Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/53

 

 

 

 

 

2025        11         05                                         2025/ДШМ/...

 

   Б.Тод холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч: Б.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/288  дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Гэрэлтуяагийн гаргасан эсэргүүцлээр Б.Тод холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Цагаан хуулар овогт Бын Т, 000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймгийн Б суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Б сумын 0 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар 000/.

Б.Т нь 2022 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Н” гэх газар өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх  2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/288 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2338000000438 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бын Тыг цагаатгаж, шүүгдэгч Б.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч П.Уын нэхэмжилсэн экологи-эдийн засагт учруулсан шууд хохирол 13,294,095 (арван гурван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга ерэн тав) төгрөг, хор уршиг 39,882,285 (гучин есөн сая найман зуун наян хоёр мянга хоёр зуун наян тав) төгрөг, эд хөрөнгө битүүмжлэхтэй холбоотой зардал 2,262,590 (хоёр сая хоёр зуун жаран хоёр мянга таван зуун ер) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт Хөвсгөл аймгийн Асумын Хатгал тосгоны нутаг дэвсгэрт Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаанд битүүмжлэгдсэн 12,9523 метр куб хэмжээтэй босоо нойтон шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоол, 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн 000 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн моторт хөрөө 1 ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 0000 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гэрэлтуяа эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “Төрийн захиргааны байгууллагын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтны мод бэлтгэх эрхийн бичиг олгох журам зөрчсөн, мэргэжлийн байгууллагын мэргэжил арга зүйн зөвлөгөө, сургалт явуулаагүй, урьдчилан сэргийлээгүй, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, эрх бүхий албан тушаалтан, ойн мэргэжлийн байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд ойг ашиглах дутагдалтай үйл ажиллагааны улмаас шүүгдэгч Б.Т нь ойн санд хохирол учруулсан зөрчил үйлдсэн гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь гэмт хэрэг нь “Эрүүгийн хуульд заасан, хүн, нийгэм, төрд аюултай, гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд эдгээр шинжүүдээрээ зөрчлөөс ялгаатай” бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тын үйлдлийг зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж дүгнэхдээ Зөрчлийн тухай хуульд заасан ямар зөрчил үйлдсэн болох талаар дурдаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжээс тухайн зөрчил юугаараа ялгагдаж байгааг дүгнэж чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинж нь “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдсан авсан” байхыг шаардана.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно” гэж заасан ба ямар ч тохиолдолд иргэнд босоо мод бэлтгэх буюу хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрх олгогдоогүй.

Мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Тын хэрэглээний зориулалтаар мод бэлтгэсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэх боломжгүй байна.

Үүнээс гадна цагаатгах тогтоолд “Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Т нь мод бэлтгэж байхдаа зохих журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны олгосон зөвшөөрлийн дагуу зохих төлбөр хураамж төлж мод бэлтгэж байна гэж ойлгосны үндсэн дээр өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, малчдын хашаа, саравч сэлбэх мод бэлтгэх ажлыг ойн мэргэжлийн байгууллага болох "Б Уул" ХХК тусгаарлуулсан талбайг хүлээлгэн өгөөгүй, хүлээн аваагүй, инженер, хөрөөчин ажиллуулаагүй, мод бэлтгэх цаг хугацаа давчуу зэрэг нөхцөл байдлын улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж хор уршиг учруулах хүсэл зориг байхгүй буюу гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэж дурджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заасан ба эрүүгийн эрх зүйн онолд гэм буруугүйгээр хор уршиг учруулах ойлголтыг “Хүний сэтгэхүйн харьцаанд гэмт хэргийн үйлийн оюун санааны шинж болох зориг эрмэлзэл байхгүй нөхцөлд гэм буруу үгүйсгэгдэж, эл гэм буруугийн хүрээнд үүссэн хор уршиг учруулсныг” ойлгодог.

Гэтэл хэрэгт авагдсан гэрч Б сумын ЗДТГ-ын даргын орлогч Х.Мийн “...Далайн захад байрлах 4 дүгээр багийн иргэдэд талбай тусгаарлалт явагдаж иргэдэд олгоно гэх талаар иргэд бүгд мэдэж байгаа. Багийн дарга болон иргэд нийтийн хурал дээр хэлж ярьсан. Мөн мод бэлтгэсэн 3 өрх бол маш сайн мэдэж байгаа өөрсдөө өргөдлөө өгсөн байсан учраас мөн талбай тусгаарлаж байхад иргэд бүгд очсон байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б сумын ЗДТГ-ын байгаль орчны мэргэжилтэн М.Бгийн “...хариуцсан байгаль хамгаалагч нь Б гэх хүн уг газар нутаг амьдардаг айл өрх бүрээр орж хууль бус мод бэлтгэлтийн талаар гарын авлага анхааруулга санамжийг тогтмол өгч ажилласан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б сумын байгаль хамгаалагч Н.Бийн “... Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр засаг даргын тамгын газарт 4 болон 6 дугаар багийн байгаль хамгаалагч гэх албан тушаалд томилогдож ажилдаа орсон цагаас хойш хариуцсан нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэж болохгүй талаар мэдээлэл гарын авлага өгч гарын үсэг зуруулж ажилласан....” гэх мэдүүлэг,

Гэрч Б Уул ХХК-ийн захирал Д.Бын “...Тухайн газар хууль бусаар мод бэлтгэсэн гэх иргэд манай Б уул, сумын ЗДТГ, багийн засаг дарга аль алинд нь мэдэгдээгүй мод огтлолт явуулсан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б сумын ЗДТГ-ын 2,3 дугаар баг хариуцсан байгаль хамгаалагч Т.Бийн “...Би хууль дүрэм журмын дагуу “Б Уул ХХК” ойн мэргэжлийн байгууллагын нэр дээр бичиж өгсөн. ...Олон иргэний нэр дээр гоожин бичигдэж байгаа учир хашилтан дотор тухайн хүмүүсийн нэрийг бичсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэсэн талаар дүгнэхгүйгээр шүүгдэгч Б.Тын үйлдлийг гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Б.Тод холбогдох хэргийг Д.Б, Ч.Г, Ч.Г, Б.Т нарт холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргээс прокурорын тогтоолоор тусгаарласан.

Шүүгдэгч Д.Бг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор “2022 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Н” гэх газраас өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 6,177 м3 шинэс төрлийн нойтон мод бэлтгэж, экологи эдийн засагт 6,340,400 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцож, хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.

Яллагдагч Ч.Гт холбогдох хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор “Сэжигтэн, яллагдагч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ч.Гг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2025/ШЦТ/139 шийтгэх тогтоолоор “2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Б сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Н” гэх газраас өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 16,7072 м3 хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж, экологи эдийн засагт 17,148,083 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Уг хэргийг Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 34 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Тод холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэл тогтоогдож байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/288 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Б.Т нь 2022 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Б сумын 4-р багийн нутаг дэвсгэр Н гэх газраас өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 12,9523м3 босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Экологи эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх “хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Т нь мод бэлтгэж байхдаа зохих журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны олгосон зөвшөөрлийн дагуу зохих төлбөр хураамж төлж мод бэлтгэж байна гэж ойлгосны үндсэн дээр өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, малчдын хашаа, саравч сэлбэх мод бэлтгэх ажлыг ойн мэргэжлийн байгууллага болох “Б Уул” ХХК тусгаарлуулсан талбайг хүлээлгэн өгөөгүй, хүлээн аваагүй, инженер, хөрөөчин ажиллуулаагүй, мод бэлтгэх цаг хугацаа давчуу зэрэг нөхцөл байдлын улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж хор уршиг учруулах хүсэл зориг байхгүй буюу гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.” гэж дүгнэн Б.Тын дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

4. Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр ойгоос бэлтгэснийг ойлгоно.

5. Мод бэлтгэх эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана.

6. Хэрэгт авагдсан Сери ХӨА дугаар 22-084598 дугаарын мод бэлтгэх эрхийн бичиг (олгох тасалбар) Мод бэлтгэгчийн нэр хэсэгт “Б Уул” ойн мэргэжлийн байгууллага, Б.Т 000 4-р баг, хэрэглээний мод 7 м3 төлбөр 249367 төгрөг, мод бэлтгэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 24-ний хүртэл 4 хоног, тээвэрлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийг хүртэл 4 хоног, мод бэлтгэх эрх олгосон Т.Б, мод бэлтгэх эрх авсан Т гэх гарын үсэгтэй /2-р хх-н 76-р тал/,

7. Баримт бичигт үзлэг хийсэн: “...Мод бэлтгэгчийн нэр хэсэгт Б уул ойн мэргэжлийн байгууллагын нэртэй, нэрний ар хэсэгт нь Б.Т гэх бичиглэлтэй, хэрэглээний мод 7 м3 төлбөр болох 249067 мөнгөн дүн бичигдсэн, мод бэлтгэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 24-ний хооронд, тээвэрлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд тээвэрлэхээр бичиж олгосон байв...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 103-104-р тал/,

Гэрч Н.Бын өгсөн: “...Б Уул Н гэх газарт хөрөөчин, инженер ажиллаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167-р тал/,

Гэрч Д.Бын өгсөн: “...Улсын тусгай хамгаалалттай “Н” гэх газарт тусгаарлуулсан талбайд манай Б уул ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй. ...Н гэх газарт тусгаарлуулсан талбайд манай байгууллагын инженер ажиллаагүй. ...Сумын байгаль орчны тасгаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан. ...нэгэнт цаг хугацаа шахсан учраас мод бэлтгэлийн ажлыг явуулахдаа хэрхэн зохион байгуулах талаар сумын засаг даргын тамгын газартай олон хувилбараар ярилцсан ба үүний дотор малчдаар өөрсдөөр нь мод бэлтгүүлэх талаар яригдсан. Гэвч ерөнхийдөө хуулийн дагуу хөрөөчин ажиллуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд бид хүрсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-175-р тал/,

Гэрч Н.Батчимэгийн “...Заасан газар болох Н гэх газраас авсан модоо дундуур нь хувааж 4 м урттай тайрахад 141 ширхэг мод болсон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 190-191-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 50-60-р тал/, мод тооллогын хүснэгт /1-р хх-ийн 61-67, 72-74-р хуудас/, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 195-197-р тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 228-р тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн А.Дийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13,294,095 төгрөгийн шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 39,882,285 төгрөг” гэх дүгнэлт /3-р хх-ийн 157-р тал/, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас хуулбарлан ирүүлсэн “Б”, “Ж”, “Х” гэх газруудад ажилласан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн илтгэх хуудас, бусад баримт бичиг /3-р хх-ийн 140-150-р тал/, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 152-153-р тал/,  зэргийг харьцуулан шинжлэн судлахад цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.

8. Түүнчлэн прокурорын зөвшөөрлийн дагуу Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хуулбарлан ирүүлсэн “Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай “Иргэн Б.Тын модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 12,9523 м3 хэрэглээний нойтон шинэс мод байв. Б.Тын бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 13,294,095 төгрөг. Б сумын Н гэх газар нь Хамгаалалтын бүсийн ой-байгалийн цогцолбор газарт хамаарагдана” гэх дүгнэлтээс үзэхэд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна /3-р хх-н 136-139-р тал/.

9. Шүүх цагаатгах тогтоолдоо “...мод бэлтгэх эрхийн бичиг олгох журам зөрчсөн, мэргэжлийн байгууллагын мэргэжил арга зүйн зөвлөгөө, сургалт явуулаагүй, урьдчилан сэргийлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эрх бүхий албан тушаалтан, ойн мэргэжлийн байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд ойг ашиглах дутагдалтай үйл ажиллагааны улмаас шүүгдэгч Б.Т нь ойн санд хохирол учруулсан зөрчил үйлдсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь Ойн тухай хууль зөрчих явдал байх ба дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Үүнд.1/ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, ...бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн, 2/ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж тус тус үзэхээр заасан байдаг ба Ойн тухай хууль зөрчих нь /Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйл/-тэй объектив талын шинж болох үйлдлээрээ ижил боловч халдлагын зүйлээр ялгаатай байдаг.

Тухайлбал, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн халдлагын зүйл нь ой мод, мод, модон материал байдаг болон Улсын тусгай хэрэгцээний газрын ойд ойн аж ахуйн арга хэмжээ явуулах журмын 1.7-д “тусгай хэрэгцээний газрын ойд мод бэлтгэх... эрхийн бичиг... ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх талаар гэрээ байгуулах... холбогдох журмын дагуу гүйцэтгэнэ” гэж, мөн журмын 1.9-д “улсын тусгай хэрэгцээний газрын ойд явуулах ойн аж ахуйн арга хэмжээг ойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшсэн ойн нөхөрлөл... мөрдөж ажиллана” гэж зааснаас үзвэл иргэн хүн тусгай хэрэгцээний газрын ойд босоо мод унгахыг хориглосон, ойн нөхөрлөл нь зохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж байгаа тохиолдолд Ойн газрын даргын 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/10 дугаар бүхий тушаалаар баталсан Мод бэлтгэх зааврын 4.1.1-д “хөрөөчин нь сургалтад хамрагдсан мэргэжлийн үнэмлэхтэй байх”, 4.1.2-т “хөрөөчин хамгаалалтын малгай... хамгааллын хэрэгслээр хангагдсан байх” гэж зааснаас дүгнэвэл тухайн ойн бүсэд босоо мод унагахад заавал мэргэжлийн хөрөөчин ажиллуулахаар заажээ.  

10. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлт оруулах боломжгүй тул “...Б.Тод холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгасан...” гэх агуулгаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин прокурорын “...шүүгдэгч Д.Бг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор, яллагдагч Ч.Гт холбогдох хэргийг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор “Сэжигтэн, яллагдагч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ч.Гг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2025/ШЦТ/139 шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн...” гэх эсэргүүцэлд дурдсан үндэслэл нь энэ хэрэгт хамааралгүй ба түүнтэй холбоотой талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.  

11. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн №2024/ШЗ/764 дугаар бүхий шүүгчийн захирамжаар “Хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэсэн атал тухайн 2338000000438 дугаартай хэргийг прокурорын газарт 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн буюу 4 сар 8 хоногийн дараа шилжүүлсэн алдааг дахин гаргахгүй байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,  39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/288 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРХҮҮ                                                       

                       ШҮҮГЧИД                                     Б.СОСОРБАРАМ

                                                                                       Л.ЭРДЭНЭБАТ