| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0083/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/88 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/88
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Г.Мөнхжаргал,
улсын яллагч Э.Нямбилэгт,
хохирогч П.Н,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Д овогт Г-н Г-т холбогдох эрүүгийн 1817001610080 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1952 оны 03 дугаар сарын 18-нд Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кино механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 2 дугаар байрны ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх Д овогт Г-н Г /РД: Е........../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Г нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 2-8-124 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.Н бусадтай хардсаны улмаас маргалдаж улмаар толгойгоор нь ширээ мөргүүлэн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 2 дугаар байрны 8 дугаар орцны 124 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр буюу хохирогч П.Н-г бусадтай хардан маргалдаж, улмаар толгойгоор нь ширээ мөргүүлэн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Архи уугаад ухаан санаа орж гараад авгайгаа найзтайгаа хардаад 2 цохиж, ширээ мөргүүлсэн. Өөрийнхөө хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. энэ үеэс хойш хардалт сэрдэлтийг болъё гэж бодож байна. Уурандаа ийм зүйл хийсэн гэв.
1.2. Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би хэзээ гэдгийг сайн мэдэхгүй байна. Энэ онд гэр бүлийн хүн Н надаас дүү залуу хүн байгаа юм. Намайг орхиод бүжигэнд яваад хөдөө гадаа аялал зугаалгаар яваад байдаг юм. Түүнээс болж би хардаад эхнэртэйгээ архи уугаад хэрүүл хийгээд гал тогооны өрөөнд Н-н толгойг ширээ мөргүүлсэн нь үнэн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/
1.3. Хохирогч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 07 дугаар сард архи ууж орж ирээд хардаж, агсам тавиад байхаар нь бид 2 муудалцсан. Би хөдөө байдаг охины хүү Х-г дуудаад ч болохгүй байхаар нь цагдаа дуудаж өгсөн. Гэр бүлд архи уугаад муудах үе байдаг байсан. Гэхдээ яагаад ингэх болсон шалтгааныг сүүлд тодруулсан л даа. Цагдаад өгсний дараа 13 км газарт төөрөөд 2 хоносон байсан. Тэгээд Улаанбаатар хот руу шар хадны сэтгэцийн эмнэлэгт үзүүлэхэд галзуурчихсан байна гэсэн. 3 дугаар эмнэлэгт очоод үзүүлэхэд тархины хавдартай гэж гарсан гэв.
1.4. Хохирогч П.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин О-н хүү Х-н хамт гэртээ байж байхад нөхөр Г орой 17 цагийн орчим архи уучихсан орж ирээд чи Жагаатай явдаг биз дээ, чамайг мэдэхгүй хэн байх юм гээд намайг гал тогооны өрөөнд мах хэрчээд хоол хийх гээд байж байхад миний үснээс зулгаагаад ширээ толгойгоор 2 удаа мөргүүлсэн. Тэгээд би зүгээр бай гэж хэлсэн чинь мах хөшөглиж байсан хутга Г авахаар нь би хутгыг булааж авахдаа баруун гарын долоовор хуруугаа зүссэн. Тэгээд жижиг өрөөнд байсан Х-г дуудсан ба Г-г Х зүгээр бай гэж хэлээд дээр нь дараад суусан. Тэгээд би цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
1.5. Насанд хүрээгүй гэрч М.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 2 -8-12 тоотод өвөө Г-н жижиг өрөөнд утсаараа дуу сонсоод байж байтал манай эмээ Н гал тогооны өрөөнөөс намайг дуудахаар нь гал тогооны өрөөнд яваад ортол манай өвөө Г эмээ Н-н үснээс зулгаагаад гал тогооны өрөөнд байдаг шаргал өнгөтэй ширээний ирмэг рүү толгойгоор нь 2-3 удаа мөргүүлсэн юм. Тэгэхээр нь би очоод салгатал өвөө за за болъё гээд эмээтэй гар барих дүр үзүүлээд ширээн дээр байсан хар алаг өнгийн иштэй хутгыг автал эмээ тэр хутгыг нь гараас нь булааж авсан. Тэгээд эмээ том өрөө рүү орохоор нь би өвөөг том өрөө рүү дагуулаад оруултал өвөө Г эмээгийн хажууд сууж байхаар нь би гал тогооны өрөөнд орж ус уугаад байж байтал эмээ том өрөөнөөс Х өвөө чинь намайг чимхээд байна шүү дээ гэхээр нь буцаад би том өрөөнд ортол өвөө эмээгийн гуянаас чимхэж байснаа үснээс нь зулгаагаад тавихгүй хамт унасан. Тэгээд би эмээгийн үснээс өвөөгийн гарыг нь салгаад өвөөгийн дээрээс нь дараад байж байтал эмээ цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/
1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаартай дүгнэлтэд:
- П.Н-н биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 35 дугаар хуудас/
1.7. Шинжээч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
П.Н-д учирсан тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын хуруун 3-р хуруунд үүссэн зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
1.8. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 718 дугаартай дүгнэлтэд:
- Г.Г нь урьд өмнө шинж тэмдгийн уналт таталт, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Г.Г нь өөрийнхөө үйлдсэн хэргийн үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
- Г.Г нь хэрэг үйлдэх үедээ шинж тэмдгийн уналт таталт, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Г.Г нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.
- Г.Г нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.
- Г.Г нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
Дүгнэлт гаргасан: Комиссын дарга О.Батжав /ахлах зэрэгтэй эмч/
Гишүүн Б.Ерөөлт /сэтгэцийн их эмч/
Илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн их эмч/ гэжээ. /хх-ийн 42 дугаар хуудас/
1.9. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Г-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хохирогч П.Н нь мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ:
Намайг манай нөхөр Г дарамталсан зүйл байхгүй. Би урд нь өгсөн мэдүүлэгтээ удаа дараа зодож байсан гэж мэдүүлсэн. Энэ нь ямар учиртай юм гэхээр манай нөхөр Г намайг хүнтэй хардаад ганц нэг удаа урд нь хэрүүл маргаан үүсгэж согтуугаар агсам тавьж байсан. Түүнийг би зодсон гэж мэдүүлсэн байна. Намайг Г намайг цохиж зодсон зүйл байхгүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...
Г нь 1952 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. Би Г-тай 1979 онд анх гэр бүл болсон. Суугаад 39 жил болж байна. Бид хоёр 6 хүүхэдтэй. Г нь Төмөр замын клубт кино механикчийн ажил хийж байгаад 2010 онд тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарахын өмнө группт байсан. 1997 онд тал цус харвасан. Тэтгэвэрт гарснаасаа хойш архи уудаг байсан. Гэхдээ ямар нэгэн ааш зан гаргаж байгаагүй. 2018 оны 06 дугаар сараас хойш зан ааш нь эвдрээд хүнтэй хардаад байдаг болсон. Эрүүл согтуу нь мэдэгдэхгүй байдаг болсон. Тэгээд сая 2 хоног гэртээ ирэхгүй алга болсон ба цагдаа хоёр хоногийн дараа гэрт авчирч өгөхдөө танай нөхөр 2 хоног хээр хоносон байна. Эмнэлэгт дусал хийгээд эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж байсан. Тэгээд тэр шөнөдөө гэнэт Г-н бие муудаад янз бүрийн юм яриад байсан. Тэгээд шөнө эмнэлэгт дуудлага өгөөд үзүүлсэн чинь Улаанбаатар хот авч явж мэдрэлийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд би Г-г аваад Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлсэн чинь Баяраа гэдэг эмчид үзүүл гэсэн. Тэгээд тархины бичлэг хийлгээд үзүүлсэн чинь Г-г тархины хорт хавдар, тархи жижгэрсэн гэж байсан. Тэгээд Шүүх сэтгэц, эмгэг судлалын төвд эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэсэн. Одоогоор хотод манай охин О-н гэрт байгаа. Удалгүй эмнэлэгт хэвтүүлнэ. Би бодохдоо архи уугаад ингээд байгаа юм байх гэж бодож байсан чинь тархинаасаа болоод гэрээ олохгүй энд тэнд хоноод яваад байсан юм байна лээ. Одоо хүн сайн танихгүй элдэв сонин юм ярьдаг болсон. Мэдүүлэг өгөх чадваргүй болсон. 2 жилийн өмнөөс унадаг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/
2.2. Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай аав Г.Г нь 1952 оны 03 дугаар сарын 18-нд төрсөн. Хаана төрснийг нь мэдэхгүй байна. Говьсүмбэр аймгийн Төмөр замын клубт кино механикийн ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Сүүлийн 6, 7 жил архи ууж байгаа. Архи уухаараа жоохон үглээ болчихдог юм. Бусдаар бол ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй. Тамхи татаад байдаггүй. 2010 онд цус харваж байсан. Саяхнаас ухаан санаа нь орж гараад янз янзын юм яриад байдаг болсон. Сая бид нар 3 дугаар эмнэлгийн хажууд байдаг хувийн эмнэлэгт үзүүлэхэд тархины хавдартай гэсэн онош тогтоогдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
2.3. Хохирогч П.Н-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/
2.4. Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 62-63 дугаар хуудас/
2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/
2.6. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-73 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г-н Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Г-р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ