Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/1185

 

Ц.Б-, И.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

хохирогч, шүүгдэгч И.О-, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1943 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч И.О-гийн өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б-, И.О- нарт холбогдох 2408037601930 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Х овгийн И-ийн О, 1979 онд Увс аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),

2.Т овгийн Ц-ийн Б, 1981 онд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, “К М” ХХК-д кранист ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/ 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Ц.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөрс” худалдааны төвийн авто машины зогсоолд машинтайгаа зогсож байсан хохирогч И.О-тэй “хүүхэдтэй явж байхад мөргөх гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг тохойгоороо цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч И.О- нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөрс” худалдааны төвийн авто машины зогсоолд хохирогч Ц.Б- “хүүхэдтэй явж байхад мөргөх гэлээ, болгоомжтой яв” гэж хэлэхэд, мөн “машиныг нь тохойгоороо цохиж гэмтээлээ” гэх шалтгаанаар уурлаж, улмаар нүүрэнд нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

И.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч И.О-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ц.Б-ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч Ц.Б-аас 1,446,000 төгрөг гаргуулан хохирогч И.О-д, шүүгдэгч И.О-гээс 3,443,400 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч И.О-гийн өмгөөлөгч Ж.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус зөрчин, шүүгдэгч И.О- нь хохирогч Ц.Б-ын нүүр рүү цохиж, хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл эргэлзээгүй тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой байна.

Ц.Б-т хөнгөн гэмтэл учруулсан гэх байдал дараах нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Тухайлбал, И.О- цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуудлага өгч, өөрийн эд хөрөнгө хохирсон асуудлын талаар гомдол гаргаж шалгуулсан. Гэтэл хохирогч Ц.Б- нь тухайн үйл явдал болсноос хойш 2 хоногийн дараа шинжилгээ өгсөн бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12174 дүгээр дүгнэлт гарсан.

Гэрч Б.Д- “...Ц.Б-аас “хаана чинь цохисон, гэмтэл, шарх байна уу” гэж асуухад хаана цохиулснаа зааж өгч чадахгүй байсан, дуудлагаар очиход ил харагдах гэмтэл, шарх учирсан зүйл огт байгаагүй...”, гэрч Ш.У- “...Би тухайн өдөр “Хөрс” төвийн биллиардын гадаа цэвэрлэгээ үйлчилгээ хийж байсан. Хохирогчийн нүд нүүр рүү цохисон асуудал байхгүй...” гэж удаа дараа, зөрүүгүй, тогтвортой мэдүүлдэг. Эдгээр мэдүүлгээр Ц.Б-ын баруун дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцралт цус хурах үйл баримт нотлогдож чаддаггүй.

Түүнчлэн И.О- нь солгой гартай байсан бол хохирогчийн баруун хацар зовхинд гэмтэл учрах магадлалтай. Гэтэл баруун гарын идэвхтэй үйл хөдлөлтэй хүн бөгжтэй гараараа шууд урагш цохих үед нүүрний зүүн талд буюу зүүн хацар, зовхи, зүүн эрүү рүү хүрэх учиртай.

Хохирогчийн илтэд зөрүүтэй өгөгдсөн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Шүүх хуралдаанд хохирогч “би тортой зүйлтэй, хүүхдээ барьж явж байсан” гэж мэдүүлсэн бол мөрдөн шалгах ажиллагааны явцад “хүүхдээ хөтөлж явж байсан” гэж мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгчийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг тогтвортой байдаг. Ц.Б- хувийн байдлын хувьд, урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял эдэлж байсан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч анх удаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, ямар мэдүүлэг өгөх, ямар үйл баримт ач холбогдолтой вэ гэдгийг мэдээгүй. Ц.Б- урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж, ямар үйл баримтаар хэрхэн няцааж, нотлох вэ гэдгийг мэдэж, төлөвлөсөн зорилготой байсан.

Иймд Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийн бодит байдалтай нийцүүлж, “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч И.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогчийг цохиогүй. Тухайн газарт 2-3 камер байхад хяналтын камерын бичлэгийг шалгаж үзээгүй. Би машинаа хөдөлгөөгүй, машин унтраалттай, жирэмсэн эхнэрээ хүлээж байсан. Ц.Б- өөрөө согтуу байсан бөгөөд “машинаа унтраасангүй” гэж бичлэг хийж эхэлсэн. Би бууж ирээд хохирогчийг түлхсэн болохоос цохиж, зодоогүй. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч И.О-, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нар давж заалдах гомдолд дурдагдсан дээрх асуудлаар мэтгэлцэж оролцсон. Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судалж, дээрх нотлох баримтуудад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт няцаалт хийж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, шүүгдэгч Ц.Б-аас тухайн үед бичлэг хийсэн талаараа прокурорт гомдлоор гаргасан учир хуульд заасны дагуу хавтаст хэрэгт тогтоолоор тусгасан. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр хасуулах хүсэлт гаргаагүй ч шүүхээс тухайн бичлэгт үнэлэлт, дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд энэ талаар дурдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ц.Б-, И.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хохирогч, шүүгдэгч И.О-гийн өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-И.О-гийн хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөрс худалдааны төвийн зүүн талын авто машины зогсоол хэсэгт өөрийн эзэмшлийн “Land Cruiser-300” загварын тээврийн хэрэгсэлд эхнэрээ хүлээгээд зогсож байсан. Гэтэл хаанаас ч юм хүүхдээ хөтөлсөн 40 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд “машинаа холдуул” гэж хэлсэн. Би “зогсоол дээр зогсож байна, чамд ямар гай болсон юм” гэж асуухад нөгөө эрэгтэй машины холооч талын хаалгыг онгойлгоод “та нар бандгар машин уначихаад хүн дээрэлхээд байна” гэхээр нь “зогсоол хэсэгт байна, зам хаагаад зогсож байгаа биш” гэж хэлээд машиныхаа хаалгыг хаахад нөгөө залуу жолооч талын бариулын доод хэсэгт 1 удаа тохойлдсон. Би бууж зүүн гараараа түлхээд өөрийнхөө машинаас холдуулсан...” (хх 8-9),

-Ц.Б-ын хохирогчоор өгсөн: “...Би 11 цагийн орчим Хөрс худалдааны төвийн зүүн талаар урдаас хойд зүгт хүүхдээ зүүн гартаа хөтлөөд явж байтал цагаан өнгийн “Land Cruiser-300” загварын тээврийн хэрэгсэл гэнэт гараад ирэхээр нь хүүхдээ баруун тал руу шилжүүлж хөтлөөд тэр залууд хандаж “болгоомжтой, зөөлөн яваач” гэж хэлсэн. Жолооч бууж ирээд үгийн зөрүүгүй миний баруун шанаанд гараараа 1 удаа цохиод машиндаа суух гэхээр нь би “яагаад миний биед халдаж байгаа юм” гээд машиных нь хаалгыг нь татаад тал онгойлготол намайг “зайл, гуйлгачин” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би машины бариулын дээд хэсэгт нь тохойгоороо нэг удаа цохитол машин нь хонхойсон. Тэгтэл бууж ирээд намайг 2 удаа баруун шанаа руу цохихоор нь би холдоод зогссон...” (хх 55-56),

-гэрч Ш.У-ийн: “...Би гадна цэвэрлэгээ хийж байхад “Land Cruiser-300” загварын машин гарах гээд маневр хийж байтал хүүхэд хөтөлсөн залуу урдаас хойд зүг рүү явж байгаад гэнэт “чи хүүхэд мөргөлөө шүү дээ” гээд орилж хашхираад эхлэхээр нь би хартал хүүхэд хөтөлсөн залуу машины жолооч талын цонхоор гараа оруулчихсан, нөгөө гараараа хаалгыг нь онгойлгон зууралдаад байсан. Жолооч машиныхаа хаалгыг хаахдаа явган явж байсан залуугийн мөрийг шүргэтэл “мөр цохичихлоо” гэж орилоод машины жолооч талын хаалганы бариулын дээд талд тохойгоороо тохойлдож хонхойлгосон. Тэгтэл машины жолооч бууж ирээд “машин яаж байгаа юм” гээд явган явж байсан залууг заамдаад авсан...” (хх 94-95),

-шинжээч Э.Б-ын: “...Ц.Б-ын биед тухайн хэрэг гарсан гэх хугацаанаас 2 хоногийн дараа хохирлын зэрэг тогтоох үзлэг хийсэн. Үзлэгээр баруун чамархай хуйханд 3x3 см талбайд овойж хавдсан баруун доод зовхи, хацрын төвгөр овойж хавдсан, тухайн хэсгээр тод хүрэн ягаан, дээд зовхины орчим дагуу бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай байсан. Үүнээс үзэхэд, гэмтээгч хүчин зүйлийн үйлчлэл нь зөөлөн эдийн няцрал (овойж, хавдах) үүсгэх хэмжээний хүчтэй үйлчилсэн байх боломжтой. Тиймээс үүссэн гэмтлийн өнгө өөрчлөгдөх, цус хуралтын шимэгдэлт зэрэг харьцангуй удаан явцтай байдаг учир хэсэг газрын үзлэгт шимэгдэлтийн өнгө туяа үүсээгүй байна...” (хх 103-104) гэх мэдүүлгүүд,

-Ц.Б-ын биед тогтоогдсон баруун дээд, доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12174 дүгээр (хх 28-29),

-мөн газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1264 дүгээр “Ц.Б-т илэрч буй гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” (хх 231-233) гэх дүгнэлтүүд,

-гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (хх 2),

-“Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн “Toyota Land Cruiser-300” загварын тээврийн хэрэгсэлд хийсэн эд зүйлийн үнэлгээ (хх 21-23, 215-220) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч Ц.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөрс” худалдааны төвийн авто машины зогсоолд машинтайгаа зогсож байсан хохирогч И.О-тэй “хүүхэдтэй явж байхад мөргөх гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг тохойгоороо цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч И.О- нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөрс” худалдааны төвийн авто машины зогсоолд хохирогч Ц.Б- “хүүхэдтэй явж байхад мөргөх гэлээ, болгоомжтой яв” гэж хэлэхэд, мөн “машиныг нь тохойгоороо цохиж гэмтээлээ” гэх шалтгаанаар уурлаж, улмаар нүүрэнд нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Б- бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч И.О- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч Ц.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаж гомдол гаргаагүй болно.

Харин шүүгдэгч И.О-, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нараас “Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй” хэмээн гэм буруу дээр маргаж давж заалдах гомдол гаргажээ.

1.Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх” хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болно.

Ц.Б-ын биед баруун дээд, доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12174 дүгээр дүгнэлт хэрэгт авагдсан ба энэ нь тус гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэхийг тайлбарлан мэдүүлсэн шинжээч Э.Баасанжавын мэдүүлгээр давхар нотлогдсон байна.

Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл, хохирогч Ц.Б- нь дуудлага, мэдээллийн дагуу очсон алба хаагч, гэрч Б.Д-д “өөрийг нь И.О- цохисон” гэдгийг хэлсэн, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрчээр, 2024 оны 10 дугаар сарын 04, 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлгүүддээ “И.О-д зодуулсан” талаараа тогтвортой мэдүүлэг өгсөн төдийгүй “машинтай хүн явган явж байсан залууг заамдсан чигээрээ шанаа руу нь нудраад байсан” хэмээн гэрч Ш.У- хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлсэн.

Түүнчлэн И.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Ц.Б-ыг зүүн гараараа цээж хэсгээс нь түлхээд машинаас холдуулсан, өөрийн машинаас холдуулж түлхсэн...” гэж мэдүүлснээр түүний гэм буруугийн субьектив санаа, зорилго нотлогджээ.

Иймд дээрх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан, түүнийг хэн үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг байдал хангалттай нотлогдсон байх бөгөөд эдгээрт үндэслэн дүгнэхэд, хохирогч Ц.Б-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч И.О-гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

2.Хэрэг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үйлдэгдэж, мөрдөгч 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэн, улмаар шинжээч 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 57 минутад Ц.Б-ын биед шүүх эмнэлгийн үзлэгийг хийжээ.

Дээрх байдал нь шүүгдэгч И.О- нь Ц.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан эсэхийг тогтоох нотлох баримтын ач холбогдлыг сулруулахгүйн зэрэгцээ хэрэгт И.О-гийн гэм бурууг нотлох баримтууд авагдсан байх ба тэдгээрийг үгүйсгэх болоод хохирогчийн биед учирсан гэмтлийг И.О-гээс өөр этгээд учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

3.Шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүрэгтэй.

Шүүх давж заалдах гомдолд дурдсан “солгой гартай байсан бол хохирогчийн баруун хацар, зовхинд гэмтэл учрах магадлалтай, гэтэл баруун гарын идэвхтэй үйл хөдлөлтэй хүн бөгжтэй гараараа шууд урагш цохих үед зүүн хацар, зовхи, зүүн эрүү рүү хүрэх учиртай” гэх нотлох баримт болоод шинжлэх ухааны хүрээнд нотлогдоогүй, зөвхөн өмгөөлөгчийн бодол, магадлалд тулгуурлан дүгнэлт хийх боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр хохирогч, шүүгдэгч И.О-гийн өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан “И.О-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.

Хохирогч, шүүгдэгч Ц.Б-, И.О- нар нь харилцан маргалдаж, улмаар нэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нөгөө нь эд хөрөнгөд 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт нь тус тус 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хэн алиных нь үйлдэл, санаа зорилго зэрэгт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ыг “Эд хөрөнгө устгах, гэмтээх”, шүүгдэгч И.О-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1943 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч И.О-гийн өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАЯРМАА

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН