Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 367

 

 

 

 

                                                

 

                                                     

 

 

 

                                  

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч Т.Ү,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөн тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ү-д холбогдох эрүүгийн 1710 0026 20208 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Т.Ү нь 2017 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдрийн орчим иргэн Д.Н-ийн эзэмшлийн байрны түлхүүрийг Б.Г-ээс итгэмжлэн авч, улмаар тус байранд түлхүүрдэн орж “Hair” загварын бүрэн автомат угаалгын машин 1 ширхэг, Панасоник загварын хөргөгч 1 ширхэг зэрэг эд зүйлийг завшиж бусдад 592.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.  Үүнд:

1.  Шүүгдэгч Т.Ү-гоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би 20 хоногийн өмнөөс аавынхаа туслахаар ажил хийж эхэлсэн, сарын 700.000 төгрөгийн цалинтай. Хэрэг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Г нь манай найз байгаа юм. Урьд нь би хэд хэдэн удаа түүний гэрт нь очиж байсан. Тэгээд “өөрөө хөдөө явлаа, байрны эзэнд өгчих” гээд түлхүүрээ надад үлдээхэд нь би “орж усанд орж байж болох уу” гэж асуухад зөвшөөрсөн. Би тухайн үед найз А.Х-д худлаа хэлээд дагуулж явсан. Машиныг нь ашиглах гэж дуудсан юм. Тэр үед манай найз охин жирэмсэн байсан. Би түүний хэрэглээнд эд зүйл зарж авсан 300.000 төгрөгийг зарцуулсан. Би тухайн үед хүнсний дэлгүүрт ажилладаг байсан. Тооллогод ороход өртэй байсан болохоор цалингаа суутгуулсан юм. Манай ар гэрийн хүмүүс хохирол төлбөр төлж барагдуулж, хохирол төлбөргүй болгосон. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний буруу, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин асуудал гаргахгүй, зөв амьдарна.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 1710 0026 20208 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг:

“...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн эзэмшлийн байрыг анх 2017 оны 05 сарын 27-ны өдөр Б.Г, О.З нартай “орон сууц түрээслэх” гэрээ байгуулсан. Тэгээд байрны доторхи эд зүйлсийг Б.Г, О.З нарт хүлээлгэн өгч хариуцуулсан. Анх гэрээ хийж байхад Т.Ү гэж хүн байгаагүй. Би Ү гэж хүн танихгүй, харин Цагдаагийн байгууллага дээр очиж хэргийн материал танилцаж байхдаа Т.Ү гэж хүн манай гэрээс хөргөгч, угаалгын машин хулгайлсаныг нь олж мэдсэн. Би Г, З нартай гэрээ хийсэн. Г надад эхний сарын түрээс гэж 350.000 төгрөг өгөөд дахиж түрээс өгөөгүй, би Г-ийг одоо иргэний шүүхэд өгсөн байгаа. Харин Т.Ү манай гэрээс хулгайлсан эд зүйлийг Д компанийн үнэлсэнээр хохирлыг барагдуулсан. Надад Т.Ү-той холбоотой санал хүсэлт байхгүй. Надад нэмж шалгуулах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 189х/,

 

2. Иргэний нэхэмжлэгч Т.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. 2017 оны 07 сарын 26-ны өдөр би нөхөр О.Х-ын хамт Нарантуул худалдааны төвийн Баялаг Ундраа төвийн 4 дүгээр давхарт байх цагаан өнгийн угаалгын машин 480.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрт Цагдаа нар ирээд “уг угаалгын машиныг хулгайн эд зүйл” гэж хэлээд эд мөрийн баримтаар хураан авсан. Тэгээд би уг угаалгын машин авсан хүнтэй холбогдож болсон зүйлийн талаар хэлэхэд тэр хүн надад 400.000 төгрөгийг миний Хаан банкны дансаар буцааж шилжүүлсэн байсан ба одоо 80.000 төгрөгний үлдэгдлээ аваагүй байна. Иймд би уг 80.000 төгрөгийг нэхэмжилнэ.  

Тухайн өдөр би гэртээ угаалгын машин, хөргөгч, плитка зэрэг эд зүйл худалдан авсан ба плитка авсан.  Анх угаалгын машиныг худалдан авахдаа хулгайн эд зүйл гэдгийг нь огт мэдээгүй. Үнэ нь яагаад хямд байгаа талаар асуухад “хайрцаг сав байхгүй, агуулахад хайрцаггүй хадгалаад 3, 4 сар ил байлгасан учраас хямдхан зарж байна” гэж хэлсэн юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

 

3. Гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би эцэг, эхийн хамт амьдардаг. Би 2017 оны 7 сарын 15-ны өдөр байх намайг S нэртэй бааранд зөөгчөөр ажиллаж байх үед  Ү над руу залгаад “машинд чинь бензин хийгээд өгье, хэдэн газар луу хамт яваад өгөөч” гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Тэгээд тухайн өдрийн 14:00 цагийн үед би ХУД-ийн 3 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн автобусны буудлын ойролцоох компьютер тоглоомын газар Ү-той уулзсан.

Тэгээд бид хоёр хамтдаа байрны гадна ирэхэд Ү би угаалгын машин, хөргөгч хоёр зарах хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тэр үед би түүнээс “хэний хөргөгч юм бэ” гэж асуухад Ү “манай ах эгч хоёрын хөргөгч байгаа юм, надад өртэй, би өрөндөө авч байгаа” гэж хэлсэн. Тэгээд Ү бид уг хоёр уг байрны 2 дугаар давхарт гараад тоотыг нь санахгүй байна цагаан бүргэд хаалгатай айл руу орсон. Уг айл нь нэг өрөө байр байсан бөгөөд Ү гал тогооны өрөөнд байсан Hаiеr нэртэй угаалгын машин болон Hаiеr нэртэй хөргөгчний зургийг нь дараад, “Нарантуул руу явъя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Нарантуул захын хашаанд байх Баялаг-Ундраа худалдааны төвийн 4 давхарын цахилгаан барааны тасгийн эхний эгнээний лангууны хүнд зарахаар тохирсон.

Уг лангууны ажилчин гэх 40 орчим насны эрэгтэй хүн бид хоёрыг дагаж яваад Вива Сити хороололд ирж, уг байрнаас угаалгын машин, хөргөгч хоёрыг салгаж аваад,  Ү-д 300.000 төгрөг тоолж өгсөн. ...Би Ү-г хулгайн эд зүйл зарах гэж явж байгааг мэдээгүй. Тухайн өдөр “бензин хийгээд өгье, хамт гадуур яваад өгөөч” гэж гуйсан учир хамт явсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,

 

4. Гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан наадмын өмнө ирж зарсан. Яагаад наадмын өмнө гэдгийг мэдэж байна гэхээр намайг хөргөгч угаалгын машин авсны дараа 2017 оны 07 сарын 10-ны өдөр манай Худалдааны төв амарсан юм. Тэгээд би үргэлжлүүлэн долоо хоног амарчихаад 2017 оны 07 сарын 18-ны өдөр ажилдаа ороод, долоо хоногийн дараа 07 сарын 25-ны орчим зарсан юм. Анх өгсөн мэдүүлэгтээ би 07 сарын 25-ны өдөр гэж хөргөгч зарсан өдрөө хэлсэн байна. Т.Ү надад наадмын өмнө буюу 2017 оны 07 сарын 05, 06-ны өдрийн орчим авчирч зарсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 190х/,

5. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 06 сарын 25-ны өдөр түрээслэж байсан байр буюу ХУД-ийн 4 дүгээр хороо, Вива Сити хорооллын S-18-2-5 тоот байрны түлхүүрийг зүс таних Ө дэлгүүрийн худалдагч Т.Ү-д үлдээсэн. Ямар зорилгоор үлдээсэн гэхээр би өөрөө Эрдэнэт явах шаардлагатай болсон учраас байрны түлхүүрийг Т.Ү-д “түр хугацаанд надтай хамт амьдарч байсан З-д дамжуулж өгөөрэй” гэж хэлээд үлдээсэн. Тэр өдрөө би З луу яриад “түлхүүр доор Т.Ү-д үлдээсэн” байгаа тухай хэлсэн.

 Гэхдээ тэр өдөр Ү надаас түлхүүр авахдаа би ороод хувцасаа угаачих уу гэж асууж байсан ба би тэг гэж зөвшөөрсөн. Гэхдээ би Ү-д “зөвхөн усанд орчихоод л гарч ирээрэй, тэгээд наад түлхүүрээ З-д яаралтай өгөөрэй” гэж хэлсэн. Тэрнээс биш байран доторхи эд зүйлийг эдэлж, хэрэглээрэй гэж огт хэлээгүй, Ү-д байрны эд зүйлийг хариуцуулж өгсөн зүйл байхгүй, уг түлхүүрийг би Ү-гоор дамжуулж З-т өгөх гэж л түр хугацаанд үлдээсэн юм. Харин Ү уг түлхүүрийг ашиглаад байрнаас хулгай хийсэн байсан.

...Надад гэнэтийн ажил гараад Эрдэнэт явах болсон учраас би Т.Ү-д З-т дамжуулан өгөх хүртэл үлдээсэн. 2017 оны 07 сарын 09-ний өдөр Т.Ү над руу яриад “байрны түлхүүрийг авахгүй юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “чи З руу яриад, гэрээн дээрээс байрны эзний дугаарыг аваад яаралтай түлхүүрийг өгчих” гэж хэлж байсан. Тэгэхэд Ү “за” гэж хэлээд дахиж холбогдоогүй. Тэгээд 07 сарын 29-ний өдөр Цагдаагийн газраас залгаад “ирж мэдүүлэг өг” гэж хэлсэн. Тухайн үед З өөрөө ээлжийн ажил хийдэг байсан болохоор амжаагүй гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 192-193х/, 

 

6. Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Нарантуул зах дээр ачаа хүргэж өгдөг юм. 2017 оны 07 сарын 05 юм уу, 6-нд хоёр залуу Баялаг Ундраа худалдааны төвийн цахилгаан барааны тасагт ирээд, “хуучин зүйл авдаг хүн байна уу, хөргөгч, угаалгын машин зарна” гээд зургаа харуулсан юм. Тэгэхээр нь би гайгүй юм байвал авчихъя гэж бодоод “очиж үзэж байгаад авах авахгүйгээ хэлье” гэхэд Баялаг Ундраа худалдааны төвд байх цахилгаан барааны тасагт худалдагч хийдэг Х гэх охин өөрийн гэртээ угаалгын машиныг нь авъя гээд надад 180.000 төгрөг өгөөд, “та хөргөгчөө очиж үзэхдээ угаалгын машиныг нь аваад ирээрэй” гээд явуулсан.

Тэгээд би уг хоёр залуутай хамт Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива Ситигийн байрнуудын дунд хэсэгт нэг байранд ороод, хоёр давхарт гараад хойшоо харсан хаалга руу орсон. Хэддүгээр байр, хэдэн тоот гэдгийг нь санахгүй байна. Тэгээд ороод уг хөргөгчийг үзтэл зурган дээр байгаа шигээ биш байсан болохоор нь би авахгүй гэж хэлэхэд “та ядаж 120.000 төгрөгөөр авчих” гэсэн. Тэгэхээр нь би “ахад нь таалагдахгүй байна, дээд талын төмөр нь алга, шургуулга нь бас асуудалтай юм байна, бариул нь ч байхгүй юм байна” гэхэд “та янзлаад авчих л даа, уг нь бүтэн байсан юм аа, тэгээд алга болчихож” гэх зэргээр яг өөрийн юм шиг яриад, “120.000 төгрөгөөр авчих, дүүд нь мөнгөний хэрэг байна” гээд гуйгаад байхаар нь би 120.000 төгрөгөөр уг хөргөгчийг авсан ба тухайн үед айлуудын юм тараагаад хүргэлттэй явж байсан юм. Тэгтэл нөгөө хоёр залуу байн байн залгаад “ирж байна уу” гээд байсан. Тэгээд би орой нь 22:00 цагийн үед хөргөгч, угаалгын машин хоёрыг өөрийн ТОҮОТА SАХЕТ хагас ачааны машиндаа ачаад явсан. Маргааш нь угаалгын машиныг худалдагч охин Хишгээд өгсөн.

20-25 орчим насны 170 орчим өндөртэй туранхай биетэй залуу, мөн махлаг шар царайтай биерхүү залуу байсан. Өмсөж явсан хувцасыг нь сайн анзаарч хараагүй нь махлаг шар царайтай биерхүү залуу л юм яриад байсан, нөгөө залуу надтай юм яриагүй, дагаж явж байсан. Тэр хоёрын аль нэг нь Приус-20 маркийн хөх өнгийн машинтай байсан ба надад зам тавьж өгсөн. Хэн нь жолоо барьж байсныг анзаараагүй. Би хөргөгчийг 120.000 төгрөгөөр, угаалгын машиныг 180.000 төгрөгөөр нийт 300.000 төгрөгөөр авсан. Угаалгын машин нь худалдагч охин Х-д байгаа. Харин хөргөгч нь зарагдчихсан. ...Уг хөргөгчийг 180.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан.  ...Тухайн үед Ү 88-тай дугаараас залгасан. Одоо санахгүй байна. Ямартай ч баахан тэгийн тоо орсон байсан. Уг хөргөгчийг хулгайн эд зүйл гэдгийг 2017 оны 08 сарын 11-ний өдөр Х надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/,  

 

7. Эд мөрийн баримтаар тооцох тухайн мөрдөгчийн тогтоол, Эд мөрийн баримтаар хураан авсан тухайн тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 10-14х/,

 

8. “Д” Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын ХХК-ийн үнэлгээчийн 2017 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар “Haier” маркийн угаалгын машиныг 304.000  төгрөгөөр, “Panаsonic” маркийн хөргөгчийг 288.000  төгрөгөөр, нийт 592.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 34-35х/,

 

9. Хохирогч Д.Н-т хохирлын мөнгө 849.900 төгрөгийг 2018 оны 04 сарын 20-ны өдөр бэлнээр төлсөн тухай мөнгө хүлээлцсэн хэлцэл  /хэргийн 162х/,

 

10. Иргэний нэхэмжлэгч Т.У-гаас хохирол төлбөрийг хүлээн авсан тухай тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 172х/,

 

11. Шүүгдэгч Т.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би хийсэн хэргийн талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан. ...Би иргэн Н-ийн байрнаас 2017 оны 06 сарын 27-ны өдөр найз Х-ын хамт орж хөргөгч, угаалгын машин зэрэг эд зүйлийг авсан. ...Г 2017 оны 06 сарын 27-ны өдрөөс 2, 3 хоногийн өмнө түлхүүр өгсөн,  Тэгэхээр 25-ны орчим өгсөн байх. Надад энэ түлхүүрийг “байрны эзэнд хүлээлгээд өгчихөөрэй” гэж хэлээд үлдээсэн. Би Г-ийн түрээслэж байсан байранд Г-тэй хамт шоудах үедээ хамт хонож өнжиж байсан. Г надад түлхүүр өгч байхад “би байранд нь ороод хувцасаа угааж болох уу” гэж асуухад Г зөвшөөрсөн. Мөн Г надад “хар өнгийн пума кет, ногоон өнгийн хүрэм байгаа, чи ороод авчих, бэлэглэж байгаа юм”  гэж хэлж байсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ яг тодорхой хугацааг санахгүй байсан юм. Одоо бодоод байхад сонгуулийн өмнө байсан. Би Г-ээс түлхүүрийг нь аваад 2, 3 хоногийн дараа уг байрнаас эд зүйлийг авсан юм. Тэгэхээр 2017 оны 06 дугаар сарын сүүлээр 27, 28 орчим байх гэж бодоод байна.

Надад мөнгөний хэрэг гараад авчихсан юм. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Би учруулсан хохирлоо төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 194-195х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 59х/, гэрч О.Д-ын мэдүүлэг /хэргийн 33х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Ү-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Ү нь 2017 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдрийн орчим иргэн Д.Н-ийн эзэмшлийн байрны түлхүүрийг Б.Г нь “хамт байр түрээслэж байсан О.З болон байрны эзэнд хүлээлгээд өгчихээрэй” гэж итгэмжлэн хариуцуулж үлдээснийг урвуулан ашиглаж, уг орон байранд түлхүүрдэн орж “Haier” загварын бүрэн автомат угаалгын машин 1 ширхэг, “Panasonic” загварын хөргөгч 1 ширхэг зэрэг эд зүйлийг завшиж,  бусдад 592.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

- хохирогч Д.Н-ийн: “...Би өөрийн эзэмшлийн байрыг анх 2017 оны 05 сарын 27-ны өдөр Б.Г, О.З нартай орон сууц түрээслэх гэрээ байгуулж түрээсийн гэрээ хийсэн. Тэгээд байрны доторхи эд зүйлсийг Б.Г, О.З нарт хүлээлгэн өгч хариуцуулсан. Анх гэрээ хийж байхад Т.Ү гэж хүн байгаагүй. Би Ү гэж хүн танихгүй, харин цагдаагийн байгууллага дээр очиж хэргийн материал танилцаж байхдаа Т.Ү гэж хүн манай гэрээс хөргөгч, угаалгын машин хулгайлсаныг нь олж мэдсэн. Би Г, З нартай гэрээ хийсэн. Г надад эхний сарын түрээс гэж 350.000 төгрөг өгөөд дахиж түрээс өгөөгүй, би Г-ийг одоо иргэний шүүхэд өгсөн байгаа. Харин Т.Ү манай гэрээс хулгайлсан эд зүйлийг Д компаний үнэлсэнээр хохирол барагдуулсан. Надад Т.Ү-той холбоотой санал хүсэлт байхгүй. Надад нэмж шалгуулах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

- иргэний нэхэмжлэгч Т.У-гийн: “...Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. 2017 оны 07 сарын 26-ны өдөр би нөхөр О.Х-ын хамт Нарантуул худалдааны төвийн Баялаг Ундраа төвийн 4 дүгээр давхарт байх цагаан өнгийн угаалгын машин 480.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрт цагдаа нар ирээд “уг угаалгын машиныг хулгайн эд зүйл” гэж хэлээд эд мөрийн баримтаар хураан авсан. Тэгээд би уг угаалгын машин авсан хүнтэй холбогдож болсон зүйлийн талаар хэлэхэд надад 400.000 төгрөгийг миний Хаан банкны дансаар буцаан шилжүүлсэн байсан. Одоо үлдэх 80.000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг,

- гэрч А.Х-ын: “...Тэгээд бид хоёр хамтдаа байрны гадна ирэхэд Ү “би угаалгын машин, хөргөгч хоёр зарах хэрэгтэй байна” гэж надад хэлсэн. Тэр үед би түүнээс “хэний хөргөгч юм бэ” гэж асуухад Ү “манай ах, эгч хоёрын хөргөгч байгаа юм, надад өртэй би өрөндөө авч байгаа” гэж хэлсэн. Тэгээд Ү бид уг хоёр уг байрны 2 дугаар давхарт гараад тоотыг нь санахгүй байна, цагаан бүргэд хаалгатай айл руу орсон. Уг айл нь нэг өрөө байр байсан бөгөөд Ү гал тогооны өрөөнд нь байсан Haier нэртэй угаалгын машин болон хөргөгчний зургийг нь дараад,  намайг Нарантуул руу явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Нарантуул захын хашаанд байх Баялаг-Ундраа худалдааны төвийн 4 давхар цахилгаан барааны тасгийн эхний эгнээний лангууны хүнд зарахаар тохирсон. Уг лангууны ажилчин гэх 40 орчим насны эрэгтэй хүн бид хоёрыг дагаж яваад Вива Сити хороололд ирээд угаалгын машин, хөргөгч хоёрыг салгаж аваад, Ү-д 300.000 төгрөг тоолж өгсөн.”  гэсэн мэдүүлэг,

- гэрч Н.Х-ын: “...Би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан наадмын өмнө ирж зарсан. Яагаад наадмын өмнө гэдгийг мэдэж байгаа гэхээр намайг хөргөгч угаалгын машин авсны дараа 2017 оны 07 сарын 10-ны өдөр манай худалдааны төв амарсан юм. Тэгээд би үргэлжлүүлэн долоо хоног амарчихаад 2017 оны 07 сарын 18-ны өдөр ажилдаа ороод, долоо хоног орчмын дараа буюу 07 сарын 25-ны орчим зарсан юм. Анх өгсөн мэдүүлэгтээ би 07 сарын 25-ны өдөр гэж хөргөгч зарсан өдрөө хэлсэн байна. Т.Ү надад наадмын өмнө буюу 2017 оны 07 сарын 05, 06-ны өдрийн орчим авчирч зарсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 190х/,

- гэрч Б.Г-ийн: “...Би 2017 оны 06 сарын 25-ны өдөр түрээслэж байсан байр буюу байрны түлхүүрийг зүс таних Ө дэлгүүрийн худалдагч Т.Ү-д үлдээсэн. Ямар зорилгоор үлдээсэн гэхээр би өөрөө Эрдэнэт явах шаардлагатай болсон учир байрны түлхүүрийг Т.Ү-д “түр хугацаанд надтай хамт амьдарч байсан Зд дамжуулж өгөөрэй” гэж хэлээд үлдээсэн. Тэр өдрөө би З руу яриад, “түлхүүр доор Т.Ү-д үлдээсэн байгаа” гэж хэлсэн. Гэхдээ тэр өдөр Ү надаас түлхүүр авахдаа “би ороод хувцасаа угаачих уу” гэж асууж байсан ба би “тэг” гэж зөвшөөрсөн.

Би Ү-д “зөвхөн усанд орчихоод л гарч ирээрэй, тэгээд наад түлхүүрээ З-д яаралтай өгөөрэй” гэж хэлсэн. Тэрнээс биш байран доторхи эд зүйлийг эдэлж, хэрэглээрэй гэж огт хэлээгүй, Ү-д байрны эд зүйлийг хариуцуулж өгсөн зүйл байхгүй, уг түлхүүрийг би Ү-гоор дамжуулж З-т өгөх гэж л түр хугацаанд үлдээсэн юм.” гэсэн мэдүүлэг, 

 - гэрч Д.Э-ын: “...Би Нарантуул зах дээр ачаа хүргэж өгдөг юм. 2017 оны 07 сарын 05 юм уу, 6-нд хоёр залуу Баялаг Ундраа худалдааны төвийн цахилгаан барааны тасагт ирээд “хуучин зүйл авдаг  хүн байна уу хөргөгч, угаалгын машин зарна” гээд зургаа харуулсан юм. Тэгэхээр нь би гайгүй юм байвал авчихъя гэж бодоод “очиж үзэж байгаад авах авахгүйгээ хэлье” гэхэд Баялаг Ундраа худалдааны төвд цахилгаан барааны тасагт худалдагч хийдэг Х гэх охин “өөрийн гэртээ угаалгын машиныг нь авъя” гээд надад 180.000 төгрөг өгөөд “та хөргөгчөө очиж үзэхдээ угаалгын машиныг нь аваад ирээрэй” гээд явуулсан. Тэгээд би уг хоёр залуутай хамт Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива Ситигийн байрнуудын дунд хэсэгт нэг байранд ороод хоёр давхарт гараад, хойшоо харсан хаалга руу орсон. Хэддүгээр байр, хэдэн тоот гэдгийг нь санахгүй байна. Ороод уг хөргөгчийг үзтэл зурган дээр байгаа шигээ биш байсан болохоор нь “би авахгүй” гэж хэлэхэд “та ядаж 120.000 төгрөгөөр авчих” гэсэн. Тэгэхээр нь би “ахад нь таалагдахгүй байна, дээд талын төмөр нь алга, шургуулга нь бас асуудалтай юм байна, бариул нь ч байхгүй юм байна” гэхэд “та янзлаад авчих л даа, уг нь бүтэн байсан юм аа, тэгээд алга болчихож” гэх зэргээр ...гуйгаад байхаар нь би 120.000 төгрөгөөр уг хөргөгчийг авсан. ...Тэгээд би оройн 22:00 цагийн үед хөргөгч, угаалгын машин хоёрыг өөрийн ТОҮОТА SАХЕТ хагас ачааны машиндаа ачаад явсан. Тэгээд маргааш нь угаалгын машиныг худалдагч охин Х-д өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/,  

- “Д” Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын ХХК-ийн үнэлгээчийн 2017 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар “Haier” маркийн угаалгын машиныг 304.000 төгрөгөөр, “Panаsonic” маркийн хөргөгчийг 288.000 төгрөгөөр, нийт эд хөрөнгийг 592.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 34-35х/,

- Шүүгдэгч Т.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Т.Ү нь 2017 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдрийн орчим иргэн Д.Н-ийн эзэмшлийн байрны түлхүүрийг Б.Г нь “хамт байр түрээслэж байсан О.З болон байрны эзэнд хүлээлгээд өгчихээрэй” гэж итгэмжлэн хариуцуулж үлдээснийг урвуулан ашиглаж, уг орон байранд түлхүүрдэн орж “Haier” загварын бүрэн автомат угаалгын машин 1 ширхэг, “Panasonic” загварын хөргөгч 1 ширхэг зэрэг эд зүйлийг нь бусдад худалдан борлуулж өөрийн үзэмжээр захиран зарцуулж ашигласан үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н-т 592.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан “Д” Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын ХХК-ийн үнэлгээчийн 2017 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар “Haier” маркийн угаалгын машиныг 304.000  төгрөгөөр, “Panаsonic” маркийн хөргөгчийг 288.000  төгрөгөөр, нийт 592.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан баримтаар тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Т.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Т.Ү-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан. 

 

Шүүгдэгч Т.Ү-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж байрагдуулсан нь хохирогч Д.Н-ийн “...Т.Ү нь ...эд зүйлийг “Д” компаний үнэлснээр хохирол барагдуулсан, санал хүсэлт, нэмж шалгуулах зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 189х/, иргэний нэхэмжлэгч Т.У-гийн тус шүүхэд бичгээр гаргасан “...хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцох боломжгүй.” гэсэн хүсэлт /хэргийн 172х/, хохирлын мөнгө хүлээлцсэн хэлцэл /хэргийн 162х/ нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Ү-г гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Т.Ү нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 59 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

Шүүгдэгч Т.Ү нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Т.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Ү нь тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 24 дугаартай захирамжаар 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2018 оны 02 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 31 хоног, /хэргийн 39х/, 2018 оны 04 сарын 09-ний өдрөөс 2018 оны 05 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд 38 хоног /хэргийн 151х, 178х, 185х/, нийт 69 /жаран ес/ хоног яллагдагчаар цагдан хоригдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, “баривчлагдсан цагдан хоригдсон нэг хоногийг ..., нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Ү-гийн яллагдагчаар цагдан хоригдсон 69 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар (69 /хоног/ х 8 цаг= 552 цаг) тооцоход 552 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэж байна.

 

Иймд шүүгдэгч Т.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлсэнд тооцож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Н, иргэний нэхэмжлэгч Т.У нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Т.Ү-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ү-г 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Ү-гийн цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, ялтны цагдан хоригдсон  69 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон Т.Ү-г 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэнд тооцсугай.

 

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Н, иргэний нэхэмжлэгч Т.У нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Т.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД