| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2026/01501/И |
| Дугаар | 192/ШШ2026/01511 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2026/01511
| 2026 02 03 | 192/ШШ2026/01511 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 4 улирал хотхон 53а байр, 304 тоот хаягт оршин суух, **** /РД:*****/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“...Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас байнга шахам муудалцдаг байсан бөгөөд тэрээр 2017 онд гэрээсээ хэл үггүй гарч яваад 6 сар гаруй хугацаанд гэртээ огт ирээгүй холбоо ч бариагүй. Мөн тэрээр 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин гэрээсээ хэл үггүй яваад өнөөдрийг хүртэл эргэн ирээгүй, холбоо ч бариагүй байна. Энэ хугацаанд миний бие 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ганцаараа л амьдралаа авч явсаар ирлээ. ****ий нь 2 хүүхдээ ч бодохгүй, ор сураггүй байгаа нь цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болгож байгаа бөгөөд миний бие гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, ****ээр тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан боловч түүний хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ***ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасан шаардлагад нийцэж байна.
3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд **** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдоно.
4. **** нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 37а байр, *****хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/53770 дугаартай хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар тус тус хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.
5. Иймээс хариуцагч ****ийн хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцэх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан **** /РД:*****/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ****ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ