төхөөрөмж түрээслүүлсний төлбөрт суутгасан барьцааны мөнгийг буцаан нэхэмжилж, шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг нэхэмжлэгч талд олгосон. Рестораны бүрэн тоноглол бүхий 300 гаруй сая төгрөгийн хэрэгслийг зах зээлийн нийгэмд төлбөргүйгээр ашиглуулна гэсэн ойлголт байхгүй гэдгийг шүүх логик уялдаа холбоогоор дүгнэсэнгүй.

2017 оны 07 дугаар сард Ц  ХХК түрээсийн зүйл болох барилгыг бусдад шилжүүлснээр Ц.А тай байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсон бөгөөд гэрээг дуусгавар болгосноор барьцааны мөнгийг тухайн үед нэхэмжлэх боломж түрээслэгч Ц.А д байсан. Гэрээг дуусгавар болгосноос хойш барьцааны мөнгөө нэхэмжлээгүй нь тоног төхөөрөмжийг үргэлжлүүлэн ашигласны хөлсөнд барьцааны мөнгийг суутгахаар талуудын хооронд аман хэлцэл хийгдсэн гэдгийг нотолж байгаа юм. Хариуцагчийн зүгээс ямарваа нэгэн байдлаар гэрээ дуусгавар болсон, барьцааны мөнгө авсан гэдэг талаар огт маргадаггүй бөгөөд зөвхөн хэргийн үйл баримт болон талуудын хооронд болсон харилцааг зөв тодорхойлохыг хүсэж маргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.А  нь хариуцагч Ц  ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 26 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №16/01 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нь Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороонд байрлах Ц  хаус төвийн 0 мкв талбайг 4 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар тавилга, тоног төхөөрөмж, эд зүйлийн хамтаар түрээслэх, нэхэмжлэгчээс гэрээнд заасан хугацаанд сар тутам 13 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцон, гэрээний зүйлийг түрээслэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна /хх6-9, 11, 12/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн нь зөв.

Гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч тал гэрээ байгуулсны баталгаа буюу гэрээнд заасан үүргээ биелүүлэх баталгаа болгож 2 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 26 000 000 төгрөгийг түрээслүүлэгч талд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлөх, гэрээнд заагдсан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс түрээслүүлэгчид хохирол учруулбал түрээслүүлэгч барьцаа хөрөнгөнөөс өөрт учирсан хохирлыг барагдуулах, хэрэв түрээслэгч талд ямар нэгэн хохирол учруулаагүй тохиолдолд барьцааны 26 000 000 төгрөгийг гэрээ дуусгавар болох үед буцаан олгохоор тохиролцжээ. /хх6-7/

Гэрээ 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 4 жилийн хугацаатай байгуулагдсан боловч хариуцагч Ц  ХХК гэрээний хугацаа дууссахаас өмнө буюу 2017 оны 07 дугаар сард Ц  хаус төвийн барилгыг худалдах, худалдан авах гэрээний дагуу Алтан жолоо ХХК-д шилжүүлж, хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг 2017 оны 08 дугаар сард дуусгавар болгосноор нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ххххх ХХК-тай 8 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан байна. Тэрээр ххххх ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор талбайг бүрэн чөлөөлөх тухай мэдэгдлийн үндсэн дээр нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр талбайг чөлөөлж, тавилга, тоног төхөөрөмжийг хариуцагчид 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгчээ. /хх13-16, 101-102/

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа тавилга, тоног төхөөрөмжийг үргэлжлүүлэн ашиглаж байсан боловч энэ хугацаанд уг тавилга, тоног төхөөрөмжийг ямар гэрээний үндсэн дээр ашиглах, сар тутамд төлөгдөх төлбөр нь хэд байх талаар бичгийн хэлцэл байгуулж тохиролцоогүй байна.

Түрээсийн гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч Ц.А  биелүүлээгүйгээс хариуцагч Ц  ХХК-д хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдсонгүй, гэрээний 3.1-д заасан барьцааны мөнгийг түрээслэгчид буцаан олгохгүй байх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсон байна.

Хариуцагч Ц.А гийн хувьд манай компанийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаанд түрээсэлж ашигласан, энэ хугацаанд ямар ч түрээсийн төлбөр, ашиглуулсны хөлс шаардаагүй. 26 000 000 төгрөгийг тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг ашигласны хөлсөнд суутган тооцохоор тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн Ц  ХХК нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт ...  барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас 26 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шийдэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 23ы өдрийн 181/ШШ2018/02435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ