| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2438001890494 |
| Дугаар | 2025/ДШМ/54 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Ү |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/54
2025 11 05 2025/ДШМ/54
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Үүрийнтуяа,
Яллагдагч: Т.М,
Яллагдагчийн өмгөөлөгч: Д.Буяндалай,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/657 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Үүрийнтуяагийн эсэргүүцлээр Т.Мт холбогдох 20000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Харийнхан овогт Тын М, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын 0 дугаар баг 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000 /.
Т.М нь Хөвсгөл аймгийн Т сумын “Хаан банк”-ны салбарын эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 02 сар хүртэлх хугацаанд “...банкнаас зээл хүссэн иргэдэд илүү зээл гаргаж өгсөн, зээлийн шаардлага хангахгүй зээлдэгч нарт материал бүрдүүлж зээл гаргаж өгсөн, банкнаас зээл хүсээгүй иргэдэд “зээл аваад өгөөч” гэж зээл гаргуулан авсан, хүүтэй мөнгө зээлэх нэрийдлээр...” нэр бүхий 18 хохирогчийг хуурч, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, албан тушаалын байдлаа ашиглаж
хохирогч П.Зтай 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ байгуулж үүнээс 12,770,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
хохирогч А.Птой 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ байгуулж үүнээс 11,800,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
хохирогч А.Эээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ байгуулж үүнээс 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
хохирогч Д.Ттай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ байгуулж үүнээс 12,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
хохирогч Б.Жтай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ байгуулж үүнээс 5,100,000 төгрөгийг дансаар, 5,900,000 төгрөгийг бэлнээр нийт 11,000,000 төгрөг авсан,
хохирогч С.Мтэй 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 13,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ байгуулж үүнээс 5,000,000 бэлнээр авсан,
хохирогч Х.Мтой 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр малчны зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийн малчны зээл гаргаж 5.950.000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 13,000,000 төгрөгийн малчны зээл гаргаж 9,900,000 төгрөгийг тус тус өөрийн дансаар шилжүүлэн авсан,
хохирогч Ц.Бтой 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн малчны зээл гаргаж, үүнээс 4,850,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 4,400,000 төгрөгийг бэлнээр нийт 9,250,000 төгрөг авсан,
хохирогч С.Гтэй 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 19,000,000 төгрөгийн малчны зээл гаргаж, үүнээс 4,950,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
хохирогч Д.Өтэй 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн малчны зээл гаргаж, үүнээс 7,920,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нгаас 2022 онд малчны зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийн малчны зээл гаргаж, 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан,
хохирогч С.Отай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр малчны зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийн малчны зээл гаргаж, үүнээс 5,840,000 төгрөгийг бэлнээр авсан,
хохирогч Р.Этай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр малчны зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн малчны зээл гаргаж, үүнээс 18,100,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
хохирогч Д.Этэй 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр малчны зээлийн гэрээ байгуулж 15,500,000 төгрөгийн малчны зээл гаргаж, үүнээс 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
хохирогч П.Отай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 19,000,000 төгрөгийн зээл гаргаж, үүнээс 5,000,000 төгрөгийг, дансаар шилжүүлэн авч,
Ц.Х бүлэглэж хохирогч Ж.Бтай 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ байгуулж үүнээс 14,200,000 төгрөгийг Т.М, У.Х нар нь авснаас Т.М нь 7,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, хохирогч Н.И-тэй 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ байгуулж үүнээс 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, хохирогч С.Чыг 2022 оны 10 дугаар сард ажлын байран дээрээ дуудаж нэр дээр нь 20,000,000 төгрөгийн малчны зээл гаргаж, үүнээс 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, нэр бүхий 18 хохирогчид “их хэмжээний” буюу нийт 163,480,000,000 төгрөгийн хохирол учруулсан “3алилах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/657 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харийнхан овогт Тын Мт холбогдох эрүүгийн 20000 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Үүрийнтуяа эсэргүүцэлдээ: “...Өмнө хэргийг прокурорт буцаасан захирамжид заагдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийсэнд дүгнэлт хийлгүй хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Хэргийг прокурорт буцаах тухай үндэслэлд 3 үндэслэл хамаардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-т заасан"... хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол...” гэх үндэслэлүүд Т.Мт холбогдох хэрэгт байхгүй байхад шүүх хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь “Нотолбол зохих байдлын тухайд”
1-рт: Э.Баас дахин мэдүүлэг авахаар өмнөх буцсан захирамжид тусгагдсаны дагуу дахин мэдүүлэг авсан /5хх-ийн 107 дугаар хуудас/,
С.Чаас дахин мэдүүлэг авсан /5хх-ийн 139 дүгээр хуудас/,
Н.И-ээс дахин мэдүүлэг авсан /5хх-ийн 127 дугаар хуудас/,
Мөн яллагдагч Т.М, У.Х нарын үйлдэл оролцоог тодорхой болгож дээрх 3 иргэнээс тус бүр авсан мөнгө, эргэн төлөх мөнгийг тодорхой болгосон. Мэдүүлэг болон хохирлын зөрүү гараагүй. Т.Мт холбогдох хэрэгт У.Хангайг яллагдагчаар татсан бөгөөд У.Хангай нь Монгол улсын хилээр гарсан тухай Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа гарсан тул У.Хангайд холбогдох хэргийг тусгаарлаж, Т.Мт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Ц.Боос авсан мөнгөний хэмжээ тодорхойгүй гэж шүүгч захирамждаа тусгажээ. Хэрэгт хангалттай баримт авагдсан. Хохирогчоос дахин мэдүүлэг авах шаардлага үүсээгүй. Хэрэв шүүх шаардлагатай гэж үзвэл хохирогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж шийдвэрлэх боломжтой. Гэвч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж буй нь үндэслэлгүй юм.
2-рт: Шүүхийн хэлэлцүүлэгт М гэх хүнээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргаж байх боловч өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд албан ёсоор хүсэлт гаргаагүй. Хохирогч Б.Жы мэдүүлэгт М гэх хүнийг танихгүй талаар дахин мэдүүлсэн. Энэхүү ажиллагаа заавал хийгдэх ажиллагаа биш гэж мөрдөгч, прокурор дүгнэсэн. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэх ёстой байхад шүүхэд шилжүүлсэн хэрэгт хамааралгүй байдалд дүгнэлт хийж буцааж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж буй бол тэр тухайгаа шүүх дүгнэх ёстой, шүүх шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзээгүй, мөн дүгнээгүй тул энэхүү ажиллагааг заавал хийх шаардлагагүй гэж үзсэн.
3-рт:Яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан Д.Т, С.М, Ш.Н болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Н нараас Т.Мт өгсөн мөнгө, эргүүлэн авсан мөнгийг зөрүү бичсэн тоо, тооцооллын шинжтэй алдааг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр засварлах бүрэн боломжтой. Мөн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 196 дугаартай яллах дүгнэлтийн зүйн дүгнэлт хийх хэсэгт “186,400,000” төгрөг гэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт” гаргах эрхтэйгээр хуульчилсан. Энэхүү техникийн шинжтэй алдаа нь заавал хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй.
4-рт:Мөрдөгч Ц.Тнь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г.Шт мөрдөгчийн даалгавар хүргүүлсэн бөгөөд тухайн даалгавар биелэгдэх боломжгүй тухай мөрдөгчийн зүгээс тайлбар ирүүлсэн байхад түүнийг даалгавар заавал биелэгдэх ёстой мэтээр шүүгч үзэж хэргийг прокурорт буцаах нэг үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллага дотооддоо боломжит хугацаанд биелэгдэх даалгавар явуулж ажиллагаагаа хийлгэж болох тухай хуульд заасан болохоос тухайн даалгавар заавал биелэгдэх ёстойгоор хуульчлагдаагүй болно. Гэвч шүүгч энэхүү хуулийн зохицуулалтыг буруу дүгнэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
5-рт:Хэргийн зүйлчлэл тохирсон эсэх, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан, хэлэлцэж байж улсын яллагч “улсын яллагчийн дүгнэлт”, тайлбараа хэлж, бусад оролцогч нарт тайлбар дүгнэлт хэлж байж шүүх эцсийн шийдвэр гаргах болохоос урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шийдэх боломжгүй юм.
6-рт:Хохирогч нараас яллагдагч Т.Мт анх өгсөн мөнгө, түүнээс эргүүлж авсан мөнгө, одоо авах мөнгө нь тодорхой. Хохирогч, яллагдагч нар энэ хохирлын тооцоонд маргаангүй талаар хоёр тал илэрхийлсэн байхад хэргийг шийдвэрлэхгүй дахин үндэслэлгүйгээр прокурорт буцаасан. Мөн хохиролд хэдэн төгрөг Т.М төлөх, Хаан банкнаас төлбөр гаргуулах эсэх асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал болохоос прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан хохирлын тооцоог урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж эцсийн дүгнэлтийг заавал прокурор яллах дүгнэлтэд тусгах байдлаар хэргийг буцааж буй нь үндэслэлгүй. Прокурор, мөрдөгч нь хохирлын тооцоо гаргасан. Түүнд дүгнэлт хийж эцсийн шийдвэр гаргах эрх хэмжээ зөвхөн шүүхэд бий. Гэхдээ энэхүү эрх хэмжээг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний эцэст гаргах ёстойгоор хууль тогтоогч хуульчилсан.
7-рт:Тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль хэрэглээ, дүгнэлт, бүтцэд тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй, хэт нуршсан, утга агуулгын хувьд ойлгомжгүй, тодорхойгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальсан, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журмыг зөрчиж гэм буруугийн асуудал хэлэлцүүлсэн тул “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь шүүхээс хэргийг буцааж хохирогч болон хэргийн оролцогч нарыг чирэгдүүлдэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагддаг байдлыг арилгахад чиглэгдсэн. Шүүхийн шатанд шаардлагатай гэж үзсэн бол шүүх хуралдаанд хохирогч нарыг биечлэн оролцуулах боломжтой. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байхгүй. Энэ тухай урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан хэдий ч прокурорын хүсэлтийг хүлээн аваагүй. Нэр бүхий 18 хохирогчийг чирэгдүүлж хэргийг прокурорт 2 дахь удаагаа буцааж байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/657 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн прокурор эсэргүүцэл бичив” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Буяндалай шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2.Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 196 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Т.Мыг ганцаараа болон У.Х бүлэглэж Хөвсгөл аймгийн Т сумын Хаан банкны салбарын эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 02 сар хүртэлх хугацаанд “...банкнаас зээл хүссэн иргэдэд илүү зээл гаргаж өгсөн, зээлийн шаардлага хангахгүй зээлдэгч нарт материал бүрдүүлж зээл гаргаж өгсөн, банкнаас зээл хүсээгүй иргэдэд “зээл аваад өгөөч” гэж зээл гаргуулан авсан, хүүтэй мөнгө зээлдэх нэрийдлээр нэр бүхий 18 хохирогчийг хуурч, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, албан тушаалын байдлаа ашиглаж, “их хэмжээний” буюу нийт 163,480,000 төгрөгийн хохирол учруулж “3алилах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/657 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5, 1.6 дахь заалтад заасан Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хэрэгт хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болсон байна.
4.Учир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал нотолбол зохих талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тусгахаар мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан ба эдгээр заалт нь уг хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэнтэй салшгүй холбоотой юм.
5.Яллагдагчийн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх асуудал нь түүнд оногдуулах ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтойн дээр мөрдөгч, прокурор нь дээрх мөрдөн шалгах ажиллагааг эргэлзээгүй тогтоож чадаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.
6.Анхан шатны шүүх хохирогч тус бүрийн хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй, хохирол төлөгдсөн эсэхийг шалгаж тодруулаагүй, яллагдагч Т.М, У.Х нарын гэмт хэргийг хамтран үйлдсэн үйлдэл оролцоог бүрэн тогтоогоогүй, холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, хохирогч болон яллагдагч нарын мэдүүлэг зөрүүтэй, хохирогч Д.Тд хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдээгүй, танилцуулаагүй, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт гомдол байгаа эсэхийг тодруулаагүй, 2025.01.31-ний өдрийн 128 дугаартай захирамжид заасан ажиллагааг бүрэн хийж ирүүлээгүй, иргэний хариуцагч хуулийн этгээдээр аудитын дүгнэлт гаргуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, иргэний хариуцагчийн хариуцвал зохих хохирол болох хохирогч нарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тооцоог санхүүгийн шинжээч эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, хохирогч нарын хохирлыг яллах дүгнэлтэд эрс зөрүүтэй тусгасан, хохирогч нараас авсан хохирлын мөнгөн дүн хэрэгт авагдсан баримтаас эрс зөрүүтэй бичигдсэн, яллах дүгнэлтэд тусгавал зохих зүйлсийг бүрэн тусгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийн шалгаж тогтоогоогүй гэж тус тус үзсэнийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7.Хэргийг прокурорт буцаасан захирамжид заагдсан дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байх тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасантай нийцсэн байна.
8.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримталж гэм буруутай этгээдийн бусдад учруулсан хохирлыг төлүүлэх, шалтгааныг тогтоох нь иргэний хариуцагч, аж ахуй нэгжээс бусдад учруулсан гэм хорын хохирол, төлбөрийг ялгамжтай байдлаар гаргуулахад чухал ач холбогдолтой.
Гэтэл анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/128 дугаартай шүүгчийн захирамжаар Хаан банкийг иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан байх ба мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор ХААН Төв банк, Хууль эрх зүйн газрын хуулийн зөвлөх Д.Н-г иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
Ажил олгогчийн зүгээс ажилтан Т.Мт хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас залилах гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл бий болсон эсэх байдлыг нотлох шаардлагатай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг огт шалгаагүй гэж үзэхээр байна.
9.Мөн хэрэгт Т.Мтай холбоотой гэх 18 зээлдэгчийн 19 зээлд санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд баталгаажуулсан аудитын дүгнэлтийг Хаан банкны 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5890/437 дугаартай албан бичгээр Хөвсгөл аймгийн Прокурорын газар / 5-р хх-ийн 227-233-р тал/-т хүргүүлжээ.
Уг аудитын дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ.” гэсэнтэй нийцэхгүй байх ба мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1-д зааснаар “тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүнээр шинжилгээг хийлгэх” байтал тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Хаан банкны дотоод аудитор аудитын дүгнэлт гаргаж ирүүлснийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.
Түүнчлэн, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг тогтооход ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэсэн үндэслэлд хамаарахгүй тул шүүхийн шатанд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх боломжгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, давтан буюу нэмэлт шинжилгээ хийлгэх асуудал биш, харин шинжилгээ хийх эрхгүй этгээд дүгнэлт гаргасантай холбоотойгоор анхдагч шинжилгээ хийлгэх мөрдөн шалгах ажиллагаа болох тул шүүхийн шатанд шинжээч томилох боломжгүй юм.
10.Мөн яллагдагч У.Х-д холбогдох хэргээс холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй байна. Учир нь У.Х-г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнд холбогдох хэргээс холбогдох баримтыг энэ хэрэгт хавсаргаж ирүүлэх нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойн дээр хохирлыг асуудлыг шийдвэрлэхэд мөн адил хамааралтай юм.
11.Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
12.Харин яллагдагч У.Х-н оршин суугаа хаягийг эрх бүхий байгууллага, бусад этгээдээс тодруулаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцаах үндэслэлд дурдагдсан асуудал нь биелэгдэх боломжгүй байх ба энэ нь бусад баримтаар үгүйсгэгдсэн гэж үзэхээр байх тул энэхүү мөрдөн шалгах ажиллагааг заавал хийх шаардлагагүй гэж үзнэ.
Учир нь яллагдагч У.Х нь улсын хилээр гарсан талаар Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2-4в/4265 дугаартай албан бичгээр тогтоогдсон тул түүнийг Хөвсгөл аймгийн Т суманд оршин сууж байгаа эсэхийг эрх бүхий байгууллага, бусад этгээдээс тодруулах шаардлагагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/657 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ