2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2026/00314

 

 

 

 

   2026           01           06                                         192/ШШ2026/00314

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Буянт-Ухаа 1-р хороолол **** байр, **** тоот хаягт оршин суух О******* овогт Ч******* Ц******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Ц*******,

Гэрч Д.С*******, Х.Д*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ц******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие анх 2005 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасагт дадлагажих ажилтнаар ажилд орсон бөгөөд дадлагажих ажилтнаар томилж ажиллуулсан тушаал, шийдвэр гараагүй учраас шүүхээр орж ажиллаж байсан болохоо тогтоолгох шаардлага үүсэж байна. Тухайн үед Замын цагдаагийн газрын хүний нөөц хариуцсан ажилтантай уулзан Замын цагдаагийн газарт ажилд орох хүсэлт гаргахад Цагдаагийн академийн цагдаа бэлдэх дамжаанд явахаас өмнө заавал 3-6 сарын хугацаанд замын цагдаагийн газрын аль нэг тасаг, нэгжид дадлагажих ажилтнаар ажиллаж буй тасаг, нэгжийн дарга цаашид ажиллуулахыг дэмжин тодорхойлсны дагуу бие бялдар, бичгийн шалгалт авч тэнцсэн тохиолдолд цагдаа бэлтгэх дамжаанд явуулна гэж намайг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасагт хуваарилсан. Хуваарилсны дагуу 2005 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 2 жил, 3 сар, 26 хоногийн хугацаанд тус тасагт дадлагажих ажилтнаар ажилласан. Замын цагдаагийн газрын хүний нөөцийн албан тушаалтантай очиж уулзахад сул орон тоо байхгүй, орон тооны захиалга манай газарт хийгдэхгүй байгаа тул орон тооны захиалга хийгдтэл дадлагажих ажилтнаа хийж бай гэсэн хариуг өгдөг байсан. Дадлагажих ажилтнууд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн байрны жижүүр, цагдаагийн байнгын постонд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчидтай нэмэгдлээр 24 цаг, шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчидтай мөн нэмэгдлээр хуваарийн дагуу дадлагажих ажилтнуудтай ээлжлэн үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 376 дугаар тушаалаар 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс Цагдаагийн академийн анхан шатны 2 сарын сургалтад сонсогчоор элсэн суралцаад Замын цагдаагийн газрын даргын 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 115 дугаар тушаалаар Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар томилогдон ажилласан. Тухайн үед цагдаагийн дадлагажих ажилтнаар ажилласан тушаал шийдвэр байхгүй, цагдаагийн ерөнхий газрын төв архиваас ажилласан жилийн лавлагаа авахад 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн гэж бүртгэгдсэн, 2005 оноос 2007 онд ажилласан тухай бүртгэгдсэн мэдээлэл байхгүй тул намайг 2005 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасагт дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1490 дугаартай Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 26-05/2513 дугаар Монгол Улс Цагдаагийн ерөнхий газар төв архив лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газар тээврийн цагдаагийн албаны 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 14а/11110 дугаар албан бичиг, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар Устгах хэргийн акт, Х.Д*******ийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт,  Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 21/1850 дугаар архивын лавлагаа, Д.С*******гийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт,  Монгол Улс цагдаагийн ерөнхий газар төв архив лавлагаа 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 27-08/390 дугаар архивын лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04898 дугаар шүүхийн шийдвэр, фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ц*******ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч Ч.Ц******* нь Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд оршин суудаг нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6 дахь хэсэгт хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар Ч.Ц*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүний тэтгэвэр авах эрх бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.

Тэрээр 2005 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасагт дадлагажих ажилтнаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

            Гэрч Д.С******* нь шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “...Даржаа овогтой С******* би Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасагт 1994 оноос 2012 оны хооронд ажиллах хугацаанд Чимэддорж овогт Ц******* нь 2005 оны 5 сараас Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасагт дадлагажих ажилтнаар 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь үнэн болно...” гэв.

            Гэрч Х.Д******* нь шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “...Хувцагаан овогтой Д******* би Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасагт 1998 оноос 2017 оны хооронд ажиллах хугацаанд Чимэддорж овогтой Ц******* нь 2005 оны 5 сараас Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасагт дадлагажих ажилтнаар 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь үнэн болно...” гэв.

            Гэрч Д.Сонголмаа, Х.Д******* нарын мэдүүлэг нь Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2017.07.28-ны өдрийн 21/1850 тоот лавлагаа, 2013.02.16-ны өдрийн 27-08/390 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлэв.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч.Ц******* нь  2005 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасагт дадлагажих ажилтнаар ажиллаж  байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 26-05/2513 дугаар Монгол Улс Цагдаагийн ерөнхий газар төв архив лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газар тээврийн цагдаагийн албаны 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 14а/11110 дугаар албан бичиг, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар Устгах хэргийн акт, Х.Д*******ийн 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн тодорхойлолт,  Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 21/1850 дугаар архивын лавлагаа, Д.С*******гийн 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн тодорхойлолт,  Монгол Улс цагдаагийн ерөнхий газар төв архив лавлагаа 2013 оны 02 сарын 16-ны өдрийн 27-08/390 дугаар архивын лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04898 дугаар шүүхийн шийдвэр, фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Ц*******ийг 2005 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасагт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ