Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 314/ШШ2026/00218

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж,  

 

Нэхэмжлэгч: ******** аймгийн ******** сумын, ******** дугаар баг, ********** тоотод оршин суух, ******** ******** овогт ********ын ******** нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 18-03 тоотод оршин суух, ******** овогт ********ийн ********д холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэг 63,500,000 төгрөг, олох байсан орлого 11,466,000 төгрөг, нийт 74,466,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв,

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.********, түүний өмгөөлөгч Г.Золжаргал, Хариуцагч Б.********, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “Нэхэмжлэгч Д.******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******** овогтой ******** нь 2025 оны 06 дугаар сарын 23-нд дүү ********гийн ********ийг сэргээн засах эмнэлэгт цаг захиалж бүртгүүлсэн байсан чинь эмч нь 3 донор олдлоо. Донор тус бүрд 10,000,000 төгрөг, тус бүр 30,000,000 төгрөг тушаа гэсэн яаж олох вэ гэж ярьсан. Би 2025 оны 06 дугаар сарын 24-нд 38,000,000 төгрөг,  2026 оны 06 дугаар сарын 26-нд 22,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 2,000,000, 1,500,000 төгрөг, нийт 63,500,000 төгрөгийг Б.********гийн ХААН банкны  5466122003 дансанд шилжүүлсэн. Гэтэл Э.******** нь бөөр шилжүүлэн суулгах ажиллагаа огт хийгдээгүй байсан. Иймд ********ийн ********гаас 63,500,000 төгрөг гаргуулж өгнө үү“ гэжээ. 

 

2. Нэхэмжлэгч Д.******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад 63,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж олох байсан орлогод 11,466,000 нийт 74,966,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрвээ хариуцагчийн зүгээс 63,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрвөл манай зүгээс олох байсан орлого буюу 11,466,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрэх саналтай байна.” гэв.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс эрхээ эдэлж эвлэрэх хүсэлт гаргасныг хариуцагч маань  хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Талууд хэн аль нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр шүүхийн өмнө эвлэрч 63,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа тул манай талаас эвлэрлийн гэрээг байгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгоход татгалзах зүйлгүй” гэв.

 

4. Хариуцагч Б.******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...63,500,000 төгрөгийг төлж эвлэх саналыг зөвшөөрч байна” гэв.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эвлэрлийн гэрээ байгуулах хариуцагчийн саналыг дэмжиж байна” гэв

 

5. Зохигчид бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Тус шүүхэд Д.******** миний нэхэмжлэлтэй Б.********гийн 63,500,000 төгрөг гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11,466,000 төгрөг нийт 74,466,000 төгрөг н нэхэмжилсэн бөгөөд үүнээс 11,466,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэл 63,500,000 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулахаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч хариуцагч бид энэхүү гэрээг  сайн дурын үндсэнд бусдын дарамт шахалтгүйгээр байгуулсан нь үнэн болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.******** нь зээлийн гэрээний үүрэг 63,500,000 төгрөг, олох байсан орлого 11,466,000 төгрөг, нийт 74,466,000 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч Д.******** нь хариуцагч Б.********тай харилцан тохиролцож нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулж 74,466,000 төгрөг нэхэмжилснээс 11,466,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж 63,500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 63,500,000   төгрөгийг төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч “Д.********, Б.******** нарын хооронд бичгээр байгуулсан “Эвлэрлийн гэрээ” зэргээр тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж хуульчилан заасан.

 

5. Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 673,406 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын  дансанд хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 336,703 төгрөгийг, хариуцагч Б.********гаас 336,703  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.********гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.********д холбогдох 74,466,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулж 63,500,000 нэхэмжилснийг хариуцагч Б.******** нь төлөхөөр хүлэн зөвшөөрч  эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 673,406 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын  дансанд хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 336,703 төгрөгийг, хариуцагч Б.********гаас 336,703  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МАНДАХБАЯР