| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2338002960068 |
| Дугаар | 2025/ДШМ/55 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Р.А |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/55
2025 11 12 2025/ДШМ/55
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Э.Гэрэлтуяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Уртбаяр,
Нарийн бичгийн дарга: Ц.Б нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/632 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гэрэлтуяагийн гаргасан эсэргүүцлээр Р.Ат холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Тайж овогт Райн А, 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Б дүүрэг,00 дугаар хороо 000 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдэрлэсэн /регистрийн дугаар 000 /.
Р.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 0 дугаарсарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Г сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт амь хохирогч С.Птай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохисны улмаас тархины суурин тараагуур судасны цүлхэн хагарсны улмаас тархины аалзан хальсан доор цус харваж нас барсан буюу “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/632 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Р-н А-т холбогдох эрүүгийн 000дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Р.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гэрэлтуяа эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцзэгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгчийн захирамжийн үндэслэлийн тухайд:
1.Шүүгчийн захирамжид “Хавтаст хэргийн 139-140, 142 дугаар талд гэрч Х.Д, Д.Б нарын мэдүүлэгт: Та Р.Аийг цагдаагийн байгууллагад ямар хэргийн улмаас шалгагдаж байгаа болохыг мэдэх үү? Хэрэв мэдэх бол хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг ярина уу? Та Р.Аийг сурч байсан сургууль, төгссөн эзэмшсэн мэргэжил хувийн амьдрал ахуй, ааш зан чанарын талаар дэлгэрэнгүй ярина уу?.. гэх асуултыг тавиагүй, мэдүүлэг аваагүй орхигдуулсан, мөн гурваас доошгүй гэрчээс мэдүүлэг авах шаардлага хангагдаагүй байх тул ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Г.Иийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн даалгавар бүрэн биелэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна...” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Тухайн хүн мэдүүлэг өгөхдөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэх зүйлээ ярина. Ярьж дууссаны дараа ярьсан зүйлтэй нь холбогдуулан түүнд тодруулах асуулт тавьж болно” гэж заасан ба мөрдөгчийн даалгаврыг хүлээн авсан тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Б нь гэрчээс өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулан дээрх асуултуудыг асуух шаардлагагүй гэж үзэж, мөрдөгчийн даалгаварт заасан дээрх асуултуудыг асуугаагүй нь даалгавраар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх боломжгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт нь мөрдөгчийн бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан байна.
Үүнээс гадна яллагдагчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор гэрч Ц.Дыг дуудахад мэдүүлэг өгөхгүй талаараа хэлж, мэдүүлэг өгөөгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар прокуророос урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан саналдаа дурдсан байхад “гэрч Ц.Дын дахин мэдүүлэг өгсөн баримт хэрэгт байхгүй, эрүүгийн 000хавтаст хэрэгт байх ёстой нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж шүүхээс дүгнэлээ” гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн яллагдагчийн хувийн байдлыг тогтоохын тулд гурваас доошгүй гэрчээс мэдүүлэг авах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилж өгөөгүй байхад дээрх шаардлага хангагдаагүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.
2. Шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байх бөгөөд хохирогч Ц.Ч, гэрч П.Б, Ц.Б, С.О нарын өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь Ж.Оын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул Ж.Оаас мэдүүлэг авах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж шүүхээс үзлээ. ...Хууль сануулсаар байтал гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд худал мэдүүлэг өгсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болсон бол гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.
Учир нь гэрч Ж.Оын 000 оны 0 дугаарсарын 16-ны өдөр өгсөн “...П, А 2 намайг байх үед тийм зүйл болоогүй. Тийм юм болоочгүй байх гэж бодож байна” гэх, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн “Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэх мэдүүлгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн байна.
Гэрч Ж.Оын мэдүүлгийг прокурорын яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар үнэлж, дурдаагүй ба хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэв анхан шатны шүүхээс гэрч Ж.Оаас дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзвэл гэм буруугийн шүүх хуралдаанд гэрч Ж.Оыг оролцуулж, мэдүүлэг авах боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш байна.
3. Гуравдахь үндэслэлийн тухайд:
Хэрэгт Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 000 оны 0 дугаарсарын 30-ны өдрийн 132 дугаартай “...С.П нь тархины суурийн судасны баруун арын холбогч артерийн цүлхэн хагарч тархины аалзан бүрхүүл доорх цус харвалтын улмаас нас баржээ...” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Г, Н.Э, Б.Д нарын 000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 998 дугаартай “... Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн №132 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...Талийгаач нь тархины суурийн тараагуур судасны цүлхэн хагарсны улмаас тархины аалзан хальсан доор цус харваж нас баржээ...” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Б, О.Н, О.Б, С.Ч, Ш.Ц нарын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаартай “1.Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 000 оны 0 дугаарсарын 30-ны өдрийн №132 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №998 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. Цогцос шинжилгээний №132 дугаартай болон шарил шинжилсэн №998 дугаартай шинжилгээнүүдэд тархины суурийн судасны цүлхэнт өөрчлөлт тогтоогдож байна...” гэх дүгнэлт тус тус авагдсан ба дээрх дүгнэлтүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, бие биенээ үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтүүд нь өөр, өөр эргэлзээ төрүүлэхүйц байна гэж анхан шатны шүүхийн захирамжид дурдсан нь үндэслэлгүй байна.
Шүүгчийн захирамжид “Тодруулбал хэрэгт амь хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, түүний амьдралын хэвшил /тамхи татдаг эсэх, удамшил, өвчтөний эрүүл мэндийн карт, эмнэлгээр үйлчлүүлсэн лавлагаа/, гэрч Г.Сгийн өгсөн мэдүүлэг, яллагдагч Р.Аийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжээч эмч нарт танилцуулан нөхцөл байдлын мэдээлэл дээр тулгуурлан, мөн эмнэл зүйн шинжээр буюу цус алдалтын тархалт, хэлбэр зэргийг тодруулан амь хохирогчийн тархины цүлхэн гэмтлээс буюу тархи руу цохих үед хагарсан уу, даралт ихсэлт бусад өвчний улмаас үүсэж хагарсан уу гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзлээ” гэж дурдсан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 33 дугаар зүйлд” Шүүх эмнэлгийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага”-ыг тусгасан ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд “Хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээний объект болох эмнэлгийн баримт бичиг нь баталгаажсан эх хувь байна” гэж заасан.
Шүүгчийн захирамжид дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргийг шинжээч эмч нарт танилцуулж, амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй ба анхан шатны шүүхээс тусгай мэдлэг бүхий дүгнэлт гаргасан гэх шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулан тодруулах шаардлагатай гэж үзсэн нөхцөл байдлыг тодруулах боломжтой юм.
Иймд мөрдөгч, прокурор нотолвол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.
Шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:
Шүүгчийн захирамжид 1 дүгээр талд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чийг Д.Ч гэж, 5 дугаар талд хохирогч Д.Ч гэж, 6 дугаар талд “нэр бүхий хохирогч Д.Ч” гэж зөрүүтэй тусгажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/632 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш, захирамж гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Р.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 0 дугаарсарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Г сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт амь хохирогч С.Птай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохисны улмаас тархины суурин тараагуур судасны цүлхэн хагарсны улмаас тархины аалзан хальсан доор цус харваж нас барсан буюу “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх яллагдагчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлэг товлон зарлаж, хэлэлцүүлгээр “талуудын гаргасан тайлбар, дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй” гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэл зааж, шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/632 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүд тогтоогдсон тохиолдолд шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалттай.
Хэрэгт авагдсан гэрч Х.Д, Д.Б нарын мэдүүлэг /1-р хх-н 139-140, 142-р тал/, мөрдөгчийн даалгавар /1-р хх-н 128/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чийн мэдүүлэг /1-р хх-ийн 50-54, 67-68-р тал/, гэрч П.Бын мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р тал/, гэрч Г.Сгийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76, 79-80-р тал/, гэрч Ц.Бийн мэдүүлэг /1-р хх-ийн 85-86-р тал/, гэрч С.Оийн мэдүүлэг /1-р хх-ийн 92-93-р тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгзэний хэлтсийн шинжээч эмч Г.А 000 оны 0 дугаарсарын 30-ны өдрийн 132 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 149-153-р тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Бийн 000 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 514 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 159-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Г, Н.Э, Б.Д нарын 000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 998 дугаартай “...дүгнэлт /1-р хх-ийн 163-167-р тал/, Шинжээч Б.Гийн мэдүүлэг /1-р хх-ийн 189-190-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Б, О.Н, О.Б, С.Ч, Ш.Ц нарын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 173-179-р тал/, Шинжээч С.Чийн мэдүүлэг /1-р хх-ийн 184-185-р тал/, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 206-208-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.А, Э.М нарын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 983 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 214-216-р тал/ зэргийг харьцуулан судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь мөрдөгчийн даалгаварт заасны дагуу Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Б нь гэрч Х.Д, Д.Б нараас мэдүүлэг авсан байх ба гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, тэднээс нэмэлт тайлбар, санал, хүсэлт, гомдол гаргах боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
Мөн яллагдагчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор гэрч Ц.Даас дахин мэдүүлэг аваагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч, гэрч П.Б, Ц.Б, С.О нарын өгсөн мэдүүлэг нь гэрч Ж.Оын өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдсэн гэх байдлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул энэ нь
шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй.
Нөгөө талаар Г сумын Нүхт багийн Засаг даргын “..Ж.О нь Г сумын нүхт багт байнга оршин суудаг иргэн бөгөөд одоо хаана байгаа нь тодрохойгүй байна...” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 143 тал /, Прокурорын мэдэгдэх хуудас /1-р хх-ийн 144-р тал/, гэрч Ж.О нь оршин суугаа хаяггүй, хаана байгаа нь тодорхойгүй дахин мэдүүлэг авах шаардлагатай гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын хугацааг удаа дараа сунгасан байх хэдий ч шүүх гэрч Ж.Оаас дахин мэдүүлэг авах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг өөрийн шийдвэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу гүйцэтгэх боломжтой.
Түүнчлэн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж болох зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д хуульчилсан бөгөөд энэ тохиолдолд шүүхээс гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Нөгөөтэйгүүр хохирогчийн нас барсан байдлыг тогтоох шинжилгээг хийсэн шинжээч, шинжээчийн бүрэлдэхүүнээс гаргасан дээрх дүгнэлтүүдийг харьцуулан судлахад хоорондоо эрс зөрүүтэй, бие биенээ үгүйсгэсэн гэх байдал тогтоогдоогүй, шинжээч нараас гаргасан дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг авсан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэл, шинжилгээ хийсэн арга аргачлал, шинжилгээний явц, үр дүн, дүгнэлтийн бүтэц, хэлбэр, агуулга зэргийг тал бүрээс нь харьцуулан судалж, дүгнэлтийг үндэслэл бүхий байдлаар үнэлэх учиртай.
Шүүгчийн захирамжийн удиртгал, тодорхойлох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чийг “Д.Ч”, “Д.Ч”, “нэр бүхий хохирогч Д.Ч” гэх байдлаар зөрүүтэй тусгасныг анхаарвал зохино.
Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/632 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Р.Ат урд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ