2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2026/01310

 

 

 

 

 

 

 

 

 

                               2026         01           29

                                192/ШШ2026/01310

              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан овоо ******тоот хаягт оршин суух, ***** /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ****тоот хаягт байрлах, “****ХХК /РД:******/,

 

  Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, амарсанаа гудамж ***** тоот хаягт оршин суух, ****/РД:***** нарт холбогдох,

 

  Орон сууц захиалгын гэрээг дангаараа цуцалсантай холбоотой орон сууц захиалгын гэрээний үнэ болох 113,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **** хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ:

“...**** би 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “****” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг доорх нөхцөлөөр хийсэн. Үүнд гүйцэтгэгч “****” ХХК нь Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдах үйлчилгээний 16 давхар барилгын 105 дугаар блокийн, 9 дүгээр давхарт 6 тоот, 61.172 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны барилгыг барьж 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч **** би орон сууцны үнэ болох 110,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөх үлдэгдэл 24,578,400 төгрөгийг ашиглалтад орох үед төлөх үүрэг хүлээсэн, би гэрээний хугацаанд**** захирлын “Голомт банк” ХК-ийн данс руу 110,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 66,500,000 төгрөг, гэрээний 3 дугаар нүүрэнд заасан **** данс руу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгийг мөн *** тоот данс руу хийсэн. Ингээд гэрээний үүргээ, 110,000,000 төгрөгийн төлбөрөө төлөөд ягштал биелүүлээд, барилгын ажил дуусах хугацаа өнгөрсөн тул байраа очиж үзээд, ашиглалтад ороогүй болохоор байр захиалагчийн групп рүү ороод үзэхэд н.**** гэдэг хүнтэй 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манайд захиалсан байрыг орон сууц захиалгын гэрээ хийж өгснийг олж мэдсэн.

Тодруулбал, “****” ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр н.**** гэдэг хүнтэй орон сууц захиалгын гэрээ хийчхээд, 3 сарын дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр **** надтай орон сууц захиалгын гэрээг уг байран дээр давхардуулан хийж миний мөнгийг авсан байдаг. Иймээс орон сууц захиалгын гэрээний дагуу бэлнээр өгсөн 110,000,000 төгрөгөө, орон сууц захиалгын гэрээний 7.3-д заасан алданги болох хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.003 хувь буюу өдөрт 3,300 төгрөг, нийт 900 хоногийн мөнгө болох 3,000,000 төгрөг, нийтдээ 113,000,000 төгрөгийг “****” ХХК болон**** захирал нараас гаргуулан өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч талаас тайлбартаа:

“…Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг тодорхойлохдоо “****” ХХК болон**** гэх 2 тусдаа хариуцагчийг тодорхойлсон. Миний зүгээс аль алинаас нь итгэмжлэл аваад оролцож байгаа учраас тухайн 2 этгээдүүдийн өмнөөс тус тусдаа тайлбар гаргах нь зөв гэж үзэж байгаа.

Тухайн орон сууц захиалгаар барих гэрээг талууд буюу “****” ХХК болон **** нар хоорондоо байгуулсан. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д тухайн гэрээний төлбөрийг хүлээж авах дансыг “****” ХХК-ийн “Голомт банк” ХК-ийн данс гэж тусгасан. Үүнээс үзвэл**** нь тухайн гэрээний оролцогч хувь хүнийхээ хувьд оролцогч биш, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд тухайн гэрээнд гарын үсэг зурснаараа гэрээтэй холбоотой үүргийг давхар хүлээх үндэслэл болохгүй. Компани дангаараа хуулийн хувьд эрх үүрэг хүлээж оролцох ёстой субъект учраас****т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

**** хотхоны ****дугаар блокийг “****” ХХК нь барьж ашиглалтад оруулахаар тохирчихсон байж байгаад, “****” ХХК дээр очиж уулзсан. “****” ХХК нь тухайн барилгын зөвхөн каркас угсралтын ажлыг нь гүйцэтгээд каркас, угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нь тодорхой байрнуудыг авахаар харилцан тохиролцсон. Үүний дагуу “****” ХХК болон “****” ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д нэхэмжлэгч ****тай байгуулсан гэрээ буюу 102 дугаар блокийн 9 давхарт 61.172 м.кв талбайтай 2 өрөө байрыг ажлын гүйцэтгэлийн төлбөрт авахаар харилцан тохиролцсон. Уг тохиролцооны дагуу “****” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгээд, тухайн барилга нийтдээ 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. “****” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил тухайн байранд ороод, дараагийн ажлууд нь хийгдээд явчихсан гэсэн үг. Үүний дагуу “****” ХХК-нд “****” ХХК нь ажлын гүйцэтгэлээр тухайн байрны төлбөрийг нь төлж барагдуулаад, төлж барагдуулсныхаа дагуу ****тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа н.**** гэдэг хүнтэй давхар гэрээ байгуулсан гэдэг асуудал байхгүй. Манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар өөр нэгэн этгээдэд давхардуулж худалдан борлуулсан зүйл байхгүй. “****” ХХК-нд “****” ХХК нь ажлын гүйцэтгэлээр тухайн байрны төлбөрийг төлчихсөн учраас манайх ******гийн нэхэмжлэлтэй хэрэг дээр төлбөр мөнгийг нь төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Мөн дээрээс нь нэхэмжлэгчийн зүгээс орон сууц захиалгын дахь гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д заасныг үндэслээд 3,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн байсан. Алданги шаардахын тулд хуульд зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байх ёстой. Хэрэгжиж байгаа гэрээг үндэслэж талууд алдангийг шаардах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууц захиалгаар барих гэрээг дангаараа цуцлаад, орон сууц захиалгаар барих гэрээний төлбөрт төлсөн төлбөрөө шаардаж байгаа учраас энэ нэхэмжлэлийн алдангийг шаардах боломжгүй. Алдангитай нь холбоотой шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орон сууц захиалгаар барих гэрээ, Гүйлгээний баримт, Банк хоорондын шилжүүлгийн баримт, Кассын орлогын ордер, Иргэний үнэмлэхийн хуулбар, Итгэмжлэл, Тооцооны баримт.

 

3.2. Хариуцагч талаас - Итгэмжлэл, Компанийн дүрэм, Хариу тайлбар, Ажил гүйцэтгэх гэрээ, Орон сууц захиалгаар барих гэрээ гаргуулах тухай.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****гаас хариуцагч “****” ХХК,**** нарт холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээг цуцалсантай холбогдуулж орон сууцны үнэ 110,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 3,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу 110,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

2. Нэхэмжлэгч тал нь ...гэрээний хугацаанд 110,000,000 төгрөгийг төлсөн. Байр ашиглалтад орох хугацаа өнгөрсөн, баригдаж дуусаагүй, бусдад өгсөн асуудал үүссэн тул гэрээг цуцалж орон сууцны төлбөрт өгсөн мөнгийг буцаан гаргуулах, гэрээний үүргээ биелүүлээгүйн алдангийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч ...О.**** хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн хувьд гэрээний оролцогч, харин хувь хүний хувьд гэрээ байгуулсан зүйлгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. “****” ХХК-нд “****” ХХК нь ажлын гүйцэтгэлээр тухайн байрны төлбөрийг төлчихсөн учраас манайх ******гийн нэхэмжлэлтэй хэрэг дээр төлбөр мөнгийг нь төлөх, алдангийг төлөх үндэслэлгүй гэсэн агуулгаар татгалзсан тайлбар гарган маргадаг.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар.

3.1. Шүүх хариуцагч****, “****” ХХК нарт холбогдуулан гаргасан ****гийн нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч “****” ХХК нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, хариуцагч**** нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус хүлээн авч хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй, хэргийн материалтай танилцсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд шаардлага, татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн ба нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах талуудын эрхийг шүүхээс хязгаарлаагүй болно.

 

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ****, хариуцагч “****” ХХК нар нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна.

 

Уг гэрээнд гүйцэтгэгч “****” ХХК нь *****орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч **** нь захиалсан орон сууцны үнэ 134,578,400 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

3.3. Нэхэмжлэгч **** нь хариуцагч “****” ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 66,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг төлсөн болох нь банкны дансны хуулга, **** ХХК-ийн нягтлан бодогчийн баримтаар тогтоогддог, дээрх үйл баримтын талаар хариуцагч тал маргадаггүй.

 

3.4. Харин хариуцагч тал нь ...барилга барьж байгаа компани болох **** ХХК-тай манайх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын хөлсөнд тухайн орон сууцыг бартерт авсан, тиймээс ч ****** нь **** ХХК-тай гэрээ байгуулсан. Манайх үүргээ биелүүлсэн, манайд холбогдуулан шаардлага гаргах эрхгүй гэх тайлбарыг гарган маргаж холбогдох баримт болох “****” ХХК, “****” ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 6 сарын 4-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг ирүүлсэн байдаг.

 

3.5. “****” ХХК, “****” ХХК нар нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд “****” ХХК нь******айлын орон сууцны каркас угсралтын ажил гүйцэтгэхээр, “****” ХХК нь бэлэн мөнгө болон бартер төлбөр тооцоог хийхээр тохиролцсон байна. 8 орон сууц, авто машин, гар утасны дугаар өгөхөөр, 51 сая төгрөг бэлнээр өгсөн талаар дурдсан байна. Тухайн бартерийн гэх орон сууцнуудын 1 нь буюу ****байрыг бартераар авсан, уг байрыг ****д худалдсан гэх тайлбарыг хариуцагч тал гаргасан.

 

3.6. Дээрх хариуцагч талын тайлбар болон ...орон сууц зарна гэсэн барилгын гаднах зарлалын дагуу **** захиралтай холбогдож гэрээ байгуулсан, эднийх байр худалдана гэсэн зарлал тавьсан байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч “****” ХХК нь ажлын хөлсөнд авсан баригдаж байгаа гэх орон сууцыг нэхэмжлэгч ****д ирээдүйд худалдахаар тохиролцсон, эсхүл шаардах эрхээ шилжүүлсэн, орон сууц барьж өгөх ажлыг гүйцэтгэсэн эсэх, нөгөө талаар хариуцагчийн тайлбар болон гэрээнд 102-р блокийн орон сууц гэх, нэхэмжлэгчийн шаардлага болон гэрээнд 105-р блокийн орон сууц гэх зэргээр гэрээний зүйл зөрүүтэй байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

4. Хууль хэрэглээ болон дүгнэлтийн талаар.

4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэх 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих” гэрээ, тэдний тайлбар, хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд хариуцагч нь орон сууц барьж ашиглалтад оруулан өгөх үүрэг хүлээгээгүй, бартерийн байрыг худалдах зорилго агуулсан, нэхэмжлэгч нь орон сууц худалдан авах зорилгоор төлбөрийн ихэнх хувийг төлсөн үйл баримт нотлогдож байгаа хэдий ч “****” ХХК, “****” ХХК-ийн гэрээ дуусгавар болсон, улмаар бартерийн орон сууц “****” ХХК-д шилжсэн, бусдад худалдан борлуулах эрх олгогдсон эсэх нь тодорхойгүй байхад “****” ХХК-ийн өмчлөлийн гэх барилгаас орон сууцыг бусдад шилжүүлэхээр тохиролцсон нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, тохиролцоо болсон гэж үзнэ.

 

4.2. Тодруулбал, “****” ХХК нь ***** тоот орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлэх эрхгүй байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

4.3. Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-дЭнэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч талд хэлцлээр хүлээн авсан орон сууцны мөнгийг буцаан өгөх үүрэг үүснэ.

Харин нэхэмжлэгч талд 3,000,000 төгрөгийн алдангийг шаардах эрх байхгүй болно. Алданги нь хүчин төгөлдөр хэлцлийн үүрэг буюу үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд хүчин төгөлдөр бус хэлцэлд үл хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3,000,000 төгрөгийг гаргуулах нь хуульд үл нийцнэ.

 

4.4. Хэдийгээр хэлцлээр хүлээн авсан 110,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй ч тухайн хэлцэл хүчин төгөлдөр, гуравдагч этгээдээс мөнгөө шаардах эрхтэй, энэ маргаанд манай компани хамааралгүй гэх татгалзсан тайлбарыг гаргадаг тул шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон уг зүйлийг олж авсан этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч “****” ХХК нь 110,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

 

4.5. Харин хариуцагч****, нэхэмжлэгч **** нарын хооронд гэрээний болон гэрээний бус үүрэг үүсээгүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл “****” ХХК, **** нарын хооронд байгуулагдсан тул тухайн гэрээний үр дагавар нь зөвхөн “****” ХХК-д хамаарах учиртай.

 

5. Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч “****” ХХК-иас 110,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгийг болон хариуцагч****т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу “****” ХХК-иас 110,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг болон****т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 722,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “****” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 707,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ