Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01491

 

 

 

 

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01491

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Г.Бгийн  нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01342 дугаар шийдвэртэй, Г.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г И Н Сд холбогдох, 12 272 727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн тайлбарт:  Миний бие Глобал Олон улсын дунд сургуультай 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж англи хэлний багшаар тус өдрөөс эхлэн ажилласан. 2018 оны 12 дугаар сарын 31-нд миний бие өвдөж эмнэлэгт үзүүлтэл цөсний чулуутай, цөсний чулуугаа яаралтай авахуулах шаардлагатай гэдгээ мэдсэн. Тэгээд удалгүй биеийн байдал маань хүндэрч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлэгт хүргэгдээд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дурангийн хагалгаанд орж, цөсний чулуугаа авахуулсан. Би тухай бүр эмнэлгийн магадалгааг сургууль руу хүргүүлж сургалтын албатай удаа дараа утсаар ярьж байсан. Гэтэл 01 дүгээр сарын 22-ны өдөр захирал С.Батсүх над руу залгаад намайг ажлаас халж байгааг хэлснээр би сэтгэл зүйн хувьд маш их дарамтад орсон. Ингээд ажлаас халагдаж байагаа тухайгаа гэрийнхэндээ хэлэхэд гэрийнхэн маань мөн дарамтад орсон. Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань дангаараа бид хэдийг тэжээхэд хүндрэлтэй байсан учраас 2018 оны 02 сард төрөөд удаагүй миний хувьд хүүхдээ 2 нас хүртэл нь гэртээ харах ёстой ч гэр бүлийн санхүүгийн хүндрэлээс болоод ажилд орсон. Гэтэл тус сургуулийн захирал С.Батсүх нь намайг ажлаас халсан тухайгаа мэдэгдэж, тушаал чинь гарчихсан шүү ирж аваарай гэсэн нь надад болон миний гэр бүлд том цохилт болсон юм. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би тушаалаа авах гээд сургууль руу очсон. Захирал С.Батсүх намайг өрөөндөө ороод ирсэн гэсэн. Тэгээд намайг өрөөндөө дуудаж тушаал танилцуулсан. Тэр тушаалын ар тал дээр танилцсан зөвшөөрсөн гээд гарын үсэг зурчих гэсэн. Би тэгэхэд танилцсан гэж гарын үсэг зурж болж байна, би энэ тушаалын 1 заалтын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул зөвшөөрсөн гэж зурахгүй гэсэн. Мөн би танайхаас өөрийн хүслээр ажлаас халагдаагүй учраас ажлаас халагдсаны тэтгэмж авах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Тэгтэл захирал С.Батсүх тэгвэл би хуулийн зөвлөх рүү яриад хэлье гээд тушаалаа аваад өрөөрүүгээ орсон. Хэсэг хугацааны дараа захирал С.Батсүх, “за би хуулийн зөвлөхтэйгөө ярилаа, энэ тушаалыг өөрчлөх ёстой юм байна, би нэмэлтээр 1 сарын тэтгэмж, амралтын мөнгөний хамт оруулъя гэсэн. Энэ хооронд намайг тойрохоо зуруулаад ир гээд явуулсан. Тэгээд би тойрохоо зуруулж эхэлж байтал захирал С.Батсүх туслахаараа намайг өрөөндөө дуудуулахад ТУЗ-ын дарга н.Басан гэдэг хүн хамт байсан. Захирал С.Батсүх “ТУЗ-ын даргынхаа өмнө хэлье, би буруу шийдвэр гаргасан” байна. Н.Басан захирал Батсүх захиралд та энэ хүнд ямар арга хэмжээ авсан юм бэ, одоо ажилд нь аваад тэр арга хэмжээгээ шат дараалуулаад ав гэж хэлсэн. Анх С.Батсүх захирал намайг ажлаас халлаа гэж утсаар хэлснээс авахуулаад өнөөдрийг хүртэл энэ хүмүүс надаар тоглож, миний болон гэр бүлийг сэтгэл зүйн дарамтад өнөөдрийг хүртэл оруулж байна. Би боловсролын салбарт 2000 оноос хойш 18 жил ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл ажилласан туршлагаас харахад жил бүрийн 9 сард боловсролын байгууллагад шинээр баг ажилчдаа авдаг, тэр бүрэлдэхүүнээр тухайн хичээлийн жилийг дуусгадаг. Хичээлийн жилийн дундаас шинэ багш ажилчдыг авах тохиолдол маш цөөн байдаг тул би 9 сар хүртэл ажилд орж чадахгүй. Иймд тус сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсанд тооцож миний ажлаас халагдсан тэтгэмжийг 6 сараар тогтоож 6 сарын тэтгэмж 9 000 000 төгрөгийг, миний ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө 3 272 727 төгрөг нийт 12 272 727 төгрөгийг холбогдох хуулийн дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Иргэн Баярмаа нь Глобал олон улсын дунд сургуультай /тэр үеийн нэршил/ 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан англи хэлний багшаар ажилласан. 2018 оны 11 сараас эхлэн багш Г.Б хичээлээ чанаргүй зааж байна. Англиар сайн ярьдаг сурагчид нь багш бид нараас дор юм байна гэж ярилцахаас гадна ангийнх нь хүүхдүүд цахим хуудсаар хоорондоо бичээд байна, анхаарч нягталж өгөөрэй гэж 8С ангийн Ц.Хангайгийн ээж Л.Отгончимэг утсаар ярьсны дагуу менежер болон миний бие хичээлд нь сууж зөвлөгөө өгсөн. Хагас жилээр Баярмаа багшийн шавь нараас хөндлөнгийн шалгалт авч, дүн гарахад хангалтгүй дүн авсан. Мөн сурагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаа зэргээс дүгнэхэд багш Г.Б нь ажил мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байгаа нь харагдсан. Тус сургуулийн хувьд өндөр төлбөртэй, эцэг эхийн шаардлага хүлээлт их байдаг тул 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр утсаар ярьж ийм байдалтай цаашид энэ сургуульд ажиллахад хэцүү, өвчний чөлөөгөө дуусгаад ажлаас гарах өргөдлөө өгвөл яасан юм бэ? гэдэг санал тавьсан. Г.Б багш би өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөхгүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсанд тооцуулж тэтгэмж авна гэсэн. Үүний дагуу тушаалын төслөө танилцуулахад Г.Б багш энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, ажлаас халагдсаны тэтгэмж авна гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг гарган уншиж, хуулийн зөвлөх Д.Сүрэнхортой зөвлөөд өмнөх тушаалын төслийг хүчингүй болгож 1 сарын тэтгэмж, ажилласан хугацааны амралтын мөнгө олгох тушаалын төсөл гаргасан. Үүнийгээ сургуулийн ТУЗ-ийн гишүүн, дэд захирал Н.Басанд багш Г.Бг байлцуулан танилцуулсан. Гэтэл захирал Н.Басан хэрэв багшийн зүгээс ажил мэргэжил, ур чадварын хувьд шаардлага хангахгүй асуудал байгаа бол багшийн цалингийн шатлалыг буруулах шийтгэл оногдуулж, зөвлөж дэмжээд ажилла, хөдөлмөрийн гэрээг цуцлах шаардлагагүй, үргэлжлүүлэн ажиллуул гэсэн үүрэг өгсөн. Миний бие Г.Б багшид та үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Би таныг дэмжээд хоёр талаасаа хичээгээд ажиллах нь байна шүү гэж хэлсэн. Баярмаа багш би ажиллах эсэхээ гэр бүлтэйгээ зөвлөж байж хариу өгнө гэсэн. Маргааш нь үргэлжлүүлэн ажиллаж чадахгүй гэдгээ нарийн бичигт утсаар хэлсэн байсан. Үүнээс хойш бид хүлээсэн. 2019 оны 3 дугаар улирлын хичээл эхлээд 3 хоноод буюу 2019 оны 02 дугаар сарын 13-нд бид цаашид ажиллах эсэх, ажиллахгүй бол бид таныг холбогдох хууль, журмын дагуу ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн, мөн энэ талаар өөрийнх нь 96609820 дугаартай утсанд мэссэж бичсэн. Нарийн бичиг утсаар ярихад ажиллахгүй гэдгээ хэлсэн шүү дээ гэсэн хариу өгсөн.

Иймд багш Г.Б нь албан ёсоор ажлаас чөлөөлөх талаар тушаал шийдвэр гараагүй, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, ажил олгогчийн зүгээс үргэлжлүүлэн ажлаа хий гэсэн хууль ёсны шаардлага тавихад хүлээж аваагүй, ажил тасалсан атлаа хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсанд хүчээр тооцуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг авах талаар гаргасан түүний нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ажлаас халагдсан тэтгэмжийг 6 сараар тогтоож 9 000 000 төгрөг, ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө 3 272 727 төгрөг нийт 12 272 727 төгрөг холбогдох хуулийн дагуу Глобал ОУДС-аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Багш Г.Бг албан ёсоор ажлаас чөлөөлөх талаар тушаал шийдвэр гараагүй, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, ажил олгогчийн зүгээс үргэлжлүүлэн ажлаа хийх талаар хууль ёсны шаардпага тавихад хүлээж аваагүй, ажил тасалсан, тул сургуулийн захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.3, Хөдөлмөрийн гэрээний 6.3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөр багш Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал гаргаж энэ тухай утсаар мэдэгдэх гэсэн боловч утсаа авахгүй байсан тул 2019 оны 02 дугаар сарын 22-ний өдөр тушаалыг шуудангаар гэрийнх нь хаягаар хүргүүлсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болох хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан ... үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул ажлаас халагдсаны тэтгэмж олгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймээс хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмж, болон ээлжийн амралтын олговрыг мөнгө болох нийт 12 272 727 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Харин сургуулийн зүгээс багш Г.Бд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажилласан хугацааны ээлжийн амралтын цалин 974 059 төгрөг, барьцаа 60 000 төгрөг, барьцааны хүү 936 төгрөг, ХЧТА тэтгэмж 114 644 төгрөг нийт 1 149 638 төгрөгийг олгох болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан хариуцагч Глобал олон улсын дунд сургууль БСБ-аас 978 662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлээс 11 294 065 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 313 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Глобал олон улсын дунд сургууль БСБ-аас 28 038 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар 07-ны өдрийн 1342 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж хариуцагчийн тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн алдаатай шийдвэр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас халсан тушаалыг үндэслэн хэргийг шийдвэрлэжээ. Гэтэл нэхэмжлэгчид 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу тушаал гаргаж нэхэмжлэгчид танилцуулсан. Ажилдаа эргэн орох хүсэлт тавьсан боловч нэхэмжлэгч ажиллахаас дахин татгалзсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ажлаас халсан. Уг тушаалаа үгүйсгэх, хүчингүй болгосон ямар нэгэн тушаал шийдвэр гаргалгүйгээр дахин ажлаас халах тушаал гаргасныг шүүх үнэлж, бусад гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

                Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмж 9 000 000 төгрөг, амралтын мөнгө 3 272 727 төгрөг, нийт 12 272 727 төгрөг шаардсанаас хариуцагч ээлжийн амралтын олговор 978 662 төгрөгийг зөвшөөрч бусдыг нь эс зөвшөөрч маргажээ.

            2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус сургуулийн захирлын Б/130 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Бг англи хэлний багшийн ажилд томилж, 2019 оны 02 дугаар 19-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.3, Хөдөлмөрийн гэрээний 6.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан” гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх18, 25/

            Нэхэмжлэгчийн “ .., хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу тушаал гаргаж нэхэмжлэгчид танилцуулсан. Уг тушаалаа үгүйсгэх, хүчингүй болгосон ямар нэгэн тушаал шийдвэр гаргалгүйгээр дахин ажлаас халах тушаал гаргасан ..,” гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна. 

Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл өвчтэй байсан талаарх эмнэлгийн магадлагаа хэрэгт авагдсан байх ба нэхэмжлэгч Г.Б энэ өдрөөс ажилдаа ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх5/

Иймд Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасан үндэслэлээр цуцласан ажил олгогчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, шүүх ажлаас халагдсаны тэтгэмжид 9 000 000 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно.

            Шүүх нэхэмжлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны ээлжийн амралтын олговорт 978 662 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан ээлжийн амралтын олговор тооцох журамд заасантай нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 655 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

 

 

                                                   

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ                                                                                                                           

                                                                                               А.МӨНХЗУЛ