Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/86

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ачмаа,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт В-н Б-д холбогдох эрүүгийн 1817001220079 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 28-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 9, ээж, дүү нарын хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

- 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 62А дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

- 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сум дундын 8 дугаар шүүхийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 500000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 7 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон,

-2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 250 дугаартай шүүгчийн захирамжаар /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 хэсэгт заасныг тус тус баримтлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 500000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 07 жилийн хорих ял дээр /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 07 жилийн хорих ялаар тогтоож, түүний эдлээгүй үлдсэн 04 жил 07 сар 12 хоногийн хорих ялаас 02 жилийг өршөөн хасаж, үлдэх 2 жил 07 сар 12 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан гэх Б овогт В-н Б-н /РД:............/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч В.Б-н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Баянбулагийн гудамж 7-715 тоотод иргэн М.Б-н хоолойг боох, нүүр лүү нь алгадах зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч В.Б-н нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Баянбулагийн гудамж 7-715 тоотод хохирогч М.Б-н хоолойг боож, нүүр лүү нь алгадах зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тэр үед би согтуу байсан. Дүүгийнхээ эхнэртэй яриад уулзаад, цаашаа явж байгаад хөл цохичихлоо гээд 2 алгадсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан гэв.

 

1.2. Шүүгдэгч В.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2018 оны 05-р сарын 11-ний өдөр ганцаараа нэг шил 0,5 граммын Ерөөл нэртэй архи ууж дуусчхаад манай дүү Д-н салсан эхнэр Б лүү утсаар залгасан чинь нэг айлд байна гэхээр нь явж очоод гэрийн гаднаас нь дуудсан. Тэгээд би Б-г гараад ирэхээр нь тэр айл руу орох гэсэн чинь Б намайг оруулахгүй түлхсэн. Тэгээд би гудамжны зүүн талын Х гэдэг айл руу Б-тэй хамт орсон ба Б чамтай уулзахгүй гээд буцаад гарах гэхээр нь би араас нь цамцнаас нь татсан. Тэгээд заамдаж аваад хашаа руу түлхсэн. Мөн Б-н хацар луу хоёр удаа гараараа алгадсан. Тэгээд Б хашаанаас гараад зугтаасан. Тэгээд би явж байгаад цагдаад баригдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 дүгээр хуудас/

 

1.3. Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр найз М.Ю-н гэрийг нь янзлаад хашаан дотор байж байхад манай салсан нөхрийн ах В.Б миний 89240496 дугаарын утас руу залгаад хашааны гадаа гараад ир гэхээр нь би гарахгүй гэж хэлсэн чинь яваад орлоо гэхээр нь би гараад очсон чинь Б согтуу байсан. Тэгээд намайг эндээс холдъё гээд дагуулаад зүүн тийшээ яваад Баянбулагийн 7-715 тоот Х гэдэг айлын хашаан дотор дагуулж орсон. Тэгээд миний утас дуугарахаар нь би утсаа авах гэсэн чинь Б чи намайг цагдаад дуудаж өгөх гэлээ гээд утас булаагаад авсан. Тэгээд би хашаанаас гарах гэсэн чинь Б араас биеийн тамирын өмдний уяагаар хоолой боосон. Тэгэхээр нь би Б-н доголсон хөл рүү нь уяаг тавиулах гээд өшиглөсөн. Тэгээд Б уяагаа тавьсан ба намайг цамцнаас заамдаад хашаа руу түлхсэн чинь би нуруугаараа хашаа налсан чинь миний нуруу хашааны хадаасанд урагдсан. Тэгтэл Б намайг нүүрэн тус газар гараараа хоёр удаа алгадсан. Тэгээд би уйлаад сууж байхад Б миний гар утсыг базаад газар шидэхээр нь би утсаа аваад гараад зугтаасан. Тэгээд аавын дүү Б ахын гэрт очоод Б эгч байхад нь би болсон асуудлын талаар хэлсэн чинь Б эгч цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

1.4. Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 05 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчим намайг гэртээ байж байхад Б уйлчихсан орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад урд айлын хашаанд манай нөхрийн ах Б өмднийхөө уяагаар хоолой боогоод ар нуруу урсан, нүүр лүү хоёр удаа гараараа цохисон гэж байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дугаар хуудас/ 

 

1.5. Гэрч М.Ю мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би өдрийг нь санахгүй байна. 2018 оны 05 дугаар сард Буяндэлгэр манай гэрт байж байхад өдөр нэг хүн утас руу нь залгаад би гарчихаад ирье гээд Б гараад явсан. Тэгээд нилээн байж байгаад манай гэрт орж ирсэн. Би тухайн үед анзаараагүй. Маргааш нь Б манай гэрт ирээд байж байхад нь харсан чинь хүзүү нь улайгаад ором гарсан байсан. Б дээгүүрээ хар өнгийн торон гэрэлтдэг цамц билүү футболк өмссөн байсан ба нуруу нь урагдсан байхаар нь яасан юм гээд цамцыг нь сөхөж үзэхэд нуруу нь нилээн урт урагдсан шархтай байсан. Тэгэхээр нь би яасан юм бэ гэж асуусан чинь надад юм хэлээгүй. Надад хүнд зодуулсан талаараа хэлээгүй. Өөр зүйл санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/ 

 

1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаартай дүгнэлтэд:

- М.-н биед тархи доргилт, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

1.7. Шинжээч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

М.Б-т учирсан тархи доргилт нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүү, нуруунд үүссэн зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

1.8. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч В.Б-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч В.Б-н болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч В.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч В.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч М.Б нь мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ:

Надад урьд өгсөн мэдүүлэгтэй нэмж тодруулах зүйл байхгүй. Эвдэрсэн утасны мөнгө болох 100 000 төгрөгийг Б надад өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/ 

 

2.2. Гэрч В.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай ах Б 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн. Тэгээд гэрээр хүмүүжиж байгаад 1-р ангид ороод сурч байгаад сургуулиас гарч голдуу мал дээр өссөн. Б нь ээж аавын хүмүүжлээр өссөн. Хүнтэй эв зүйтэй боловсон харьцдаг. Хар бор ажилд сайн, дуу цөөтэй, хүн дуугарвал дуугардаг. Хар бор ажил хийгээд бид нарт мөнгө өгч хоол ундаа авч явдаг хүн байгаа. Хүнтэй нийлээд архи уугаад байдаггүй. Би Б архи уугаад гэрт ирж байсныг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/ 

 

2.3. Хохирогч М.Б-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 33 дугаар хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/

 

2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-81 дүгээр хуудас/,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 62А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 104-106 дугаар хуудас/,

- Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 123-135 дугаар хуудас/,

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 250 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 148 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч В.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч В.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч В.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт В. Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч В.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч В.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАНДАХ