Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 181/2018/01760/И |
Дугаар | 210/МА2019/01258 |
Огноо | 2019-07-03 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2019/01258
2019 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2019/01258 |
Д.Сын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01245 дугаар шийдвэртэй, Д.Сын Б Х ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө, Ц.Анарын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолыг хүчингүй болгож, “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28 141 090 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч Б ХХКболон Б Х ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б ХХКболон Б Х ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Н.Ө Э.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булнайн-Ар” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцааг эзэмшигч Ө Х ХХКюм. Д.С нь “Өндөрбуянт холдинг” ХХК-д 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нягтлан бодогчоор ажилд орж, 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилласан. “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолоор Д.Сыг ажлаас чөлөөлснийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн. “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд ажлаас чөлөөлсөн үндэслэл, шалтгааныг тодруулахаар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Мөн өдөр ажил олгогч ажил хүлээлцэх актаар Д.Сын ажлыг хүлээн авсан.
Дээрх 18/02 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө дараах үндэслэлээр зохих хууль журмыг зөрчсөн байна. Үүнд: Ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалт, үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг талаар заавал заах учиртай. “Өндөрбуянт холдинг" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 18/02 тоот тогтоолд “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн дүрмийн ямар заалтыг үндэслэл болгосон нь тодорхойгүй. Түүнчлэн тогтоолын 1 дэх заалтад 18/02 тоот протоколыг үндэслэж Д.Сыг ажлаас чөлөөлсөн боловч ямар протокол, түүний үндэслэл тодорхойгүй тул тогтоол хууль зүйн үндэслэлгүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийк 43.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажлаа хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, шийдвэрт тодорхой заагаагүй.
Иймд “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот хууль зөрчсөн тул Д.Сыг “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан нэг сарын цалинг 2 480 000 төгрөгөөр тооцож, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх олговорт 28 141 090 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б ХХКболон “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө нарын итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булнайн-Ар” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Д.Сыг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө дараах үндэслэлээр түүний бүрэн эрхийг дуусгавар болгосон. Тухайлбал, гүйцэтгэх захирал Д.С ажилдаа хариуцлагагүй хандаж компанид 1 тэрбум гаруй төгрөгийн өр, авлага үүсгэснээс гадна албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа давуу байдал үүсгэх, эд хөрөнгө завших зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Үүнд: Компанийн ТУЗ-ийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Түрээсийн үнэ шинэчлэн батлах тухай” А/6 тоот тушаал гарч “Ubh Center” оффисын барилгын түрээсийн 1 м.кв-ийн үнийг 35 000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Д.С иргэн Х.Нямсүрэнтэй 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Ажлын байрны түрээсийн гэрээ” бус “Ашиглалт, үйлчилгээний гэрээ” байгуулан “Ubh Center” оффисын барилгын 4 давхрын 404 тоот өрөөг түрээслэхдээ 1 м.кв талбайг 6 000 төгрөгөөр тооцон cap бүр 216 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед “Ubh Center” оффиссын барилгын 1 м.кв талбайн түрээсийн үнэ 35 000 төгрөг байсан бөгөөд иргэн Х.Нямсүрэнгээс cap бүр 1 260 000 төгрөгийн түрээсийн төлбөр аваагүйгээс компанид хохирол учруулсан.
Д.С гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн “Аръяамед” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Солонгоогоос 14 000 000 төгрөг бэлнээр авч завшсан үйлдэл нь түүнийг компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлж, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох нэг үндэслэл болсон юм. “Арьяамед” ХХК нь 2015 онд байгуулсан түрээсийн гэрээний дагуу “Ubh Center” барилгын 3 давхарт 384.23 м.кв талбайг эмнэлгийн зориулалтаар түрээсэлсэн бөгөөд захирал А.Солонго нь хугацаа хэтрүүлсэн төлбөр болон түрээсийн талбайгаа хадгалж үлдэх зорилгоор гүйцэтгэх захирал Д.Стай уулзаж, 14 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн ба Д.С 1 000 000 төгрөгийг менежер Б.Тулгад, 1 000 000 төгрөгийг нягтлан бодогч Ж.Отгончимэгт тус тус өгч, үлдсэн 12 000 000 төгрөгийг өөрөө авсан гэж компанийн ТУЗ-ийн дарга Д.Ганбаттай 2018 оны 2 дугаар сард уулзахдаа хэлсэн байдаг. Дээрх шалтгаанууаар компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар Д.Сыг гүйцэтгэх захирлаар цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзэн компанийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хангах, хариуцлага тооцох үүднээс түүнийг компанийн удирдах албан тушаалтны үүрэгт ажпаас чөлөөлсөн юм.
Иймд иргэн Д.Сыг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрх гэж үзэж байна. Д.С 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа хүлээлцсэн боловч “Булнайн-Ар” ХХК-тай холбоотой шаардлага гаргаагүй 2 сараар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул гомдол үндэслэлгүй юм гэжээ.
Хариуцагч Ц.Адъяанямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Адъяаням нь “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн ТУЗ-өөс Д.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолд нөхөж гарын үсэг зурсан байдаг. “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн хуулийн зөвлөх ТУЗ-ын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолыг гаргах үед Ц.Адъяаням Монгол Улсад байгаагүй, тогтоолыг тухайлан танилцуулаагүй, олон бичиг баримт дунд оруулж ирэн гарын үсэг зуруулжээ. Ц.Адъяанямын хувьд Д.Сыг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй. Учир нь Д.С үүрэгт ажил, албан тушаалаа гэрээнд заасны дагуу зохих ёсоор гүйцэтгэж байсан гэж үзэж байгаа. Хариуцагч Н.Ө, Э.Т нараас “Булнайн-Ар” ХХК-ийн гаргаж өгсөн аудитын тайланг шүүх хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй. Д.Сыг ажлаас халах хувьцаа эзэмшигчдийн хурал 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр болоогүй. Ц.Адъяаням 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүд боомтоор гарч 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр тус боомтоор орж ирсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Сын гомдол гаргах хугацааг сэргээн тогтоож, түүнийг “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, “Булнайн-Ар” ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27 595 015 төгрөгийг гаргуулж Д.Ст олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Д.Сын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Булнайн-Ар” ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжпэгч Д.Сын гаргасан нэхэмжпэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч нараас 295 925 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч Б ХХКболон “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт зааснаар Д.Сын гомдол гаргах хугацааг сэргээн тогтоохдоо ямар нотлох баримт, хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлсон, нийтэд илэрхий үйл баримт байгаа талаар огт заагаагүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Өндөрбуянт холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор Д.Сыг “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, оронд нь Л.Шинэчимэгийг томилохдоо уг хуралдаанд Монгол Улсад байгаагүй Ц.Адъяанямыг оролцсон мэтээр тогтоол үйлдэж, түүний гарын үсгийг хожим нөхөн зуруулсан нь тогтоогдсон тул шүүх 18/02 тоот тогтоолыг эрх бүхий этгээдийн хуульд нийцсэн шийдвэр гэж үзэхгүй” гэжээ. Гэвч Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.2.3, 83 дугаар зүйлийн 83.15 дах хэсэгт тус тус заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм. Хэрэгт авагдсан “Өндөрбуянт холдинг ХХК-ийн дүрэмд зааснаар Ц.Адъяаням тус компаний нийт хувьцааны 30 хувийг эзэмшдэг бөгөөд Компаний тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт зааснаар нийт хувьцаа эзэмшигчийн 70 хувийн саналаар гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн, Ц.Адъяаням өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байхад шүүх үнэлээгүй байна.
Түүнчлэн Д.Сыг ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах үүрэгтэй гэж үзвэл бид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн тогтоогдсоныг үнэлсэн атлаа тогтоолд заагаагүй гэх шалтгаанаар хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, их хэмжээний өр, авлага үүсгэсэн, “Аръяамед” ХХК-иас 14 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан, иргэн Х.Нямсүрэнд талбай түрээслэхдээ 1 м.кв-ыг тогтоосон ханш болох 36 000 төгрөгөөс бага үнээр буюу 6 000 төгрөгөөр түрээсэлсэн зэрэг зөрчил гаргасан талаарх баримтуудыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд энэ үйл баримт нотлох баримтаар тогтоогдоно. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Б ХХКболон “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө, Ц.Анарт холбогдуулан Б Х ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28 141 090 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Адъяаням хүлээн зөвшөөрч, хариуцагч Б ХХКболон Э.Т, Н.Ө нар эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч “Булнайн-Ар” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь ”Өндөрбуянт холдинг” ХХК болох нь “Булнайн-Ар” ХХК-ийн дүрэм болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 158-161 дүгээр тал/
Нэхэмжлэгчийг “Булнайн-Ар” ХХК-ийн ТУЗ-ын дарга Н.Төмөрхүүгийн 10/03 тоот тушаалаар 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 18/02 тоот тогтоолоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Дээрх тогтоол нь “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн дүрэмд үндэслэгдсэн боловч ямар үндэслэлээр Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй байхын зэрэгцээ уг тогтоолд гарын үсэг зурсан Ц.Адъяаням нь тухайн үед хилийн чанадад байсан, хуралдаанд оролцоогүй, гарын үсгийг нь хожим нөхөн зуруулсан нөхцөл байдал нь түүний тайлбар болоод гадаад паспортын хуулбар зэргээр тогтоогдсон. Шүүхээс тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Хариуцагч Б ХХКболон нэхэмжлэгч Д.С нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д нэрлэн заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар тогтоогдсонгүй.
Хариуцагчийн “нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний хугацаанд “Аръяамед ХХК-аас үндэслэлгүйгээр 14 000 000 төгрөг авсан, иргэн Х.Нямсүрэнд ажлын байрны 1 м.кв талбайг 6 000 төгрөгөөр түрээслэсэн зөрчил гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэх тайлбар үндэслэл муутай байна. Хэргийн 62-82 дугаар талд авагдсан “Монголиан бизнес рейтинг аудит” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сард гаргасан аудитын тайлан мөн “Аръяамед” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3-113 дугаартай албан бичиг зэрэг баримтууд нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа бүрдэгдсэн байх бөгөөд уг зөрчлийн улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Д.Сын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 27 595 015 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасантай нийцсэн боловч уг шаардлагаас үлдэх 546 075 төгрөгт холбогдох хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Нэхэмжлэгч нь тухайн гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд гаргасан нь хэргийн 105-107 дугаар талд авагдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс гомдол гаргах хугацааг сэргээсэн нь буруу.
Мөн “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө, Ц.Анарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан хууль бус тогтоол нь нэхэмжлэгчийн “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл учраас уг тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй.
Шүүх нэгэнт хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө, Ц.Анарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн бол хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх журамтай байхад шийдвэрлээгүй орхигдуулсныг залруулах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б ХХКболон Б Х ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сыг “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 27 595 015 төгрөгийг гаргуулж Д.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 546 075 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө, Ц.Анарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
А.МӨНХЗУЛ