Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 356

 

 

 

 

                                                

 

 

                                               

 

                                      

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч З.Б,

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б-д холбогдох эрүүгийн 1810 0145 20425 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч З.Б нь 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Б.Г-ыг хөгшин хүнтэй маргалдлаа гэх шалтгааны улмаас түүн рүү архины шил шидэж дух хэсэгт нь онож бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.  Шүүгдэгч З.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 8-14 насны 3 хүүхэдтэй. Би одоогийн байдлаар ажилгүй байгаа. Манай нөхөр улирлын чанартай ажил хийдэг. Сард 500.000-600.000 төгрөгийн орлого олдог. Хэрэг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21-22 цагийн хооронд болсон. Энэ өдөр Б.Г манайд ирээд манай аавтай маргалдаад байсан. Би хохирогчид томографийн мөнгө төгрөгийг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Түүний эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан миний буруу. Өмнө нь нэхээд байхаар нь би төлөх гээд утсаар холбогдоход аваагүй. Би гэр нь хаана байдгийг мэдэхгүй.  Хохирогч манай хадам аавын дагавар хүүхэд байгаа. Тэгээд тухайн өдөр миний ээжийг чи алсан гээд хадам аав руу дайраад байхаар нь би уурлаад архины шил авч шидсэн. Тухайн өдөр би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд би толгойных нь цусыг нь арчиж өгөөд эмнэлэг явъя гэхэд би зүгээр гээд машинд ороод унтсан. Маргааш өглөө нь хохирогчтой эмнэлэг хамт явахад согтуу байсан. Манайд хадам аав эмээлтэд бага хүүтэйгээ амьдардаг. Хэрэг болсоноос хойш би хохирогчтой нэг удаа уулзсан. Би хохирогчоос уучлалт гуйгаагүй. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Хүний биед гэмтэл учруулсан миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1810 0145 20425 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эгч Н-гийн гэрт байж байтал манай ээжийн хамтран амьдрагч байсан Ж гэдэг хөгшин орж ирээд, “би тэтгэвэрээ авах гэсэн юм, Нисэх хүргээд өгөөч” гэхээр нь хамт явсан. Тэгээд Ж-гийн хүү Б-гийнх байдаг тул тэднийд очсон. Тэндээсээ Б-г эхнэр Б-ынх хамт аваад Нисэхийн Хаан банкинд хүргэж өгсөн.

Ж ах тэтгэвэрээ авчихаад “Б-гийн гэрт очно” гэхээр нь тэр гурвыг Туул тосгонд хүргэж өгсөн юм. Тэгтэл Ж ах болон Б нар нь “орой болсон байна,  хоноод яв” гээд, ... Ж ах Б-д 0.75 литрийн савалгаатай Хараа нэртэй 1 шил архи авч өгсөн. Тэр архинаас Ж ах, Б, Б нар уусан юм. Орой 22:00 цаг өнгөрч байсан байх, би сайн санахгүй байна Ж ах “энэ муу гөлөгнүүд ээжийгээ алсан” гээд над руу дайраад байсан. Тэгэхэд нь би “настай хүн байж тэгж ярьж болохгүй” гэж хэлсэн чинь Б над руу ширээн дээр байсан 0.75 литрийн Хараа нэртэй архины шилийг шидсэн.  Би ухаан алдсан байсан. Өглөөний 05:00 цагийн үед сэрээд, толинд харахад миний дух хэсэгт язарсан байсан тул ...Ж ах, Б, бид гурав эмнэлэг орж оёдол тавиулсан. Би Шүүх эмнэлгийн №7500 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд бичигдсэн гэмтлийг З.Б нь архины шил шидэж гэмтэл учруулсан. Миний толгой дүүрээд, даралт ихсээд байгаа тул томографын зураг авахуулмаар байна. Зураг авахуулах 180.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8х/,

 

 2. Гэрч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 12:00 цагийн үед ХУД-ийн 13 дугаар хороонд, хаягийг нь сайн мэдэхгүй байна айлд байшингийн газар ухаж байхад манай аав Ж өөрийн дагавар хүүхэд болох Г болон миний эхнэр Б нарын хамт миний ажил хийж байсан газар ирсэн. Манай аав Ж “зээл авах гэсэн чинь батлан даагч хэрэгтэй байна гээд намайг батлан даагч болоод зээл аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би хамт яваад ХУД-ийн 10 дугаар хороо, Нисэхэд Хаан банк орж зээлийг нь авч өгөөд, “эхнэр, бид хоёр автобусаар явъя” гэсэн чинь би “хүргэж өгнө” гээд Г нь машиндаа суулгаад манай гэрт хүргэж өгсөн.

Тэгээд гэрт ороод манай эхнэр Б хоол хийгээд, аав Ж дагавар хүүхэд болох Г нарт хоол аягалж өгөөд хоолоо идэж дуусаад байж байтал манай аав Ж “архи уумаар байна” гээд 0.75 литрийн савалгаатай улаанбаатар нэртэй архи аваад, ... аав Ж, дагавар хүүхэд Г, бид гурав уугаад дуусч байтал Г нь манай аав Ж-д агсан тавьж эхэлсэн.

Тэр хоёр хэрэлдээд байсан, тэгтэл манай эхнэр Б ширээн дээр байсан архины шил аваад Г руу шидсэн чинь толгойн хэсэгт оноод, дух хэсгээс нь цус гарсан байхад нь эхнэр Б цусыг нь цэвэрлэж өгсөн. ... Г нь машиндаа унтана гээд гараад явсан. Тэгээд өглөө 08:00 цагийн үед эхнэр Б, аав Ж, Г нар нь эмнэлэг яваад,  Г нь оёдол тавиулаад,  буцаж манай гэрт ирж байж байгаад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х/

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 7500 тоот дүгнэлтэд:

1. Г-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/,

 

4. Шүүгдэгч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.

Би 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэртээ 3 хүүхдийн хамт байж байхад ... хадам аав Ж, дагавар хүүхэд Г-ын хамт ирсэн. Манай хадам аав Ж “зээл авах гэсэн чинь батлан даагч хэрэгтэй гээд зээл өгөхгүй байна, гээд манай нөхөр Э-ийг батлан даагч болоод өгөөч” гэхээр нь нөхөр, бид хоёр хамт явсан юм.  Тэгээд ...Г нь “гэрт чинь хүргээд өгье” гээд бид хоёрыг машиндаа суулгаад гэр лүү хүргэж өгсөн. Гэрт очих үед манай нөхөр, хадам аав Ж болон Г нар нь 0.75 литрийн савалгаатай Хараа архи, 0.75 литрийн савалгаатай Улаанбаатар нэртэй архи 1 шилийг, нийт 3 шил архи ууцгаасан.

Тэгээд тэд нар согтоод манай хадам аавтай Г нь хоорондоо маргалдаад байхаар нь би Г-т “хөгшин хүнтэй хэрүүл хийгээд, архи ууж чадахгүй байж яах гэж архи уудаг юм” гэж хэлээд газарт байсан Хараа нэртэй 0.75 литрийн архины шилийг аваад шидсэн чинь Г-ын толгойн хэсэгт оноод духнаас нь цус гарсан.

Тэгэхээр нь би түүний цусыг нь арчиж өгөөд “эмнэлэг явъя” гэсэн чинь Г нь өөрөө “хэрэггүй ээ, би зүгээр” гэж хэлээд машиндаа ороод унтаад өгсөн. Тэгээд маргааш нь би Г-тай хамт Шувуун фабрикийн эмнэлэгт очиж духыг нь цэвэрлүүлж оёдол тавиулаад гэртээ буцаж ирсэн. Г аавыг аваад явлаа гэж байсан ба би гэрээсээ гараад найзтайгаа уулзчихаад иртэл явчихсан байсан.

Би шүүх эмнэлгийн №7500 дугаартай дүгнэлттэй танилцсан. Тус дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг би түүнд учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Би нөхөр Ж.Э, том охин А, дунд охин А, бага хүү Э нарын хамт амьдардаг. Би өөрийн буруутай үйлдэлдээ их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 25х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч З.Б нь 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэртээ “ахмад хүнтэй маргалдаж зүй бус харьцлаа” гэх шалтгаанаар Б.Г-тай маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, түүн лүү архины шил шидсэнээс нүүрэн тус газарт нь онож, Б.Г-ын биед “духанд шарх” бүхий хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан үйл баримт:

- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 7500 тоот:

 “Г-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/,

- хохирогч Б.Г-ын: “...Би 2018 оны 06 дугаар сарын 11-ний ...манай ээжийн хамтран амьдрагч байсан Ж гэдэг хөгшин, ... Б-г эхнэр Б-ынх хамт аваад Нисэхийн Хаан банкинд хүргэж өгсөн.

Ж ах тэтгэвэрээ авчихаад “Б-гийн гэрт очно” гэхээр нь тэр гурвыг Туул тосгонд хүргэж өгсөн юм. Тэгтэл Ж ах болон Б нар нь “орой болсон байна,  хоноод яв” гээд, ... Ж ах Бд 0.75 литрийн савалгаатай Хараа нэртэй 1 шил архи авч өгсөн. Тэр архинаас Ж ах, Б, Б нар уусан юм. Орой 22:00 цаг өнгөрч байсан байх, би сайн санахгүй байна Ж ах “энэ муу гөлөгнүүд ээжийгээ алсан” гээд над руу дайраад байсан. Тэгэхэд нь би “настай хүн байж тэгж ярьж болохгүй” гэж хэлсэн чинь Б над руу ширээн дээр байсан 0.75 литрийн Хараа нэртэй архины шилийг шидсэн. ...миний дух хэсэгт язарсан байсан тул ...Ж ах, Б, бид гурав эмнэлэг орж оёдол тавиулсан. Би Шүүх эмнэлгийн №7500 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэнд бичигдсэн гэмтлийг З.Б нь архины шил шидэж гэмтэл учруулсан. Миний толгой дүүрээд, даралт ихсээд байгаа тул томографын зураг авахуулмаар байна. Зураг авахуулах 180.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8х/,

- гэрч Ж.Э-ийн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ...гэрт ороод манай эхнэр Б хоол хийгээд, аав Ж дагавар хүүхэд болох Г нарт хоол аягалж өгөөд хоолоо идэж дуусаад байж байтал манай аав Ж “архи уумаар байна” гээд 0.75 литрийн савалгаатай улаанбаатар нэртэй архи аваад, ... аав Ж, дагавар хүүхэд Г, бид гурав уугаад дуусч байтал Г нь манай аав Ж-д агсан тавьж эхэлсэн.

Тэр хоёр хэрэлдээд байсан, тэгтэл манай эхнэр Б ширээн дээр байсан архины шил аваад Г руу шидсэн чинь толгойн хэсэгт оноод, дух хэсгээс нь цус гарсан байхад нь эхнэр Б цусыг нь цэвэрлэж өгсөн. ...Өглөө 08:00 цагийн үед эхнэр Б, аав Ж, Г нар нь эмнэлэг яваад,  Г нь оёдол тавиулаад,  буцаж манай гэрт ирж байж байгаад явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 36-37х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Г-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч З.Б түүний нүүрэн тус газарт архины шил шидсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч З.Б нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч З.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч З.Б-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.       

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Тухайн хэргийн хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 188.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаас баримтаар тогтоогдож буй шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрийн 8000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх эмчилгээний зардлын гэх 180.000 төгрөгийн талаар баримт хэрэгт авагдаагүй тухайн нэхэмжлэлд холбогдох шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь 180.000 төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч З.Б нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч З.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 25х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.    

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдэгдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт З.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-аас 8.000 /найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Г-т олгож, хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардалд нэхэмжилсэн 180.000 төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт З.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БАЗАРХАНД