Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/25

 

*******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******

Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2222001770065 тоот хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овгийн *******ын , Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Дундговь аймгийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: );

Шүүгдэгч: овгийн ын , Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлага мэргэжилтэй, Монгол бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, (РД: );

Шүүгдэгч: овгийн ын , Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Дундговь аймгийн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух хаягтай, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: );

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргаар ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина, 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд хяналт тавих”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-д заасан “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний хэрэгжилтийг хангуулах, гэрээ байгуулсан тухай мэдээллийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх”, мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 12.2.5-д заасан “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан “нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих” гэснийг тус тус зөрчиж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, биологийн болон техникийн нөхөн сэргээлт явуулах тусгай зөвшөөрөлгүй “” ХХКомпанитай Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өндөр элст овоо” гэх газарт ухагдаж, эвдэрсэн 2 га газрыг нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар ухагдаж эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулж эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж тус компанид 100-150 га талбайд ашиглалт явуулах давуу байдал бий болгосны улмаас “” ХХКомпани нь нөхөн сэргээлт хийх талбайд байх овоолго шорооноос 314.5 тонн ашигт малтмалыг ялгуулж, ашиглалт явуулан, байгаль экологид 32,349,563 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь “” ХХКомпаний захирлаар ажиллахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэснийг зөрчиж, Дундговь аймгийн Гурвансайхан сумын засаг дарга *******тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өндөр элст овоо” гэх газарт ухагдаж, эвдэрсэн 2 га газрыг техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 100-150 га газарт ажиллах гэрээг байгуулж, улмаар тус хууль бусаар эвдэгдсэн гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр овоолго шорооноос 314.5 тонн ашигт малтмалыг ялгуулж, ашиглалт явуулан, тус аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Болор жонш" ХХКомпаний жонш бутлуурын үйлдвэр рүү тээвэрлэж, байгаль экологид 32,349,563 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн хуулийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх" гэснийг тус тус зөрчиж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын тодорхойлолтод заасан эрх мэдлийг хэтрүүлж, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 05/1184 дугаартай нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах тухай албан бичгийг боловсруулан Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга *******т хүргүүлж, хийх ёсгүй үйлдлийг хийж, “” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нар, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт тус бүрд нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч *******, *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь Байгаль орчин уур амьсгалын санд 16,500,000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 15,849,563 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал 748,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,4,5 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дундговь аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 314 тонн 500 килограмм жоншийг хураан авч улсын орлого болгон, шүүгдэгч *******ын төлөх хохиролд зарцуулж, шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнэ 664,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс ******* намайг Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4-р багийн нутаг дэвсгэр Өндөр элст овоо гэх газарт нөхөн сэргээлт хийх гэрээг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй Төв боржигон тур ХХК- тай байгуулж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.

Миний бие Төв боржигон тур ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээг байгуулахдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт санаа зорилгыг огт агуулаагүй, Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн 2022.08.09-ний өдрийн 05/1184 тоот албан бичгийг үндэслэн гэрээг байгуулсан.

Хэрэгт авагдсан дараах баримтууд эргэлзээтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, миний уг асуудалд гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал хангалттай бий болсныг шүүх анхаарч үзэлгүй хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1. Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга ******* нь 2022.08.09-ний өдрийн 05/1184 тоот албан бичгээр “ Нөхөн сэргээлт -2024 ажлын хүрээнд танай сумын нутаг дэвсгэрт байрлах 4501643.22,И 107°31 47.83Е солбилцлын цэгтэй Долоод нэртэй газарт нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулж тайланг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст ирүүлнэ үү” гэх үүрэг даалгавар өгсний дагуу миний бие “ Нөхөн сэргээлт-2024 ажлын хүрээнд нөхөн сэргээлт хийлгэх шаардлагатай юм байна гэж хүлээж авсан.

******* нь намайг утсаар ярьж, биечлэн уулзаж нөхөн сэргээлтийн талаар асуусан гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт нотлогдоогүй, би тухайн цаг хугацаанд огт ******* гэдэг хүн рүү ярьж холбогдож, нөхөн сэргээлтийн талаар асуугаагүй.

Харин шүүх хуралдаан дээр ******* нь өөрийн эрх хэмжээний хүрээнд болон дээд газраас ирүүлсэн хугацаатай албан бичгийн дагуу явуулсан гэж мэдүүлсэн.

Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад “нөхөн сэргээлт хийхийг даалгах” эрх хэмжээ байхгүй байж над руу 2022.08.09-ний өдрийн 05/1184 тоот албан бичгийг хүргүүлснээс болж би өнөөдөр энэ хэрэгт ял шийтгэгдээд байна.

2. Миний бие дээрх албан бичгийг хүлээн авч, сум орон нутагт нөхөн сэргээлт хийх шаардлагатай газар маш олон байсан учраас нэг ч гэсэн газраа бүрэн бүтэн болгож авъя гэсэн санаа бодлыг агуулж, 2022 оны 08 сарын 11-14-ний хооронд “Эдмоор” ХХК, “Алтанговь алтай” ХХК, “Хан хасдрейд” ХХК гэх 3 компанид... Долоод нэртэй газарт нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах гэж байгаа тул хамтран ажиллах санал хүргүүлж, албан бичиг хүргүүлсэн. Дээрх 3 компани хамтран ажиллах боломжгүй талаар хариу ирүүлсэн байдаг.

3. Миний бие тухайн үед “Төв боржигон тур” ХХК-нд нөхөн сэргээлт хийх талаар хамтран ажиллах албан бичгийг огт хүргүүлээгүй байтал тус компанийн захирал *******аас 2022.08.11-ний өдрийн №25 тоот албан бичгээр “...Гурвансайхан багийн нутаг Долоод нэртэй газарт хулгайгаар жонш олборлож, эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийг өөрсдийн зардлаар хийх боломжтой. Цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна" гэх албан бичгийг ирүүлсэн.

Гурвансайхан сумын ЗДТГ-аас “Төв боржигон тур” ХХК-нд энэ талаар огт албан бичиг хүргүүлээгүй талаар хэргийн материалд нотлох баримт, албан бичиг авагдсан байгаа.

Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс 2022.08.09-ний өдөр “Нөхөн сэргээлт хий” гэсэн албан тоот ирүүлж, “Төв боржигон тур” ХХК-аас 2022.08.11-ний өдөр “нөхөн сэргээлт хийе” гэсэн албан тоотууд ирээд байгаа нь эргэлзээтэй санагддаг. Яагаад нэг нь эрх хэмжээгүй байж нөхөн сэргээлт явуул гэсэн албан тоотыг явуулаад, нэг нь нөхөн сэргээлтийн талаар албан тоот хүргүүлээгүй байхад, хаанаас мэдсэн нь тодорхойгүйгээр нөхөн сэргээлт явуулъя гэж албан тоот ирүүлээд байгааг шалгаагүй, гомдолтой байна.

Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс, “Төв боржигон тур” ХХК-аас албан тоотууд ирэхэд би зөвхөн л сумын газар нутгаа л бүтэн болгож авъя гэсэн бодол төрж байснаас ямар нэгэн хууль бус үйлдэл хийе, ашиг хонжоо олъё гэсэн санааг огт агуулаагүй.

“Төв боржигон тур” ХХК-тай 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан “ Хууль бусаар ухагдаж эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх” гэрээний 2.2.6-т “Нөхөн сэргээлт хийж байх явцад ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх үүргийг *******ад хүлээлгэсэн байдаг. Үүнийг шүүх анхаарч үзээгүй.

Иймээс надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

           4.  Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Бид анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Үндэслэх хэсэгт: ******* нь өөрийн эрхэлж байсан Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалыг ашиглан нөхөн сэргээлт хийх тухай албан бичгийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын засаг дарга *******т хүргүүлсэн, шүүгдэгч ******* өөрийн эрхэлж байсан Гурвансайхан сумын Засаг даргын албан тушаалаа ашиглан уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй “Төв боржигонтур” ХХК-ны захирал *******тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, шүүгдэгч *******ад техникийн нөхөн сэргээлт хийх нэрийн доор тусгай зөвшөөрөлгүйгээр овоолго шорооноос жонш ялгуулж Болор жонш ХХК-ны үйлдвэр рүү тээвэрлэх боломжийг олгож байгаа нөхцөл байдал нь нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдлүүд байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, *******т үндэслэлгүйгээр ял халдаасан тул доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. *******ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй болох талаар:

******* нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах 45°1643.22N107°31 47,83Е Өндөр элст овоо /Долоод/ хэмээх газарт нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах тухай 2022 оны 08 сарын 09-ний өдрийн 05/1184 дугаартай албан бичгийг боловсруулан Гурвансайхан сумын засаг дарга *******т хүргүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй юм. Учир нь ******* нь Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмаар машины зогсоолын зүүн хойд хэсэг дээр таараад “ухагдсан газар дээр нөхөн сэргээлт хийлгэх гээд байна, тиймээс албан бичиг шаардлагатай байна. Миний хувьд нэг компани олсон байгаа, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж өгье гэсэн " гэж хэлэхэд нь БОАЖЯамнаас “Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээг хэрэгжүүлэх албан бичиг ирсэн байсан учраас болох байх гэдэг хариуг хэлээд явуулсан. Дараа нь 2022 оны 08 сарын эхээр Гурвансайхан сумын засаг дарга ******* утсаар ярьж албан бичиг авъя гэхэд нь нөхөн сэргээлт хийх газрын нэр, солбицол хэрэгтэй гэж хэлээд нэмэлтээр ирүүлсэн мэдээллийг нь тус хэлтсийн мэргэжилтэн төлөвлөсөн албан бичигтээ нэмж засварлан үйлдсэн байдаг.

Гурвансайхан сумын засаг дарга ******* нь дээрх албан бичгийг бус арга хэмжээний хүрээнд хэмээн үндэслэж “” ХХК-тай гэрээ байгуулсан болохоос ******* нь ямар нэгэн компанитай гэрээ байгуулахыг *******т нэр зааж үүрэг болгоогүй, түүний ямар компаниар нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээлт хийлгэх гэж байгаа тухай ч огт мэдээгүй, сонирхож асуугаа ч үгүй байдаг.

Н нь Засгийн газрын “Нөхөн сэргээлт-2024” хөтөлбөр аймгийн төлөвлөгөө, албан тушаалын тодорхойлолтод хамаарах чиг үүргийн хүрээнд Гурвансайхан сумын засаг дарга *******ын хүсэлтээр уг албан бичгийг боловсруулан хүргүүлсэн болно.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэм буруугийн санаатай хэлбэр гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад анхан шатны шүүх тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийлгүйгээр *******ыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Мөн энэхүү гэмт хэргийн объектив талын хувьд Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг, мөн хуулийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал, давуу байдал бий болгосон гэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө, эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу тал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдлийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг заасан.

Иймд гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 08 сарын 09-нд явуулсан албан бичгийг явуулсан учир нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт орсон арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд тодорхой заагдсаны дагуу хийгдсэн ажил. Нөгөө талаар мөн хуулийн 67.1.4-т зааснаар хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох гэсний дагуу хийгдсэн. Албан бичиг гэдэг нь байгууллага хооронд болон бусад хуулийн этгээдтэй албаны аливаа асуудлаар харилцсан бичиг баримтыг хэлдэг. Энэ нь ямарваа нэгэн шийдвэр гаргаж өгсөн зүйл биш. Холбогдох сумын засаг даргад өөрийнх нь хүсэлтийн дагуу хүргүүлсэн албан бичиг. Тухайн газарт нөхөн сэргээлт хийлгэх, нөхөн сэргээлт хийсний дагуу холбогдох тайлан мэдээг ирүүлэх, тухайн ирүүлсэн тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, засгийн газарт тайлагнах тухай албан бичиг. Бусдаар өөрт болон бусдад давуу байдал олгох санаа зорилго байгаагүй. *******ын дурдсанчлан олон нөхөн сэргээх газрууд байдаг. Маш олон удаагийн хулгайн ухалт хийгдсэн. Байсхийгээд асуудал ирдэг. Үүний дагуу ажлын хэсэг томилж явуулдаг боловч эзэн холбогдогч олддоггүй газрууд олон байдаг. 2018 оноос хойш нөхөн сэргээлт хийгдэх шаардлагатай эвдэрсэн газрын тооллого улсын хэмжээнд хийгдсэн. 2022 онд Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт эвдэрсэн газрын хэрэгжилт судалгааны тайланг гаргасан. Үүнийг Сетсюрвэй ХХК гүйцэтгэсэн. Дээрх тайланд эвдэрсэн газруудыг зураг, координаттай нь гаргасан. Үүний дагуу 1 газрыг ч болтугай нөхөн сэргээж авъя гэж дээрх бичгийг хийж явуулсан. Иймд дээрх асуудлыг зөв шударгаар шийдэж өгөхийг хүсэж байна гэв.

6. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. *******ыг засаг даргаар ажиллаж байх хугацаандаа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төв боржигон тур ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан гэж үздэг. 2022 онд ******* Дундговь аймгийн Гурвансайхан сумын засаг даргаар ажиллаж байсан. Гурвансайхан сум нь хууль бусаар жонш олборлосон, эзэн холбогдогч тодорхойгүй, сум удирдаж байгаа хүний хувьд санаа зовохуйц сум. Энэ хүрээнд “Нөхөн сэргээлт 2024” хөтөлбөр явагдаж байсан цаг хугацаанд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс албан тоот ирсэн. Тухайн албан тоотоор Гурвансайхан сумын Долоод гэх газарт нөхөн сэргээлт хийж, холбогдох тайланг ирүүлэх үүрэг чиглэл ирсэн. Үүрэг чиглэл ирсний дагуу ******* нэр бүхий 3 компанид нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээлт хийх талаар албан тоот хүргүүлсэн. Гэвч тухайн 3 компани боломж байхгүй талаар хариу ирүүлсэн. Төсөв батлагдаагүй учир сумын засаг даргад байгаа эрх хэмжээ нь суманд ажиллаж байсан компанид хандах байсан. Тухайн үед Төв боржигон тур ХХК-аас 2022 оны 08 сарын 12-ны өдөр газар нөхөн сэргээх тухай албан тоот ирүүлсэн. Тухайн албан тоотод Гурвансайхан суманд үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байгаа учир сэтгэл гаргая гэдэг агуулгатай байсан. Энэ нь нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн зардлаар нөхөн сэргээлт хийх тухай албан тоот байсан. Энэ албан тоот ямар учраас ирэх болсон нь маш эргэлзээтэй. Аймгаас 2022 оны 08 сарын 09-ны өдөр Гурвансайхан суманд албан тоот очсоныг Төв боржигон тур ХХК яаж мэдсэн нь хэрэгт тогтоогдоогүй. Албан тоот ирсний дагуу тус компанитай нөхөн сэргээх гэрээг байгуулсан. Төв боржигон тур ХХК хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдлуудыг үүсгэсэн нь гэрч Алтангэрэлийн мэдүүлгээр тогтоогддог. гэрч Алтангэрэл нь 2019 онд энэ хэрэгт яллагдагчаар татагдсан ******* Өндөр элст овоо гэх газарт хууль бусаар олборлолт хийх гэж завдсан. Харин хувийн зардлаар нөхөн сэргээлт хийж байсан талаар мэдүүлдэг. Хэргийн зорилго нь Өндөр элст овоо гэх газарт жонш олборлох л байсан. Харин ямар үүрэг даалгавраар Гурвансайхан сумын засаг даргад албан тоот очих болсон, ямар эх сурвалжаар дээрх албан тоот очсоныг Төв боржигон тур ХХК мэдэж тоот ирүүлэх болсныг тогтоож өгөхийг хүсэж байна. Нөхөн сэргээлт хийх ёстой буюу жонш олборлосон газар нь ямар нэртэй газар болох нь мөн эргэлзээтэй. Аймгийн засаг даргын тамгын газраас ирж буй газар нь Долоод гэх нэртэй газар. Гэрээнд дурдагдсан газар нь Долоод гэх газар. Гэтэл хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн дурдсан газрын нэр нь Алтан тэвш гэх нэртэй газар. Дундговь аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын албан тоотод Өндөр элст овоо гэх нэртэй газар. Тэгэхээр гэмт хэрэг гарсан газар тодорхой бус байгаа учир давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учир хянаж өгөхийг хүсье. *******ын хувьд сумын засаг даргаар ажиллаж байгаагийн хувьд орон нутгийн бүрэн бүтэн байдал,  малчдын аюулгүй амьдарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх санаа зовнисон байдалтай байхад Дундговь аймгийн засаг даргын тамгын газраас албан тоот ирсэн. Хамгийн гол нь албан тоотоор хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст зохион байгуулсан тайланг ирүүлэх үүрэг өгсөн. Суманд батлагдсан төсөвгүй учир суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандсан. Нөхөн сэргээх гэрээнд Долоод гэх газарт нөхөн сэргээлт хийх гэрээг л байгуулсан. Тухайн гэрээний 2.2.6-д ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг Төв боржигон тур ХХК-д үүрэг болгосон заалт тусгасан. ******* гэрээ байгуулсан нь буруу гэж үзээд байгаа бол нөхөн сэргээх үйл ажиллагаагаа гэрээнд заасны дагуу хийсэн бол буруу байхгүй байх байсан. Гэтэл хууль бусаар жонш олборлосноор дээрх асуудал үүссэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан гэмт хэргийн обеъктив талын гол шинж нь өөрт давуу байдал бий болгох. ******* энэ гэрээг байгуулснаар өөрт ямар давуу байдал бий болгосон нь тогтоогдоогүй. Удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлэх гэж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан санаа зорилго нь өөрт болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилго агуулаагүй. Иймд *******т холбогдох гэмт хэргийн санаа зорилгын хувьд гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна. Иймээс *******т холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

7. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Гомдлын үндэслэл нь *******ыг буруутгаж байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй. Учир нь энэхүү гэмт хэрэгт дурдагдаж байгаа Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байлах 45.16.43.22N, 107.31.47.83Е гэсэн Өндөр элст, Долоод, Овоо цагаан гэх хэд, хэдэн нэршлээр нэрлэгдэж байгаа гэмт хэрэг үйлдэгдсэн гэж тогтоосон газарт нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах тухай 2022 оны 08 сарын 09-ний өдрийн 05/1184 албан бичгийг боловсруулж, Гурвансайхан сумын засаг дарга *******т хүргүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Учир нь ******* нь Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын үеэр наадмын талбайн машины зогсоолын зүүн хойд хэсэгт *******той таарч ухагдсан газарт нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй байна. Аймгаас албан бичиг шаардлагатай. Би компани олсон, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж өгнө гэсэн зүйлийг хэлсэн байдаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийх тухай сонсож тухайн үед болно гэсэн байдалтайгаар өнгөрсөн. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Нөхөн сэргээлт 2024 онд албан бичиг ирсэн байсан. Тухайн бичиг нь хэлтсийн чиг үүргийн дагуу *******ын хариуцан ажилладаг хэлтэст цохогдсон учир нийгмийн хариуцлагын хүрээнд хийхийг олзуурхан хүлээж авсан. Мөн засгийн газрын дээрх хөтөлбөртэй холбогдуулж Дундговь аймгаас дэд хөтөлбөр батлагдсан. Гэвч тухайн нөхөн сэргээх ажилд ямар нэгэн байдлаар төсөв тавигдаагүй учир нийгмийн хариуцлагын хүрээнд хийхийг олзуурхан хүлээж авсан тухайгаа хэлдэг. Уулзалт болж өнгөрсний дараа дахин *******ын зүгээс 2 удаа утсаар ярьж албан бичиг хэрэгтэй байна гэдэг байдлаар шаардсан байдаг. *******ын хувьд тухайн газрыг мэдэхгүй байсан учир *******аас тодруулж, нэмж ирсэн мэдээллийн дагуу мэргэжилтэн аар төлөвлүүлж явуулсан. Мөн ******* нь мэдүүлэхдээ Төв боржигон тур ХХК-тай тухайн бичгийг үндэслэж гэрээ байгуулсан гэдэг боловч *******ын зүгээс тухайн компанитай гэрээ байгуулах талаар ямар нэгэн үүрэг, чиглэл өгсөн зүйл байдаггүй. Уулзаж хүсэлт тавих болон утсаар ярьж албан бичгийг хүсэхэд нь ямар компаниар нөхөн сэргээлт хийх талаар сонирхож асуусан зүйл байхгүй. Албан бичгийг хийж явуулсан үйлдэл нь засгийн газрын нөхөн сэргээлт 2024 болон аймгийн төлөвлөгөө, өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан хамаарах чиг үүргийн хүрээнд Гурвансайхан сумын засаг дарга *******ын хүсэлтээр хүргүүлсэн. Засгийн газрын нөхөн сэргээлт 2024 хөтөлбөр аймгийн төлөвлөгөө, албан тушаалын тодорхойлолтод  нь нотлох баримтаар хэрэгт авагдсан байдаг. Мөн тухайн үед аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Мөнхбатын гэрчээр өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан. Мэдүүлгээр нөхөн сэргээлтийн асуудал нь *******ын ажиллаж байгаа хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст хамаарах мөн сумдын засаг дарга нарт мэдээлэл өгөх чиг үүрэг байгаа талаар тодорхой хэлсэн байдаг. Нөхөн сэргээлт 2024 төлөвлөгөөнд Дундговь аймгийн засаг даргын тамгын газарт хариуцуулсан байдаг ба тухайн үед ******* нь аймгийн засаг даргын тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэж байсан. Дундговь аймгийн Нөхөн сэргээлт 2024 төлөвлөгөөний 8 дахь заалтад Дундговь аймгийн засаг даргын тамгын газарт хариуцуулсан тухай тодорхой заасан. *******ын эхнээсээ тогтвортой мэдүүлж байсан. Харин ******* болон ******* нарын хувьд зөрүүтэй, тогтворгүй мэдүүлэг өгч ирсэн байдаг. Нөхөн сэргээлт хийх гэрээ нь ******* болон ******* нарын хооронд 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан. Тухайн гэрээ нь хууль бусаар ухагдаж эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээ. Гэрээний 2.2.6-д нөхөн сэргээлт хийх явцад ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг *******ад хүлээлгэсэн. ******* нь дээрх гэрээ болон хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байгаа. Бусдаар *******той шууд хамааралтай үйлдэл биш. Гомдлын дараагийн үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар манай үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож байгаа боловч дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байхыг, учирч буй хор, хохиролд зориуд хүргэсэн байхыг шаарддаг. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтаар анхан шатны шүүх бүрэн бодитой дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлалгүй манай үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Мөн гэмт хэргийн объектив талын хувьд Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, мөн хуулийн 3.1.4-т зааснаар “давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан. *******ын хувьд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай давуу байдал олгосон гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Иймд *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

8. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...анхан шатны шүүхэд хэргийн нотлох баримтуудыг Эрүүгийн хуулийн зүйлчлэлтэй холбож хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, хэрэгт хамааралгүй нотлох баримтуудыг жагсааж энэ хүмүүс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэж хууль зүйн дүгнэлт хийх хэсгийг орхигдуулсан тул гомдол гаргасан байна. Давуу байдал гэдэгт 3 зүйл яръя. Эхний давуу байдал нь субъектив санаа зорилготой зайлшгүй холбогдож байдаг. Авлигын эсрэг хууль, авлигын эсрэг конвенцэд заасан хувийн ашиг сонирхол гэдэг тодорхойлолтой хэрхэн яаж  авцалдаж байгаа эсэх субъектив санаа зорилгод дүгнэлт хийх ёстой. Дүгнэлт хийхийн тулд нотлох баримт хэрэгтэй. *******, ******* гэдэг хүмүүс тухайн жонш олборлосон гэх хүнтэй утсаар, зурвасаар эсхүл ямар нэгэн санхүүгийн, төрөл садан, албан тушаалын холбоо байсан эсэх. Давуу байдал гэдэг нь дээрх зорилгууд. Гэтэл тийм зүйлгүй жонш олборлосон асуудал. Тухайн асуудал нь хууль бусаар байгалийн баялагт халдсан тусдаа зүйл ангиар шийдэгдэх асуудал. Гэтэл нөхөн сэргээлт хийх гэж байсан хүмүүс буруу зүйл хийсний төлөө буруутаж гэмт хэргийн зорилгыг байгалийг нөхөн сэргээх зорилготой холбосон 1 ч нотлох баримтгүйгээр 1 хэрэг болгож явсан нь давуу байдал үүсгэсэнтэй ямар ч холбоогүй. Дараагийн давуу байдал нь Авлигын эсрэг конвенцэд заасан зүй бус давуу байдал. Байгаль орчныг сэргээх шат, шатны үйл ажиллагаа, чиглэлийн хүрээнд энэ 2 хүний санаа бодол нийлж албан бичиг ирүүлж, нөгөө нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийх санал тавьсан талтай гэрээ байгуулсан. Хэрэв гэрээнд заасны дагуу хийгдсэн бол энэ 2 хүний хүсэл гүйцэлдэх байсан. Харамсалтай нь гэрээ байгуулсан этгээд жонш ачиж явсан учраас байгуулсан гэрээ биелээгүй, явуулсан албан бичиг ч хэрэгжээгүй байдалтай болсон. Тухайн хүнийг жонш ачна гэж тухайн нөхөн сэргээх гэрээг байгуулсан, албан бичгийг явуулсан гэж хардаж байгаа бол нотлох ёстой. Нотолгоо байхгүйгээр таамаглаж ял шийтгэл оногдуулж болохгүй. Нөхөн сэргээлт хийх зорилго, байгалийн хэвлийд халдах зорилго нь өөр зүйлс. Энэ 2 хүний зорилгын дундаас хулгайн сэдэл төрсөн хүний зорилготой нотлох баримтгүй холбох нь давуу байдалтай холбогдохгүй байна. Дараагийн давуу байдал нь 1 хүнд хашаа цэвэрлэ гэж хэлэхэд хашаа цэвэрлэж байсан хүн нь сүхийг нь авч явсан нь хашаа цэвэрлэ гэж хэлсэн хүний буруу гэж болохгүй. Харин хашаа цэвэрлэ гэж хэлсэн хүн нь тэнд сүх байгаа би цэвэрлэ гэж хэлье, чи тэр сүхийг аваарай гэсэн бол түүнийг нотлох шаардлагатай гэж хэлэхийг хүсэж байна. 3 хүнийг байгалийн хэвлий рүү субъектив санаа зорилготой нийлж халдсан гэдэг агуулгаар яллачхаад гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэр дээр ямар ч дүгнэлт, хууль зүйн дүгнэлт байхгүй. Нийгмийн халдлагын зүйл нь санаа бодлоороо урьдчилан үгсэн тохирсон эсвэл үйлдлээрээ нэгдсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй анхан шатны шүүх шийдсэн. Нийгмийн аюулын шинж гэмт хэрэгт заавал байх ёстой. Нөхөн сэргээлт хийнэ гэдэг нь нийгмийн аюулын шинж чанартай зүйл биш. Харин нийгэмд хэрэгтэй, байгаль дэлхийд хэрэгтэй зүйл. Харин нийгмийн аюулын шинж чанартай зүйл нь тухайн жоншийг авсан этгээд 1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дугаар талд ын анх хууль сануулж гэрчээр өгсөн мэдүүлэгт нөхөн сэргээлт хийх агуулгатай зүйл сумын засаг дарга ярихад тэгье гэж хэлсэн. Албан бичиг явуулж, гэрээ байгуулж тухайн нөхөн сэргээлт хийж байх үедээ би зардал гаргаад байна гэдгээ мэдүүлсэн. Санаа сэдэл нь хэзээ төрснөөс үл хамаарч энэ 2 хүнтэй холбоотой ямар нэгэн санаа зорилгоор нэгдсэн гэдэг зүйл огт яриагүй, түүнийг нотолсон 1 ч баримт байхгүй. Албан бичгийн дараа 3, 4 компанид хандсаныг өмгөөлөгч хэллээ. Хэрэв эдгээр компаниас аль 1 нь дээрх ажлыг хийсэн бол Төв боржигон тур ХХК нь байхгүй байсан. Энэ нь эдгээр 2 хүнтэй санаа зорилго нэгтэй гэдэг нь нотлогдохгүй байгаагийн нотолгоо. Гэмт хэргийн хамтран оролцоонд хэрэв энэ 2 хүнийг зүй бус давуу байдал, хууль бус давуу байдал бий болгох гэж албан бичиг бичсэн, гэрээ байгуулсан гэж үзвэл газрын хэвлийд халдсан хэрэг хамт татагдах ёстой. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан татаагүй бол санаа зорилго нь холбогдохгүй. Байгаль орчин нөхөн сэргээх гэдэгт хамжсан гэдэгт хамжигчаар татах боломжгүй. Учир нь гэмт хэрэг биш. Иймд хамтран оролцоо нь байхгүй болсон гэж харж болохоор байна. Шүүхээс хувийн болон бусдад давуу байдлыг яаж олгосон, ямар санаа зорилго байсныг, хамтран оролцоо, давуу байдал зэрэгт дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна гэв.

9. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: *******ын гомдлын тухайд *******, *******ын 1184 дугаартай албан бичиг ирүүлсний дагуу Төв боржигон тур ХХК-тай гэрээ байгуулсан. Улмаар тус компани нөхөн сэргээлт хийхгүй, жонш олборлож тээвэрлэсэн үйл явдал тогтоогдсон гэдэг. Гэтэл албан бичгээр ирүүлсний дагуу гэрээ байгуулсан гэх боловч хуульд зааснаар нөхөн сэргээлт хийх эрхтэй этгээд мөн эсэх талаар хуульд зааж өгсөн байдаг. Өндөр элст овоо гэдэг газар нь “Нөхөн сэргээлт 2024”, нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлагатай газрын жагсаалтад ороогүй байсан, мөн *******ын хувьд Гурвансайхан сумын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа уг газарт очиж үзэж байгаагүй гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлагатай гэдэг нь тогтоогдоогүй байхад гэрээ байгуулсан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 41-42, 3 дугаар хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан Нямтуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэгт авагдсан. Уг мэдүүлэгт Дундговь аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2022 оны 4 сарын 11-ний өдөр 63 дугаартай албан бичгээр нийт сумдын засаг дарга нарт албан бичгийг хүргүүлсэн буюу сумдын засаг дарга нарт өөрсдийн нутаг дэвсгэрт эвдэрсэн газрын судалгааг гаргаж албан бичгээр ирүүлэх талаар үүрэг өгсөн байхад Гурвансайхан сум тухайн албан тоотын хариуг 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан. Уг хариунд Гурвансайхан сумын нутагт Өндөр элст овоо гэх газар нь нөхөн сэргээлт шаардлагатай газарт ороогүй. Харин Цагаан дэл, Хүрэн дэл, Овоо цагаан, Хонин овоо, Баян тээг гэх газрууд зайлшгүй нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэсэн албан тоот хүргүүлсэн. *******ын нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж тухайн ажлыг хийлгэх нь Ашигт малтмалын тухай хуульд авагдсан сумын засаг даргад олгогдсон эрх биш. Зөвхөн сумынхаа нөхөн сэргээх ажлын төсвийг иргэдийн хурлаар оруулж, төсөв батлуулах, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай нөхөн сэргээлт хийж байгаад хяналт тавих эрх үүрэгтэй албан тушаалтан байсан. Гэтэл *******тай холбогдож улмаар *******т хүсэлт тавьж түүнээс ирсэн албан бичгийн дагуу гэрээг байгуулж биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх эрхгүй Төв боржигон тур ХХК нь жонш олборлож байгаль орчинд хохирол учруулсан нь бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байна. *******ын хувьд *******ын гуйсны дагуу дээрх албан бичгийг явуулсан гэдэг. “Нөхөн сэргээлт 2024” хөтөлбөрийн хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж ******* ажлын хэсэгт орсон. *******аас дээрх газрын координат утсаар билүү мессежээр ирсний дагуу 1 газрыг ч гэсэн хэвийн болгох үүднээс албан тоотыг өгсөн гэдэг. Тухайн албан тоотын хариуг мэргэжилтэн аар төслийг бичүүлж, улмаар миний бие хянаж засварлаад хүргүүлсэн. Хянаж засварлахдаа яаж засварлах эрхтэй байсан эсэх, 2022 оны 07 сарын 20-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 3968 дугаартай  албан бичигт дурдагдсан нөхөн сэргээлт хийхэд дурдагдсан зайлшгүй шаардлагатай газар мөн эсэхийг тодруулах, 3968 дугаартай албан бичигт дурдагдаагүй газрыг шалгасан бол яагаад албан бичиг явуулах болсон гэх асуудлууд гарч байгаа. Үүнд тайлбар өгөхдөө *******ын удаа дараа шаардсаны дагуу тус албан бичгийг мэргэжилтнээр боловсруулж хянаж засварлаад хүргүүлсэн. Гэвч тус газрыг шалгаж нягтлах үүрэгтэй байсан үүргээ биелүүлээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан түүний мэдүүлгээр тогтоогдсон. Энэ нь өөрийн хянаж шалгах албан үүргээ гүйцэтгэлгүй *******ын гуйснаар хүргүүлсэн гэдэг нь төрийн нэрийн өмнөөс бусад этгээдтэй харилцах, хуульд заасан чиг үүргийг биелүүлээгүйн улмаас ******* нь Төв боржигон тур компанитай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж байгаль орчинд хохирол учирсан үйл баримт тогтоогддог. Хэргийн газарт мөрдөгч, Дундговь аймгийн Газрын харилцааны мэргэжилтэн Ууган-Эрдэнэ нарын мэдүүлэг, холбогдох албан тоотуудаар тухайн газрыг тогтоосон тул бүрэн тогтоосон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

             Хэргийн бүх ажиллагааг хянахад *******, *******, ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Прокуророос шүүгдэгч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн “” ХХКомпаний захирлаар ажиллахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэснийг зөрчиж, Дундговь аймгийн Гурвансайхан сумын засаг дарга *******тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өндөр элст овоо” гэх газарт ухагдаж, эвдэрсэн 2 га газрыг техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 100-150 га газарт ажиллах гэрээг байгуулж, улмаар тус хууль бусаар эвдэгдсэн гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр овоолго шорооноос 314.5 тонн ашигт малтмалыг ялгуулж, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь  бодит байдалд нийцээгүй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлснээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.  

 Прокуророос *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаас үзэхэд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Хууль бусаар ухагдаж эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээ”-г Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга *******тай Төвборжигонтур компанийн нэрийн өмнөөс захирал ******* байгуулсан гэрээ авагджээ. Гэтэл яллах дүгнэлтэд  *******ыг иргэний хувиар тус гэрээг байгуулсан гэж үзэх болсон үндэслэлийг анхан шатны шүүх тодруулалгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

 Хэрэгт цугларсан баримтад дүн шинжилгээ хийж үзвэл 2017 онд ******* гэгч нь Төвборжигонтур компанийн захирлаар ажиллаж байсан. 2019 онд гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт орж, ын Саруул гэгчийг томилсон тухай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа 2-р хавтаст хэргийн 77-р хуудсанд авагджээ.

            Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг иргэн ******* үйлдсэн үү, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үлдсэн үү гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй гэж үзэх нөхцөл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна.

            Үүнийг давж заалдах шатны шүүхээс  нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор тогтов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хууль тогтоох байгууллагаас хуульчлан тогтоож өгсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

           Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлуудыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

           Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.  

Шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэв.   

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ

 

    ШҮҮГЧИД                                    Г.БАЯРДАВАА

 

                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ