Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/87

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ачмаа,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О овогт Д-ы М-д холбогдох эрүүгийн 1817001660083 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 08-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 305 дугаар байрны ............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн гэх О овогт Д. М /РД:Е............./

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.М нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 305 дугаар байрны 03 тоотод иргэн Г.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын 305 дугаар байрны 03 тоотод хохирогч Г.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Ярих зүйлгүй. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би найз Г.Г-тай дэнжид явж байгаад таарсан. Бид хоёр анх таарахдаа хоёулаа архи уусан халамцуу байсан. Г-г надтай таарахаас өмнө хаана, хэнтэй архи уусан талаар надад мэдэх зүйл байхгүй. Г хөдөөнөөс өнөөдөр ирсэн гээд ганцаараа явж байсан. Г надтай анх таарахдаа биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Г бид хоёр ойрд уулзалдаагүй гээд нэг шил 0.75 граммын Монгол стандарт нэртэй архи аваад тэр архиа Төмөр замд гадаа уучхаад бид хоёр дахин мөнгө нийлүүлээд нэг шил 0.75 граммын Монгол стандарт нэртэй архи нэмж аваад манай гэрт очиж нөгөө архиа хувааж уусан. Манай гэрт Г бид хоёрыг очиход хүн байгаагүй. Авч очсон архиа хувааж уугаад  архины халуунд бид хоёр нэгнийхээ үгийг даалгүй хоорондоо муудалцсан. Тэгээд би уурандаа Г-н нүүр толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиход хамар амнаас нь цус гарсан. Надаас өөр Г-д гар хүрсэн, цохисон хүн байхгүй. Тэгээд Г манай гэрээс ганцаараа гараад явсан. Г манай гэрээс гараад хаашаа явсныг нь би мэдэхгүй. Би гэртээ байж байгаад ганцаараа унтаад өгсөн үүнээс өөр зүйл болоогүй. Г бид хоёр урд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өглөг авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Г хөдөөнөөс орж ирэх болгондоо манай гэрт ирж надтай уулздаг. Бид хоёр уулзалдах болгондоо архи хувааж уудаг ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

1.3. Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хөдөөнөөс орж ирээд гадуур архи уугаад явж байгаад танил М-тай таараад бид хоёр тэдний гэрт очиж нэг шил архи хувааж уухаар болсон. Тэгээд явж байгаад дэлгүүрээс нэг шил 0.75 граммын архи аваад тэр архийг гадаа хувааж уучхаад, дахин нэг шил архи аваад М-н гэрт очиж уухаар болоод гэрт нь очиход тэдний гэрт хүн байгаагүй. Бид хоёр нөгөө авч очсон архиа хувааж уугаад сууж байгаад хоёр биеийнхээ үгийг даалгүй хоорондоо маргалдсан. Тэгтэл М намайг дарж байгаад миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Өөр зүйл болоогүй. Би тэр үед согтсон байсан. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн эрүү, нүүрний зураг авахуулаад байж байсан. Тэр үед миний зүүн шанаа их хавдсан байсан. Тэгээд эмнэлгээс шууд 13-р маягт бичиж өгөөд шууд маргааш өглөө нь Улаанбаатар хот руу очиж  Нэгдүгээр эмнэлгийн эрүү, нүүрний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлээд эрүүгээ хадуулах хагалгаанд орсон. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Шүүх эмнэлгээс эмч ирж үзлэг хийгээд явсан. Би М-д цохиулсны улмаас миний зүүн эрүү хугарсан байсан. Өөр зүйл болоогүй. М-с өөр намайг цохисон зодсон хүн байхгүй. М-д цохиулахаас өмнө миний биед шарх, гэмтэл байгаагүй. М бид хоёрыг ноцолдох үед гэрт нь байсан шилэн стакан хагарсан. Тэр хагарсан хэсэгт нь миний хүзүү зүсэгдсэн юм. М миний хүзүүг зүсье гэж зүсээгүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай хүү Г.Г 2018 оны 07 дугаар сарын 09-ний орой 23 цаг 30 минутын үед гэртээ ирэхдээ хувцасных нь энгэр тэр чигээрээ цус болсон, амнаасаа цус гоожуулаад ирсэн. Тэгэхээр нь эмнэлэг дуудаад үзүүлсэн чинь дуудлагаар ирсэн 103-н эмч цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд хүү бид хоёр эмнэлэг орж 2-3 оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/ 

 

1.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8789 дугаартай дүгнэлтэд:

- Г.Г-н биед эрүүний зүүн хэсгийн хугарал, орчны эд дэх буглаа, хүзүүнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Энэхүү хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ш.Ц гэжээ. /хх-ийн 22 дугаар хуудас/

 

1.6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.М-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.М-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч Г.Г нь мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ:

М-д гаргах гомдол санал байхгүй. Харин эмчилгээний зардалд гарсан 800 000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

2.2. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай төрсөн ах Д.М нь гэртээ манай төрсөн ах Д.М-н хамт амьдардаг. Би тусдаа амьдралтай болохоор тусдаа амьдардаг. Манай ах Д.М өөрийн гэсэн ажил, орлого байдаггүй. Гадуур хүмүүст ажил төрөл хийж байгаад өөрийн хоол хүнсний зүйлийг бэлтгэдэг. Сүүлийн үед ажил хийлгэж байгаа хүмүүс нь мөнгөний оронд архи өгөөд байдаг юм байна гэдгийг хүмүүсээс сонсож байсан. М надад ажил хийгээд тэдэн төгрөгийн цалин авлаа гэж хэлж байгаагүй. Манай ах М архи уугаагүй эрүүл саруул үедээ хүмүүстэй их наргианч зантай, инээж хөхрөөд явж байдаг. Би М ахтай үргэлж хамт байгаад байдаггүй. Манай ах архи уусан байхдаа хүнтэй муудалцаад байдаггүй, миний хажууд хүмүүстэй маргалдаж муудалцаж байгаагүй. М ах Чойрт тогтсон ажил төрөл хийж байгаагүй. Манай эцэг эх 2016 онд ойрхон нас барсан. Түүнээс хойш М, М ах хоёр Төмөр замд гэртээ хамт амьдарч байгаа. Манай хоёр хөгшнийг нас барснаас хойш үе үе манай гэрт янз бүрийн хүмүүс цугларах гээд байдаг болсон. Манай ах дүү нар очиж гэрт байгаа хүмүүсийг гэрээсээ хөөж туудаг байсан болохоор сүүлийн үед хүмүүс цугларлаа гэж дуулдахаа больсон... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/ 

 

2.3. Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г М нар хоорондоо энгийн найз нөхдийн холбоотой байдаг. Г хөдөөнөөс ирэхээрээ манай гэрээр орж гараад мах шөл, арьс ширтэй ирэхээр нь манай дүү М зарж тушаах ажилд нь тус болоод л байж байдаг гэмгүй сайхан найзууд юм... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/ 

 

2.4. Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

М нь гэртээ өөрийн төрсөн ах М-н хамт амьдардаг. М нь ажил хийдэггүй. Гадуур явж архи уудаг ч гэсэн ойр хавийн айл өрхүүдэд ямар нэгэн тээр байдаггүй. Гэр орондоо агсам согтуу тавиад хашигчаж байгаа юм сонсогдож байгаагүй. М нь ер нь хүнд их тусархуу, хүмүүстэй ер нь муудалцаад байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

2.5. Гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

М нь ажил төрөл хийдэггүй. Зөндөө удаа архи уусан байгаа харагддаг. Архи уухаараа зан авир нь ийм, тийм гэж надад мэдэгдэх зүйл байдаггүй. Ойр хавийнхаа айлын хүмүүст ямар нэгэн ааш авир гаргаж агсам согтуу тавьж байхыг хараагүй. М-н эцэг нь амьд байхдаа араас нь их хөөцөлдөөд явж байдаг байсан санагдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

2.6. Хохирогч Г.Г-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 60 дугаар хуудас/

 

2.7. Хохирол барагдуулах гэрээ /хх-ийн 62 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан мянган/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

            Харин мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.М нь хохирогч Г.Г эвлэрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргасан бөгөөд хохирогч Г.Г-д 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор хохирол болох 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг хоёр хувааж нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-с 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д олгох нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Д-ы М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-с 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д олгосугай.

 

6. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАНДАХ