| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/07222/И |
| Дугаар | 192/ШШ2026/01443 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2026/01443
2026 02 02 192/ШШ2026/01443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
гомдол гаргагч: ******* ирүүлсэн,
хариуцагч: **** холбогдох,
өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
гомдол гаргагч *****, түүний өмгөөлөгч **** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Гомдол гаргагчаас хариуцагчид холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай гомдол гаргажээ.
2. Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *** нь хэл ярианы бэрхшээлтэй тул өмгөөлөгч өмнөөс нь тайлбарлая. 2025 оны 7 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн агуулга бол миний бие 2025 оны 2 сарын 3-ны өдөр *****тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, үйлчлэгчээр ажилд орсон. 2025 оны 3 сарын 29-ний өдөр би ажилдаа очтол ажлаас халсан байсан. Нэхэмжлэгч бол өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг боловч хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээгээ авъя гэхээр байхгүй гээд гаргаж өгдөггүй. Мөн ажилд орсон тушаалыг нь өгөөч ээ гэдэг хүсэлтүүдийг гаргасан боловч ирүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаагаа дуусгаж цаашид сунгагдахгүй болсон гэдэг заалт байгаа. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хөдөлмөрийн гэрээний ямар зүйл заалт, хөдөлмөрийн гэрээ байхгүй учраас энэ заалтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Мөн үндэслэл дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-т ажилтан санаачилсан гэж байгаа юм. Гэтэл *** нь би өргөдөл өгөөгүй, надад дүү байхгүй, би хүнээр өргөдөл өгүүлээгүй гэдэг тайлбарыг хэлдэг. Тийм болохоор ажилтан санаачилсан гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд ***ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Ажилд нь эгүүлэн тогтоож, олгогдоогүй цалин хөлсийг олгож өгнө үү гэж хүсэж байна. Сарын 1,200,000 төгрөгөөр тооцож бол шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин олговрыг нэхэмжилж байгаа... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... *****д *** нь 2025 оны 02 дугаар сарын 04 ний өдөр ажилд орох хүсэлтийн дагуу ажилд орсон. Хангай дээд сургуулийн захиралтай уулзаад ажилд орсоноос хойш эхний долоо хоног ажиллаад 2 дах долоо хоногоосоо хоолойны махаа авхуулах тухай хэлж 7 хоног цалингүй чөлөө авч явсан. Чөлөө авах тухай өргөдлөө буцаж ирэхдээ өгье гэж хэлсэн боловч өгөөгүй. Чөлөө авч явсанаас хойш 2-3 хоногийн дараа түүний дүү нь гэж хүн ирж ***ийг халагдах хүсэлтэй бна гэсэн өргөдөл өгсөн. Бид ажилтны өмнөөс өөр хүн ажлаас гарах тухай өргөдөл өгч болохгүйг сануулж ***ийг өөрөө ирж уулзах шаардлагатай гэж хэлж явуулсан. 14 хоногийн дараа *** нь ирж Захиралтай дахин дахин уулзах хүсэлт гаргаж уулзаж дахин ажиллахаар болсон боловч 1 өдөр хүрэхгүй ажиллаад алга болсон. 5 хоногийн дараа удалгүй ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэсээс цагдаа нар ирж ***ий ажилласан хугацааны мэдээлэл болон тодорхойлолтыг авсан. ***ийг зөрчил гаргасныг мэдээд ирэхгүй юм байна гээд өмнө өгсөн өргөдлийн дагуу шийдвэрлэж ажлаас чөлөөлсөн. Жич: Нягтлан *******т хэлэхдээ захиралд хэлсэнээс өөр шалтгаан дурдсан бөгөөд тэр нь *** нь хоолойны махаа авхуулна гэж хэлээгүй 45 хоногийн баривчилгаанд явна гэж хэлсэн байсан. Удаа дараа байгуулагын удирдлагуудад худлаа мэдээлэл өгч, өөртэй нь холбогдох асуудлуудыг худал мэдүүлж ажилчдын дунд үл ойлголцол үүсгэдэг болсон. Мөн дотуур байрны суралцагчидтай холбоо тогтоож дээрэлхэлт үүсгэх гэж байсан нь удаа дараа ажилчдад мэдэгдсэн. Хэд хэдэн удаагийн энэхүү үйлдэл дээр үндэслэн, байгууллагын нэр хүндэд хохирол учруулах үйлдэл гаргаж байгаа тул ажлаас гаргах нэгэн үндэслэл болсон. Манай байгууллага нь хууль тогтоомжийн дагуу цалин хөлсөө тооцож олгосон болно.... гэжээ.
4. ***ий шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
гомдол /хэргийн 1 дүгээр тал/
иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2 дугаар тал/
нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар /хэргийн 3 дугаар тал /
дансны хуулга /хэргийн 4 дүгээр тал/
нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 46 тал/
*****К чих хамар хоолой, сонсголын төрөлжсөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт /хэргийн 50 дугаар тал/
2025.10.07-ны өдрийн Р.Батбаяртай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 51-52 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 54 дүгээр тал/
оршин суугаа газрын тодорхойлолт /хэргийн 55 дугаар тал/
хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хэргийн 58 дугаар тал/
ажлын газрын тодорхойлолт /хэргийн 86 дугаар тал/
Хан-уул дүүргийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 87 дугаар тал/
2025.11.18-ны өдрийн ***** байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 94-95 дугаар тал/
Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт /хэргийн 101 дүгээр тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
2025.08.13-ны өдрийн №84 дугаар ******* олгосон итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/
хариу тайлбар /хэргийн 15 дугаар тал/
хуулийн этгээдийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл /хэргийн 59-63 дугаар тал/
Хангай мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025.03.13-ны өдрийн Б/09 тоот ***ийг ажлаас чөлөөлсөн тушаал /хэргийн 64 дүгээр тал/
нэхэмжлэгчийн эмнэлгийн магадалгаа /хэргийн 65 дугаар тал/
2025 оны 02,03 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /хэргийн 66-71 дүгээр тал/
татварын тайлан /хэргийн 72-81 дүгээр тал/
тайлбар /хэргийн 82-83, 88-89 дугаар тал/ зэрэг баримтууд,
6.Шүүхээс бүрдүүлсэн
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн албан бичиг /хэргийн 103-106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. 2025 оны 02 сарын 04-ний өдөр *** хариуцагч “*****” Холбоо Боловсрол сургалтын байгууллагад үйлчлэгчээр, сарын 1200 000 төгрөгийн цалинтай ажилд орсон нь гомдол гаргагчийн ...би 2025.02.03-нд *****тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилогдсон. Үйлчлэгчээр ажилд орсон болно... гэх тайлбар, хариуцагчийн ...*****д *** нь 2025 оны 02 сарын 04-ний өдөр ажилд орох хүсэлтийн дагуу ажилд орсон... гэх тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1, 15, 82, 83 дугаар тал/
3. *** “хөдөлмөрийн гэрээ байгуулсан” гэж амаар тайлбарласан ба хариуцагч хөдөлмөрийн гэрээ баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч түүнийг ажилд авсан, ажиллуулж байсан талаар маргаагүй учир талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, ...43.2.3-т “энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах”, ...43.2.10-т “хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах”, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д “ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй” гэж тус тус заажээ.
6. Ажил олгогчийн Ажлаас чөлөөлсөн талаарх шийдвэрийг ажилтанд амаар хэлсэн бөгөөд бичгээр гарсан тушаал шийдвэрийг түүнд хүлээлгэн өгөх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, 83 дугаар зүйлийн 83.6-д заасан үүргээ биелүүлснээ шүүхэд нотлоогүй.
7. Тодруулбал хариуцагч талаас шүүхэд 2025 оны 03 сарын 13-ны өдрийн дугаар Б/09 тоот Ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал шийдвэрийг нотлох баримтаар ирүүлсэн боловч тухайн тушаал шийдвэрийг ажилтанд мэдэгдсэн, хүлээлгэн өгсөн эсэх талаар ямар нэг баримт хэрэгт ирүүлээгүй.
8. Дээрхийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн доторр”, 154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэх хуулийн хугацааг тооцох боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу хуульд зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулахаар ажилтан шүүхэд гомдлоо гаргасан, шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан гэж үзэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяаллын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.
10. Гомдол гаргагч ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч ...өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх... шаардлага гаргаж, үндэслэлээ ...чөлөө авсан эмнэлгийн магадлагаатай байхад ажлаас үндэслэлгүй халсан... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... ажилд орсноос хоойш 2 дах долоо хоногт хоолойны махаа авахуулах гэсэн юм гээд 7 хоногийн чөлөө хүссэн өргөдлөө өгч яваарай гэхэд өгөөгүй явсан, 2-3 хоногийн дараа түүний дүү гэж нэг хүн ирэ ажлаас халагдах хүсэлтэй байна гэсэн өргөдөл өгсөн, 14 хоногийн дараа *** өөрөө ирж дахин ажиллах хүсэлтэй ажлаа хаяж явахгүй гэж гуйсан учраас 1 долоо хоног боломж олгоё гэж хэлсэн, 1 өдөр хүрэхгүй ажлаа хаяад алга болсон, 5 хоногийн дараа ХУД цагдаагийн 2-р хэлтсээс ***ий талаар мэдпээлэл авсан, зөрчил гаргасныг мэдээд ирэхгүй юм байна гэж ойлгон өмнө өгсөн өргөдлийн дагуу ажлаас нь халсан... гэж маргаж байна.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно:, 78.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй”, 79.2-т “ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно”, 79.3-т “энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно” гэж заажээ.
12. Гомдол гаргагч болон хариуцагч нарын хэн аль нь шүүхэд нотлох баримтаар “Хөдөлмөрийн гэрээ” баримтыг ирүүлээгүй бөгөөд хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар баримтуудаас үзэхэд ...***тэй хөдөлмөрийн гэрээ хугацаатай, бичгээр байгуулсан... талаар тайлбарлаагүй. /хэргийн 15, 82, 83 дугаар тал/
13.Хэргийн 88 дугаар талд авагдсан хариуцагчийн 2025.11.12-ны өдрийн №57 Тайлбар хүргүүлэх тухай бичгийн баримтад ...тус байгууллагын үйлчилгээний ажилтны орон тоонд ажиллаж байсан *** сарын үндсэн цалин 1000 000 төгрөг, бохирын нэмэгдэл 20хувь буюу 200 000 төгрөг нийт 1200 000 төгрөгийн цалинтай болох нь үнэн болно. Жич: Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох гэсэн заалтын дагуу тухайн ажилтан хүлээн зөвшөөрч ажлын 5 хоногийн туршилтын хугацаатай ажиллахаар тохиролцсон нь үнэн болно... гэжээ.
14. Хариуцагч дээрх тайлбараа нотлох баримтаар нотлогдоогүй учир тайлбар үндэслэлгүй.
15. Хариуцагчийн тайлбар баримтуудад ...2-3 хоногийн дараа түүний дүү гэж хүн ирж ***ийг халагдах хүсэлтэй байна гэсэн өргөдөл өгсөн. Бид ажилтны өмнөөс өөр хүн ажлаас гарах тухай өргөдөл өгч болохгүйг сануулж ***ийг өөрөө ирж уулзах шаардлагатайг хэлж сануулсан..., ...*** зөрчил гаргасныг мэдээд ирэхгүй юм байна гэж ойлгон өмнө өгсөн өргөдлийн дагуу ажлаас чөлөөлсөн... гэжээ.
16. Дээрх баримтаар хариуцагч ажилтан ***ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдээгүй байхад түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.
17. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар гомдол гаргагч ***ийг ***** Боловсрол сургалтын байгууллагын үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10 224 608 төгрөг гаргуулан ***д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж, гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
18. Цалин олговрыг дараах байдлаар тогтоов. Үүнд:
*** сарын 1200 000 төгрөгийн цалинтай. 2025.2 сард олгогдсон цалин хөлсний хэмжээ 742 091+199 540 = 941 631 төгрөг /хэргийн 4, 54 дүгээр тал/
941 631 х 10 = 9 416 310 төг /2025.04 сараас 2026.01 сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор/
941 631-133 333 = 808 299 төгрөг /2025.03 сарын дутуу авсан цалин/
9 416 310 + 808 299 = 10 224 608 төгрөг
19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.
20. Хариуцагч ...хөдөө орон нутагт ажиллах болсон.. үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ цахимаар ирүүлсэн боловч томилолт болон орон нутагт ажиллах болсон талаарх бичгийн баримтаа шүүхэд ирүүлээгүй, гомдол гаргагчийн хүсэлтээр хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаарт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар гомдол гаргагч ***ийг хариуцагч “*****” Холбоо Боловсрол сургалтын байгууллагын үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10 224 608 төгрөг гаргуулан ***д олгож, ***ий нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ