Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01522

 

 

 

 

 

 

 

 

                                 М М ХХК-ийн  нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 06 дугаар сарын 11 өдрийн 183/ШШ2019/01349 дүгээр шийдвэртэй, М М ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, тоног төхөөрөмжийг үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01401 дүгээр захирамжаар М М ХХК-аас 2 268 724 797 төгрөг гаргуулж, Б.Одгэрэлд олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Хариуцагч нь М М ХХК-ийн өмчлөлийн 27 нэр төрлийн багц тоног төхөөрөмжийг 479 670 300 төгрөгөөр, 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 989 090 200 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээчээр үнэлүүлсэн байдаг. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээний тайланг танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу үнэлгээний зүйлийг өртгийн эсвэл жишиг үнийн буюу зах зээлийн эсвэл орлогын аргаар үнэлэх боломжтой байсан боловч өртгийн хандлагын аргаар үнэлсэн нь хэт бага үнэлэгдсэн гэж үзэж байна. Мөн үнэлгээг хийхдээ адил, төстэй хөрөнгөтэй жишиж, харьцуулсан бодит үнийг тогтоож үнэлээгүй, онцлог талуудыг тусгаж үнэлээгүй байх тул №31 тоот үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01401 дүгээр захирамжаар М М ХХК-аас 2 274 475 583 төгрөг гаргуулж Б.Одгэрэлд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 ны 9 сарын 18-ны өдрийн 17290908 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж М М ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн нэр бүхий хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 04, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 17290908/03, 17290908/05 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2019 оны 2 сарын 13, 19-ний өдрүүдэд албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилоход нэр бүхий 11 хөдлөх эд хөрөнгийг нийт 989 091 800 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээг 2019 оны 3 сарын 12-ны өдөр албан бичгээр талуудад мэдэгдэж, мэдэгдлийг 03 дугаар сарын 13-ны өдөр М М ХХК-ийн үйлдвэр эрхэлсэн захирал О.Байгалмаад гардуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус компанийн эзэмшил, өмчлөлийн нэр бүхий 27 хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, хурааж талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2019 оны 03 дугаар сарын 15, 03 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр тус тус мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилоход нийт 479 670 300 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээг 2019 оны 4 сарын 05-ны өдрийн 4/8311 дүгээр албан бичгээр мэдэгдэж, мэдэгдлийг О.Байгалмаад гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан тоног төхөөрөмжийг үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч М М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөрийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01401 дүгээр шүүгчийн захирамжаар М М ХХК-аас 2 268 724 797 төгрөг гаргуулж, Б.Одгэрэлд олгохоор шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч нь “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээний тайланг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын архиваас авсан. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэснийг зөрчиж хугацаа хэтэрсэн байдаг.

Энэ нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэсний дагуу шийдвэрлэх ёстой байсан.

Гэтэл шүүх үүнийг үнэлж үзэлгүй хугацаа хэтэрсэн хариу тайлбарыг хүлээн авч хариуцагчийн тайлбар болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэл болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

           

Нэхэмжлэгч М М ХХК хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1401 дүгээр захирамжаар Б.Одгэрэлийн нэхэмжлэлтэй М М ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2 268 724 797 төгрөгийг 45 хоногийн дотор төлж барагдуулах, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж, хариуцагчийн хөрөнгөөс төлбөр гаргуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх77-78/

Хариуцагч тал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 789 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2019 оны 01 дүгээр сарын 04, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрүүдийн тогтоолоор нэг удаагийн тариурын үйлдвэрийн зориулалттай 10 нэрийн 11 иж бүрдэл тоног төхөөрөмж, тариур үйлдвэрлэх зориулалттай 27 нэрийн 32 ширхэг тоног төхөөрөмжийг тус тус битүүмжлэн, хурааж талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх75-87/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг  тохиролцон тогтоогоогүй тул төлбөр авагчийн хүсэлтээр хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч нь тариур үйлдвэрлэх зориулалттай 10 нэрийн 11 ширхэг иж бүрдэл тоног төхөөрөмжийг 989 091 800 төгрөгөөр, тариур үйлдвэрлэх зориулалттай 27 нэр төрлийн 32 ширхэг тоног төхөөрөмжийг 479 670 300 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчээс гаргасан эхний үнэлгээний тайланг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, хоёрдахь үнэлгээний тайланг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр төлөгч байгууллагын үйлдвэрлэл эрхэлсэн захирал О.Байгалмаад танилцуулж, тэмдэглэл үйлджээ. /хх88, 98, 103-113/

 

Төлбөр төлөгч 2019 оны 04 дугаар сарын 05-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч  2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргажээ. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээнд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаар шүүхээс хийсэн дүгнэлт зөв.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн “шинжээч өртгийн хандлагын аргаар үнэлгээ хийж хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн гэх гомдол үндэслэлгүй байна. “Мөнх-Оргил трейд” ХХК хөрөнгийн үнэлгээг өртгийн хандлагын аргаар хийсэн үндэслэлээ “.., уг тоног төхөөрөмж, түүний орлоготой холбоотой харьцуулан жиших зах зээлийн бодитой мэдээллийн олдоц хомс байгаагаас шалтгаалан орлогын хандлагын болон зах зээлийн харьцуулалтын аргыг ашиглах боломжгүй” гэж тайлбарласан нь хэргийн 95, 117дугаар талд авагдсан байх ба шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлал нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д нийцсэн байна.

 

           Хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлсэн нь хэргийн 64, 73 дугаар талд авагдсан, мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрээ гаргасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

 

                                                   

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                             ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                                                                                               А.МӨНХЗУЛ