2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2026/02080

 

 

 

 

   

     2026         02             24                                        192/ШШ2026/02080

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            нэхэмжлэгч: ************** нэхэмжлэлтэй,

 

            хариуцагч: *************** холбогдох,

 

            орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

**** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ... ***** гэх иргэн 2015 онд *****-иас 80 сая төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн байдаг. Сарын 4 хувийн хүүтэй. Зээлийн үүргийг хангах зорилгоор Улаанбаатар хот, ***** байрыг барьцаанд тавьсан байдаг. ***** зээлийн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 1 сарын 29-ний өдөр тухайн үеийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаад, тус шүүхээс шийдвэр гарч, тус шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. 2019 оны 3 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, ажиллагааны явцад 2018 оны 4 сарын 30-ны өдөр ***** Гашуун сухайтын авто замын боомтоор гарсан нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх лавлагаанаас харагдаж байгаа. ***** нь улсын хэмжээнд гарснаас улбаалаад тухайн байрыг албадан худалдах нөхцөл байдал бүрдээгүй. Тийм учраас ***** нь зээлийн гэрээний үүргийг хангуулах ямар ч боломжгүй болсон. 2025 оны 9 сарын 18-ны өдөр эд хөрөнгийн битүүмжлэхээр тухайн байранд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч очсон. Очиход ****** гэх иргэн тухайн байрыг 13 жил ашигласан гэх мэдээлэл өгсөн байсан. Үүнээс улбаалаад дараагийн хэсэг нь *****гээс удаа дараа тус байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч тодорхой хариу өгөөгүй. Үүний улмаас нэхэмжлэл гаргаад өнөөдрийн шүүх хуралдаанд орж байна ... гэв.

 

3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...****** гэж хүн өнөөдрийн байдлаар энэ хаягт оршин суухгүй байгааг тодорхойлж хэлсэн. Иргэний хуулийн 106-д өмчлөгч хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх гэж байгаа юм. Нэгдүгээрт ****** гэж хүн энэ хаягт оршин суухгүй байгаа. Захирамж гарсан ч гараагүй ****** гэж хүн энэ хаягт байхгүй. Энэ тухай хаягт *************** гэсэн эдгээр хүмүүс одоо ***************хаягт оршин сууж байгаа. Тухайн объект ямар өмчлөлөөр яаж очсоныг бол мэдэхгүй. ****** гэж хүн бол тухайн үед хамаатныхаа хүүхдээс авлаа гээд ***** гэдэг хүн мөнгийг нь аваад гадаад руу оргон зайлаад явчихсан. ****** гуайн хувьд тэнд амьдарч байгаад одоо хүний асаргаанд ахынхдаа амьдарч байгаа. Тэгэхээр хууль бус эзэмшил өнөөдрийн байдлаар байхгүй. Хууль бусаар *****-ийн өмчлөл бүхий байранд ****** гуай орж амьдраагүй. Дээрээс нь өнөөдөр ямар нэгэн байдлаар тэр байранд нь оршин сууж байгаа юм алга. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхой бус. ******д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь шаардах эрхээ буруу хүнээс шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.

 

            4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, нэмэлт гэрээ, *****гийн өмчлөлийн *************** тоот Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, ***** МУ-ын хилээр гарсан тухай лавлагаа, шуудангийн төлбөр төлсөн тухай баримт, ****** хүргүүлсэн шаардлага баримт, шийдвэр гүйцэтгэгчийн уулзалтын тэмдэглэл, хөрөнгө битүүмжлэх тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтууд /хэргийн 1-38, 51-57 дугаар тал/,

 

            5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн иргэний үнэмлэх, итгэмжлэл, шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн оршин суугаа хаягийн талаарх хорооны тодорхойлолт 3ш /хэргийн 42, 47, 64-66 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

2.Нэхэмжлэгч ...орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...шүүхийн шийдвэрээр төлбөрт хураагдах барьцааны зүйлийг чөлөөлөхгүй саад учруулж байгаа... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...*****гээс худалдан авсан амьдарч байсан, одоо тухайн хаягт хариуцагч оршин суухгүй байгаа... гэж маргаж байна.

 

3.Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2018 оны 05 сарын 28-ны өдрийн дугаар ****** Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч *****гээс 174 154 667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 760 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгө буюу хариуцагч *****гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, ***************орон сууц үл хөдлөх хөрөнгийг худалдсан үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

2018 оны 07 сарын 20-ны өдрийн дугаар 1686 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн ...174 154 667 төгрөг гэснийг 195 715 215 төгрөг... гэж өөрчлөлт оруулжээ.

 

2018 оны 12 сарын 14-ний өдрийн дугаар ************** Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

2019 оны 03 сарын 05-ны өдөр дугаар ************** тоот Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигджээ.

 

2019 оны 03 сарын 12-ны өдөр дугаар 19290420 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг ажиллагааны үед буюу 2025.09.18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч ******тэй уулзаж тэмдэглэл үйлдсэн байна. Уг тэмдэглэлд ...Би энэ байранд ээжийн хамт 2013 оноос хойш амьдарч байгаа, ах дүүгийн үр хүүхэд бүгд мөнгө нийлүүлж худалдан авч өгсөн. ***** нэр дээр байдаг банк бусын барьцаа гэж мэдээгүй байсан. ***** нь айлын ганц хүүхэд ээж нь өнгөрсөн, 2017 оны 05-р сард гадагшаа явсан байсан бидэнтэй ямар ч харилцаа байдаггүй... гэж ****** шийдвэр гүйцэтгэгчийн асуултад хариулсан байна. /хэргийн 52 дугаар тал/

 

2025.09.18-ны өдөр дугаар 19290420/05 Хөрөнгө битүүмжлэх тогтоолоор маргаан бүхий орон сууц хөрөнгийг битүүмжилж ******гийн хадгалалт, хамгаалалтад өгсөн байна./хэргийн 54 дүгээр тал/

2025.11.18-ны өдөр нэхэмжлэгч *****-аас барьцаа хөрөнгө болох орон сууц хөрөнгийг сайн дураар чөлөөлж өгөх шаардлагыг шуудангаар хүргүүлсэн нь шуудангийн төлбөр төлсөн баримт, Шаардлага хүргүүлэх тухай бичгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 37-38 дугаар тал/

 

Төлбөр төлөгч ***** 2018 оны 04 сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан нь лавлагаа баримтаар тогтоогдож байна. /хэргийн 37 дугаар тал/

 

4.Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

5.Нэхэмжлэгч ...компанийн зүгээс болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс барьцаа хөрөнгийг сайн дураар чөлөөлөхийг удаа дараа бичгээр болон утсаар, биечлэн уулзаж шаардсан боловч үндэслэлгүйгээр татгалзсаар ирсэн, ...шүүхийн шийдвэрт заасан барьцаагаар хангагдах эрх зөрчигдөж, барьцаа хөрөнгө болох орон сууцыг хууль бусаар ашигласны улмаас барьцаа хөрөнгө элэгдэж, хуучирч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буурснаас гадна барьцааны зүйл устах /гал түймэрт өртөх, орон сууцны сантехникийн болон цахилгааны эд ангиуд эвдэрч гэмтэх/ бодит нөхцөл байдал бий болоод байна... гэжээ.

 

6.Хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан хариу тайлбар бичгээр гаргаагүй боловч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ...*****гээс худалдан авсан, шүүхээс нэхэмжлэл гаргах үед тухайн орон сууцанд амьдарч байсан одоо амьдардаггүй, оршин суудаггүй... гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.

 

7.Өөрөөр хэлбэл *****гээс орон сууц хөрөнгийг худалдан авсан гэрээ хэлцэл байгуулсан эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаарх өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, төлбөрт тооцогдох маргаан бүхий орон сууц хөрөнгийг  өөрийн эзэмшил ашиглалтдаа байлгаж байгаа нь хариуцагчийн иргэний үнэмлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл түүнд хавсаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, шийдвэр гүйцэтгэгчийн уулзалтын тэмдэглэл, хөрөнгө битүүмжлэх тогтоол баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

8.Иймд хариуцагч маргаан бүхий орон сууц хөрөнгийг хууль ёсоор, шударгаар эзэмшиж байгаа нь нотлогдоогүй, орон сууц хөрөнгө төлбөр төлөгч *****гийн өмчлөлд бүртгэлтэй түүний нэхэмжлэгчтэй байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцааны зүйл болсон, улмаар нэхэмжлэгчийн шаардлагын дагуу шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлбөрт тооцогдохоор болжээ.

 

9.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “ хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-т “барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ” гэж хуульд зохицуулсан.

 

10.Дээрх авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу мөнгөн төлбөрийн үүргээ хангуулахаар барьцааны зүйл болох орон сууц хөрөнгийг хууль ёсны дагуу мэдэлдээ авсан, эзэмших эрхтэй болох нь тодорхой шударга эзэмшигч гэж үзнэ. 

 

11.Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “эд хөрөнгийг эзэмших эрхгүй эзэмшигч уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэжээ.

 

12.Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.1, 157 дугаар зүйлийн 157.4-т заасан үндэслэлтэй байх тул хариуцагч ******д орон сууц хөрөнгийг албадан чөлөөлөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 157 дугаар зүйлийн 157.4-т зааснаар *****гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, *************** үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагч ******д даалгаж, нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНТУУЛ