Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 621

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч Б.Энэрэл,

            Шүүгдэгч Э.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Цд холбогдох эрүүгийн 1808004700600 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Э.Цнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Е” төвийн дэн буудалд иргэн Д.Цтай маргалдаж, улмаар түүний хоолойг боон, зүүн нүдэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

           Шүүгдэгч Э.Цнь иргэн Д.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

- хохирогч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчим ажил дээрээ ирчихээд гадаа машин дотроо юм хийгээд байж байтал манай буудлын өрөөнд хэрүүл маргаан болоод байхаар нь би дотогшоо ортол үл таних нэг залуу манай эхнэр Даас цамц нэхээд зогсож байсан. Тэр залуу манай эхнэр Дыг хэл үгээр доромжлоод байхаар нь би тэр залууд хандаж баярын өдөр болж байна гэртээ харь гэж хэлтэл битгий хуцаад бай, ална гэж хэлээд намайг шууд цохиж зодсон тул цагдаа дуудсан. Намайг цохиж зодож байх үед текний ард байсан хоёр ширхэг ус буцалгагч газар унаж эвдэрсэн байгаа. Э.Ц гэх залуу миний хоолойг боож байгаад зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохиж учруулсан гэмтэл. Нэг ус буцалгагчаа 32.000 төгрөгөөр авч байсан. Нөгөө жижиг ус буцалгагчийг 15.000 төгрөгөөр үнэлнэ. КТГ-т харуулсны 80.000 төгрөг, 5 өдрийн толгойгоо бариулсан төлбөр нийт 40.000 төгрөг болсон байгаа. Би гомдолтой байна. Ус буцалгагчаа төлүүлэх мөн эмчилгээний зардлаа төлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-18-19/

- гэрч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1 давхарт Э.Ц нэг эрэгтэйтэй заамдалчихсан зогсож байсан. Ц голоор нь ороод салгах гээд зогсож байсан ба би Э.Ций хувцасны захнаас татаад холдуулсан. Тухайн буудлын 1 ус буцалгагч ширээн дээр хажуу тийшээ унасан байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-31/

- гэрч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Э.Ц танихгүй залуутай маргаад буудлын 1 давхарт зогсож байсан. Б бид 2 очоод салгах гээд дундуур нь ороод байж байхад цагдаа нар орж ирээд Э.Цийг аваад явсан Б бид 2 гэртээ харихаар явсан. Бид нар нилээн согтуу байсан. Намайг дундуур нь орж салгаад 2 тал руу болгож байхад хажууд байсан ус буцалгагч унасан...гэх мэдүүлэг /хх-32-33/

- гэрч Т.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... цамцаа алга болгосон гэх залуу заавал авч байж гарна гэсэн. Гарахгүй байхаар нь би та нар олуулаа орсон нэг нь андуураад өмсчихөө биз найз нараасаа асуу гэж хэлтэл урдаас намайг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед хамт явсан залуу нь аваад гарсан. Тэгтэл нөгөө залуу буцаж орж ирэнгүүтээ шууд манай нөхөр Д.Цын зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохиж хоолойг нь боосон. Тэр үед манай текний дор байсан 2 ус буцалгагч унаж эвдэрсэн. ...Манай нөхөр Д.Цаас цамцаа нэхээд байсан, залуу ганцаараа цохиж зодсон. Нөгөө залуус нь зодоонд оролцоогүй... гэх мэдүүлэг /хх-16/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 643 дугаартай:... Д.Цын биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүний булчингийн чангарал, зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно...гэх дүгнэлт /хх-21/,

- шүүгдэгч Э.Э.Ций мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “Е” төвийн дэн буудалд Ц, Б нарын хамт орж 0.5 литрийн хэмжээтэй Хараа архи 1 шил, 0.5 литрийн хэмжээтэй Боргио пиво 2 лаазыг бид 3 хувааж уугаад би гэртээ харих гээд түрүүлээд гарч байгаад цамц байхгүй байгааг мэдээд үүдний ресепшин хүүхнээс миний ноосон цамц хаана байна гэж асуугаад тэрнээс болж маргалдсан. Би гарах гэж байхад ресепшиний нөхөр нь бололтой нэг залуу намайг гуйлгачин минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би тэр залуутай барьцалдаж аваад нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд би текний ар руу нь орж тэр залуутай заамдалцаж бие биенээ хувцсаар нь боосон. Энэ үед коридорт байсан босоо ус буцалгагч унасан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн буруутай үйлдлийг ойлгож байна. Надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж хүсч байна...гэх мэдүүлэг /хх-41/, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

            Иймд шүүгдэгч Э.Э.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

            Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй.

             Хохирогч Д.Ц нь баримтаар 158.000 төгрөг нэхэмжилснээс /хх-46-47/, шүүгдэгч нь төлөхөө илэрхийлсэн байх тул уг хохирлыг төлөх хугацааг шүүгдэгчийн хөдөлмөрлөх, орлого олох боломжийг харгалзан 3 сараар тогтоов. Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

Бусад асуудал 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдах нь зүйтэй.

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цнь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан хохиролд 158.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгасугай.

 

            6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.           

 

             8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Г.ГАНБААТАР