Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/90

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Н.Н,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Умба тайжууд овогт Бын Нт холбогдох эрүүгийн 1817001550072 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Умба тайжууд овогт Бын Н /ЕЙ93032911/ Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1993 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 73 тоотод оршин суух, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний ЗӨБ-ийн салбарын Чойр хэсэгт диспетчер, техникч ажилтай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг “Зүлэгт” гэх газар 70-17 ГСА улсын дугаартай Toyota Ractis маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна”, 2.1-ийн “а” дахь заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож насанд хүрээгүй зорчигч О.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ц.Оийн өмчлөлийн 70-17 ГСА улсын дугаартай Toyota Ractis маркийн тээврийн хэрэгсэлд 2 463 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг “Зүлэгт” гэх газар 70-17 ГСА улсын дугаартай Toyota Ractis маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна”, 2.1.а-д “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож насанд хүрээгүй О.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Оийн тээврийн хэрэгсэлд 2 463 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас надад оногдуулах арга хэмжээг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

1.2. Насанд хүрээгүй хохирогч О.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө О наадамд явах гэж байна гэхээр нь би хамт явахаар болсон. Миний сууж явсан автомашин нь цагаан өнгийн суудлын автомашин байсан бөгөөд жолооч нь Н гэж ах байсан. Урд талын  суудал дээр нь Отгонцэцэг, арын зүүн гар талд нь би суугаад, миний хажуу талд  эрэгтэй хүүхэд сууж явсан. Нэг мэдсэн чинь л автомашин баруун гар талын хажуу хэсгээрээ газар унасан. Араас явж байсан автомашинтай хүмүүс зогсоод бид нарыг автомашины цонхоор татаж гаргаад, намайг телевизийн автомашинд суулгасан. Уг ослын улмаас миний баруун гар талын эгэм хугарсан. Би эмнэлэг дээр хүргэгдэж ирээд тэр өдрөө хот руу яваад ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн. Жолооч болон бид нар бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/

 

1.3. Иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Уяан товогийн наадамд очих гээд байж байхад манай төрсөн ах Бын хүү Н нь наадамд явмаар байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө автомашинтай явахгүй хүний автомашинаар явах гэж байгаа гэсэн чинь Н миний 70-17 ГСА улсын дугаартай Toyota Ractis маркийн автомашиныг гуйгаад авсан. Намайг наадам дээр очсоны дараа хүмүүс  чиний автомашиныг унагаачихсан байна гэж хэлсэн. Манай дүү Н миний автомашиныг 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр жолоодож яваад осол гаргасны улмаас надад хохирол учирсан. Ныг автомашин жолоодоод байдаг болохоор нь жолоочийн үнэмлэхтэй гэж боддог байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/

 

1.4. Насанд хүрээгүй гэрч Х.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Уяан товогийн наадамд очиж барилдахаар өглөө 08 цагийн үед Н ахтай цуг цагаан өнгийн суудлын автомашинаар У, О нарын хамт явсан. Н ах автомашиныг жолоодож явж байгаад нэг овоон дээгүүр даваад уруудахдаа машин шарваад дайвалзаж байгаад замынхаа зүүн судаг руу баруун хажуу талаараа газарт унасан. Ойролцоогоор 40 км цагийн хурдтай явсан байх. Осолд ороод байж байтал автомашинтай хүмүүс ирээд автомашиныг түлхээд босгосон. Уын эгэм нь эвгүй болсон байсан. О, Н ах бид гуравт гэмтэл учраагүй. Н ах архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Ослын улмаас миний биед ямар ч гэмтэл учраагүй. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-27 хуудас/

 

1.5. Насанд хүрээгүй гэрч У.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө наадамд явах санаатай О эгчтэй яриад автомашинд нь суухад Н ах байсан. Уянгыг аваад бид нар Чойрын “М-ойл” ШТС-аас гараад зогсож байхад араас О эгчийн найзууд ирсэн. О эгч би эд нартай явахаар боллоо гээд Н ахыг өөрийнхөө машиныг бариад явчих гэсэн. О эгчийг нөгөө автомашинд суухад Г тэр автомашинаас гарч ирээд бид нарын машинд суусан. Бид нарын сууж явсан автомашиныг Н ах жолоодож, урд талын суудалд би, арын суудалд У, Г нар сууж явсан. Тэгээд наадамд явж байхад автомашин хоёр тийшээ дайвалзаад шарваж байгаад замын хажуугийн ховилд автомашин ороод баруун гар тал буюу жолоочийн талаар газар унасан. Ер нь бол автомашин зөөлхөн явж байгаад унасан. Бид нарын араас явж байсан автомашинтай хүмүүс зогсоод хагарсан цонхоор бид нарыг татаж гаргаад телевизийн автомашинд У бид хоёрыг суулгаад наадам руу авч яваад эмчид үзүүлэхэд Уыг Чойр луу явж эмнэлэгт үзүүлж зураг авахуул гэсэн. Ослын улмаас Г, Н ах бид гуравт гэмтэл учраагүй. Харин Уын эгэм нь хугарсан гэсэн. Жолооч болон бид нар бүгд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ослын улмаас надад ямар ч хохирол учраагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/

 

1.6. Гэрч С.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг Уяан товог гэх газарт болж байгаа наадам руу явж байсан юм. Тухайн үед урд талд цагаан өнгийн жижиг суудлын машин явж байсан. Тэр машин нэг овоон дээгүүр даваад далд орсон. Араас нь гараад ирсэн чинь тэр цагаан машин баруун хойшоо хамар хэсэг нь харсан баруун гар талаараа налаад унасан байсан. Манай машинд сууж явсан Б, С бид гурав очоод дотор нь байсан хүмүүсийг буулгаад тэр машиныг түлхээд босгосон. 2 залуу, 2 эмэгтэй хүн буулгасан. Тэгээд наадам дээр ирээд эмнэлгийн машин дээр очоод осолд орсон хүмүүсийг эмчид үзүүлсэн. Эмч тариа хийгээд үзсэний дараа Чойрын эмнэлэгт 2 эмэгтэйг нь хүргэж өгсөн. Би 60 километр цагийн хурдтай явж байсан. Тэр машин багцаагаар 70 орчим километр цагийн хурдтай явсан. Тухайн хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-31 хуудас/

 

1.7 Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр намайг Уяан товогийн наадам дээр байхад осолд орсон байна гээд манай охин Уыг Оийн хамт телевизийн машин авч ирсэн. Уыг эмчид үзүүлэхэд эгэм нь хугарсан байна гээд өвчин намдаах тариа хийгээд Чойр луу авч ирсэн. Чойрын эмнэлэг дээр Уянгыг рентген зураг авахуулахад эгэм хугарсан, хол зөрүүтэй учраас хот руу авч яваад хагалгаанд орж хадуулах шаардлагатай гэсэн. Би тухайн өдрөө охиноо аваад хотод очоод ГССҮТөвийн хүүхдийн тасагт хэвтүүлээд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хагалгаанд оруулан эгэмийг нь хадуулсан. Нын өөрийн санаачилгаар хүүхдээ сайн үзүүлээрэй гээд надад 600 000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/

 

1.8. Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр дүгнэлтэнд: Дээрх үйлдэл нь зам тээврийн осол мөн гэх үндэслэлтэй байна. 70-17 ГСА улсын дугаартай Toyota Ractis маркийн автомашины жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: 2.1 “а” дахь заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс шалтгаалан Б.Нын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Б.Н \ЕЙ93032911\-ыг жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар TPS программаар шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.

Шинжээч, цагдаагийн дэд хурандаа С.Б гэжээ. /х.х-ийн 39 хуудас/

 

1.9. “Ашид билгүүн” ХХК-ний Автомашины техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 47 хуудас/

 

1.10. Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8049 дүгээр дүгнэлтэнд: “О.Уын биед баруун эгэмний далд зөрөөтэй хугарал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Ш.Ц гэжээ. /х.х-ийн 52 хуудас/

 

1.11. Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 225 дугаар дүгнэлтэнд: “У.Оийн биед гэмтэл тогтоогдсонгүй.”

Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 56 хуудас/

 

1.12. Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 223 дугаар дүгнэлтэнд: “Х.Г биед гэмтэл тогтоогдсонгүй.”

Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 60 хуудас/

 

1.13. Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтэд: “Б.Нын биед гэмтэл тогтоогдсонгүй.”

Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 64 хуудас/

 

1.14. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 3-4 хуудас/

 

1.15. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 5-9 хуудас/

 

1.16. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 10-13 хуудас/

 

1.17. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 14 хуудас/

 

1.18. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 90 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Ныг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.О нар нь гэм буруугийн дүгнэлтэндээ гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болохоо илэрхийлсэнийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Насанд хүрээгүй хохирогч О.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай ээж ээлжийн амралтын 900 000 орчим төгрөг авсан байсан нь миний эмчилгээнд нааш цааш яваад дууссан. Жолооч Нын зүгээс миний эмчилгээнд зориулж 600 000 төгрөг өгсөн. Надад жолооч Нт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

 

2.2. Иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би өөрт учирсан хохирол болох 70-17 ГСА улсын дугаартай автомашины үнэлгээтэй танилцсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээнд дурдсан 2 463 000 төгрөгийг Н бэлнээр төлж барагдуулсан. Хохирол бүрэн төлж барагдсан тул надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/

 

2.3. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Одоо манай охин Уын биеийн байдал зүгээр болсон бөгөөд бид нарын хувьд Нт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

 

2.4. Гэрч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Нын төрсөн эгч нь байгаа юм. Н зан байдлын хувьд даруу төлөв, урд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, архи уудаггүй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37 хуудас/

 

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 86 хуудас/

 

2.6. Б.Нын ажлын газрын тодорхойлолт /х.х-ийн 88 хуудас/

 

2.7. Хохирогч О.У, иргэний нэхэмжлэгч Ц.О нарт хохирлыг шилжүүлсэн Хаан банкны зарлагын баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Умба тайжууд овогт Бын Ныг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Нт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА