| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/07423/И |
| Дугаар | 192/ШШ2026/01526 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2026/01526
2026 02 03 192/ШШ2026/01526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *************-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: **************** холбогдох,
16 600 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 16 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: … Тусгай зөвшөөрлийн хүрээнд иргэн Д.****тай 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 24-154 дугаартай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан байдаг. Тухайн гэрээгээр зуучлуулагчийн өмчлөлийн хөрөнгө болох ****** дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, их тойруу гудамжны 18/1 тоот хаягт байрлалтай 396 м.кв үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт *****1 гэсэн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд түрээслүүлэх зорилгоор зуучлалын гэрээ байгуулсан байдаг. Зуучлуулагчийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгөө 1 м.кв нь 55,000 төгрөг буюу 396м2 талбайг 19,800,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож байсан. Гэхдээ түрээсийн төлбөрийг сарын 20 сая төгрөгөөр түрээсэлж өгөөч ээ гэдэг агуулга дурдсан байдаг. Зуучлуулагч Д.****тай харилцан тохиролцож түрээсийн төлбөрийг 88 хувиар тохиролцсон. 6 хүртэлх сард түрээсэлсэн ч бай, 6 ба түүнээс дээш сараар түрээслэгдсэн ч бай 88 хувь буюу хуримтлалтай үнийн дүн буюу 20 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, 17,600,000 төгрөгөөр ажлын хөлсөө тохиролцсон. Тухайн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг манай компанийн агент болох н.****** гэх агент гэрээ байгуулсан байдаг. Компанийн зүгээс н.******д зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах эрхийг 2024 оны 4 сарын 11-ний өдөр итгэмжлэлээр олгосон. Тухайн итгэмжлэлийн үндсэн дээр Д.****тай тухайн гэрээг байгуулсан байдаг. Компанийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдээр түрээслүүлэхээр түрээслэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг үнэгүй.мн, фейсбүүк групп болон пэйж хуудаснуудад зар мэдээг, тухайн хөрөнгийг байршуулж мэдээллийг нь тавьж ажиллаж байсан. Зар мэдээллийн дагуу иргэн, хуулийн этгээд утсаар холбогдож, агентаас мэдээлэл авах, очиж уулзах гэх мэт зуучлалын ажиллагааг хийж гүйцэтгэж байсан. Энэ ажлын хүрээнд иргэн **** холбогдож удаа дараа уулзаж тухайн үл хөдлөх хөрөнгө дээр очиж байршил, тухайн байрны тохижилтыг харж, үзэж явж байсан. **** нь хүнсний худалдаа буюу Оросын холбооны улсаас импортлон оруулж ирдэг **** худалдааны төвийн менежерийн албан тушаал хашдаг. Менежерийн эрх хэмжээний хүрээнд дэлгүүрийн дотоод үйл ажиллагаа, дэлгүүрийн үйл ажиллагаатай холбогдолтой зүйлийг хариуцдаг албан тушаалтан байсан. Ингээд **** гэх иргэнийг Д.****тай 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр биечлэн уулзуулж, тухайн объект дээр дагуулж очиж байршил зүйг нь үзэж, ийм уулзалтыг удаа дараа хийж гүйцэтгэж байсан. **** бол манайх **** худалдааны төвийн үйл ажиллагааг явуулдаг. Одоо бид ****** дүүрэгт салбараа нээх хүсэл сонирхол байгаа юм. Танай байршил төв зам дагуу байна гэж байгаа юм. Тухайн объект өөрөө ****** дүүрэг буюу бид бүхний мэддэгээр нисдэг машины замын эсрэг талд байрлах Баян богд плаза гэсэн нэртэй барилга байгууламжийн нэг давхарт байрладаг. Ингээд **** бол Д.****тай удаа дараа уулзаж байсан. Д.****гийн тухайн объектыг хариуцдаг захирал гэх хүнтэй ****г холбогдуулж уулзуулж байсан. **** худалдааны төвийн захирал гэж яриад байдаг Оросын холбооны улсын иргэншилтэй, монгол хэлийг мэддэг ийм хүнийг тухайн захиралтай нь уулзуулж байсан нөхцөл байдлууд байдаг. **** худалдааны төвөө төлөөлөөд тухайн объектыг түрээслэх сонирхолтойгоор илэрхийлж, талуудын хооронд 1 м.кв нь 50500 төгрөг буюу 396 м.кв талбайг 1 сарын 20 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Тухайн ажлын түрээсийн төлбөрт менежментийн зардал, цахилгааны зардал гэх мэт урсгал зардлуудын шингэх байдлаар тохиролцож, тухайн үйлчилгээний талбайн бодит байдлыг хүлээж авч байсан байдаг. Хүлээж авах ажиллагаа нь 2024 оны 8 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд хийгдэж байсан. Ингээд **** хүнсний дэлгүүр 2024 оны 8 дугаар сарын 11-12-ны өдөр хүлээж аваад тохижилтын үйл ажиллагаа хийсэн байдаг. Хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулах зориулалтаар талбайгаа лангуу тавих, хөргүүр тавих, хөргөгч тавих, цахилгааны монтажнуудыг шинэчилж байрлуулах, камержуулах гэх мэт ажлыг хийж гүйцэтгээд 2024 оны 9 дүгээр сарын дундуур салбарын үйл ажиллагааг нээж, олон нийтэд нээлттэй байдлаар нээлтийн үйл ажиллагааг хийж байсан. Д.****гийн зүгээс бид бүхэн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажлын хөлс төлбөр болох 17,600,000 төгрөг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч Д.****гийн зүгээс тухайн хөрөнгө өмнө нь Д.****гийн талийгаач нөхөр буюу н.****** гэдэг хүний нэр дээр 2010 онд бүртгэгдэж байсан. н.****** гэдэг иргэн нь 2023 оны 4 сарын 3-ны өдөр өвчний шалтгаанаар нас бараад, өвлөх эрхийн гэрчилгээ 1 жилийн дараа нээгддэг учраас 2024 оны 4 сарын 3-ны өдөр өв нээлгүүлэх хүсэлтээ өгөөд, нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээгээ нээлгүүлээд, улсын бүртгэлийн байгууллагад явж байх энэ процесс нь 7,8 сард тухайн гэрчилгээ гарсан. Энэ нөхцөл байдлыг нуун дарагдуулах байдлаар манай байгууллагад худлаа ярьдаг байсан. Бид нарын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй байна. Төлбөр мөнгө нь одоогоор орж ирсэн зүйл алга. Тохижилт хийгдэж явж байгаа юм гэдэг зүйлийг ярьж бид бүхэнд төлбөр төлөх хугацааг хойшлуулаад ирж байсан. Ингээд **** гэдэг хүнтэй манай компанийн удирдлагын зүгээс болон хуульч миний зүгээс удаа дараа холбогдож байсан. Г.****** ч гэсэн өөрөө холбогдож ярьдаг байсан. ****гийн зүгээс бид бүхэн түрээсийн гэрээгээ хийчихсэн байгаа. Түрээсийн гэрээгээ бид бүхэн ямар нэгэн байдлаар нотариат дээр гэрээнийхээ үнэн зөвийг баталгаажуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, бичгийн гэрээгээ манай гэрээний драфтаар боловсруулагдаад хийгдсэн. Төлбөр мөнгө төлөгдчихсөн байгаа. Бид бүхэн өөрөө Д.**** гэдэг хүнтэй холбогдож шаардъя. Танайх холбож өгч бид бүхнийг оруулж өгсөнд нааштай байгаагаа илэрхийлж, талархлаа илэрхийлээд Д.**** гэдэг хүнтэй **** нь холбогдож учир явдлыг хэлсэн. Ингээд ****д Д.****гийн зүгээс 2 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлээд, ****гийн зүгээс манай агентад 2024 оны 10 сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийг нь шилжүүлсэн байдаг. ****гийн зүгээс яагаад 1 сая төгрөгийг нь авч үлдсэн бэ гэхээр “бид бүхэн холбож өгсөн. Миний хувьд ч гэсэн мөнгийг чинь бүтээж өгөхийн тулд энэ хүнтэй ойлголцохгүй байна. Учир явдлыг тайлбарлаад хэлчихсэн. Та бүгд уян хатан хандаарай. Хугацааг нь жоохон хойшлуулаад өгөөч ээ. Энд нь би тусалж байгаа юм чинь 1 сая төгрөгийг нь өөрөө аваад үлдчихье” гэдэг агуулгаар манай агенттай холбогдож авч үлдсэн байдаг юм байна лээ. Гэхдээ тухайн төлбөр мөнгийг **** гэдэг иргэнд шилжүүлэхдээ 2 сая төгрөгийг, манайх руу **** 1 сая төгрөг шилжүүлсэн байгаа мөртөө бид бүхэн үлдэгдэл 16,600,000 төгрөгийг Д.**** гэх зуучлуулагчаас авах гэрээний үүрэгтэй юм гэдэг агуулгаар тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Иймд хариуцагчаас зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 16,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байр суурьтай байна..гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... ****** нь 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 2024.154 дугаар бүхий зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж миний өмчлөл болох ****** дүүргийн 5-р хороо, 6 дугаар хороолол их тойруу, 18/1 тоот хаягт байрлах үйлчилгээний талбайг түрээслүүлэх зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлсэн гэжээ. Миний бие тэрхүү байрыг түрээслүүлэх талаар зарыг олон нийтийн хэрэгсэлд мэдээллийг тавьсан бөгөөд улмаар тус агентаас гэж хүн холбогдож гэрээ хийж зуучлалын үйлчилгээ хийж өгөх талаар дурдсан. Гэвч хуульд заасан гэрээ байгуулаагүй, зуучлалын үйлчилгээ үзүүлээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлд дурдсан 17.600.000 / арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэггүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэжээ.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
2020.06.02-ны өдрийн 000205469 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3-4 дүгээр тал/
2021 оны 01 сарын 13-ны өдрийн ТЗ 601/171 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/
2024.04.01-ны өдрийн Г.******д олгосон итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/
2024.07.29-ны өдрийн 2024.154 дугаар зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хэргийн 7-8 дугаар тал/
2025.05.28-ны өдрийн №5/30 дугаар**** олгосон итгэмжлэл /хэргийн 30 дугаар тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 24 дүгээр тал/
2025.05.06-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 27-28 дугаар тал/
2025.05.28-ны өдрийн 0900 дугаар ***** олгосон итгэмжлэл /хэргийн 36 дугаар тал/ зэрэг баримтууд,
6.Шүүхээс бүрдүүлсэн
Г.******гаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 55-58 дугаар тал/ шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...16 600 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...зуучлалын гэрээний хөлс төлөх үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...хуульд заасан гэрээ байгуулаагүй, зуучлалын үйлчилгээ үзүүлээгүй гэж үзэж байгаа тул 17 600 000 төгрөгийг төлөх үүрэггүй... гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2024 оны 07 сарын 29-ний өдөр дугаар 2024-154 тоот Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж, зуучлуулагч буюу хариуцагч Д.****гийн өмчлөлийн, *****1 дугаарт бүртгэлтэй, ****** дүүрэг, 5 хороо, 6 хороолол, Их тойруу 18/1 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зуучлагч буюу нэхэмжлэгч ***** зуучлуулагчаас олгосн бүрэн эрхийн хүрээнд түүнтэй хэлбэл хийх этгээдтэй холбож өгөх буюу үл хөдөлх хөрөнгийг түрээслүүлэх зорилготой, зуучлагч зуучлалын хөлс 17 600 000 төгрөгийг зуучлуулагчаас авахаар харилцан тохирчээ.
Бичгээр байгуулагдсан гэрээний эхний нүүрний хэсэг ...Нэг талаас ...***** овогтой **** /зуучлуулагч/..., нөгөө талаас *****-ийг /зуучлагч/ түүнийг төлөөлж /агент/ Гантулга овогтой ****** нар Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасныг үндэслэн үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх зорилготойгоор дараах гэрээг байгуулав..., зуучлуулагч, зуучлагч гээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хэргийн 7-8 дугаар тал/
5. Дээрх баримтаар хариуцагчийн ...хуульд заасан гэрээ байгуулаагүй... гэх тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.
6. Иймд зохигчид хүсэл зоригийн илэрхийлэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан Зуучлалын гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасны дагуу зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.
8. Хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч зуучлуулагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэх талаар цахим сайтуудад зар байршуулсны үндсэн дээр тухайн үйлчилгээний зориулалттай хөрөнгийг “****” гэх нэр бүхий сүлжээ дэлгүүрийн төлөөлөгч А.***** гэх хүнтэй холбож өгсний үндсэн дээр зуучлуулагч тухайн этгээдтэй түрээсийн гэрээ байгуулсан, одоог хүртэл түрээслэж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Г.******гийн ...зуучлуулагчийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн зарыг үнэгүй.мн, фэйсбүүк группүүдэд нийтэлсэн, ...**** гэдэг сүлжээ компанийн салбар түрээслэж орсон, салбар хариуцсан менежер А.***** гэж хүн байгаа түүнтэй холбож өгсөн юм... гэх мэдүүлэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 55-58 дугаар тал/
9. Дээрхээс зуучлагч буюу нэхэмжлэгчийг “зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх” гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
10. Харин хариуцагч зуучлалын хөлс төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Мөн хариуцагч талуудын хооронд бичгээр байгуулагдсан Зээчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрч Г.******гийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг баримтаар үгүйсгэж няцаагаагүй болно.
11. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зуучлалын гэрээний хөлс 16 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 240 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
13. Нэхэмжлэгч ...түрээслээд орсон хүнтэйгээ холбогдоход “ярьж үзье” гэж хэлж байсан. Түрээслэсэн хүнээс 1000 000 төгрөг ирсэн... гэх гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1000 000 төгрөгөөр багасгасныг тайлбарлах нь зүйтэй.
14. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй шүүхэд ямар нэг хүсэлт баримт гаргаагүй учир хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх ба нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэүүлэх хүсэлт гаргасныг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаарт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч Д.****гаас зуучлалын хөлс 16 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 240 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ