Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 152

 

   О.Н холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Б.Х болон түүний өмгөөлөгч Б.Чинбат, хохирогч Ч.Д, болон түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор, хохирогч А.Даваадоржийн өмгөөлөгч Д.Майдри, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаар тогтоол, мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоолтой, О.Н холбогдох 201626030203 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоолыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитекторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, бэр дүү нарын хамт амьдрах, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24-09 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Оын Н.

О.Н нь 2013-2015 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 айлын Үйлдвэрийн гудамжны 93 дугаартай орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаандаа нэр бүхий 9 хохирогч нартай захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө авсан боловч тэдгээр байраа бусдад зарах, барьцаанд тавьж, өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрх шилжсэн орон сууцнуудыг зарна, өр төлбөртөө тооцон өгнө гэж бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан, хуурч нийт 1,231,071,091 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Нийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад 1,231,071,091 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар О.Нийг 3 жил 4 сар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5.дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2, 5, 10, 16 тоотын орон сууцнууд болон В давхрын 157.71 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, О.Нийн өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны №4 тоот (Ү-2206042585-рт бүртгэлтэй), №12 тоот (Ү-2206039648), №19 тоот (Ү-2206Ц38965) орон сууцуудын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож захиран зарцуулах эрх хязгаарласныг хэвээр үлдээж, нэр бүхий хохирогч нарын хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгг заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2, 5, 10, 16 тоотын орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, В давхарын 157.71 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон О.Нийн өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны 4 тоот (Ү-2206042585-рт бүртгэлтэй), 12 тоот (Ү-2206039648), 19 тоот (Ү-2206038965) орон сууцуудын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож захиран зарцуулах эрх хязгаарласныг хэвээр үлдээж, нэр бүхий хохирогч нарын хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Б.Хийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5.8 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий шүүгчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд хяналтын шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, О.Нхолбогдох хэргийг хяналтын журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн эрүүгийн хэргийн танхимд шилжүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Ч.Дийн өмгөөлөгч Н.Жавзандулам хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогч Б.Хийн өмгөөлөгч Б.Чинбат хэлсэн саналдаа “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны В давхрын үйлчилгээний зориулалттай объектийг үнэлүүлэхэд 399,006,300 төгрөг болсон. Гэтэл Ч.Д 183,000,000 төгрөгийн хохиролтой байхад 399,006,300 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын бүртгэгч нь Б.Хийн зээлийн барьцаанд байгааг мэдсээр байж хууль бусаар шилжүүлсэн нь хэд хэдэн нотлох баримтаар тогтоогдсон байхад хуулийн дагуу шилжүүлж авсан гэх шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Улсын бүртгэгч н.Лнд худал хэлсэн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 59 хуудсанд байх мэдүүлгээр тогтоогддог. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч А.Дийн өмгөөлөгч Д.Майдри хэлсэн саналдаа “Улсын дээд шүүх 9 хохирогчийн нэг болох Ч.Дг хохирогч биш болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ч.Д нь бусад хохирогчийн нэгэн адил хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байхад хохирогч биш гэж үзсэн. Ч.Д маргаан бүхий объектийг шилжүүлж авсан үйлдэл нь хуульд нийцээгүй буюу барьцаатай хөрөнгийг шилжүүлж авсан. Шүүгдэгчийн өмчийг 9 хохирогч хувааж авах ёстой. Гэтэл тухайн объект нь зөвхөн нэг хохирогчид шилжихээр бусад хохирогч нарын эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Гэмт хэргээс учирсан хохирлыг л шүүх шийдвэрлэх ёстой болохоос биш Ч.Дийн объектийг шилжүүлж авсан үйлдлийг дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5.8 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаар тогтоол гарсны дараа Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт бичиж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны 08 дугаар тогтоолоор 563 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон. Өмгөөлөгч нарын гаргаж буй санал 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хянан хэлэлцэх үед яригдаж байсан. Хохирогч Ч.Дийн нэр дээр шилжсэн 93 дугаар байрны Б давхар дахь үйлчилгээний объектоос гадна 2, 5, 10, 16 тоотын орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхгүй нээлттэй үлдээсэн бөгөөд гэрээний талууд гомдол гаргаагүй учраас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд шийтгэх тогтоолын 5.8 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоолыг үндэслэн О.Нхолбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Н нь 2013-2015 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 айлын Үйлдвэрийн гудамжны 93 дугаартай орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа нэр бүхий хохирогч нараас гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс, барилгын бараа материалын үнэ болон хөрөнгийн эх үүсвэрт зориулан зээлж авсан зээлийн төлбөрийн мөнгөн хөрөнгийг эргүүлэн төлөх үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх боломжгүй болсон үеэс, тэдэнд өгөхөөр тохиролцсон, түүнчлэн орон сууц захиалах гэрээ байгуулж төлбөрийг хэсэгчлэн болон бүрэн авсан мөртлөө бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн, эсхүл өмчлөх эрх нь бодитой үүссэн хүний эрхийг хангалгүйгээр, эдгээр  эрх зүйн болон биет байдлын зөрчилтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг давхардуулан бусдад зарах, барьцаанд тавих, өмчлөх эрхийг шилжүүлэх зэргээр бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн авч нийт 1,231,071,091 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан бусдыг залилсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх О.Нхолбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Нийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг яллах дүгнэлтэд дурдсанаас өөрчлөн тогтоох талаар гаргасан прокурорын саналыг үндэслэн хохирогч Д.Д-д учирсан хохирлоос 90,000,000 төгрөг, М.Бд учирсан хохирлоос 65,000,000 төгрөгийг тус тус хасаж, хохирлын хэмжээг багасган тогтоож, улмаар энэ хэргийн нийт хохирлыг 1,231,071,091 төгрөг гэж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

Харин эрх зүйн зөрчилтэй, маргаан бүхий, баригдаж буй орон сууцнуудыг бусдад зарж байгаа, үүргийн гүйцэтгэлд барьцаалж байгаа мэтээр давхардуулан    бусдын эд хөрөнгийг залилж байсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдлийн шинжийг тодорхойлж, түүнтэй уялдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хорыг арилгах талаар нэгдмэл агуулгатай, үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зарим орон сууцны өмчлөх эрхийг нэр бүхий хохирогч, бусад хүмүүсийн өмчлөлд шилжүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээж, мөн шүүгдэгч О.Нийн өмчлөлд бүртгэлтэй байгаа 3 орон сууцыг бусад хохирогч нарын хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, ингэхдээ Эрүүгийн хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын агуулгыг зөв тайлбарлан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хэсэгчлэн буруутгаж, өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны В давхарт байрлалтай 157.51 мкв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь тус байрны 2, 5, 10, 16 тоот орон сууцнуудын нэгэн адил  өмчлөх эрх үүсэх талаарх хуульд заасан нийтлэг үндэслэл, журмын дагуу нэр бүхий хохирогч, өөр бусад этгээдийн өмчлөлд шилжсэн байгааг анхан шатны шүүх дүгнэн хэвээр үлдээсэн байхад давж заалдах шатны шүүхээс хохирогч Ч.Дийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөрөнгийг бусад хохирогч нарын хохиролд тооцуулахаар өөрчлөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

Түүний зэрэгцээ, анхан шатны шүүх маргаан бүхий байрны В давхарт байрлалтай 157.51 мкв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч нь Ч.Д болохыг тогтоосон атлаа шийтгэх тогтоолын холбогдох заалтаар түүнд 183,000,000 төгрөгийг гаргуулахаар давхардуулан шийдвэрлэсэн байх тул өөрчлөх нь зүйтэй гэж үзнэ. 

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт болон шийтгэх тогтоолын хохирол давхардуулан гаргасан заалтыг тус тус хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөвтгөн дүгнэх талаарх хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоолыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5.8 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоолыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН