Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/1183

 

Н.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах,

хохирогч Ц.Ц-,

шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1667 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Н.А-д холбогдох 2410007781139 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Н-ийн А, 1973 онд Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Шүүгдэгч Н.А- нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил” худалдааны төвийн гадна хохирогч Ц.Ц-той “машинаа ухрааж хүн гэмтээх гэлээ” гэсэн асуудлаас болж маргалдсан хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Н.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

шүүгдэгч Н.А-гаас нийт 160,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ц-од олгож, Ц.Ц- нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1.Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтын дутуу, зөрүүтэй үнэлгээний тухай.

Шийтгэх тогтоолын 2 дахь талд “камерт харахад ард хүн харагдаагүй, харин толинд нэг хүн харагдсан” гэсэн мэдүүлэг байна. Энэ нь хохирогч ухрах үедээ ард хүн байсныг мэдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч буй бөгөөд тухайн мэдүүлгийг шүүх үндэслэлтэйгээр үнэлээгүй нь илт байна.

Шийтгэх тогтоолын 6 дахь талд “цагдаа хоёр этгээдийг машинд суулгаж хамт авч явсан” гэж дурдсан боловч шүүгдэгч Н.А- нь цагдаагийн хэлтэс рүү бие даан таксигаар очсон.

Шийтгэх тогтоолын 8 дахь талд хохирогч Ц.Ц-ын “баруун 5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал” гэж дүгнэсэн боловч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2862 дугаар дүгнэлтээр “зөрүүгүй хугарал” гэж тогтоосон. Шүүх энэ зөрүүг үл тоож, дүгнэлтийн утгыг гуйвуулсан нь шийдвэрийн үнэн зөв байдалд сөргөөр нөлөөлсөн.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн тухай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгах үүрэгтэй” гэж заасан. Гэвч хэргийг мөрдөн шалгах явцад шүүгдэгчид ашигтай нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа бүрэн хийгдээгүй. Жишээлбэл, гэрч Хандаагийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт огт дурдаагүй.

Хохирогчийн өдөөн хатгалгатай үйлдэл, зүй бус хэллэг, маргааныг санаатайгаар эхлүүлсэн нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. Довтолгоог хохирогч эхлүүлсэн байхад шүүгдэгчийн зүгээс гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “аргагүй хамгаалалт”-ын хүрээнд байсан гэж үзэх бүрэн үндэстэй.

Камерын бичлэг нь хэрэгт шийдвэрлэх ач холбогдолтой баримт байсан боловч бичлэг бүрэн хүргэгдээгүй, устсан, эсхүл шинжилгээ хийх боломжгүй болсон. Энэ нь шүүхийн шийдвэр гаргах нотлох баримтын чанар, хүрэлцээг ноцтойгоор зөрчиж байна.

Хохирогчид гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч тухайн гэмтлийг хэн учруулсан талаар баримт бүрэн нотлогдоогүй. Үүнийг тогтооход зайлшгүй шаардлагатай рентген болон томографын дүрслэл хэрэгт байхгүй бөгөөд энэ нь хэргийг эргэлзээгүй тогтоох боломжийг хязгаарлаж байна.

3.Хэргийн шинж, бодит нөхцөл, сэтгэл зүйн ба нийгмийн суурь нөхцөлийн тухай.

Шүүгдэгч нь хохирогчид гэм хор учруулах зорилго агуулаагүй бөгөөд гэнэтийн өдөөн хатгалгад өртсөн нөхцөлд охиноо хамгаалахын тулд хариу үйлдэл үзүүлсэн.

6 нас ч хүрээгүй охиныг сүрдүүлэн заналхийлж буй байдалд гэр бүлийн гишүүн, тэр дундаа эцэг хүн биеэ хамгаалан, хүүхдээ хамгаалах нь байгалийн эрх, хууль ёсны үндэслэл бүхий аргагүй хамгаалалт мөн.

Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч шүүгдэгчийн биед учирсан гэмтэл, гар хазуулсан байдал зэрэг нь шүүх шинжилгээний баримтаар баталгаажсан байтал шүүх үнэлээгүй.

Хохирогчийн “тамирчин хүн шиг цохилтыг хааж гаргасан” гэх мэдүүлэг нь шүүгдэгчийн мэргэжлийн бэлтгэлтэй холбоотой бөгөөд шүүгдэгч нь зодолдох биш, өөрийгөө хамгаалахын тулд үйлдэл хийснийг нотолж байна. Унасан хохирогчийг босгож тусалсан, машинд нь хүргэж суулгасан, зодооныг үргэлжлүүлээгүй нь ч бас энэ үндэслэлийг дэмждэг. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасны дагуу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хохирогч, шүүгдэгч нар очиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу биед үзлэг хийлгэсэн. Хохирогч Ц.Ц-ын биед мөрдөгч Ч.А, криминалистикийн шинжээч Б.М, хөндлөнгийн гэрч А.О, С.С нарыг оролцуулан 4 хүний бүрэлдэхүүнтэй үзлэг хийсэн. Тус үзлэг хийсэн тэмдэглэлд  “Ц.Ц-ын зүүн гарын дээд хэсэгт бага зэрэг шалбарсан, өөр ил харагдах шарх байхгүй” гэсэн байдаг. Гэмт хэрэг гарснаас хойш хохирогчийн 4 хоногийн дараа томографт үзүүлсэн гэх бичгийг үндэслэж, Ц.Ц-ын зүүн хавирга зөрүүгүй хугаралтай гэдгээр хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээс гадна “5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зулгаралт, баруун сарвуу цус хуралт, доод уруулын салст, зүүн сарвуу зулгаралт зэрэг тогтоогдлоо” гэж дурдсан. Үзлэгт дурдагдаагүй гэмтлүүд хаанаас гарч ирсэн бэ гэдэг асуудал яригдсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан. Онолын хувьд хөнгөн гэмтэл гэж гарсан байж болно. Гэхдээ энэ гэмтлийг хэн учруулсан байх магадлалтай вэ гэдэг дээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт гаргасан. Хохирогч эмнэлгийн байгууллагад нягтлан хийдэг, хавтаст хэрэгт хавирга хугарсантай холбоотой баримт байдаггүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тухайн гэмтэл сүүлд учирсан талаар ярьсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ үзлэгийн талаар дурдаагүй. Тухайн үйл явдлыг харсан гэх Б.Х-гээс гэрчийн мэдүүлэг авахуулах гээд чадаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт мөн Б.Х-гээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан. Хавтаст хэргийн 175-177, 182 дугаар талд Б.Х-гийн болсон үйл явдлын талаарх тэмдэглэл, гэрийн мэдүүлэг авагдсан. Гэрч хохирогч, шүүгдэгч нар биеэ хэрхэн авч явж байсан талаарх дэлгэрэнгүй байдлаар мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэлээ болгож талууд мэтгэлцсэн. Шийтгэх тогтоолд энэ талаар заагаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэдэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний гаргасан үйлдэлд тохироогүй ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуульд заасны дагуу цагаатгах, яллах талын нотлох баримтыг харгалзан үзээгүй. Хэргийн материалд зөрүүтэй хугарал, зөрүүгүй хугарлыг андуурч бичсэн. Зөрүүтэй, зөрүүгүй хугарал хоорондоо ялгаатай. Энэ хэрэгт олон гэрч мэдүүлэг өгсөн. Шийтгэх тогтоолд гэрч Б.Х-гийн мэдүүлгийг нэг ч удаа дурдаагүй. Хэрэв эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Гэрч Д.Б- “цохисон, өшиглөсөн гэдгийг мэдэхгүй, унасан байхыг нь харсан” гэж мэдүүлсэн. Би хүүхдээ хамгаалах үйлдэл хийсэн. Тэр хүнийг унагааж, өшиглөсөн гэдэг гэрчийн мэдүүлэг хэрэгт байхгүй. Биеэ хамгаалахын тулд хохирогчийг 1 удаа цохисон, өөр арга байгаагүй. Би цохисон, бүдэрч унасан талаар анхнаасаа мэдүүлсэн. Би “зүгээр үү, миний дүү” гээд өргөж босгоод машинд нь хүргэсэн. Тэр үед миний гарыг хазаж, зууралдсан. Цагдаагийн хэлтэс дээр очиж, асуудлыг шийдвэрлэх гэж байхад хохирогч “одоо наадхаа аваад яв, шоронд нь хорь” гэж захиалгатай юм шиг хэлсэн. Би “та нар ингэж яриад байгаа хүнтэй юу ярих ёстой вэ” гэхэд “та санаа зоволтгүй, энэ 2 камер бичиж байгаа, хуулийн дагуу нотлох баримт болно” гэж хэлсэн. Намайг хүн зодсон гэх фото зураг, бичлэгүүд байна. Тэр бичлэгт хүн зодсон зүйл байхгүй. Бие биеэ цааш, нааш түлхсэн зүйл байгаа. Би хохирогчийг өшиглөөгүй, 1 удаа цохисон. Миний хүнсэн дээр хохирогч дэвсэлсэн. Яагаад цагаатгах, яллах талын нотлох баримтыг харгалзан үзээгүй вэ. Анх хүн дайрлаа гэдгээс маргаан эхэлсэн. Намайг 10 гаруй метр явсны дараа хохирогч араас ирж, довтолгоон эхлүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч “миний машинд хохирол учруулсан” гэж хэлсэн. Би хохирогчийн машинд хохирол учруулаагүй. Энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй. Би довтолгооныг зогсоогоогүй байсан бол хохирогч өнөөдөр шүүгдэгч болж энд зогсох байсан. Би гарцаагүй байдалд толгойд орж ирсэн зүйлээ хийсэн. Яллаж байгаа бол нотлох баримт байх ёстой. Өмгөөлөгч сая тухайн үед шарх байгаагүй талаар хэллээ. Үүнийг нягтлах ёстой. Гэмтэлтэй холбоотой рентген зураг нотлох баримтууд яагаад байхгүй байна вэ. Би бичлэгүүдийг үзээд энэ хэсэг нь цохиогүй түлхэж байна гэж тайлбарлахын тулд нотлох баримтууд дээр ажиллах шаардлагатай байсан. Энэ үйл явдал болоход надад ямар ч гэм хор учруулах санаа байгаагүй. Гэм хэргийн бүрэлдэхүүнгүй, минут хүрэхгүй хугацаанд болсон ёс зүйн асуудал юм. Хавиргаа хугалах байтугай цуулахад хүн арай хийж амьсгалдаг. Хавиргаа цуулсан хүн “чамайг шоронд хийнэ” гээд цээжээ цохиод явах боломжгүй. Хохирогч эмнэлэгт үзүүлсэн гээд 160,000 төгрөг гарсан байсан. Нэг мэдүүлэг дээр надаас “энэ мөнгийг өгсөн үү” гэж асуухад “өгсөн” гэж мэдүүлснийг худал ярьсан гэж хэлсэн. Би прокурор, мөрдөгчөөс зурвасаар “надад хохирогчийн дансыг аваад өгөөч” гэж бичсэн. Шүүх хуралдаанд утастай орж болохгүй гэхээр нь гаргаж үзүүлээгүй. Мөрдөгч энэ талаар надаас 2-3 удаа асуугаад, хамт байж байхдаа хохирогч руу залгасан. Хохирогч “би наад хүнээс чинь одоо мөнгө авахгүй. Наад хүн чинь их өртэй, авдаг замаар нь авна” гэж егөөдсөн маягтай хэлсэн. Хэдэн төгрөг авна гэсэн бодолтой байгаа юм шиг сэжиг, эргэлзээ төрсөн. ...” гэв.

Хохирогч Ц.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр биед хийсэн үзлэгт яагаад тэгж бичигдсэнийг мэдэхгүй байна. Гэхдээ мөрдөгч ганцхан хүнтэй хамт үзлэг хийсэн. Үзлэг хийсэн тэмдэглэлийг харах юм бол миний уруул хавдаж, хувцас муухай болсон байгаа. Шүүх шинжилгээний 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр миний авсан гэмтлүүд бүгд шинэ гэж тогтоосон. Гэрч Б.Х- надаас архи үнэртэж байсан гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн. Хэрэв надаас архи үнэртэж байсан бол үзлэг хийж, мэдүүлэг авч болохгүй. Б.Х- гэдэг хүний мэдүүлэг бүхэлдээ худал юм. Н.А- намайг газар унагааж, олон удаа цохисон. Би нүүрээ дарсан учраас өшиглөсөн үү, цохисон уу гэдгийг мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд “хавирга цуурсан, зөрүүгүй хугарлын үед идэвхтэй хөдөлгөөн хийж болно” гэсэн байдаг. Тухайн үед амьсгалж болж байсан. Гэхдээ баруун талаа дарж хэвтэх, хүчтэй найтаахад өвдөлт өгч байсан. Шүүгдэгч “над руу мөнгө шилжүүлсэн” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч “Би мөнгө шилжүүлээгүй байна, одоо шилжүүлье” гэхээр нь “одоо авахгүй” гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжиж энэ мөнгө орж ирдгийг мэднэ. Би мөнгө хараагүй, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх хүсэлтэй байна. Тухайн үед намайг цохиж “ална, хядна” гэж байсан хүн одоо ёс суртахуун ярьж байна. Шүүгдэгч хүнсээ газар хаяж, над руу орилж, дайрсан. Би нэг яншуйг хөлөөрөө холдуулсан. Тэрнээс биш хүнсэн дээр нь дэвсэлж, орилсон зүйл байхгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял оногдуулж, иргэний журмаар сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэснийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ц.Ц- нь шүүгдэгч Н.А-тай маргалдаж, түүнд зодуулсны улмаас хөнгөн хохирол учирсан болох нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Гэмт хэрэг гарсан даруй шүүгдэгч, хохирогч нарын биед үзлэг хийж, анхны мэдүүлэг, тайлбарыг авсан. Хохирогч анхнаасаа шүүгдэгчид яаж зодуулсан талаараа тодорхой мэдүүлсэн ба энэ нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогддог. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нарын хооронд маргаан болж, маргааныг өөр хүн салгасан, зодоонд оролцсон зүйл байгаагүй. Тиймээс хохирогчид учирсан гэмтэл Н.А-гийн үйлдлээс үүссэн гэж дүгнэсэн. Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс гадна тухайн үйл явдлыг харсан “Оргил” худалдааны төвийн харуулын ажилтан Д.Б-ын мэдүүлэг хэрэгт авагдсан. Мөн зодоон болсны дараа шүүгдэгч, хохирогч нарыг ямар байдалтай байсныг харсан цагдаагийн ажилтны гэрчийн мэдүүлэг байгаа. Гэрч Б.Х- анхнаасаа мэдүүлэг өгөөгүй. Анхан шатны шүүхээс хэргийг буцаасны дараа Н.А- “ийм гэрч байсан байна, энэ хүнээс мэдүүлэг авч өгөөч” гэсний дагуу сүүлд мэдүүлэг авсан. Анхан шатны шүүх хуралдаанд энэ баримтуудын аль нь хэргийн бодит байдалтай нийцсэн, аль баримт нь хэрэгт ач холбогдол багатай гэдгийг ялгаж салган, дүгнэлт хийсэн. Прокурорын зүгээс гэрч Б.Х-гийн мэдүүлгийг үнэлэхгүй гэдгээ хэлсэн. Тэрээр “би зодолдож байх үед бичлэгийг нь хийсэн, надад бичлэг нь байгаа” гэж мэдүүлсэн. Мөрдөгчийг бичлэгийг нь хуулбарлаж аваад, шалгах талаар хэлэхэд “надад бичлэг байхгүй” гэж хэлсэн. Хэрэгт авагдсан ямар нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Шийтгэх тогтоолд гэрч Б.Х-гийн мэдүүлгийг дурдаагүйг хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж Н.А-г хохирогч Ц.Ц-ыг зодож, хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон хэмээн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах гомдолд дурдсан шиг аргагүй хамгаалалтын шинж байгаагүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Н.А- нь хохирогчийг зодож, гэмтэл учруулаагүй гэдэг баримт байхгүй. Харин яллах талын баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Н.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг анхан шатны шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч Ц.Ц-ын: “...”Оргил” худалдааны төвийн зогсоол руу орох гээд байж байтал үл таних залуу миний машины ард талыг өшиглөсөн. Би “яаж байгаа юм бэ” гэхэд “ард чинь хүүхэд явж байхад чи дайрах гээд байгаа юм уу” гэхээр нь “хүн явж байсныг харж байсан, юу гэж хүүхдийг дайрах юм бэ” гэж хэлсэн. Би тухайн үед ухрах араандаа хийгээд яг хөдөлж байсан. Тэгсэн шууд миний уруулын дээд хэсэг рүү гараараа 2 удаа, зүүн талын нүд хэсэг рүү 3-4 удаа, баруун талын шанааны дээд хэсэг рүү 3-4 удаа цохиод, баруун талын цээжин тус газар 2 удаа газар унагаж өшиглөсөн. “Чи байж бай, би цагдаа дуудна” гэж хэлэхэд тэр залуу явах гээд байхаар нь газар байсан тортой юмыг нь би хөлөөрөө холдуулахад миний нүүр рүү дахиад 2-3 удаа цохисон. Би “чамтай зодолдохгүй, хүний биед гар хүрч болохгүйг мэднэ, чи дахиж намайг цохих юм бол ялаа хүндрүүлнэ шүү” гэж хэлээд цохихыг нь болиулсан...” (1хх 27-28),

-гэрч, “Оргил” худалдааны төвийн харуул Д.Б-ын: “...15 цагийн орчим цэнхэр куртиктэй эрэгтэй хүн гартаа ууттай өндөг бариад “Оргил” худалдааны төвөөс гарч, машины зогсоол дээр алхаж байтал гэнэт хажуугаас нь “prius” загварын машин гарч ирэхэд тэр хүн ууттай өндгөө газар унагаад хагалсан. Тухайн машинаас хар куртиктэй эрэгтэй хүн бууж ирэхэд цэнхэр куртиктэй залуу “өндөг хагалчихлаа” гэж хэлээд хоорондоо 20-30 минут орчим маргалдсан бөгөөд хэсэг бие биетэйгээ зууралдаж барьцалдаад, буцаж салаад дахин барьцалдах маягийн байсан. Цэнхэр куртиктэй залуу нь хар куртиктэй залууг газар унагаж байхыг харсан...” (хх 57-58),

-гэрч Т.Ө-ын: “...2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 30 минутад дуудлага, мэдээллийн дагуу очиход дуудлага өгсөн иргэн Н.А- нь Ц.Ц-той маргалдаж, бие биеэ цохиж зодсон өгүүлэлтэй зүйл ярьсан. Тэгээд тэр хоёрт шаардлага тавьж, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй гээд хоёуланг нь машиндаа суулгаад хэлтэс рүү очсон...” (хх 133-134),

-гэрч С.И-ы: “...Дэслэгч Т.Ө-ын хамт дуудлага, мэдээллийн дагуу очиход иргэн Н.А-, Ц.Ц- нар хоорондоо муудалцсан байсан учир “Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж мэдүүлэг авахуулна” гэж шаардлага тавиад тэр хоёр иргэнийг машинд суулган хэлтэс рүү авчруулж мэдүүлэг өгүүлсэн...” (хх 137-138),

-гэрч Б.Г-ийн: “...”Оргил” худалдааны төвөөс гараад машин руугаа алхаж байтал охин бид хоёр руу “prius-30” загварын машин зогсохгүй ухраад байсан. Би машин замаас охиноо холдуулахаар хажуу тийш нь татсан. Нөгөө машин цонхоо буулгахад нь нөхөр “дайрлаа” гэж хэлэхэд “харж байна” гэж орилсноо бууж ирээд хэрүүл маргаан болоод байсан. Охин бид хоёр цааш яваад охин “аав аа” гээд орилоход нь би эргэж харахад нөгөө жолооч нөхрийг маань нүүр рүү нь цохисон байсан. Зогсоолын төлбөртэй хаалганы хэсэгт эргээд харахад нөхөр маань тухайн жолоочийг түшээд машин руу нь суулгаж байсан. Тун удалгүй дахиад харахад нөгөө жолооч нь манай дэлгүүрээс авсан хүнсийг газраар тарааж өшиглөөд байсан...” (хх 141-142),

-Н.А-гийн яллагдагчаар өгсөн: “...Бидэн рүү довтолсон үйлдлийг таслан зогсоохыг тулд гарцаагүй байдлаар би гэр бүлээ хамгаалсан. Гэр бүлээрээ “Оргил” худалдааны төвөөс гараад төлбөртэй зогсоол руу алхаж байтал саарал өнгийн “prius” загварын автомашин урсгал сөрөөд 6-7 метр орчим ухарч тулж ирэхэд нь би охиноо замаас холдуулаад “ардаа байсан хүмүүс харж бай л даа, хүн мөргөлөө” гэж хэлээд цааш алхсан. Машинаас эрэгтэй хүн бууж ирээд гартаа нэг зүйл барьсан байдалтай над руу хэл амаар доромжлон “наанаа зогсож бай чи” гэж орилон хэл амаар доромжилсон. Тухайн зүйлээрээ цохих гэж далайхаар нь бултаад, зөрүүлээд биеэ хамгаалж, түүний шанаа хэсэг рүү гараараа цохиход тэр залуу арагшаа ямар нэгэн зүйлд тээглээд бүдэрсэн. Би түүнийг машинд нь суулгах гээд түшээд босготол миний зүүн гарын долоовор эрхий хурууны гол хэсэгт хазсан...” (хх 69-72),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2839 дүгээр: “...Н.А-гийн биед тогтоогдсон зүүн эрхий хуруу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” (хх 35-36),

-Ц.Ц-ын тогтоогдсон биед баруун 5 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, доод уруулын салст, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2862 дугаар (хх 37-38),

-дээрх 2862 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0525/423 дугаар материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний (хх 149-151) дүгнэлтүүд,

-шүүгдэгч Н.А- нь хохирогч Ц.Ц-ын биед халдан зодож байгаа талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 41-43),

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 17-21, 21-24),

-мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн эмчилгээ үйлчилгээ авсан баримтууд (хх 46) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч Н.А- нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил” худалдааны төвийн гадна хохирогч Ц.Ц-той “машинаа ухрааж хүн гэмтээх гэлээ” гэсэн асуудлаас болж маргалдсан хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, “машинаа ухрааж хүн гэмтээх гэлээ” гэсэн асуудлаас болж маргалдсан хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Ц-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Н.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал гэдэг нь гадаад илрэх хэлбэр, агуулгын хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан боловч ямагт өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгын үүднээс нийгэмд ашигтай зорилгыг удирдлага болгон хийсэн, Эрүүгийн хуульд тусгайлан заасан үйлдэл, эс үйлдлүүд юм.

Аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, хууль ёсны, нийгэм, иргэдэд ашигтай зорилгыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа байдаг.

Аливаа этгээдийн нийгэмд аюултай халдлагын эсрэг Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулж буй үйлдэл нь хуульд нийцсэн байхын тулд нэг талаас өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийгдсэн, нөгөө талаас халдлага нийгэмд аюултай, довтолгоон нь бодитой буюу нэгэнт эхэлсэн, дуусаагүй байхыг шаарддаг.

Харин нийгэмд аюултай халдлага эхлээгүй, эхлэх гэж байгаа нь тодорхой бус үед хамгаалалт хийсэн, эсхүл халдлага нэгэнт төгссөн, тулгарсан аюул арилсан нь тодорхой байхад хамгаалалтыг үргэлжлүүлэх замаар халдагчид гэм хор учруулсан тохиолдолд аргагүй хамгаалалтын шинж, агуулга алдагдана.

Хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаас дүгнэн үзвэл, шүүгдэгч Н.А- нь “машинаа ухрааж хүн гэмтээх гэлээ” гэсэн асуудлаас болж хохирогч Ц.Ц-той маргаан үүсгэж, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, доод уруулын салст, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл учруулсан байх ба тухайн нөхцөл байдалд өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлэл үүссэн, эсхүл үүсэх нь тодорхой болсон, хохирогчоос хууль бус, бодитой довтолгоон эхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Н.А-гийн бусдын эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг хууль бусаар зөрчин, маргалдах явцад хохирогчийг эхэлж цохисон үйлдэл нь Ц.Ц-ын эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг шүүгдэгчээс өөр бусад этгээд учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.А- нь хохирогчтой маргалдах явцдаа түүнийг цохих үйлдлийг эхлүүлсэн ба нэг бус хэд хэдэн удаагийн үйлдлээр Ц.Ц-ын бие махбодод халдан зодож буй хэрэгт авагдсан сиди бичлэгээр түүний үйлдсэн гэмт хэргийн субьектив санаа, зорилго давхар нотлогдсон төдийгүй энэ нь давж заалдах гомдолд дурдсан гэрч Б.Х-гийн мэдүүлгийг үнэлэхгүй байх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд санаатайгаар халдан хохирол учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.

Иймд Ц.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Н.А-гийн үйлдлийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг нийгэмд аюултай халдлагаас хамгаалах хүн бүрийн субьектив эрх, халдашгүй байхын онцгой баталгаа, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх чухал хэрэгсэл болгон баталгаажуулсан “Аргагүй хамгаалалт” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын хамтран гаргасан “Н.А- нь аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн, Ц.Ц- нь ухрах үедээ ард хүн байсныг мэдсэн эсэх, мөн Н.А- нь мэдүүлэг өгөхөөр цагдаагийн хэлтэс рүү яаж явсан зэрэг үйл баримт нь шүүгдэгч Н.А- “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ач холбогдолгүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг. Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулдаг үр дагавартай буюу Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирол учруулдаг хор уршигтай. 

Тиймээс шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд хандсан сэтгэхүйн харьцаа болон өөрийн аюултай, хууль бус үйлдлийг ухамсарлаж дүгнэлт хийлгүйгээр гэм буруу дээр маргасан байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар болон шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт хэсэгтээ хохирогч Ц.Ц-ын биед учирсан гэмтлийг “...баруун 5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал...” хэмээн бичсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2862 дугаар дүгнэлтийг үнэн зөв байдлаар буюу “...баруун 5 дугаар хавирганы зөрүүгүй хугарал...” хэмээн шинжлэн судалж, шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нотлох баримтаар тооцжээ.

Иймд шийтгэх тогтоолд хохирогчид учирсан гэмтлийг “баруун 5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал” хэмээн бичсэн нь шүүгдэгч Н.А-гийн гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөөгүй байхын зэрэгцээ энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүйг дурдаж, цаашид анхан шатны шүүх энэ мэт хайнга, хариуцлагагүй алдааг давтан гаргахгүй байхыг энэхүү магадлалаар анхааруулан тэмдэглэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Шүүх шинжилгээний ерөнхий газраас  хохирогч Ц.Ц-од гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь хор уршиг учирсан эсэх, хэрэв учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг тогтоохоор шинжилгээ хийх гэсэн боловч хохирогч очиж үзүүлээгүй гэх үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзах тухай албан бичгийг ирүүлсэн байна. Ийнхүү хохирогч Ц.Ц-ын сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох заалтад нийцжээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.А-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1667 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                           Н.БАЯРМАА

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН