Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/82

 

Говьсүмбэр аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн даргаар Б.А,

улсын яллагч Э.Н,

хохирогч С.А,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дд холбогдох эрүүгийн 1817001420062 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Тугчин овогт Гын Д, 1971 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүмбэр Буянт ХХК-нд захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны .......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн ................ дугаартай,

 

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 08-78 ГСА улсын дугаартай автомашин дотор хамтран амьдрагч С.Атай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол уруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 08-78 ГСА улсын дугаартай автомашин дотор хамтран амьдрагч С.Атай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол уруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны үед үед өгсөн: “... Би 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хонхорын Дугуй дэлгүүрийн үүдэнд өөрийнхөө машинтай зогсож байсан чинь манай хамтран амьдрагч А араас ирж надаас хэрүүл өдөж Ду гэх хүнтэй хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Би Аг машиндаа суулгаад гэр лүүгээ явах замдаа над руу дайраад байхаар нь Агийн хамар луу нь гарынхаа ар хэсгээр нэг удаа цохьсон. Тэгэхэд түүний хамар нь хавдсан байсан. Би гэрийн гадаа очоод хамтран амьдрагч Аг буу гэж хэлээд машинаас буулгаж орхиод явсан. Үндсэндээ А бид хоёр 2017 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Гэхдээ би ирэн очин амьдарч байсан. Тухайн үед би Дуг гэр лүү нь хүргэж өгөх гээд ажлынх нь гадаа зогсож байсан юм. Ду бид хоёр найз нөхдийн холбоотой. Би Ад урьд өмнө нь гар хүрч зодож байгаагүй. Агийн биед учирсан гэмтлийг би түүнийг цохиж учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

 

Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 06 сарын 07-ны өдөр захаас гэр лүүгээ явахаар таксинд суусан. Уг такси эхлээд хонхор орно гэхээр нь би яараагүй тэг тэг гэсэн. Тэгээд Хонхорын 8 дугаар байрны тэр хавьд хүн буулгах үед манай нөхөр Д машинтайгаа тэр хавиар эргэлдээд байсан. Тэгээд би уг таксигаар гэртээ хүргүүлээд цүнх, нөүтбүүк хоёроо тавьчхаад, буцаад нөхөр Дыг тандахаар таксигаар хонхор орж 8 дугаар байрны гадуур эргэхэд байхгүй байхаар нь шинэ Дугуй дэлгүүрийн тэнд очиход манай машин байсан. Би таксинд төлбөрөө төлчхөөд буух гэтэл нөхөр Дтай явалдаад байгаа уг дэлгүүрийн худалдагч Ду гэх эмэгтэй дэлгүүрээсээ гарч ирээд манай машинаас дэвтэр, утасны цэнэглэгч аваад буцахаар нь би тэр хүүхэнд “Та хоёр бүр улаан цагаандаа гарчхаж, ичихгүй байна уу, зайлаач” гэхэд тэр хүүхэн дэлгүүр лүү орсон би өөрийнхөө машинд ороод суутал нөхөр Д “чи намайг тагнаад байгаа юм уу” гээд бид хоёр хэрэлдээд, тэндээс яваад Хонхорын байрны дундуур дэнж рүү гэр лүүгээ явах замд Д миний баруун нүд, хамар хавьд нүдний шилтэй байхад гараараа цохиход, миний нүд хөхөрч хамраас цус гарч хавдсан. Тэгээд Д намайг гэрт буулгаж орхичхоод машинтайгаа явчихсан. Би маргааш нь цагдаад өргөдөл гаргасан юм. Д ер нь сүүлийн хэдэн жил гэр орондоо ч амьдрахгүй хөдөө ферм байгуулсан нэртэй энд тэнд хүнтэй явалдаад байгаа. Би энэ Ду гэх хүүхнээс Дын утсанд ирсэн мессежийг уншиж энэ хоёрын талаар мэдэж авсан. Д олон хүүхэнтэй нэр холбогдож байгаа. Одоогоос бүр хэдэн жилийн өмнө /оныг нь мартсан/ мөн хүүхэнтэй явалдаж байхдаа намайг зодож байсан. Арван хэдэн жил хамт амьдарчхаад хүний нүд хамар луу цохиж гэмтээчхээд одоо хүртэл уучлал гуйхгүй үл тоогоод байгаа. Би Дд зодуулсандаа гомдолтой байна. Би Даас эмчилгээний зардалд нэхэмжлэх мөнгө байхгүй. Харин амьдрал босголцсон гэдгээрээ би Даас нэг зуун сая төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6-р тал/,

 

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д нь архи хааяа уудаг, архи уухаар зан байдал нь хэвийн ямар нэгэн элдэв агсам согтуу тавьдаг зан байдаггүй, сайхан ярьж сууж байгаад унтаад өгдөг. А архи дарс уудаггүй. Миний хажууд ууж байгаагүй. Дээрх хоёр хүн нь хамтран амьдраад 10 гаран жил болж байгаа. Хоёр талаасаа Д 2 хүүхэдтэй, А 3 хүүхэдтэй анх нийлж байсан, дундаасаа хүүхэдгүй нэг гэртээ амьдарч байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд би Аг хараагүй, энэ хоёр хүн хоорондоо таарамж муутай байдаг байсан. А надад. Дд зодуулсан цохиулсан гэж хэлж байгаагүй. А ер нь Дыг бусад эмэгтэй хүмүүстэй их.харддаг. Дын хувьд гэр бүлийн амьдралаас өөрөөр гадуур амьдрал хөөцөлдөөд явдаг хүн биш....” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

 

            Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д нь архи хааяа найз нөхдийн хооронд уудаг, архи уухаараа ямар нэгэн элдэв агсам согтуу тавьдаг муу зан байдаггүй. А эр нөхөртөө халамж муутай. А манай дүү Дыг янз бүрийн хүмүүстэй их харддаг. Д бизнес эрхэлдэг болохоороо найз нөхөд олонтой. Ажилч хичээнгүй хүн юм. Агийн хувьд хурц ааштай, дүрс гээд их уурладаг хүн байгаа юм. Манай дүү Д, А нар хамтран амьдраад 10 гаран жил болж байгаа. Хоёр талаасаа Д 2 хүүхэдтэй, А 3 хүүхэдтэй анх нийлж байсан, дундаасаа хүүхэдгүй нэг гэртээ амьдарч байсан. А надад Дд зодуулсан цохиулсан гэж хэлж байгаагүй. Миний хувьд Дын амьдрал ахуйд оролцоод байдаггүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

 

Гэрч Н.Ду мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 07-ны 22 цаг өнгөрч байхад би ажил дээрээ байж байсан чинь миний танил Д над руу утсаар яриад чи хаана байгаа юм бэ гэж асуухад нь би ажил дээрээ байна гэж хэлсэн чинь орой болсон байна гэрт чинь хүргээд  өгье одоо ажлын чинь гадаа очлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй 10 орчим минутын дараа Д миний утас руу залгаад гадаа чинь ирсэн байна гэж хэлэхээр нь би ажилтай байсан учир нэлээн удаж байгаад гараад ирсэн Д өөрийнхөө машинтай зогсож байхаар нь би очоод машиных нь жолоочийн эсрэг талын урд хаалгыг нь онгойлгоод гартаа барьж явсан бичиг баримтаа суудал дээр нь тавьсан чинь миний араас Дын эхнэр А гэх эмэгтэй гүйж ирээд ингээд л баригдлаа даа гэж хэлээд нөхрөө надтай хардаад хашгичаад байсан. Тэгэхээр нь би өдөржингөө ажил дээрээ байсан гэж хэлсэн чинь битгий худлаа яриад бай гээд хашгичаад байхаар нь би машины суудал дээр тавьсан байсан бичиг баримтаа аваад буцаад ажил руугаа орсон. Үүнээс хойш юу болсон гэдгийг нь би мэдэхгүй байна. Д надтай утсаар ганц нэг удаа л ярьж байсан. Байнга ярьж байгаагүй. Бид хоёр мессежээр харилцаад байдаггүй. Би Дтай 2017 оны 04 дүгээр сард ганц нэг удаа мессежээр мэнд мэдэлцэж харилцсан тохиолдол байдаг. Үүнээс өөрөөр мессежээр харилцаж байгаагүй. Д бид хоёрын дунд эр, эмийн харилцаа огт байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

 

Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Шивээговь сумаас Чойрт ирээд Атай уулзах санаатай утсаар ярьсан чинь А би гэртээ байна, гэрээс гарах янз алга манай гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь би Дын дэнжид байдаг гэрт нь очсон чинь Агийн нүд нь хөхрөөд хамар нь хавдсан байсан. Би тэгэхээр нь яасан юу болсон талаар нь асуусан чинь өчигдөр Д.нэг.хүүхэнтэй явж байхаар нь.би уурласан чинь Д намайг цохисон гэж хэлсэн: Үүнээс өөр цохиулсан зодуулсан байхыг нь хараагүй. Надад А Дд зодуулсан гэж мөн хэлж байгаагүй. А архи дарс уудаггүй, аашийг нь мэдэхгүй, хурц зантай юм шиг санагддаг. Дын хувьд зан байдлыг нь сайн мэдэхгүй. Их үг цөөтэй хүн шиг санагддаг. Энэ хоёр хүний хувийн амьдрал нь хоорондоо их хөндий  харилцаатай юм шиг харагддаг. Д, А нар энэ амьдралыг хамтдаа. босгосон. Хамтдаа, наймаа хийгээд хаа сайгүй явдаг байсан. Д 2 хүүхэдтэй, А 3 хүүхэдтэй хоёр талаасаа нийлж .байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 210 дугаартай

  • С.Агийн биед баруун нүдний зовхинд шинэ цус хуралт, баруун шуунд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрх баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин баруун шуунд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 13-р тал/ гэх дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Г.Д нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-р тал/-аар тогтоогдож байна. Хэрэгт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Д, хохирогч С.А нар нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхийн эдгээдүүд мөн байх тул Г.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 1817001420062 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжилсэн 100000000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй байна. Учир нь хэрэгт ач холбогдолтой, хуулийн шаардлага хангасан баримтыг хохирогч нь шүүхэд ирүүлээгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Г.Д нь хохирогчийн биед учирсан хамрын ясны хугарлыг эмчлүүлэх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба шүүх хуралдааны явцад хохирогчоос гаргаж өгсөн эмчийн тодорхойлолтыг нотлох баримтаар тооцох боломжгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт Гын Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Дд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжилсэн 100000000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.АРИУНЖАРГАЛ