| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2334000000361 |
| Дугаар | 2025/ДШМ/75 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/75
2025 11 14 2025/ДШМ/75
Н.Ч холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Лувсанцэрэн,
Шүүгдэгч Н.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/427 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Ч холбогдох эрүүгийн 2334000000361 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Н.Ч, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт ..................... тоотод оршин суух хаягтай, урьд нь:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар 5 жилийн хорих ялаар,
...................... шүүхийн .................... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, өмнөх .......................... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 08 cap 11 хоногийг нэмж нэгтгээд биечлэн эдлэх ялыг 4 жил 08 cap 11 хоногоор тогтоож шийдвэрлэсэн, регистрийн дугаар ..............
2. Шүүгдэгч Н.Ч нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Бөхөг гол гэх газраас 2023 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө иргэн Д.М-н эзэмшлийн 6 тооны үхэр буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь хулгайлж 21,135,300 төгрөгийн хохирол,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Тахилтын энгэр гэх газраас хохирогч М.А-ын өмчлөх эрхэд халдаж 1 тооны адууг хулгайлж 1,300,000 төгрөгийн, Т.Б-ын 3 тооны адууг хулгайлж 3,900,000 төгрөгийн, Д.М-ын 1 тооны адууг хулгайлж 1,300,000 төгрөгийн, нийт 5 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж хохирогч нарт нийт 6,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас Н.Ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ...................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар "үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ..............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ...............ийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд цагдан хоригдсон нийт 287 /хоёр зуун наян долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ..............т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх буюу ................. шүүхийн ................. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 7 /долоо/ cap 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 7 /долоо/ cap 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ..............т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жил 7 /долоо/ cap 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн 2434000600343 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Ч нь 287 /хоёр зуун наян долоо/ хоног цагдан хоригдсонг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Чоос нийт 27,635,300 /хорин долоон сая зургаан зуун гучин таван мянга гурван зуу/ төгрөг гаргуулж, 21,135,300 /хорин нэгэн сая нэг зуун гучин таван мянга гурван зуу/ төгрөгийг хохирогч Д.Б-д, 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч М.А-т, 3,900,000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Т.Б-т, 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Д.М-т тус тус олгож шийдвэрлэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Чийг хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т заасанчлан ... нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлаар тогтоох үүрэгтэй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан... яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хэргийн бодит байдлыг тогтоох тухай хуульчилсан байхад үүнийг тогтоолгүй шүүхэд шилжүүлсэн хэргийг хүлээн авч шийдэхдээ хуулийг дутуу хэрэглэж шийдвэрлэсэн байсан.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг хийгээгүй гэх үндэслэл бүхий эргэлзээтэй, хэргийн үйл баримтыг тогтоож буй хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд шүүхийн шийдвэр гаргахад хангалттай бус, хэргийн бодит байдалд нийцэхгүй, хүрэлцээгүй байхад гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Үндэслэл бүхий эргэлзээ гэж хэргийн үйл баримтыг тогтоож буй хавтаст хэрэгт цугларсан баримт нь шүүхийн шийдвэр гарахад хангалттай бус, тодорхойгүй зөрүүтэй нөхцөл байдал үүссэн, энэ нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байхыг ойлгоно.
Анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэлж, дүгнэлт хийхдээ хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхээс захирамж гаргаж нотлох баримтын зөрүүтэй байдлыг арилгуулахаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлж байсан. Шүүхээс тогтоосон хугацаанд ажиллагаанууд хийгдсэн мөн нэмэлт ажиллагаа хийх хугацааг 2 удаа сунгаж байсан хэдий ч нотлох баримтуудаар Н.Чийг үйлдсэн гэх нэмэлт баримт хэрэгт хавсрагдаагүй болно.
1 дүгээр хавтаст хэргийн 17,18,19 дугаар хуудсанд авагдсан хохирогч гэх А-ын гаргаж өгсөн адууны фото зургийг 127 дугаар хуудаст байгаа адууны зурагтай харьцуулсан мэдүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр А-аас авахдаа ... мал эмнэлгийн гэрчилгээний зургийг харсан уу? харсан бол уг зураг дээрх адуунаас таны хулгайд алдсан гэх адуу байна уу? гэж асуухад “Тийм ээ би уг зургийн харсан, тухайн зургууд дээрх адуунаас гурав дахь ... хонгорын цаад талд байгаа бор морь, борын цаана байгаа зээрд морь миний хулгайд алдсан морь мөн байна гэж мэдүүлсэн байна.
Уг 127 дугаар хуудасны фото зураг нь өвлийн улиралд цастай байхад авсан зураг бөгөөд А нь зуны улиралд буюу 6 дугаар сард морио хулгайд алдсан байдаг. Зөвхөн энэ баримтаас харахад хэргийг бодит байдалд нийцүүлэн эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй нь харагдана. А нь морио алдсан цаг хугацаагаа худал хэлсэн үү эсвэл Ч адуунд байнга байдаг байсан уу гэдэг эргэлзээтэй нөхцөл байдлыг шалгаагүй орхигдуулсан.
Улсын дээд шүүхийн 24 дугаар тогтоолоор баталсан албан ёсны тайлбараас үзэхэд нотолгооны баримт нэг ч зөрүүгүй байх, хүрэлцээт байдлыг хангасан байхыг шаардсан байна.
Н.Ч нь буруутгагдаад байгаа 5 адуу, 6 үхрийг өөрөө тодорхой үйлдэл хийж авчирсан гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Хохирогч гэх Баярмаа нь 6 үхэрээ 2023 оны 5 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө алга болсон гэж тайлбарладаг.
Учрал гэх ченжид 2023 5 27-д 2 үхрийн мах өгөхдөө Хүрэлсүхийн гарал үүсэлтэй мах өгсөн байдаг үүнийг гэрч Учрал гарал үүслийн бичигтэй байсан гэж нотлодог. Мөн дансны хуулгаар Хүрэлсүхэд мөнгө шилжүүлсэн нь тогтоогддог. Б гэх дэлгүүрийн эзэнд 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 2 үхрийн мах өгсөн бөгөөд энэ нь Ц малын эмчээс гарал үүслийн гэрчилгээ авсан нь түүний мэдүүлгээр нотлогддог.
Хэрэг шалгах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих зүйлүүдийг нотлогдоогүй, 16.3 дугаар зүйлийн 3-т заасан эх сурвалжаа зааж чадаагүй хохирогчийн нотлох баримтыг үндэслэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Шүүгдэгчид ашигтай нотлох баримт болох ......... нараас гэрчийн мэдүүлэг аваад өгөөч гэсэн хүсэлтүүдийг шийдвэрлэсэн эсхүл татгалзсан талаар хариу өгөөгүй. Хүрэлсүх гэгч нь өөрийн гарал үүслийн бичгээр 2 үхэр заруулж мөнгийг шилжүүлэн авсан байдаг нь хэрэгт авагдсан дансны хуулгаар харагддаг.
Нотлох баримтыг үнэлэх шүүхийн эрх хэмжээний хүрээнд дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан оюуны дүгнэлтийг аль ч нотлох баримтыг үнэлэх нь миний эрх гэсэн хандлагатай хандаж байгаань хуулийг буруу хэрэглэх үндэслэл болж байна. Н.Чийг гэмт хэрэг хийсэн гэх эд мөрийн баримт хэрэгт байхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол илт хууль зүйн үндэслэлгүй, хуулийг дутуу хэрэглэж шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасанчлан яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж Н.Ч холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар хойшлуулахад уг хугацаанд 4 бойчид олдохгүй байна гэж дахин 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дахин шүүхээс 40 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд надаас болон гэрч нараас нэмэлт мэдүүлэг аваагүй.
2023 оны 6 дугаар сарын 04-нд би өөрийн 5 адуугаа зарах гэж бойчидоор 15-16 цагийн хооронд хөдөө гэрийнхээ гадна 4 бойчиноор хийлгэсэн.
Гэрч бойчин С нь мөрдөн байцаалтан шатанд мэдүүлэхдээ “хөдөө Н.Чийнд очиход өөртэй нь нийлээд 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан гэдэг. Мөн цэнхэр өнгийн Портер дээр 3 адуу ачаатай байсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ талаар манай эхнэр С.Мөнгөнзагасаас ямар тамгаттай ямар, ямар морь байсан талаар асууж тодруулж мэдүүлэг аваагүй. Мөн гэрч 4 бойчид бой хийсэн 5 адуун ямар тамгатай, ямар зүсмийн мрь байсныг сайн мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байдаг.
Таван адууны махыг авсан ченж Б Э гэдэг хүн байсан гэж мэдүүлэг өгдөг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд Э-ээс 5 адууны талаар нэмэлт мэдүүлэг аваагүй. Миний зарсан 5 адууны зүс тамга нь цагаан бор морь нь давхар саран дэвсгэртэй нар, цавьдар халзан морь нь давхар саран дэвсгэртэй нар тамгатай, хул цоохор үрээ нь давхар саран дэвсгэртэй нар тамгатай, хонгор болон хээр үрээ нь хос бугуйвчин тамгатай байсан. Давхар саран дэвсгэртэй 3 адууг 2023 оны 6 дугаар сарын 04-нд өвөө Г.З гэдэг айлаас ачиж ирж зарсан байдаг. Өвөө Г.З гэдэг хүний тамгатай ба би давхар адуугаа тамгалдаг. Энэ талаар мэдүүлэг аваагүй, мөрдөн байцаалт хийгээгүй.
Хос бугуйвчин тамга нь аав Наранбаатар гэдэг хүний адуу сүрэг тамгалдаг тамга. Миний өмчийн адуу айм тамгатай адуу мал зарж борлуулсан байдаг. Ингэж миний эрх зүйн байдлыг дордуулж бусдын хулгайд малаа алдсан хүний адууг намайг авсан гэж шууд тулгаж ялласанд гомдолтой байна. Үүнийг нэмэлт мөрдөн байцаалтад шалгуулж өгнө үү.
Мөн 2023 оны 5 дугаар сарын 29-нд З гэдэг айлын үхэрт байсан үхрээсээ 2 үхэр зарсан. Зөв талын чихэндээ сам эмтэй улаан сарман гунж, мөн адил эмтэй улаан тардан шүдлэн 2 үхрийг хийж махны бичиг Г.Цгээс 2 махны бичиг авч Улаанбаатарт Б.Б гэдэг хүний дэлгүүрт аваачиж өгсөн. Гэрчээр Б.Б “туранхай 2 үхрийн мах байсан, хэллэхэд эхнэр нь бууж хил харчхаад эргээд машиндаа суусан” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Би өөрийн үхрээ зарсан байхад намайг бусдын хулгайд алдсан 6 үхрийг авсан гэж ялласанд гомдолтой байна.
Мөн миний найз Хүрэлсүх нь 2 үхрийн мах зараад мөнгөө гаргаад ав гэсэн. 2023 оны 5 дугаар сарын 27-ны өглөө Хүрэлсүхийн гарал үүсэлтэй 2 үхрийн махыг Хүчит шонхор зах дээр зарсан. Миний өөрийн хэрэглэж байсан данснаас Хүрэлсүхийн данс руу 2 үхрийн махны мөнгө гэж 2,500,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Ийм байхад Хүрэлсүхээс гэрчийн мэдүүлэг аваагүй, шууд тулгаж бусдын хулгайд алдсан 5 адуу, 6 үхрийг авсан байна гэж эрх зүйн байдлыг маань дордуулж хийгээгүй хэрэгт яллаж байгаад гомдолтой байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна...” гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Лувсанцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гаргасан гомдол нь яллаж байгаа энэ гэмт хэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэсэн агуулгатай гэж ойлголоо. Анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг шинжлэн судалсан. Шүүгдэгч Н.Ч нь бусдын 6 тооны үхэр болон 5 тооны адууг хулгайлсан. Адууг хулгайлсан үйл хэрэгтэй холбоотойгоор тухайн адууг бойлсон таван хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авсны дараа хохирогч өөрөө алдагдсан адууныхаа зургийг өгч таньж олох хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Улмаар гэрч нарын мэдүүлгээр бойлсон адуу хохирогчийн адуу мөн болох нь тогтоогдсон. Мөн уг малын махыг худалдан авсан гэрч нараас мэдүүлэг авсан. Эдгээр нотлох баримтууд нь хохирогчийн мэдүүлгийг давхар нотолж байгаа учраас эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан байна.
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл шүүгдэгч Н.Ч нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Бөхөг гол гэх газраас 2023 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө иргэн Д.М-н эзэмшлийн 6 тооны үхэр буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь хулгайлж 21,135,300 төгрөгийн хохирол,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Тахилтын энгэр гэх газраас хохирогч М.Аын өмчлөх эрхэд халдаж 1 тооны адууг хулгайлж 1,300,000 төгрөгийн, Т.Б-ын 3 тооны адууг хулгайлж 3,900,000 төгрөгийн, Д.М-ын 1 тооны адууг хулгайлж 1,300,000 төгрөгийн, нийт 5 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж хохирогч нарт нийт 6,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Аын: "...Би 2023 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө зөв талын гуяндаа өлзийтэй хас тамгатай 13 настай хээр халзан морь, мөн зөв талын гуяндаа өлзийтэй хас тамгатай 15 настай бор морь, зөв талын гуяндаа 9 настай хонгор буурал морь, зөв талын гуяндаа дугуй хүрээтэй чойндон тамгатай 9 настай зээрд халзан морь, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй “П” үсгэн тамгатай 14 настай хүрэн халзан морь зэрэг 5 тооны дан бүдүүн морьд алдсан." /1хх-н 28-29/ гэх,
Хохирогч Д.М-н: "...2023 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 21 тооны үхрээ гэрийнхээ гадна хураасан боловч өглөө сэрэхэд үхэр байхгүй байсан, тэгэхээр нь манай нөхөр мотоцикльтойгоо үхэртээ яваад идээшилж хонодог байсан газар нь очиход тугалах дөхсөн байсан 2 хөгшин үнээ нь үлдсэн бусад нь байхгүй байсан болохоор Сэргэлэн, Баянцагаан, Баян-өнжүүл, Алтанбулаг сумын нутгаар хайсны эцэст 29-ний өдөр Сэргэлэн сумын нутаг Юмтын ам гэх газраас 13 тооны үхрээ олсон. Эрээн хүрэн зүсмийн бүдүүн гуна, улаан халзан хязаалан гуна, улаан халзан үнээ, хар халзан үнээ, хар сарман үнээ, хар халзан гунж зэрэг 6 тооны үхэр байхгүй байсан. Эдгээр зургаан үнээнээс хар халзан гунжнаас нь бусад нь бүгдээрээ зөв талын чих нь цуулбар, буруу талын чих нь догол эмтэй байсан..." /1хх-н 185-186/ гэх,
Хохирогч Т.Б-ын: "...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэр гэх газар байдаг М.А гэдэг залууд адуугаа маллуулж байсан юм. Тэгсэн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Аын адуунаас 5 морь алдагдсан байсан, тэр дунд
миний эзэмшлийн хас тамгатай бор морь, хас тамгатай хээр халзан морь, сартай “П” үсгэн тамгатай хүрэн халзан морь хамт алга болсон байсан..." /1хх-н 235-236/ гэх,
Хохирогч Д.М-ын: "...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэр гэх газар байдаг А гэдэг залууд хэдэн адуу маллуулж уяуулах гэж байсан юм. Тэгсэн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Аын адуунаас 5 морь алдагдсан байсан, тэр дунд миний өөрийн эзэмшлийн дугуй хүрээтэй чойндон тамгатай зээрд халзан морь хамт алга болсон. Тухайн морь миний морь бөгөөд миний өөрийн адуу Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг дээр тоологдож байсан, тэр дунд тоонд орж байсан байх, сайн санахгүй байна..." /2хх-н 237-238/ гэх,
Гэрч Г.Цгийн: "...Ч нь надаас гарал үүслийн гэрчилгээ байнга авдаг байсан. 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 10 cap хүртэл хугацаанд нийтдээ 16 удаагийн үйлдлээр 39 тооны адуу, 4 тооны үхэр, 25 тооны ямаа тус бүрд гарал үүслийн гэрчилгээ авч байсан байна. ...Би тухайн гэрчилгээг олгохдоо ерөнхийдөө нүдээр үзэж байгаагүй, ...Ч нь хашаан дотор адуугаа хашиж байгаад зургийг нь дараад явуулчихсан байсан. Би тэр явуулсан зургийнх нь дагуу гарал үүслийн гэрчилгээг батлаад өгсөн. ...2023 оны 6 дугаар сарын 05-ны ...орой 22 цаг 36 минутад "Enkhtaivan Mungun" гэх фэйсбүүк хаягаас 5 дугаар багийн Ч эхнэр байна, гурван адуун дээр гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн юмаа гэж чат бичсэн. ...эмээлт рүү явах гэж байгаа юмаа ...гээд чатаар 3 адууны зураг явуулсан. Тэгээд би гарал үүслийн гэрчилгээгээ бичээд Зуунмод сумын Мал эмнэлгийн тасгийн байцаагч Э.Д гэх хүн рүү явуулдаг тэр хүн үзээд баталдаг. Батлагдаад ирсэн гарал үүслийн гэрчилгээний дугаарыг буцаагаад малчин руу явуулдаг. Би 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 46 минутад Н.Ч гурван адуун дээр 5110834 дугаартай гарал үүслийн гэрчилгээ олгосон... 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг 08 минутад "Enkhtaivan Mungun" гэх фэйсбүүк хаягаас Ч эхнэр байна 2 үхэр дээр гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн юм гэж хэлээд чатаар махны зураг явуулаад 2 үхэр дээр гарал үүслийн гэрчилгээ авсан... Н.Ч нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг 14 минутад 2 ширхэг үхрийн махан дээр гарал үүслийн гэрчилгээ авсан бөгөөд энэ махыг Улаанбаатар хот Хүчит шонхор зах дээр зарж борлуулах зорилготой байсан тийм учраас би маханд 5104931 дугаартай гарал үүслийн гэрчилгээ олгосон..." /1хх-н 34-39, 1хх-н 201-202/ гэх,
Гэрч Э.Э-ийн: "...Би тухайн өдөр гэртээ гэр бүлээрээ байж байхад Ч 88699533 дугаарын утас руу залгаад миний данс хаалттай байгаа юм аа, найз нь чиний дансанд мөнгө хийчихээд Төв аймгийн төв орж ирэхээрээ авъя гэж хэлсэн. Тэгэхээр за тэгээ гэж хэлээд би хаан банкны 5300667477 тоот дансаа өгөөд энэ данс руу хийчих дээ гэж хэлэхэд 5011605725 тоот данснаас "багаа дуусав" гэсэн утгатай мөнгө орж ирсэн. Тэгээд өдөр 12 цагийн үед Ч манайд ирээд буцаагаад өөрийнхөө хаан банкны 5721461490 тоот данс руу шилжүүлж авсан..." /1хх-н 42-44/ гэх,
Гэрч Ц.Б-ын: "...2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ч надруу залгаад хөгшөөн хэдэн адуу зарах гэсэн юмаа гэж байсан. Тэгээд би Чд ирэхэд Төв аймгаас Дундговь аймаг явах замд байдаг дэлгүүрийн хажууд гүү бариад байж байсан. ...намайг ирэх үед бойчин гээд дөрвөн залуу жолооч гэх нэг залуу байсан бөгөөд Ч дүү болон Ч гээд нийт 7 хүн байж байсан. Тэгээд надад Ч бойчны мөнгийг нь өгчих гээд би 5 адууны 300,000 төгрөг нөгөө бойчид руу шилжүүлсэн. Тэгээд бойчид нь яваад өгсөн бөгөөд би махыг нь хэллээд ачаад явсан. ...Тухайн 5 адуу болон миний одоо санаж байгаагаар хоёр алаг үрээ, хул морь, хонгор, хүрэн гэсэн зүсний адуунууд байсан. Тэр үед манай эхнэр болон манай ээж нар ирээд хамт авч яваад тухайн үедээ гарал үүслийн кодыг нь авхуулаад явсан. Маргааш өглөө нь Ч дансанд мөнгийг нь хийсэн..." /1хх-н 49-50, 2хх-н 249/ гэх,
Гэрч Ж.Н-ийн: "...Би 2023 оны 6 дугаар сарын 05-ны ...орой 16 цагийн үед эгч Оюунгэрэл фейсбүүкээс мал хийлгэнэ гэсэн зар хараад уг зарыг тавьсан хүнтэй холбогдож ярьж тохироод Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Довын постны ойролцоо 5 адуу хийлгэнэ гэж хэлсэн. Тэр дуудлагын дагуу очиж таван адуу нядалсан. Би тэр дуудлаганд очих доо Намдуу ах, Төрөө, Болдоо, Булгаа гэх дөрвөн хүнтэй хамт тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ...Гэрийн гадна хоёр морь чөдөртэй, хар бүхээгтэй цэнхэр өнгийн портер машин дээр гурван морь аччихсан байсан. Миний харсанаар дан бүдүүн морьд байсан нэг бор морь, сартай зээрд морь байсан нөгөө хэдийг одоо бол санахгүй байна. Тэгээд тэнд байсан таван морийг тэнд байсан айлаас зүүн тийш 200 метр орчим газар яваад гүнзгий жалганд хийсэн..." /1хх-н 52-53/ гэх,
Гэрч Б.-ийн: "...Би 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Нууцхан-Эрдэнэ бид хоёр Цэрэнхандын бой руу явж мал нядлах гээд очсон боловч мал нядлаагүй буцаад ирэхэд Намдуу ах хөдөө таван адуу байна дуудлагаар явчихаад ирье гэж хэлсэн. Намдуу ах, Нууцхан-Эрдэнэ, Төрөө тэгээд нэрийг сайн мэдэхгүй байна нэг залуутай тавуулаа Намдуу ахын приус 30 машинтай үдээс хойш хөдөлсөн. Өлзийтийн постоор гараад Төв аймгаас Дундговь явах замаар салж явж байхад нэг дэлгүүрийн гадаа мотоциколтой хүн тосоод тэр хүнийг дагаж яваад гэрт нь очсон. Гэрийн гадна талд бүхээгтэй цэнхэр өнгийн портер машин дээр гурван адуу аччихсан, хоёр адуу хажууд нь байсан. Гэрээс зүүн тийш адуугаа хөтөлж яваад жалганд очиж хийсэн..." /1хх-н 55-56/ гэх,
Гэрч Я.М-ын: "...Манайх 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Их овоотын арын жалга гэх газар ирж хаваржсан. ...2023 оны 5 дугаар сарын 24-ний орой гэрийнхээ гадна хурааж орхиод 25-ний өглөө сэрэхэд гэрийнхээ гадна байхгүй байсан. ...Үхрээ хайж Сэргэлэн, Алтанбулаг, Баянцагаан сумын нутаг зэргээр маш их хайж явж байгаад 5 дугаар сарын 29-ний өдөр Сэргэлэн сумын Юмтын ам гэх газраар явж байгаад Ч гэх айлын хажуунаас үхрээ олоход 6 тооны үхэр дутуу байсан болохоор тасарчихаж гээд цааш харанхуй болтол зургаан үхрээ хайж яваад ололгүй буцаад олсон 13 тооны үхрээ хөөгөөд баруун зүгрүү хөөгөөд явж байх үед Тахилтын арын хөтөл дээр араас бүхээгтэй цэнхэр өнгийн портер машин ирж уулзахад Ч гэж залуу гэж байсан. Би тэр залууг ер бол танин тэгээд үхэр малаа асууж тэр залууг хаа хүрэх гэж байгаа талаар асуухад ийшээ нэг айл руу очих гээд явж байна гэж хэлээд хөдөлсөн..." /1хх-н 191-192/ гэх,
Гэрч Н.С-ын: "...Би Хаан банкны 5721722329 тоот дансыг эзэмшдэг. Миний Хаан банкны картыг Ч ах картгүй байна, чи ахдаа картаа өгөөд хэрэглүүлчих гэдэг байсан. ...Би ах Чт 2 сард картаа өгсөн тэрнээс хойш ах миний картыг ашиглаж байсан. 2023 оны 5 сарын 27-ны өдрийн үхэр гэсэн гүйлгээг ах мэдэж байгаа байхаа. Би энэ талаар юу ч мэдэхгүй байна..." /1хх-н 198-199/ гэх,
Гэрч С.У-ын: "...Би 2023 оны 5 сарын 27-ны өглөө хүчин шонхор зах дээрээс 2 тооны үхэр авсан. Одоо яг ямар хүнээс авсан тэр хүн ямар машинтай байсан талаар санахгүй байна. Дундаж нуруутай бор царайтай залуу байсан. Машин нь цэнхэр өнгөтэй бүхээгтэй портер байсан санаж байна..." /1хх-н 206-208/ гэх,
Гэрч Б.Б-ийн: "...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ны гэртээ байж байхад Налайхын ченж Аякү гэж залуу залгаад та үхрийн мах авах уу гэж асуусан. ...Тэгээд удалгүй хар саарал өнгийн савхин бүхээгтэй, цэнхэр өнгийн, Төв аймгийн дугаартай портер машинтай эхнэр, нөхөр хоёр 2 ширхэг үхрийн мах авч ирсэн. Тэгээд тэнд хиллээд үнэ тохироод, тэгээд тооцоо хийсэн. Үхрийн махны мөнгө нийлээд 3,100,000 төгрөг болоод тэр мөнгийг нь эхнэрийнх нь данс руу шилжүүлж байсан ийм учиртай мөнгө байгаа юмаа..." /1хх-н 211-212/ гэх,
Гэрч Б.М-ын: "...Манайх 2023 оны өвөл Довын хайрхны тэнд өвөлжөөд зун 5 дугаар сарын 20-ны өдөр Бөхөг гэх газарт ирж зуссан. Манайх тэднийхээс хойд зүгт ирж буусан. Тэднийх хаваржаа нь дээрээ байсан. Манайх тэдний хоёр айл хоорондоо 2 километр гаран хэмжээний зайтай байсан. Тэдний үхэр хойд Бөхөгийн гол орж ус уудаг. Орой нь ......... гэх хүмүүс өөрсдөө үхрээ хураадаг байсан. Тэр үед яг хаана идээшилж байсан талаар нь санахгүй байна. Гэхдээ орой нь үхрээ их хураадаг айл байсан, өглөө нь үхрүүд нь хээр байж байдаг байсан бодвол шөнө бэлчиж идээшилдэг байсан байх. ...2023 оны 5 дугаар сарын 25-наас байхаа үхрээ олохгүй байна гээд хайгаад яваад байсан..." /1хх-н 215-216/ гэх мэдүүлгүүд,
Шинжээч Г.А-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №07/309 дугаартай "...Т.Б-ийн өмчлөлийн 6 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2023 оны 5 сарын 25-ны өдрийн байдлаар 21,135,300 төгрөг болно..." /1хх-н 228-239/ гэх,
"Дамно ХХК"-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн №ТЦ-24-01 дугаартай "...Шинжилгээний обьектын 2023 оны 6 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 6,500,000 төгрөгөөр үнэлэгдэв..." /1хх-н 77-81/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
Мал эмнэлгийн гэрчилгээ /1хх-ийн 111-126/, дансны хуулганд үзлэг хийсэн /1хх-н 106-107/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан /1хх-н 167/ тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 170-179/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа малыг /үүнд: хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ зэрэг хамаарна/ хувийн ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн болгон захиран зарцуулах байдлаар илрэх бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжид олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн зэргийг хамааруулдаг тул Н.Ч Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүх ийнхүү хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчмуудыг эрх зүйн удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учиртай.
Анхан шатны шүүх Н.Ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан төрөл, хэмжээний дотор буюу 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялд нь түүний өмнөх буюу Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 cap 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хугацааг тогтоон, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
8. Шүүгдэгч Н.Ч “...өөрийн үхэр, адууг зарсан байхад бусдын хулгайд алдсан үхэр, адууг хулгайлсан гэж миний эрх зүйн байдлыг дордуулан хийгээгүй хэрэгт яллаж байна, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх,
өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг “...анхан шатны шийтгэх тогтоол илт хууль зүйн үндэслэлгүй, хуулийг дутуу хэрэглэж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.
9. Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших бөгөөд аливаа гэм буруутай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг хууль ёсны зарчимд үндэслэн тодорхойлох ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.
Шүүгдэгч Н.Ч холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Ааас мэдүүлэг авахад 1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар талд байх мал эмнэлгийн гэрчилгээний зургийг хараад “...зурган дээрх адуунуудаас хонгорын цаад талд байгаа бор морь, борын цаад талд байгаа зээрд морь миний хулгайд алдсан бор морь мөн байна...” гэж таньж мэдүүлсэн байдаг. /3хх-н 93/ 1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар талд байх мал эмнэлгийн гэрчилгээний фото зурган дээр эдгээр адуунуудын зургийг цасгүй буюу өвлөөс бусад улиралд авсан нь тодорхой харагдана.
Үүнээс үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан “хохирогч М.А морьдоо алдсан цаг хугацааг худлаа хэлсэн, эсхүл түүний морьд нь шүүгдэгч Н.Чийн адуунд байнга байсан уу гэдэг эргэлзээтэй нөхцөл байдлыг шалгалгүй орхигдуулсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мал хулгайлах гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Н.Ч нь Д.М-н эзэмшлийн 6 тооны үхэр, мөн үргэлжилсэн үйлдлээр М.Аын 1 тооны адуу, Т.Б-ын 3 тооны адуу, Д.М-ын 1 тооны адуу, нийт 5 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хаан банкны дансны хуулга зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ч холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, улмаар хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай нийцсэн байна.
10. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
11. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч Н.Чийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Н.Чийн биеийн байцаалтын талаарх мэдээлэлд түүнийг өмнө нь 4 удаагийн ял шийтгэлтэй мэтээр буруу бичигдсэн байгаа талаар тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар шүүгдэгч Н.Ч урьд нь:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар 5 жилийн хорих ялаар,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, өмнөх 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 08 cap 11 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 8 cap 11 хоногоор тогтоож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/427 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-ийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ