| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2406019222180 |
| Дугаар | 2025/ДШМ/1280 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/1280
2025 11 12 2025/ДШМ/1280
Т.Ө-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Х,
хохирогч А.Э,
шүүгдэгч Т.Ө,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ө-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Ө нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ..... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Э-ийг “БНСУ-д зорчих виз өөрийн найз С гэх хүнээр гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Л.Ц-ийн эзэмшлийн Төрийн банкин дахь ............ тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-ыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суух газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-аас 15.000.000 төгрөг гаргуулан хохирогч А.Э-т олгож, прокурорын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 431 дугаартай иргэн Л.Ц-ийн эзэмшлийн Төрийн банкин дахь .............. тоот дансны зарлагын гүйлгээ хийх буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие 14 настай харвасан хүүхэд болон 9 настай сургуулийн хүүхэдтэй тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно. Надад төрсөн ах, дүү, эцэг, эх, эмээ, өвөө гээд ямар ч төрөл садан байхгүй болно. Хүүхдүүдээ харуулах хүн байхгүй тул надад оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг хохиролгүй болгочихвол өөр гомдол саналгүй. ...” гэв.
Прокурор М.Х тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд Т.Ө хохирол төлбөр төлөх хүсэлт гаргаж, 5 хоногийн завсарлага авсан боловч төлөөгүй тул шүүхээс хувийн байдал зэргийг харгалзан түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ял шийтгэлийн тухайд тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Ө нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ..... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Э-ийг “БНСУ-д зорчих виз өөрийн найз С гэх хүнээр гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Л.Ц-ийн эзэмшлийн Төрийн банкин дахь ........ тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.Э-ийн “...2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би найз Т.Ө-ын хэлсэн “миний таньдаг хүн БНСУ-ын виз гаргаж өгнө, нэг хүний виз 15.000.000 төгрөг, 5 жил хүртэлх хугацаатай гаргаад, мөнгө шилжүүлснээс хойш 2 сарын дотор виз гарна” гэж надад хэлэхээр нь би итгээд .... дүүргийн .... дугаар хороонд байрлах гэртээ байхдаа 15.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...... тоот данснаас Төрийн банкны ...... тоот Ц гэсэн эзэмшигчтэй данс руу 3 дугаар сарын 29-ний өдөр 5.000.000, 5.000.000, 5.000.000 төгрөгөөр гурав хувааж хийгээд 2 сар хүлээсэн ч миний виз гараагүй тул Т.Ө-тай холбогдоход “одоо, ингэсгээд” гээд өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Т.Ө-тай би 2021 онд найзуудынхаа найзуудаар дамжуулж танилцсан. ... Би одоо Т.Ө гэх хүнээс 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. ...” /хх 29, 32-33/,
гэрч Л.Ц-ийн “...Би Т.Ө-ын ээжийнх нь ахтай гэр бүл болж салаад хуурай эгч дүүгийн харилцаатай. Одоо бол ахаас нь салсан ба хашаанд нь би нөхөр охины хамтаар амьдардаг. Т.Ө миний Төрийн банкны ............... тоот дансаар хааяадаа мөнгө шилжүүлдэг байсан. Тухайн үед Ө “ажаа таны дансаар мөнгө аваад хүн рүү шилжүүлэх гэсэн юм” гэхээр нь байнга мөнгө шилжүүлдэг. Надаас мөнгө төгрөг зээлдэг байсан учраас би зөвшөөрч дансаа ашиглуулсан. Миний данс руу 15.000.000 төгрөгийн гүйлгээ орж ирсний дараа мөнгө шилжүүлээд өг гэхээр нь Д гэх хүний данс руу шилжүүлсэн. Миний дансаар гүйлгээ хийгдсэн мөнгийг би Т.Ө барилгын материал зардаг байсан учраас бараа материалын мөнгө гэж бодсон. ...” /хх 39-40/,
шүүгдэгч Т.Ө-ын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн буруутай үйлдлээс болж А.Э гэх хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн Солонгос улсын виз гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл зэрэг зүйл байхгүй. Харин А.Э-т виз гаргаж өгнө гэж хэлээд төлбөрийн 15.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь үнэн. Гэхдээ энэ үйлдэлд маань Л.Ц, С гэх хүмүүс ямар ч холбоогүй. Л.Ц-тай эгч дүүгийн харилцаатай учраас би гуйж дансыг нь ашигласан нь үнэн. Харин С гээд байгаа залууг би бараг танихгүй. Тухайн үед худал хэлж танихгүй хүний нэрийг барьж мөнгө авахдаа ашигласан нь үнэн. Мөн Л.Ц эгчийн данснаас мөнгө авахдаа Д-ийн дансыг ашигласан. Д нь одоо хорих 435 дугаар ангид ял эдэлж байгаа. Энэ хэрэгт ямар нэгэн хамааралгүй хүн юм. ...” /хх 69-70/ тус тус мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Т.Ө-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.Ө-ын “...Солонгос улсын виз гаргаж өгнө...” гэж хохирогч А.Э-ээс 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Т.Ө “...500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгч Т.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2155 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР