Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 332

 

 

 

 

                                                

 

                                           

 

                                      

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд  даргалж

улсын яллагч Ж.Энхжаргал /тээвэр/,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1803 0036 30234 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг Яармагийн 16 дугаар гудамжны арын замд УАЗ-315190 маркийн 70-36 УБУ улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

мөн дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Ц.О-гийн эрүүл мэндэд хүнд, Ш.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:                  

 

1. Шүүгдэгч Б.А-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буюу нэг дэх өдөр машины дугаар гардаггүй өдөр байсан. Би ажилдаа явах гээд байж байтал гаднаас Яармагийн нэг танидаг ах дуудаж,  дүүгийнхээ гэрт хүргээд өг гэсэн. Тэгээд тэр ахыг аваад явж байтал замд тэр ахын таньдаг хоёр хүн гар өргөхөөр нь суулгаад хойшоо хамт явсан.

Яармагийн 6 дугаар хороо, Туул голын хамгаалалтын хайсны наад талын зам дээр эргэх гэж байгаад машинтайгаа онхолдсон. Би хэрэг болсны дараа өөрийн биеэр цагдаа, эмнэлэг мэдэгдэж, хүлээж байгаад хэмжилт хийлгэж, Цагдаагийн байгууллагын ажилд хүндрэл учруулалгүйгээр туслалцаа үзүүлсэн.

Тухайн хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр нь, бас өглөө нь миний бие бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Маргааш өдөр нь машины дугаар явдаггүй  өдөр байсан болохоор “машин барина” гэсэн төлөвлөгөөгүй байсан юм. Тухайн үед ойрхон газар юм чинь гайгүй байх гэж бодсон миний алдаа болсон. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна.

Тухайн осол болсон зам нь ...үерийн ус урссан, хоёр талдаа жалгатай, хайргархуу газар байсан. Машины хойд дугуй цохигдсоноос осол гарсан, ойролцоогоор 60 км/цаг хурдтай явж байсан байх. Миний хувьд 2001 онд жолооч болоод тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон. 70-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Уг автомашинаар 03 дугаар сарын 4-нөөс 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ачаа ачихаар хүнтэй гэрээ хийсэн байсан тул машины ар хэсгийн суудлыг авчихсан байсан юм. Хохирогч нар ойрхон газар юм чинь суудалгүй байсан ч хамаагүй гээд гар өргөөд суусан. Би хохирогч Ш.Н-д бэлнээр 450.000 төгрөг өгсөн. Мөн баримттай эм тарианы зардлыг нь тухай бүрд нь би өөрөөсөө төлж байсан. Хохирогч Ш.Н-гийн эмчилгээний зардалд нийт 1.178.000 төгрөг төлж зарцуулсан.

Мөн хохирогч Ц.О-д бэлнээр 400.000 төгрөг, баримттай эм тариа, эмчилгээний зардлын төлбөр нийлээд бүгд 1.078.000 төгрөг төлсөн.  Хохирол төлбөрт тооцон хохирогчийн зөвшөөрснөөр худалдан аваад нэг жил болоогүй, хэрэглэж байсан өнгөт зурагтыг хохиролд тооцон төлсөн. Уг зурагтыг манайх 500.000 төгрөгөөр жилийн өмнө шинээр нь худалдан авч байсан юм. Ц.О-д уг зурагтыг өгөхдөө тодорхой мөнгөн дүнгээр үнэлж өгөөгүй, зараад эмчилгээндээ зарцуулаарай гэж өгсөн юм.  Би хоёр хохирогчоос уучлалт гуйж биеийн байдлыг асууж байсан ба одоо хохирогч нарын биеийн эрүүл мэндийн байдал сайн байгаа, мөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж  хэлсэн. Хэрвээ цаашид эмчилгээний зардал төлбөр гарвал би бүрэн хариуцаж төлбөрийг нь төлнө. Би өөрөө хувиараа автомашин засварладаг, манай гэр бүлийн хүн улсын байгууллагад ажилладаг, тодорхой цалин орлоготой. Гэхдээ миний хувьд гэр бүлийнхээ сарын нийт цалин орлогыг нарийн сайн тооцож мэдэхгүй байна. Шинжээчийн гаргасан дүгнэлттэй маргах зүйл байхгүй. Миний буруугаас болж осол гарч хүний эрүүл мэндэд хохирол учирсаныг хүлээн зөвшөөрч, маш их  гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй, алдаагаа дахиж давтахгүй байж чадна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1803 0036 30234 дугаартай хэргээс:

 

1. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10х/,

 

2. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-5 х/,

 

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 6х/,

 

4. Хохирогч Ц.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед найз Н-гийн хамт Яармаг руу айл руу очих гээд замын унаанд гар өргөөд УАЗ 469 маркийн машины арын хонхор хэсэгт Н бид хоёр суусан. Учир нь уг машин арын сандалгүй уралдааны машин байсан. Ингээд гэр хорооллын шороон зам руу ороод гудамж дундуур ертөнцийн зүгээр хойш чиглэлтэй явж байгаад жолооч үрүүлээ баруун тийш огцом дараад л онхолдчихсон. Тэгээд Н бид хоёр жаахан гэмтээд түргэн ирээд гэмтлийн эмнэлэг аваад явсан. Осол болох үед замын хөдөлгөөн сийрэг, шороон зам байсан. Автомашин хэдэн километр цагийн хурдтай явж байсанг мэдэхгүй байна. Жолоочтой юм яриад инээлдээд явж байтал гэнэт осол гарсан. Миний толгойны орой задарч оёо тавиулсан. Өөр гэмтэл байхгүй. Надад хохирлын баримт байхгүй, гарсан эмчилгээний зардлыг жолооч А бүгдийг нь тухай бүрт нь төлөөд явсан. Тухайн үед жолооч ер нь согтуу байсан. Дунд зэргийн согтолттой байсан. Н бид хоёр тухайн үед эрүүл урьд өдөр нь архи уусан байсан. Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х, 17х/,

 

5. Хохирогч Ш.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед найз О-гийн хамт Яармагт айл руу очих гээд яармагийн жалганы замаас улсын дугаарыг нь мэдэхгүй УАЗ 469 маркийн машинд гар өргөөд арын хонины хонхорт О бид хоёр сууж явсан. А-ы машины арын сандал байхгүй, “юм ачих гээд авчихсан” гэж хэлэхээр нь О бид хоёр “зүгээрээ, зүгээр хонины хонхорт суучихъя” гээд арын хонины хонхорт суучихсан юм. Машин гэр хорооллын зам дундуур шороон замаар явж байгаад жолооч үрүүлээ баруун гар тийш гэнэт дарж онхолдсон. Онхолдсоноос болж миний зүүн гар шуугаараа хугарч гэмтсэн. Өөр гэмтэл байхгүй. Ослын дараа би гар хугарч шоконд орчихсон байсан болохоор эмнэлэгт очоод ухаан орсон. Осол болох үед замын хөдөлгөөн бага, шороон зам байсан. Автомашин хэдэн километр цагийн хурдтай явж байсанг мэдэхгүй байна. Их зөөлхөн явж байсан. Тухайн үед жолооч эрүүл байх шиг байсан. Замын хонхор дээр дайруулж гарах гээд онхолдсон гэж бодож байна. Надад хохирлын баримт байхгүй, гарсан эмчилгээний зардлыг А бүгдийг тухай бүр нь өгчихсөн.  Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гараа гипсдүүлээд эмчилгээ хийлгэсэн. Жолооч эмчилгээнд тусалсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 22х, 24х/,

 

6. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5700 тоот дүгнэлтэд:

1. Ц.О-гийн биед суурь ясны их далавчны зөрөөгүй хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун хацар яс болон хоншоор ясны далд хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т болон 3.1.3-т учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,

 

7. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5698 тоот дүгнэлтэд:

1. Ш.Н-гийн биед зүүн атгаал ясны зөрөөтэй далд хугарал, зүүн богтос ясны зөрөөгүй далд хугарал, баруун хөмсөгний шарх /сорви/, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн зулгарал /нөсөө/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх зүүн атгаал ясны зөрөөтэй далд хугарал, зүүн богтос ясны зөрөөгүй далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 31х/,

 

8. Замын Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 357 тоот:

1. УАЗ-315190 маркийн 70-36 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3. УАЗ-315190 маркийн 70-36 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг оношлогоонд оруулаагүй, зорчих хэсэгт тоормосны мөр бус дугуйн хээний мөр үүссэн байх боломжтой. Иймээс уг үүссэн мөрөөр тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 37-38х/,

 

9. Авто тээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 180612 тоот:

1. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Б.А-гийн жолоодож явсан УАЗ-315190 маркийн 70-36 УБУ улсын дугаартай автомашинд ослын шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол ирсэн байна. Уг автомашинд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй буюу суурин тоног төхөөрөмж дээр үзлэг хийгдэх нөхцөл бүрдээгүй болно.

2. Иймд дараах тодруулгыг хүргэж байна: УАЗ-315190 маркийн 70-36 УБУ улсын дугаартай автомашин нь арын суудалгүй байгаа нь /MNS4598-2013/ тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага  /стандартын шаардлага/ хангахгүй байна.

УАЗ-315190 маркийн 70-36 УБУ улсын дугаартай автомашин нь арын суудалгүй байгаа нь зам тээврийн осолд нөлөөлөх боломжгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 64 х/,

 

10. Шүүгдэгч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд  яллагдагчаар өгсөн:

“...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрөөд 12 цаг болж байхад би машины номер гардаггүй өдөр байсан учраас хүн дуудчихаад хадам аав Б-ийн хашаанд буюу Яармагийн 1-11 тоот хашаанд байж байсан. Гэтэл яармагт байдаг зүс таних ах хойшоогоо жаахан дөхүүлээд өгөөч гэж хашааны гаднаас орилоод гуйхаар нь би өөрийн эзэмшлийн УАЗ-315190 маркийн 70-36 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод арын хонины хонхор хэсэгт зүс таних ах болон цуг явсан эмэгтэйг нь суулгасан. Тэгээд л хөдлөөд 1 км орчим яваад зүүн тийш эргэх гэж байгаад үрүүлээ зүүн тийш дараад хойд дугуй цохигдохоор нь эргүүлээд дартал онхолдсон. Тэгээд би машинаас буугаад эмнэлэг цагдаа дуудаж 2 зорчигчийг түргэний машинд суулгаад өөрөө цагдаа нартай үлдэж үзлэг хийлгэсэн.

Би ойролцоогоор 60 орчим км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед осол болохын өмнөх өдөр нь жаахан архи уучихсан байсан. Осол болох үед архи гараагүй байсан. Ойрхон газар болохоор гайгүй байх гэж бодоод машин барьчихсан юм. Тухайн үед хөдөлгөөн бага байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, сул шороон зам байсан. Би хоёр хохирогчийг эмнэлэгт хэвтүүлсэн болон эм тариаг тухай бүрт нь авч өгөөд явж байгаа. Одоогоор хүн тус бүрт 700-800 мянган төгрөгийн зардал гарсан. Надад баримт байхгүй. Баримтаа цуглуулаад шүүх дээр гаргаж өгнө. Би уг машинаар гагнуурын аппарат болон элдэв багаж зөөхөөр арын сандалыг нь авчихсан байсан. Тэгээд ойрхон газар болохоор нь хойноо суулгачихсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Болсон асуудалд харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 82-83х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Ү, Н.А нарын мэдүүлэг /хэргийн 25-26, 28-29х/, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 69х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 70х/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хэргийн 71х/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 73х/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 74х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 84х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байхаас гадна болсон үйл явдлын талаар хохирогч нар тодорхой мэдүүлсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-гийн гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12:00 цагийн орчимд, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн 16 дугаар гудамжны арын замд УАЗ-315190 маркийн 70-36 УБУ улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдсон зам тээврийн осол гаргасан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлсэн:

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10х/,

- осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-5 х/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 6х/,

  • Замын Цагдаагийн газрын техникийн шинжээчийн:
  • УАЗ-315190 маркийн 70-36 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

9.1 дэх заалт: “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна, УАЗ-315190 маркийн 70-36 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг оношлогоонд оруулаагүй, зорчих хэсэгт тоормосны мөр бус дугуйн хээний мөр үүссэн байх боломжтой. Иймээс уг үүссэн мөрөөр тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.” гэсэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 357 дугаартай дүгнэлт /хэргийн 37-38х/,

- хохирогч Ц.О-гийн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагийн үед найз Нгийн хамт Яармаг руу айл руу очих гээд замын унаанд гар өргөөд УАЗ-469 маркийн машины арын хонхор хэсэгт ...бид хоёр суусан. Учир нь уг машин арын сандалгүй уралдааны машин байсан. Ингээд гэр хорооллын шороон зам руу ороод гудамж дундуур ертөнцийн зүгээр хойш чиглэлтэй явж байгаад жолооч рулиэ баруун тийш огцом дараад л онхолдчихсон. ... Осол болох үед замын хөдөлгөөн сийрэг, шороон зам байсан. Автомашин хэдэн километр цагийн хурдтай явж байсанг мэдэхгүй байна. Жолоочтой юм яриад инээлдээд явж байтал гэнэт осол гарсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х, 17х/,

- хохирогч Ш.Н-гийн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед найз О-гийн хамт Яармагт айл руу очих гээд яармагийн жалганы замаас улсын дугаарыг нь мэдэхгүй УАЗ 469 маркийн машинд гар өргөөд арын хонины хонхорт О бид хоёр сууж явсан. А-ы машины арын сандал байхгүй, “юм ачих” гээд авчихсан гэж хэлэхээр нь О бид хоёр “зүгээрээ зүгээр хонины хонхорт суучихъя”  гээд арын хонины хонхорт суучихсан юм. Машин гэр хорооллын зам дундуур шороон замаар явж байгаад жолооч рулиэ баруун гар тийш гэнэт дарж онхолдсон.

...Осол болох үед автомашин хэдэн километр цагийн хурдтай явж байсныг  мэдэхгүй байна. Их зөөлхөн явж байсан. Тухайн үед жолооч эрүүл байх шиг байсан. Замын хонхор дээр дайруулж гарах гээд онхолдсон гэж бодож байна. ...Осол болох үед замын хөдөлгөөн бага, шороон зам байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х, 24х/,

- шүүгдэгч Б.А-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруугаас зам тээврийн осол гарч, хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч нарын эмчилгээний зардалд хохирогч Ш.Н-д 1.178.000 төгрөг, Ц.О-д 1.078.000 төгрөг тус тус зарцуулсан байгаа. Цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан зардлыг нь бүрэн нөхөн төлнө.

Тухайн зам тээврийн осол нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрөөд 12 цаг болж байхад гарсан. Тухайн өдөр миний машины  дугаар явдаггүй байсан учир би урьд өдрийн орой нь бага зэрэг архи уусан байсан.

Тэгээд хүн дуудчихаад хадам аав Б-ийн хашаанд буюу Яармагийн 1-11 тоот хашаанд байж байсан. Гэтэл Яармагт байдаг зүс таних ах “хойшоо жаахан дөхүүлээд өгөөч” гэж хашааны гаднаас орилоод гуйхаар нь би ойрхон замд гайгүй байх гэж бодоод өөрийн эзэмшлийн УАЗ-315190 маркийн 70-36 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод арын хонины хонхор хэсэгт зүс таних ах болон цуг явсан эмэгтэйг нь суулгаад хөдлөөд км хиртэй явж байхад “замд ойрхон дөхөөд буучихъя” гээд хоёр эмэгтэй гар өргөөд суусан юм.  Тэгээд л хөдлөөд 1 км орчим яваад зүүн тийш эргэх гэж байгаад рулиэ зүүн тийш дараад, хойд дугуй цохигдохоор нь эргүүлээд дартал онхолдсон. Тэгээд би машинаас буугаад эмнэлэг, цагдаа дуудаж хоёр зорчигчийг түргэний машинд суулгаад өөрөө цагдаа нартай үлдэж хэргийн газрын үзлэг хийхэд байлцсан. Тухайн үед би ойролцоогоор 60 орчим км цагийн хурдтай явж байсан.

Осол болох үед замын хөдөлгөөн бага байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, сул шороон зам байсан. Би хоёр хохирогчийг эмнэлэгт хэвтүүлсэн, Эм тариаг тухай бүрт нь авч өгөөд явж байгаа. Одоогоор хүн тус бүрт 700-800 мянган төгрөгийн зардал гаргасан. Холбогдох баримтуудаа дараа нь цуглуулаад шүүх дээр гаргаж өгнө. Би уг машинаар гагнуурын аппарат болон элдэв багаж зөөхөөр арын сандалыг нь авчихсан байсан. Тэгээд ойрхон газар болохоор нь хойноо суулгачихсан байсан. Болсон асуудалд харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 82-83х/ зэрэг нотлох баримтуудаар баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон.

 

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас:  

- зорчигч Ш.Н-гийн биед ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарах “зүүн атгаал ясны зөрөөтэй далд хугарал, зүүн богтос ясны зөрөөгүй далд хугацарал, баруун хөмсөгний шарх /сорви/, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт /нөсөө/” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол,

- мөн зорчигч Ц.О-гийн биед ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т заасан учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах  “суурь ясны далавчны зөрөөгүй хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун хацар яс болон хоншоор ясны далд хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учирсан болох нь:

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5700 дугаартай, №5698 дугаартай дүгнэлт  /хэргийн 31х, 35х/,

- хохирогч Ш.Н-гийн: “...Онхолдсоноос болж миний зүүн гар шуугаараа хугарч гэмтсэн. Өөр гэмтэл байхгүй. Ослын дараа би хугарч шоконд орчихсон байсан болохоор эмнэлэгт очоод ухаан орсон. ... Надад хохирлын баримт байхгүй, гарсан эмчилгээний зардлыг А бүгдийг тухай бүр нь өгчихсөн.  Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гараа гипсдүүлээд эмчилгээ хийлгэсэн. Жолооч эмчилгээнд тусалсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х, 24 х/,

-  хохирогч Ц.О-гийн: “...бид хоёр жаахан гэмтээд, түргэн ирээд гэмтлийн эмнэлэг аваад явсан. ...Миний толгойны орой задарч оёо тавиулсан. Өөр гэмтэл байхгүй. Надад хохирлын баримт байхгүй, гарсан эмчилгээний зардлыг жолооч А бүгдийг нь тухай бүрт нь төлөөд явсан. Тухайн үед жолооч ер нь согтуу байсан. Дунд зэргийн согтолттой байсан. Н бид хоёр тухайн үед эрүүл урьд өдөр нь архи уусан байсан. Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х, 17х/, хохирогч нарт эмчилгээ, эм тарианы зардалд төлбөр гүйцэтгэсэн талаарх хохирлын баримтууд, шүүгдэгч Б.А-ы үйлдсэн хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.1 заалтыг тус тус зөрчсөнөөс “онхолдсон” зам тээврийн осол гаргаж, хохирогч Ц.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл нь “авто тээврийн хэрэгслийн жолооч  Автотээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үйлдсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Б.А-ы дээрх гэмт үйлдэлд нь  тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Ц.О, Ш.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч нарын эмчилгээний болон бусад зардалд хохирогч Ц.О-д нийт 1.078.000 төгрөг, хохирогч Ш.Н-д 1.178.000 төгрөгийг тус тус зарцуулан төлсөн талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тус шүүхэд гаргасан гаргасан хүсэлтэд илэрхийлсэн баримттай /хэргийн 15х, 17х, 22х, 24х/ байна.

 

Иймд шүүгдэгч Б.А-аас гаргуулвал зохих гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож нөхөн төлүүлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Хохирогч Ш.Н, Ц.О нар нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ, эм тарианы зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлтэй болохыг тэдгээрт мэдэгдэх нь зүйтэй.     

 

Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 1-р хавтас 84-р талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн “хөнгөн” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхээс түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно.    

 

Түүнчлэн зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлсөн байдлыг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, мөн хохирогч Ц.О, Ш.Н нар нь цаашид эмчилгээ хийлгэж зардал гаргасан тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн болон нэр бүхий хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, шүүгдэгч Б.А-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахыг хоёр жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосон албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.    

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.О, Ш.Н нар нь хохирол төлбөр нөхөн төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                    

                                                     ТОГТООХ нь:

 

1. Б.А-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Б.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасныг журамлан Б.А-д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг тус тус авсугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А-гийн тээврийн жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Б.А-ы №000000 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх баримтыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

 

7. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Ц.О, Ш.Н нар нь хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.    

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД