| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0349/Э |
| Дугаар | 355 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Т.Оргил-Очир /нийслэл/ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж
улсын яллагч Т.Оргил-Очир /томилолтоор/,
шүүгдэгч Б.О,
нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 1802 00314 0159 дугаартай хэргийг 2018 оны 07 дуаар сарын 18-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.О нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа Олон улсын боомтоор 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсад орох эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би ахынхаа баримт бичгийг Бишкек хотын онгоцны буудалд гээгдүүлсэн. 2012 онд яваад 3 жил ажилласан, дараа нь 2018 оны 01 дүгээр сард яваад 2018 оны 5 дугаар сард буцаад ирсэн. Цагдаагийн 2 алба хаагч намайг онгоцонд суулгаж өгсөн гэж худал ярьсан. Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Мөн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Надад торгуулын ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1802003140159 дугаартай хэргээс:
2. Тагнуулын Ерөнхий газрын Хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хэргийн 8-15х/,
3. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16-22х/,
4. Хил хамгаалах ерөнхий газрын 2-5а/6585 дугаартай албан бичиг /хэргийн 31-32х/,
5. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирэгчийн танхимд 2 дугаар кабинд манааны ахлагчийн үүрэг гүйцэтгэж байсан. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үүрэг гүйцэтгэж байх үед Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаар аялалын онгоцонд зорчигчийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байх үед Б.О нь улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, ногоон өнгийн орох хуудас бөглөчихсөн орж ирсэн. Тухайн зорчигчоос “гадаад паспорт нь хаана байгаа” талаар лавлахад “Турк улсад алга болгосон, онгоцонд суух үед нь цагдаагийн хоёр ажилтан суулгаж өгсөн, баримт бичиггүй ирсэн” гэж ярьж байсан. Тус зорчигчийн талаар зарим зүйлийг тодруулах зорилгоор Туркиш-Эйрлайнас компанийн ажилтангаас асуухад “манай онгоцонд 1 зорчигчийн баримт бичиг буцаагдаж ирсэн, Б.О гэдэг зорчигчийн паспорт ирээгүй, Турк улсаас онгоцонд суусан 1 эмэгтэй зорчигчоос бусад бүх зорчигч баримт бичигтэй суусан, баримт бичиггүй зорчигч байх ёсгүй.” гэсэн мэдээлэл танилцуулсан.
Ирэгчийн танхимд манаанд гарч байсан шалгагч Ө нь “О нь орж ирэхдээ ариун цэврийн өрөө рүү орж байсан” гэж хэлсэн тул баримт бичгээ тэнд нуусан байж болзошгүй гэж үзэж тухайн газарт нь үзлэг, шалгалтыг сайтар хийж үзэхэд илэрсэн зүйл байгаагүй. Б.О-ээс өөрөөр нь үнэнийг хэлүүлэх талаар бүхий л боломжит байдлаар асууж тодруулсан. Миний бодлоор Турк улсаас гарахдаа бусдын баримт бичгээр гарч ирээд, ирэх замдаа устгасан байж болзошгүй гэж үзэж Турк улсын хилээр гарахдаа ашигласан гадаад паспортынх нь талаар сайтар лавласан боловч баримт бичиггүй ирсэн гэдгээс өөр зүйл ярихгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/,
Мөн гэрчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:
“... тухайн иргэн өглөө онгоцноос буухдаа эрүүл байсан. Хил зөрчихийг завдагч иргэн өөрийн нэрээ О гэж хэлж байсан. Б.О мансуурсан, сэтгэцэд өөрчлөлт орсон шинж тэмдэг ажиглагдаагүй, харин сандарч түгшсэн, тайван бус байдалтай ажиглагдсан. Турк улсын цагдаад баригдаад албадан гаргагдаж байгаа иргэдэд өөрт нь баримт бичгийг өгдөггүй. Тухайн иргэнийг албадан гаргаж байгаа улсын цагдаа, хүчний байгууллагууд нь манай улс руу ирж байгаа нисэх онгоцны багийн бүрэлдэхүүнд буюу экипажийн хүмүүст өгөөд экипажийн бүрэлдэхүүн нь манай улсад ирж буусны дараа албадан гаргагдсан хүний баримт бичгийг манай тээврийн манааны бүрэлдэхүүнд хүлээлгэн өгдөг /хил хамгаалах байгууллагын ажилчдад хүлээлгэн/ журамтай.
Б.О нь өөрийн төрсөн ах Б.С-ийн гадаад паспортын бүртгэлээр БНТУ-аас ирсэн талаар огт яриагүй, БНТУ-аас Цагдаагийн байгууллага намайг албадан гаргаад ирлээ гэхээс өөр зүйл хэлээгүй юм. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаартай нислэгээр ганцхан С билүү нэг эмэгтэй ирсэн, өөр хүн ирээгүй. Тэр иргэний баримт бичгийг манай тээврийн манаанд нисэх багийн бүрэлдэхүүн нь хүлээлгэж өгсөн гэсэн.
Харин Б.О-ийн хувьд албадан гаргагдсан гэсэн ойлголт байхгүй, анхнаасаа өөрийнх нь байгаа байдал нэг л сэжигтэй байсан. Хил нэвтрэлтийн талаарх мэдээллийг харсан. Яг хэзээ Монгол Улсын хилээр гарсан байсныг нь одоо санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-65х/,
6. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Надад гадаад паспорт байсан, түүнийгээ хэзээ хэрхэн яаж авснаа санахгүй байна. Тэгээд саяхан манай дүү надад “таны гадаад паспортаар би гадагшаа буюу БНТУ-д ажил хөдөлмөр эрхлэхээр яваад гээчихлээ” гэж хэлсэн. Б.О миний гадаад паспортыг 2018 оны 01 дүгээр сард надаас авсан. Тухайн үед надаас гадаад паспорт асуухаар нь би байгаа гэж хэлхэд “нэг хэсэг өгөөч” гэхээр нь өгчихсөн яах гэж байгааг нь мэдээгүй.
Би уг гадаад паспортоор БНХАУ-ын Эрээн хот руу нэг удаа явж байснаас өөрөөр гадаад улс, оронд зорчиж байгаагүй. Манай дүү жаахан надаас айсан байх. Хулгайлж авсан зүйл байхгүй, өөрөө хэлээд авсан, харин ямар зорилгоор, яах гэж авч байгаа талаараа надад юм хэлээгүй. Б.О нь манай хамгийн бага дүү, бид нар эцэг эхээсээ есүүлээ.
..,Миний дүү О Ховд аймгийн цэргийн ангид хөгжимчин хийж байгаад гадаад улсад ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор яваад эргэж ирэхдээ ийм асуудалд орсон байна. Миний гадаад паспортыг БНТУ-ын хилээр орохдоо ашиглах гэж байгаа тухай надад огт хэлээгүй. Би хуучин гадаад паспортаа алга болгочихсон гэж хэлээд дахин шинэ гадаад паспорт авсан. Дүү Б.О ямар шалтгаанаар Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрч орж ирсний мэдээгүй, өнөөдөр уулзаж л би мэдэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-62х/,
7. Гэрч Д.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2012 онд Туркиш-Эйрланс авиакомпаний төлөөлөгчийн газарт ажилладаг. Уг байгууллагад тасралтгүй 6 жил ажиллаж байна. Манай байгууллагаас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаартай аялалын онгоцоор ирсэн нийт иргэдийн мэдээллийг авах тухай албан бичгийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ирсэн. Үүний дагуу мэдээллийг гаргаад хариу албан тоот өгөх гэхээр манай захирал байхгүй, гарын үсэг зурах хүнгүй учир өгөх боломжгүй байна. Тиймээс би өөрийнхөө мэдүүлгийн ард хавсаргуулах хүсэлтэй байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.
Энэ өдөр ТК-342 дугаартай аялалын онгоцоор нийт 156 зорчигч ирсэн байна. БНТУ-аас албадан гаргагдаж байгаа иргэдийн мэдээллийн ард DEPU, DEPA гэсэн 2 төрлийн мэдээлэл хийдэг. DEPU нь БНТУ-аас албадан гаргагдсан хэрнээ цагдаагийн хараа хяналтгүй, харгалзаагүйгээр ганцаараа ирж байгаа тохиолдлын бүртгэдэг бол DEPA нь БНТУ-аас албадан гаргагдаж цагдаагийн хяналттай хамт ирж байгаа зорчигчийг үүгээр тэмдэглэдэг юм.
2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаартай аялалын онгоцоор нийт хэдэн иргэн албадан гаргагдсан талаарх мэдээлэл бүртгэлд байгаа. Энэ бүртгэлийг БНТУ-аас Монгол улс руу сууж байгаа тохиолдолд хийдэг бүртгэл юм. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаартай аялалын онгоцоор 1 зорчигч албадан гаргагдсан, Б гэх овогтой хүн байсан. Өөр албадан гаргагдаж ирсэн бүртгэл байхгүй байна. Энэ өдөр буюу 06 дугаар сарын 12-ны өдөр Б.О нэртэй хүн манайхаар үйлчлүүлээгүй байна. Харин үүнтэй төстэй Б.С гэж хүн ирсэн, энэ хүн дээр ямар нэг албадан гаргагдсан талаар мэдээ мэдээлэл, тэмдэглэгээ хийгдээгүй учир албадан гаргагдсан гэж үзэх үндэслэл байхгүй.
Албадан гаргагдаж байгаа иргэдийг бүртгэхгүй байх тохиолдол байхгүй. БНТУ-аас хууль, хяналтын байгууллагаас албадан гаргагдаж байгаа тохиолдолд тухайн байгууллагын буюу цагдаа нь албадан гаргагдаж байгаа иргэнийг биечлэн авч ирээд, тухайн хүний биед байгаа баримт бичгээр нь бүртгүүлээд, мэдээллийнх нь ард DEPU, DEPA гэх хоёр бүртгэлийн аль нэгийг хийж, нислэгээр авч ирэх юм уу, аль эсвэл цагдаагийн харгалзаагүйгээр явуулдаг.
Б.О нь БНТУ-аас манай нислэгт суухдаа цагдаагийн байгууллага албадан гаргагдаагүй байсан. Манай бүртгэл дээр Б.С гэж хүн бүртгэгдсэн, харин Б.О гэх хүний бүртгэл байхгүй байна. Энэ хүн манай байгаа мэдээллээр Б.С гэх нэрээр албадан гаргагдаагүй, Б.С гэх хүний баримт бичгээр БНТУ-аас Монгол Улс руу аялахдаа баримт бичигтэйгээ байсан байна. Манай Туркиш- Эйрланс компаний ажилчид зорчигчдыг онгоцонд суухын өмнө gate дээр баримт бичигтэй тулгаж суулгадаг, хэрэв баримт бичиггүй бол онгоцонд суулгахгүй. БНТУ-аас албадан гаргагдаж байгаа иргэний баримт бичгийг цагдаагийн байгууллагаас тус нислэгийн ахлах үйлчлэгчид өгдөг, үйлчлэгч уг баримт бичгийг зориулалтын дугтуйнд хийж хадгалаад, хүрэх газарт ирсний дараа төлөөлөгчид хүлээлгэн өгч, төлөөлөгч нь түүнийг авч хилийн хяналтын байгууллагад шилжүүлэн өгдөг /зорчигчийн хамт/. Баримт бичгийг зорчигчид хүлээлгэж өгдөггүй юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-68х/,
8. Гэрч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирэх чиглэлд журмын манааны үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 11:00 цагийн үед ТК-342 дугаартай аялалын онгож ирж, зорчигчид нь хилээр нэвтэрч эхэлсэн. Тэгтэл нэг зорчигч “би БНТУ-аас цагдаад баригдаад ирсэн, надад баримт бичиг байхгүй, Монгол улсад хил нэвтэрч ормоор байна” гэсэн. Тэгэхээр нь би “буцах үнэмлэх, эсвэл цагдаагийн бичгээр ирж байгаа юм байна” гэж бодоод “та орох хуудас бөглөөд манааны ахлагч дээр очно уу” гэж хэлсэн. Тэгсэн Б.О нь “албадан гаргагдсан” гэдгийг нотлох ямар нэг баримт бичиг нотолгоо байхгүй, нисэх багийн бүрэлдэхүүнд ямар нэг баримт бичиг ирүүлээгүй байсан. Уг нь албадан гаргагдаж байгаа иргэдийг баримт бичгийг өөрт нь өгөлгүйгээр нисэх багийн бүрэлдэхүүнээр дамжиж ирдэг.
Б.О-ийн хувьд ямар нэг баримт бичиг ирээгүй. Манай ахлах Б.Э надад хэлэхдээ “энэ хүн БНТУ-аас албадан гаргагдсан гэж худлаа ярьж байна, хэрэв албадан гаргагдсан бол заавал цагдаагийн хуудас, буцах үнэмлэх байх ёстой” гэж хэлж байсан. Тэгээд уг иргэн 2 дугаар давхарын “00” өрөөнд нилээд удаан байсан болохоор нь сэжигтэй санагдаад, бид нар “00” өрөөнд үзлэг хийж, байж болох бүх зүйлийг нь үзсэн боловч юу ч гарч ирээгүй. Миний ажиллаж байгаа энэ хугацаанд хамгийн анхны удаа албадан гаргагдаж ирсэн хэрнээ ямар ч баримт бичиггүй ирсэн нь энэ явдал юм.
2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТК-342 дугаартай аялалын онгоцоор БНТУ-аас албадан гаргагдаж ирсэн иргэн байсан эсэхийг одоо санахгүй байна. Б.О Буянт-Ухаа нисэх буудлын 2 дугаар давхарт байрлах 00 өрөөнд 20-30 минут болсон. Уг “00” өрөөнд манай ахлах Д.Э, бид хоёр үзсэн боловч юу ч олдоогүй. Миний бодлоор Б.О нь албадан гаргагдаагүй, БНТУ-аас албадан гаргагдсан гэж худлаа яриад, өөрөө зориуд ямар нэг баримт бичиггүй Монгол Улсын хилийг нэвтэрч орж ирэх санаа зорилготой байсан байх.” гэсэн мэдүүлэг /хэргийн 75-76х/,
9. Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би анх 2011 онд 100 айлд байх Улсын бүртгэлийн ерөнхий газраас өөрийн нэрээр, иргэний үнэмлэхээр гадаад паспорт гаргуулан авч БНТУ-д очиж, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор явсан. Турк улсад очоод оёдлын үйлдвэрт индүү ажиллуулдаг ажил 3 жил хийгээд 2014 онд ирсэн. БНТУ-д анх очихдоо 1 сарын визтэй очоод хугацаа нь дууссан учир хараар ажил хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн юм.
Тэгээд намайг 3 жил ажиллаад Турк улсаас гарахад 5 жилийн хугацаатай хар тамга дарчихсан байсан учир дахин БНТУ-д очиж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон юм. Монголд ирээд хувиараа өөрийн төрсөн дүүтэйгээ хамт тоглолт хийгээд, хөдөө гадаа явж байгаад, дахин Турк улсад очиж ажил хөдөлмөр эрхлэхээр шийдээд явах гэтэл 5 жилийн хар тамга даруулчихсан учир өөр хүний гадаад паспортаар БНТУ-д орох шаардлагатай болсон.
Тэгээд өөрийн төрсөн ах Б.С-ийн гадаад паспортыг өөрт нь хэлж авсан. Ингээд 2018 оны 01 сарын 23-ны өдөр өөрийнхөө гадаад паспортаар Монгол Улсын хилээр гараад, БНТУ-ын хилээр ах Б.С-ийн гадаад паспортаар нэвтрэн орсон. Тэгээд тус улсад очоод хуучин хийж байсан ажилтайгаа ойролцоо ажил эрхэлж байгаад, өөрийнхөө гадаад паспортыг архи ууж байгаад алга болгочихсон юм. Тэгээд бүр гадаад паспортгүй болчихоод дэлгүүрт явж байгаад цагдаад баригдаад 10 хоног хоригдож байгаад Цагдаагаас нь Монгол Улс руу явах онгоцонд суулгасан.
...Би Бишкект ирээд ах Б.С-ийн гадаад паспортыг устгачихсан. Яагаад гэхлээр Монгол Улсын хилээр өөр хүний гадаад паспортаар нэвтэрч болохгүй гэж хүнээс сонсож байсан юм. Бас өөрийн ах С-ийг хэрэгт оруулчих байх гэж айгаад устгачихсан. Тэгээд Монгол Улсад ирээд хилийн шалганы хүнд “би гадаад паспортаа алга болгочихсон, ямар нэг баримт бичиггүй ирлээ” гэж хэлж мэдэгдсэн.
...Энэ миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. БНТУ-ын хилээр гарахдаа Б.С ахын нэрээр онгоцондоо суусан. Намайг БНТУ-аас албадан гаргахдаа цагаан хуудас буюу БНТУ-ын цагдаагийн бичиг өгөөгүй. Би үнэн хэлж байна.
Би Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. БНТУ-д долларын ханш өсөөд мөнгө хураах боломж байхгүй, ажил төрөл нь ховордоод байхаар нь ирсэн юм. Үнэндээ ажил төрөл олдохгүй байхаар нь ахынхаа гадаад паспортаар БНТУ-аас гараад Бишкек дээр саатаад нислэг хойшилж байхад унтаж байгаад Сайнбилэгийн гадаад паспортыг алдчихсан.
Монгол Улсын хил дээр ирээд баримт бичиггүй хилийг нэвтрээд орчих байх гэж бодоод ирсэн юм. С ах гэртээ байхад нь гуйгаад авсан. ... Би өөрийн төрсөн ах С-ийн гадаад паспортыг БНТУ-руу орохдоо ашиглах гэж авсан. Манай ах энэ талаар юу ч мэдээгүй. Ах маань намайг гадаад паспортыг нь ямар зорилгоор авч байгааг мэдээгүй. Хэрэв мэдсэн бол надад өгөхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 81-83х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 84х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар болон гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.О-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Истанбул Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаар аялалын онгоцоор Монгол Улсад ирж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа Олон улсын боомтоор “Монгол улсад нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр” Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Тагнуулын Ерөнхий газрын Хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хэргийн 8-15х/,
- баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16-22х/,
- Хил хамгаалах ерөнхий газрын 2-5а/6585 дугаартай албан бичиг /хэргийн 31-32х/,
- гэрч Б.Э-ын: “...Би 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирэгчийн танхимд 2 дугаар кабинд манааны ахлагчийн үүрэг гүйцэтгэж ... Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаар аялалын онгоцонд зорчигчийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэхэд ...Б овогтой О нь улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, ногоон өнгийн орох хуудсаа бөглөчихсөн орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/,
- гэрч Б.С-ийн: “...Саяхан манай дүү надад таны гадаад паспортаар би гадагшаа буюу БНТУ-д ажил хөдөлмөр эрхлэхээр яваад гээчихлээ гэж хэлсэн. Б.О миний гадаад паспортыг 2018 оны 1 дүгээр сард авсан. ...Хулгайлж авсан зүйл байхгүй өөрөө хэлээд, аваад явсан. Харин яах гэж байгаа талаараа надад хэлээгүй. ...Би хуучин гадаад паспортаа алга болгочихсон гэж хэлээд дахин шинэ гадаад паспорт авсан. Дүү Б.О ямар шалтгаанаар Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрч орж ирсэн талаараа хэлээгүй, өнөөдөр уулзаж л би мэдэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-62х/,
- гэрч Д.М-гийн: “...Би 2012 онд Туркиш Эйрланс төлөөлөгчийн ...ажиллаж байна. ... Энэ өдөр ТК-342 дугаартай аялалын онгоцоор 156 зорчигч ирсэн байна. БНТУ-аас албадан гаргагдаж байгаа иргэдийн мэдээллийн ард DEPU, DEPA гэсэн 2 төрлийн мэдээлэл хийдэг DEPU нь БНТУ-аас албадан гаргагдсан хэрнээ цагдаагийн хараа хяналтгүй харгалзаагүйгээр ганцаараа ирж байгаа тохиолдлыг, ...DEPА нь БНТУ-аас албадан гаргагдаж цагдаагийн хяналттай буюу хамт ирэ байгаа зорчигчийг бүртгэж тэмдэглэдэг. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаартай аялалын онгоцоор ... нэг зорчигч албадан гаргагдсан, ...Б овогтой хүн байсан, өөр албадан гаргагдаж ирсэн бүртгэл байхгүй байна.
Энэ өдөр буюу 06 дугаар сарын 12-ны өдөр Б.О нэртэй хүн манайхаар үйлчлүүлээгүй байна. Харин үүнтэй төстэй “Б.С” гэж хүн ирсэн, энэ хүн дээр ямар нэг албадан гаргагдсан талаар мэдээ мэдээлэл, тэмдэглэгээ хийгдээгүй учир албадан гаргагдсан гэж үзэх үндэслэл байхгүй.
Албадан гаргагдаж байгаа иргэдийг бүртгэхгүй байна гэж хэзээ ч байхгүй., БНТУ-аас хууль хяналтын байгууллагаас албадан гаргагдаж байгаа тохиолдолд тухайн байгууллагын буюу цагдаа нь албадан гаргагдаж байгаа иргэнийг биечлэн авч ирээд тухайн хүний биед байгаа баримт бичгээр бүртгүүлээд мэдээллийнх нь ард DEPU, DEPA гэх хоёр бүртгэлийн аль нэгийг хийгээд нислэгээр авч ирэх юм уу, аль эсвэл цагдаагийн харгалзаагүйгээр явуулдаг. Б.О БНТУ-аас манай нислэгт суухдаа цагдаагийн байгууллага албадан гаргагдаагүй байна. Манай бүртгэл дээр Б.С гэж хүн бүртгэгдсэн, харин Б.О гэх хүний бүртгэл байхгүй байна. Энэ хүн манай байгаа мэдээллээр Б.С гэх нэрээр албадан гаргагдаагүй, Б.С гэх хүний баримт бичгээр БНТУ-аас Монгол Улс руу аялахдаа баримт бичигтэйгээ байсан байна. Манай Туркиш Эйрланс компаний ажилчид зорчигчдыг онгоцонд суухын өмнө gate дээр баримт бичигтэй тулгаж суулгадаг, хэрэв баримт бичиггүй бол онгоцонд суулгахгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-68х/,
- гэрч Д.Ө-ын: “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирэх чиглэлд журмын манааны үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 11 цагийн үед ТК-342 дугаартай аялалын онгож ирж зорчигчид нь хилээр нэвтэрч эхэлсэн. Тэгтэл нэг зорчигч “би БНТУ-аас цагдаад баригдаад ирсэн, надад баримт бичиг байхгүй, Монгол улсад хил нэвтэрч ормоор байна” гэсэн. Тэгэхээр нь “буцах үнэмлэх, эсвэл цагдаагийн бичгээр ирж байгаа юм байна” гэж бодоод “та орох хуудас бөглөөд манааны ахлагч дээр очно уу” гэсэн. Тэгсэн Б.О нь албадан гаргагдсан гэдгийг нотлох ямар нэг баримт бичиг нотолгоо байхгүй, нисэх багийн бүрэлдэхүүнд ямар нэг баримт бичиг ирүүлээгүй байсан юм. Уг нь албадан гаргагдаж байгаа иргэдийг баримт бичгийг өөрт нь өгөлгүйгээр нисэх багийн бүрэлдэхүүнээр дамжиж ирдэг. Манай ахлах Б.Э “...энэ хүн БНТУ-аас албадан гаргагдсан гэж худлаа ярьж байна, хэрэв албадан гаргагдсан бол заавал цагдаагийн хуудас, буцах үнэмлэх байх ёстой” гэж хэлсэн байсан. Тэгээд уг иргэн 2 дугаар давхарын “00” өрөөнд нилээд удаан байсан болохоор нь сэжигтэй санагдаад бид нар “00” өрөөнд үзлэг хийж байж болох бүх зүйлийг нь үзсэн боловч юу ч гарч ирээгүй. Миний ажиллаж байгаа энэ хугацаанд хамгийн анхны удаа албадан гаргагдаж ирсэн хэрнээ ямар ч баримт бичиггүй ирсэн нь энэ явдал юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 75-76х/,
- шүүгдэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдлийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон.
Шүүгдэгч нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Истанбул Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаар аялалын онгоцоор Монгол Улсад ирж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа Олон улсны боомтоор “Монгол улсад нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр” Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Б.О-ийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Буянт-Ухаа Олон улсны боомтоор Монгол улсад орох эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Энэ хэргийн шүүгдэгч Б.О нь Монгол улсад нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсад нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 84х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүх, шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариулагын талаарх гаргасан санал, мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.О-ийг Монгол Улсад нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/ нэгж буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД