Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 611

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,                     

           улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Г.Э, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б овогт Г-н Э, Ц тайж овогт Б-ий О нарт  тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708027260576 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.Э, Б.О нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас алдаатай гүйлгээний улмаас иргэн Х.О-ын орхиж явсан 500.000 төгрөгийг авч, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Э, Б.О нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас алдаатай гүйлгээниы улмаас иргэн Х.О-ын орхиж явсан 500.000 төгрөгийг авч, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-6-7/,

            - хохирогч Х.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Драгон төвийн Хаан банкны АТМ-ээс өөрийн данснаасаа 1.000.000 төгрөг авах гэж байгаад 500.000 төгрөгөөр нь хуваагаад 2 авсан. Эхнийхийг нь аваад дараагийнхийг нь авах гэж байтал “Гүйлгээ хийх боломжгүй байна, та картаа авна уу” гэсэн бичиг гарч ирсэн. Тэгэхээр нь картаа аваад “Хаан банк”-наас авах гэж байтал утсанд мессеж ирээд дахин 500.000 төгрөгийн зарлага гарчихсан. Банкны ажилтанд хэлэхэд Драгон төвийн АТМ-ээс зарлага гарсан байна. Таны дараачийн үйлчлүүлсэн 2 эмэгтэй авсан байна гэж хэлэхээр нь эргэж доошоо буугаад АТМ дээр очтол миний ард зогсож байсан 20-25 насны 2 эмэгтэй байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-14-16/,

            - Хаан банкны 5907117118 дугаартай депозит дансны хуулга /хх-8/,

- шүүгдэгч Г.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би нэг ангид сурдаг найз Оийн хамтаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Драгон төвийн Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гээд 16 цагийн үед оочирлоод зогсож байсан. Бид хоёрын урд талд нэг намхан махлаг биетэй эмэгтэй АТМ-ээс мөнгө авч байсан. Тэгээд нөгөө эмэгтэй мөнгөө аваад явахаар нь бид хоёр АТМ дээр очиход АТМ-ээс 20.000-тын олон мөнгө гарч ирэхээр нь би аваад барьсан. Тухайн үед манай найз залуу Насанжаргалын Хаан банкны картыг би авч явсан ба картанд нь хийсэн байсан өөрийнхөө мөнгөнөөс би 10.000 төгрөг авсан. Мөнгөө аваад урд талын хаалган дээр очиж нөгөө мөнгөө үлдээсэн эгчийг харахад харагдахгүй байсан ба АТМ-ээс бид хоёр авсныг шүүж үзээд олчих байх гэж бодоод явчихсан. Замдаа явж байхдаа таксин дотор нөгөө мөнгийг тоолоход 500.000 төгрөг байсан ба уг мөнгө олсон талаар найз залуу Насанжаргалд хэлэхэд байлгаж бай нөгөө хүн нь ирээд авах байх гэсэн. Тэгээд нөгөө мөнгийг нь 2-3 хоног хадгалж байгаад холбогдохгүй болохоор нь найз Оийн хамтаар 250.000 төгрөгөөр хувааж аваад зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-30-31/,

- шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 16 цаг өнгөрч байхад цуг нэг ангид сурдаг Эийн хамтаар Драгон төвийн дотор байх Хаан банкны АТМ дээрээс мөнгө авахаар хүлээж байсан. Тэгэхэд бид хоёрын урд нэг биедээ таарсан махтай эгч зогсож байгаад АТМ-ээс мөнгө аваад явсан. Тэгээд бид хоёр мөнгө авах гээд АТМ-ийн урд ирэхэд өөдөөс 20.000-тын дэвсгэртээр олон мөнгө гарч ирэхээр нь нөгөө мөнгийг авчихаад найз Эийн найз залуу болох Насанжаргалын картыг уишуулж дотроос нь 10.000 төгрөг авсан. Замдаа мөнгийг тоолоход 500.000 төгрөг байсан ба нөгөө мөнгийг нь хүн асуух байх гэж бодоод 3-4 хоног хадгалсан. Мөн бид хоёр тэр эгчийн араас карт уншуулсан юм чинь олчих байх гэж бодоод хүлээсэн. Хүн холбогдохгүй байхаар нь нөгөө мөнгийг нь Э бид хоёр 250.000 төгрөгөөр нь хувааж аваад хэрэглээндээ зарцуулсан. Бид хоёр Эийн найз залуу Насанжаргалд нь хэлэхэд буцааж өгөөрэй гэсэн...гэх мэдүүлэг /хх-34-35/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлоох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Э, Б.О нарыг гээгдэл эд хөрөнгө завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 500.000 төгрөг авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-69/ гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Г.Э, Б.О нарыг гээгдэл эд хөрөнгө завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Б.О нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Б.О нарт тус бүр оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг тус тус 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б Г.Э, Б.О нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Э, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР