| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2503001820429 |
| Дугаар | 2025/ДШМ/1184 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/1184
А.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
хохирогч Б.М-,
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-,
шүүгдэгч А.Д-ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1908 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “М Ш” ХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор А.Д-д холбогдох 2503001820429 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн А-ийн Д, 2002 онд Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “М Ш” ХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Шүүгдэгч А.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Саппоро” төвийн урд замд “Toyota Probox” загварын ... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 5.3, 12.3, 16.1-т заасныг тус тус зөрчиж, явган хүний гарцаар гарч байсан хохирогч Б.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: А.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Д-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
иргэний хариуцагч “М Ш” ХК-аас 26,534,082 төгрөгийг, шүүгдэгч А.Д-эс 5,280,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.М-т олгож шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “М Ш” ХК давж заалдах гомдолдоо: “...1.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтөний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацаанд олгохоор хуульчилсан. Хөдөлмөрийн чадвар түр алдалт нь хэдий хэр хугацаанд үргэлжлэхийг урьдчилан таамаглах, ирээдүйд 12 сарын турш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байх эсэх нь тодорхой бус байхад анхан шатны шүүхээс ирээдүйд гараагүй хохирлыг урьдчилан нэг дор гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасантай зөрчилдөж байна.
Хэрэв хохирогчийн хөдөлмөрийн чадвар түр алдалт нь 12 сарын хугацаанд үргэлжлэх, эсхүл түүнээс удаан хугацаанд үргэлжлэх зэрэг тохиолдолд тухай бүрд нь хохирлоо иргэний хэргийн журмаар нэхэмжлэн буруутай этгээдээс гаргуулах боломжтой байтал анхан шатны шүүхээс ирээдүйд олох байсан орлогыг хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд оруулан тооцсон нь үндэслэлгүй.
2.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.
А.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн үед буюу ажлын бус цагаар байгууллагын тээврийн хэрэгслийг эзэмшиж байх хугацаанд бусдад гэм хор учруулсан байхад анхан шатны шүүхээс А.Д-ийг албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан эсэхийг бодитойгоор үнэлэлгүй, шууд иргэний хариуцагч “М Ш” ХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Мөн Б.М- нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд хохиролтой холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд байгууллагаас иргэний хариуцагчаар томилогдсон этгээдэд танилцуулалгүй, шүүх хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулж, хохиролтой холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжоор хангаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэний хариуцагч, түүний төлөөлөгч нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах, баримт сэлт, хүсэлт гаргах эрхтэй” гэж заасныг зөрчсөн.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад иргэний хариуцагч “М Ш” ХК-аас 26,534,082 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 32-34 дүгээр талд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт авагдсан. Шинжээч “хохирогчийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдах эсэх нь эдгэрэлтээс хамаарна” гэж дүгнэсэн. Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалт нь 12 сараас өмнө сэргэх боломжтой гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтөний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацаанд олгохоор хуульчилсан. Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сарын хугацаагаар тогтоосон хэдий ч хэзээ эдгэрэх эсэх нь хохирогчийн биеийн онцлогоос шалтгаална гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан тул үүнийг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан. Бодит хохирол гэдэгт ирээдүйд олох орлого, цалин, хөлс хамаарахгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан. А.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн үед буюу ажлын бус цагаар байгууллагын тээврийн хэрэгслийг эзэмшиж байх хугацаандаа бусдад гэм хор учруулсан тул шүүгдэгч бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад 1 жилийн хугацаагаар групп тогтоосон бөгөөд цаашид биеийн байдал, эдгэрэлтээс шалтгаалан группийг сунгах эсэхийг шийдвэрлэнэ гэж хэлсэн. Миний бие бүрэн эдгэрээгүй, хагалгаанд орохоор болж эмчилгээ хийлгэж байгаа. А.Д- ажлын бус цагаар тээврийн хэрэгслийг жолоодож байсан юм бол яагаад тээврийн хэрэгсэл нь баазад үлдээгүй вэ. Тээврийн хэрэгсэл баазад үлдээгүйн улмаас осол гарсан. Миний цалин нэмэгдэх боломжтой байсан ч тухайн авч байсан цалингийн хэмжээгээр тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүгдэгч А.Д-ийг ажлын бус цагаар, ажил үүргээ гүйцэтгээгүй байхдаа тухайн гэмт хэргийг үйлдэж, осол гаргасан” гэж байна. Шүүгдэгч тухайн үед хүргэлтэд явж байсан бөгөөд хүргэлтээ хэзээ дуусгана тэр цагт ажил нь дуусдаг байсан. Тэрнээс биш тогтсон ажлын цаг гэж байгаагүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497, 498, 499 дүгээр зүйлд зааснаар байгууллагаас зохих хэмжээний төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. ...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчид энэ талаар мэтгэлцэж, тодруулсан. Шүүгдэгч “М Ш” ХК-ийн жолоочоор ажилд орж, ажил үүргээ гүйцэтгэж дуусах хүртэл тухайн тээврийн хэрэгслийг жолоодож, зарим тохиолдолд тээврийн хэрэгслийг ажилтан өөрөө авч явдаг байсан дээр байгууллагаас хяналт тавьдаггүй байсанд зохих хэмжээгээр буруутай гэж үзэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх А.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг иргэний хариуцагч “М Ш” ХК-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Б.М-ийн: “...Би Саппорогийн замын урд талын гэрлэн дохио зохицуулдаггүй явган хүний гарцаар эхлээд баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийг явган хүний гарцаар гараад тусгаарлах зурвас өнгөрч, зүүнээс баруун чиглэлтэй хойш чиглэлд 2,3 дугаар эгнээг туулж гарснаа санаж байна. Нэг мэдсэн газар зам дээр унасан, амьсгал авч болохгүй, хөдлөх гэхэд тэр хавьд байсан хүмүүс хөдөлж болохгүй гэж хэлсэн...” (хх 21-22),
-иргэний нэхэмжлэгч, хариуцагч “М Ш” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ын: “...“М Ш” ХК-д нэхэмжлэх зүйл байхгүй. Зам тээврийн осолтой холбоотой асуудлыг жолооч А.Д- өөрөө хариуцна...” (хх 79, 81),
-Б.М-ийн биед тогтоогдсон баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, дотор гадна жийргэвч мөгөөрсний урагдал, баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосны урагдал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвуу, зүүн шилбэ, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, дус, зүүн хацрын төвгөр, зүүн хөмсөгний гадна булан, хамрын үзүүрт зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн цохих цохигдох үйлдлээр үүсэх боломжтой ба хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдсон талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/3467 дугаар (хх 32-34),
-“зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 35000 cd, ойр дээрээ 5000 cd (стандарт 10000-22500 cd), баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 600 cd, ойр дээрээ 0 cd (стандарт 10000-22500 cd) буюу зүүн гар талын холын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. Харин баруун гар талын хол ойр болон зүүн гар талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байна. Баруун гар талын хол, ойр болон зүүн гар талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочийн үзэгдэх орчныг хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч тухайн орчны гэрэлтүүлэг, замын байдлыг мэдэхгүй учир хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй” гэсэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 125 дугаар (хх 50-57) дүгнэлтүүд,
-2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 480 дугаар “...Жолооч А.Д- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4.“Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй”, 5.3.“Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна...” гэсэн мөрдөгчийн магадалгаа (хх 70-71),
-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 16-18),
-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (хх 5-12),
-дуудлагын лавлагааны хуудас (хх 4) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч А.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Саппоро” төвийн урд замд “Toyota Probox” загварын ... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдпыг хангах”, 4 дүгээр хавсралтын 5.3-т “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчиж, явган хүний гарцаар гарч байсан хохирогч Б.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээр нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Д-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүх А.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх” зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр тооцон, шүүгдэгч А.Д-эс 5,280,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журамд нийцсэн байна.
Иргэний хариуцагч “М Ш” ХК-аас 26,534,082 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-т олгуулахаар шийдвэрлэсэнд уг компаниас маргаж гомдол гаргажээ.
1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрх эдлэх ба улмаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй байхаар баталгаажуулан заажээ.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба ийнхүү бусдын хууль бусаар учруулсан гэм хорыг арилгуулах эрхийг Иргэний хуулиар зохицуулсан.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” хэмээн хуульчилсан.
Шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Б.М-т ердийн өвчний жагсаалтын заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэсэн (хх 156) ба улмаар сард олгох тэтгэврийн хэмжээг 689,000 төгрөгөөр тогтоожээ.
Иймд анхан шатны шүүхээс хохирогч Б.М-ийн дутуу авах цалин хөлсийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй боловч тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах нь онцлог зохицуулалттай болно.
Өөрөөр хэлбэл, зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх, мөн тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд, шүүгдэгч А.Д- нь “М Ш” ХК-ийн жолооч ажилтай, тухайн компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр шуудангийн түгээлт хийдэг ба гэр, ажлын байрны хооронд явахдаа уг тээврийн хэрэгслийг ашигладаг болох нь байгууллага, ажилтны хувьд нэгэнт хэвшиж тогтсон үйл баримт байна.
Түүнчлэн шүүгдэгч А.Д-ийн унаж явахдаа зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байх ба үүнийг хангуулах нь “М Ш” ХК-ийн үүрэг мөн болохыг дурдах нь зүйтэй.
Тиймээс Иргэний хуулийн “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” зохицуулалтын дагуу хохирогч Б.М-ийн 12 сарын хугацаанд дутуу авах цалин хөлс, эмчилгээ, асаргааны зардалд нийт 26,534,082 төгрөгийг “М Ш” ХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судална” гэж зааснаар иргэний хариуцагч хохирогчоос гаргаж өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтуудтай шүүхийн хэлэлцүүлгийн явцад танилцах боломжтой.
Мөн иргэний хариуцагчаас хохиролтой холбоотой баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөх эрх нь нээлттэй тул иргэний хариуцагч “М Ш” ХК-ийн нотлох баримттай танилцах, гаргаж өгөх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.Д-ийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу иргэний хариуцагч “М Ш” ХК-аас 26,534,082 төгрөг, шүүгдэгч А.Д-эс 5,280,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.М-т олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “М Ш” ХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1908 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “М Ш” ХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН