Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/51

 

 

 

 

 

 

 2025        10        29                                         2025/ДШМ/51

 

    Г.Эд холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Хулан,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Эд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Авга хариад овогт Гын Э, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дүгээр багийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

Г.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Бсумын Э багийн “Ц” гэх газарт хохирогч С.Бг “эгчийн гэрт ширээ рүү шүлсээ хаясан” гэх шалтгаанаар зодож улмаар биед хамар яс, ухархайн хана, эрүү ясанд хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Авга хариад овогт Гын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гын Эыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  шүүгдэгч Г.Эд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан шүүгдэгч “Эаас сэтгэцэд учирсан хохирол 5,940,000 (таван сая есөн зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Б (0000)-д олгож, хохирогч С.Б нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1,027,478 (нэг сая хорин долоон мянга дөрвөн зуун далан найм) төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Эаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж,  Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хохирогч С.Бд хохиролд 2,000,000 (хоёр сая) төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолоор надад оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Харин хохирол, хор уршгийг шүүхээс тогтоохдоо ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар тогтоосонд гомдолтой байна.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын тухайд хохирогч нь мөрдөн шалгах болон прокурорын шатанд ямар ч хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эмчилгээтэй холбоотой гэх баримтууд гаргаж өгсөн.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь хохирогчийн өгсөн нотлох баримтуудаас ямар, ямар баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байгаа, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай хохирлын баримтууд нь бүгд шалтгаант холбоотой баримт мөн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр миний хохиролд урьдчилан өгсөн 2,000,000 төгрөгтэй дүйцүүлэн тооцсонд гомдолтой байна.

Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын тухайд шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хувь хэмжээг тогтоохдоо гэмт хэргийн ангилал, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг, хохирогчийн нас, хүйс, миний гэмт хэрэг үйлдсэн хэлбэр болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, эрхэлсэн хөдөлмөр, төлбөрийн чадвар зэргийг харгалзан үзсэн хэдий ч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл буюу хохирогчийн ёс зүйгүй үйлдлийг анхаарч үзсэнгүй.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг      үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзан үздэг. Үүнтэй адилаар хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг мөн харгалзан үзэх нь зүйтэй гэж бодож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ялын дүгнэлтдээ хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож олгох санал гаргасан байдаг.

Иймд улсын яллагчийн санал болгосон хувь хэмжээгээр сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хувь хэмжээг өөрчлөн тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Хулан  шүүх хуралдаанд гаргасан  саналдаа: “...шүүх хохирогчийн буруутай үйлдэлд дүгнэлт хийгээгүй тул улсын яллагчийн санал болгосон хувь хэмжээгээр сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хувь хэмжээг өөрчлөн тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Бсумын Э багийн “Ц” гэх газарт хохирогч С.Бг “эгчийн гэрт ширээ рүү шүлсээ хаясан” гэх шалтгаанаар зодож улмаар биед хамар яс, ухархайн хана, эрүү ясанд хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн  дүгнэлт үндэслэлтэй болжээ.

3.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Эын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4.Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.

5.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

6.Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

7.Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/  хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д “...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, ...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж зохицуулсан ба  Монгол Улсын Дээд Шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар   тогтоолоор  “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”,  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгон хор ургшийг арилгаж, нөхөн төлүүлнэ.

8.Шүүх шинжилгээний ерөнхий  газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 982 дугаартай дүгнэлтээр “Хохирогч Бгийн сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэж тогтоосон байх ба ийм хэмжээний хор уршиг учирсан тохиолдолд нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл төгрөгөөр тогтоохоор жишиг аргачлалд тусгасан.

9.Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг  ямар хувь хэмжээгээр тогтоох нь  шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх “... хохирогч С.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан, хохирогчийн нас, хүйс, шүүгдэгч гэмт хэрэг санаатай үйлдсэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, эрхэлсэн хөдөлмөр, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг” харгалзан жишиг аргачлалд заасан “хоёрдугаар зэрэглэлийн” буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байна.

Иймд шүүгдэгчийн “...сэтгэцэд учирсан хохирол нөхөн төлөх хувь хэмжээг өөрчлөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10.Шүүх хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал, үндэслэл, хэмжээ, нотлогдсон байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн төлсөн 2,000,000 төгрөгийг хохирлоос хасч тооцсон нь үндэслэлтэй.

Харин шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирлыг тогтоосон атал “...1,027,478 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж” гэж дүгнэсэн нь бурууг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, шийтгэх тогтоол гаргах үед  иргэний нэхэмжлэлийг бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох, тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх ба харин шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг анхаарвал зохино.

11.Өмгөөлөгч Э.Хуланг  шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “хохирогчийн өмгөөлөгч” гэж,  шүүх хуралдааны тэмдэглэлд  “шүүгдэгчийн өмгөөлөгч” гэж өөр өөр тусгасныг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Эын давж залдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

                                       ШҮҮГЧИД                                   Н.БАЯРХҮҮ

                                                                                Б.СОСОРБАРАМ