| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2538001920287 |
| Дугаар | 2025/ДШМ/57 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Д |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/57
2025 11 19 2025/ДШМ/57
П.Бид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Б.Даваахүү,
Шүүгдэгч: П.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/333 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн давж заалдах гомдол, прокурор Б.Даваахүүгийн эсэргүүцлээр П.Бид холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хонин онход овогт Пийн Б, 0000 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 000 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РК-000/.
П.Б нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт “М” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Киа бонго пронтер” маркийн 0000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.Он эрүүл мэндэд дагзанд шарх, цээжинд зулгаралт, хүзүүний 4-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун 4-р хавирганы хоёрлосон хугарал, баруун 4, 5-р хавирга, зүүн талын 4. 6-р хавирганы хугарал, ууц, зүүн талын сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1-2-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч М.Сийн эрүүл мэндэд элэгний няцрал, хэвлий, аарцгийн хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл тус тус учруулсан, мөн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Нын баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, улмаар эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, нүдний алимад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/333 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хонин онход овогт Пийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Пийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус заасныг журамлан шүүгдэгч П.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бид оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Боос 3,071,256 /гурван сая далан нэгэн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгож, хохирогч М.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Н.Он хууль ёсны төлөөлөгч Ч.Мнь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч П.Бийг хохирогч Н.Од 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, хохирогч М.Ст 1,000,000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Нт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн хэлэлцүүлгийн үед миний үйлчлүүлэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа гэдгээ удаа дараа илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт сайн дураараа тодорхой хэмжээний хохирол нөхөн төлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлын хувьд эхнэр, бага насны хоёр хүүхэдтэй, мал маллан амьдардаг, өөрөө нэг нүдний сохрол гэсэн оноштой группт байдаг, ээж нь байнгын эмчийн хяналтад байдаг зэргийг шүүх харгалзан үзэлгүй хамгийн хүнд төрлийн ял буюу хорих ялыг оногдуулсанд гомдолтой байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ....бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй...” гэх үндэслэлээр тэнсэх журмыг хэрэглэж болохгүй хориглолтод хамааруулж, шүүгдэгч П.Бийн үйлдсэн “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” болон “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлүүд нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг, “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт тус тус хамаарч байх тул түүнд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх...” зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэг тооцно” гэж хуульд заасан байхад шүүгдэгч П.Бийн болгоомжгүй үйлдсэн “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих “гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх...” зохицуулалтыг хэрэглэх боломжгүй, өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Дээрх хэрэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа шүүгдэгч П.Бид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал тавьсан болно. Шүүгч шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч М.Сийн үзлэг оношилгоо, яаралтай тусламж, дуудлага, шинжилгээнд гарсан 2,752,756 төгрөг, хохирогч Н.Од гарсан 318,500 төгрөгийг /3,071,256/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг уншиж сонсгосон.
Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/ 333 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Боос 3,071,256 /гурван сая далан нэгэн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,8-д заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй”, 1.9-д заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй” байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/333 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч П.Бид хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.
Прокурор Б.Даваахүү эсэргүүцэлдээ: “...Дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Боос 3,071,256 /гурван сая далан нэгэн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгохоор...” шийдвэрт тусгагджээ.
Гэвч шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо: “...Иргэний нэхэмжлэгч Б.Т Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,071,256 /гурван сая далан нэгэн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг, хохирогч М.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Н.Он хууль ёсны төлөөлөгч Ч.Мнь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг...” гэж уншиж сонсгосон.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна. Тодруулбал:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол”, 1.9-д заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан.
Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Би энэ үйлдэлдээ харамсаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “П.Б нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “М” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Киа бонго пронтер” маркийн 0000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.Он эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, зорчигч М.Сийн эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учруулсан,
Мөн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Нт хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх “прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна” гэж дүгнэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн мөн зүйл, ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь хэргийн нотлох баримтад хамаарах баримт мэдээлэл бөгөөд хэргийн 223 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд “...иргэний нэхэмжлэгч Ж.Т нь 3,071,256 /гурван сая далан нэгэн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг, хохирогч М.С, Н.Н, хохирогч Н.Он хууль ёсны төлөөлөгч Ч.Мнар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй...” талаар тусгажээ.
4.Шүүх хуралдааны тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулсан байна.
5.Гэтэл шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...шүүгдэгч П.Боос 3,071,256 /гурван сая далан нэгэн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгож, хохирогч М.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Н.Он хууль ёсны төлөөлөгч Ч.Мнь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг...” гэж зөрүүтэй тусгажээ.
Дээр дурдсан шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэл, шийтгэх тогтоол зэргийг харьцуулан судлахад шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй болсон байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
6.Шүүх хуралдаан даргалагч шүүгч шийдвэр гаргахад удирдлага болгох хуулийн зүйл, заалтыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахдаа “36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэсэн атлаа шүүх хуралдаанд шийдвэрээ уншиж сонсгохдоо дээрх заалтыг дурдаагүй орхигдуулсан, тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг уншихдаа 7 дугаар заалтыг хамтад нь уншсан алдааг тус тус гаргажээ.
7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч П.Бид хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол гаргасан байх хэдий ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
8.Иймд анхан шатны шүүхээс гаргасан дээрх алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/333 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Бид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Л.ЭРДЭНЭБАТ