Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/1281

 

 

 

 

 

 

  2025             11             12                                      2025/ДШМ/1281

 

М.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Б,

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Э.Б,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Д-ийн өмгөөлөгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор М.Д-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Д нь 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ..... дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” хотхоны ... байрны ... тоотод буюу гэртээ эхнэр Ц.Г-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Ц.Г-ийн нүүрэн тус газар гараараа цохисноос эрүүл мэндэд нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас М.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч М.Д-д сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсаргасан 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруугүй гэсэн байдлаар маргасан бөгөөд маргах үндэслэл нь хохирогч Ц.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч М.Д-ийн зүгээс хохирогчийн биед гэмтэл учруулсан болохыг шууд нотлох цор ганц нотлох баримт нь хохирогчийн мэдүүлэг бөгөөд хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй буюу хохирогч нь шүүгдэгч М.Д-д зодуулсны улмаас биедээ гэмтэл аваагүй бөгөөд ийнхүү гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлсэн нь тэдний гэр бүлийн харилцааны хүрээнд үүссэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаантай холбоотойгоор М.Д-ээс хөрөнгө шаардаж авахын тулд гэсэн байдлаар тайлбарлагдаж тодорхойлогдох баримт хэрэгт авагдсан талаар шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” хууль зүйн боломжтой гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан. Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн маргасан үндэслэлд дараах байдлаар дүгнэлт хийсэн байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь талын эхний параграфт “...Түүнчлэн шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгчийн шинжлэн судалсан 83-88 дахь талд авагдсан хүсэлтэд дурдсан ярианы бичлэгт ...... гэх мэтээр бичиж тэмдэглэсэн нь шүүгдэгч М.Д-ийн гэм бурууг няцаан үгүйсгэхгүй болно. ...” гэж хууль зүйн үндэслэл дүгнэлт хийсэн.

Шүүхийн шийдвэрт гомдох хууль зүйн үндэслэл:

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудын хүрээнд хохирогчийн биед учирсан хөнгөн хохирлыг үүсгэсэн шалтгаан нөхцөл буюу шалтгаант холбоо нь шүүгдэгч М.Д-ийн бусдын биед халдсан идэвхитэй үйлдэлтэй холбогдож буй нотолсон цор ганц баримт нь Ц.Г-ийн мэдүүлэг байх боловч тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа зөрүүтэй мэдүүлсэн. Шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэсэн баримтуудыг өөрөө мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн. Үүнийг анхан шатны шүүхээс дээр дурдсанчлан үнэлж дүгнэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ нотлох баримтаар үнэлэгдсэн М.Д-ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн. Ц.Г-д холбогдуулан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл буюу өөрийн гэм буруугүйг тогтоолгуулахаар гаргасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгэх хүсэлтэд тусгагдсан тэдний хооронд харилцсан ярианы аудио бичлэгт: “... ...” гэсэн харилцан яриа өрнөсөн байтал үүнийгээ хэрхэн үнэлж дүгнэсэн талаар тодорхой тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх хэсгээс харахад хохирогч Ц.Г нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргааны улмаас тэрээр М.Д-тэй ярилцахдаа “...барьцаалж байгаа, бүхнийг чамаас сурсан юм” гэх зэргээр шууд хэлж байгаа ба эдгээрээс дараах дүгнэлтийг хийж болно. Ц.Г нь барьцаалах гэж чи хоёр хүүхдээ зайл гэсэн тул гэсэн байдлаар шантаачилж байгаагаа хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийгээ барьцаалж шантаачилж байгаа бус зөвтгөн үндэслэл нь чи хоёр хүүхдээ зайл гэсэн тул би ингэж байна гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Ц.Г-г байр сууц өгч салвал тэрээр худал мэдүүлсэн гэдгээ цагдаад очиж хэлнэ гэсэн агуулга байх ба чи байр өгөхгүй бол чамайг худал мэдүүлснийхээ дагуу шалгуулаад дуусна гэсэн агуулга дээр харилцан ярианд өрнөж байна. Ц.Г-г өөрийг нь яагаад шантаачлаад байгаа юм бэ гэхээр би шантаачлаагүй гэдэггүй бөгөөд харин ч амьдрал намайг ийм болголоо, аргаа бараад байртай үлдэж хоцрохын тулд Ц.Г-г М.Д зодсон мэтээр худал мэдүүлж, худал гомдол гаргаж байгаа. Энэ бүхнийг чамаас сурсан юм гэх зэргээр тайлбарлаж байна. Ц.Г нь хэлэхдээ чиний хэлж байсанчлан хорооллын 1 байр чинь бидэнд үлдэхгүй юм байна, чиний хэлснээр асуудал шийдэгдэхгүй юм байна гэж хэлж байх ба эндээс тэрээр бидний хооронд гэр бүл цуцалж буй хэрэг маргаанаас гол нь хөрөнгөтэй үлдэх туйлын зорилготой байгаа нь харагдана, шүүхээр шийдүүлбэл бүгдийг нь битүүмжилсэн гэж байгаа нь Ц.Г өөрөө дээр дурдагдаад байгаа 2 орон сууцууд аль аль нь бидний дундын өмчлөлийн хөрөнгө биш, мөн М.Д-ийн эцэг бэлэглэлийн зүйлээ эргүүлэн шаардсанг мэдэж байгаа тул шүүхээр битүүмжлүүлсэн ба Н-ын нэрийг байрнууд дээр нэмүүлэх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Мөн Д-ээс мөнгө авсанаа цагдаад хэлсэн гэдгээ Ц.Г хэлж байна. Ц.Г нь дээр хөрөнгүүдийг наанадаж бүхэлд нь авч чадахгүй, цаашлаад бэлэглэсэн зүйлсээ буцааж авч байгаа, мөн хөрөнгүүдийг хэрхэн шийдвэрлэх нь миний эцэг, эхийн эрх хэмжээний асуудал гэдгийг өөрөө мэдэж байгааг харуулж байна, мөн хоёр хүүхэдтэйгээ хоосон салахгүй ба авахыг хүсэж байгаа хөрөнгө нь минийх биш, бүр арга яадаад минийх, мөн байя гэхэд байрыг бүхэлд нь авч үлдэх буюу охины нэрийг үл хөдлөхийн гэрчилгээн дээр бичүүлж авахыг хүсэж байна.

Гэтэл шүүх энэхүү харилцан яриатай холбоотой дүгнэлтийг хийгээгүй буюу “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоохыг хуульчилсан ба энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж заасан байна.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тус тус хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй, бүрэн нотолбол зохих байдал бүрэн гүйцэт нотлогдож тогтоогоогүй нь мөрдөгч, прокурор болон давж заалдах шатны шүүхээс Ц.Г-ийн ямар учир шалтгааны улмаас худал мэдүүлсэн болохыг эцэслэн мухарлаж хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох шаардлагагүй гэж үзсэн.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зохицуулалтаас үзэхэд хуулийн үзэл баримтлал нь өөрөө хэргийг шалгахдаа бүрэн гүйцэд шалгасан байх, хэрэгт хамааралтай гэж үзсэн, үзэж болох, үзвэл зохих бүхий л нотлох баримтыг шалгасан байхыг мөн л шаардаж байгаа нь өөрөө шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглох” зарчмыг хангах зорилтыг агуулна. Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоол буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлийн албан ёсны тайлбарын 5.1, 3-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдүүлэг өгөх нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой” болохыг онцлон тэмдэглэсэн байх ба М.Д-ийн мэдүүлэг нь мөн энэхүү тайлбарын 5.1.2-т заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ. Мөн тайлбарын 5.1.5-д “Мэдүүлгийн эх сурвалж гэж мэдүүлэг өгөгч хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгааныг ойлгоно.” гэж байх бөгөөд 5.1.6-д “Хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошүйг анхаарвал зохино.” гэсэн байна. Тайлбарын тайлбарлах нь хэсгийн 1.2-т Яллагдагч, шүүгдэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж байцаадгаас мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгасан байвал зохино. Мөн тайлбарын 1.15-т Мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана. Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулна. 1.16. Хохирогчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг жигшсэн байдал, хохирлын хэмжээг өсгөн төлүүлэх сонирхол, эсхүл шүүгдэгч ийнхүү төлсөн байдал нь мэдүүлгийн агуулгад нөлөөлж болзошгүй байдгийг анхаарч бусад нотлох баримтуудтай ямагт харьцуулан үнэлж байвал зохино. ...”. Тиймээс Ц.Г-ийн шүүгдэгчид зодуулсан, тэрээр түүнд нөлөөлж худал мэдүүлэхэд хүргэсэн гэсэн мэдүүлгийг үнэлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй. Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоол буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан тайлбарын 2 буюу тайлбар гаргах хэрэгцээ шаардлагад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх” буюу “in dubio pro reo” зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдах зорилгыг хангахын тулд гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчилдэг бөгөөд хуульт ёсны шууд тусгал болж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” зарчмыг баримтална. Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй гэх оюун дүгнэлтэд тулгуурладаг ба аливаа дур зорго, хэлмэгдүүлэхээс хүнийг хамгаалах шүүхийн үүргийг тодорхойлдог. 2.2.1.2-т зааснаас үзэхэд хэрэг шийдвэрлэх нотлох баримт хүрэлцэхгүй байгаа тохиолдолд хэрхэхийг үзвэл тайлбарласнаас үзвэл шүүхэд тухайн хэрэгт хамааралтай, нотолгооны хувьд ач холбогдолтой бүхий л баримтуудыг шалгасан байхыг шаардаж байна. Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй байхад эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталсан байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг шалгасан байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотолгооны стандартыг алдагдуулж “in dubio pro reo” зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгожээ. “in dubio pro reo” зарчим нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болон бодит байдал дахь үйл баримтын хооронд бий болсон нотлох баримтын үнэлгээнд үүссэн эргэлзээнд хэрэглэгддэг. Тайлбарлах нь хэсгийн 1.1-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ. Эцэст нь нэгтгэн дүгнэхэд хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс судлуулсан нотлох баримтуудыг үнэлж үзвэл М.Д нь өөрийн эхнэр байсан Ц.Г-г зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай тогтоогдоогүй буюу Ц.Г нь хувийн таарамжгүй харилцааны үндсэн дээр хувийн сэдэлтээр түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, мөн хууль сануулсан боловч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн байж болзошгүй эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2164 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “Ц.Г-ийн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн цаг хугацаатай тухайн гэмтэл таарч байна” гэж үзэж намайг буруутгасан. Зайсанд байрлах байранд Ц.Г 2 хүүхэдтэйгээ 2022 онд гэрлэлтээ цуцлуулснаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Би иргэний хэргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн эцэг байх, үр хүүхэдтэйгээ уулзах эрхээ хасуулаагүй. Зөвхөн иргэн Ц.Г-тай уулзахыг хориглосон шийдвэр гарсан. Намайг хүүхдүүдтэйгээ уулзуулдаггүй, утсаар яриулдаггүй, бүх зүйлд хориглосон учраас би охин дээрээ заавал очих болдог. Би Ц.Г-ийн биед гэмтэл учруулаагүй. ...” гэв.

Прокурор З.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж, оролцогчийн эрхийг хязгаарлаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэмтлийг учруулсан талаар маргахгүй, харин бичлэгт авагдсан харилцан яриагаар Ц.Г дарамталсан гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Үүнд тайлбар байхгүй. М.Д-ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу тухайн үед эхнэр нь байсан Ц.Г-ийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч М.Д нь 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” хотхоны .... байрны .... тоотод буюу гэртээ эхнэр Ц.Г-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Ц.Г-ийн нүүрэн тус газар гараараа цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Г-ийн “... Манай гэр бүл ...дүүргийн Э хотхоны .... байрны ... тоотод амьдардаг. М.Д нь 2018 оноос хойш өөр хүнтэй уулзаж миний араар тавьдаг болж, тухайн асуудлыг мэдэж ярьснаас хойш намайг цохиж зодож байнга дарамтлах болсон. ... 2022 оны 10 дугаар сард намайг цохиж зодсон учраас энэ байдлыг тэсэхгүй цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагад хандсанаар М.Д нь шүүхээр орж ял авсан. Ингээд 2023 оны 1 дүгээр сард М.Д явлаа гэж хэлээд явсан ба түүнээс хойш хаана, хэнтэй амьдарч байгаа талаар мэдэхгүй ба Э хотхонд байх гэртээ бол өдөр, шөнө хэдийд ч дураараа орж ирдэг. Энэ оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэртээ хоёр охины хамт байж байхад М.Д шөнийн 01 цагт орж ирсэн. Орж ирээд намайг “зайл, чамайг зайлчихвал сайхан боллоо” гэж уурлаад миний хувцсыг шүүгээнээс авч шидээд орилж байгаад миний хоолойг боож, дух руу гараараа цохисон, мөн сэрээ авчихаад хацар хэсэгт зооно гэж дайрч байгаад дахин дух руу цохисон. Ингээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. М.Д гэх хүнээс айсандаа тухай болгонд нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Урьд нь нэг хандаж М.Д шүүхээр орж ял авч байсан. М.Д нь утсаар байнга дарамталдаг, надад сэтгэл санааны хохирол учруулж байна. М.Д гэх хүнээс маш их залхаж байна.

Одоо салья гэхээр намайг байрыг нь авах гэж байна гээд байнгын дарамтад байлгаж, уулзахаараа цохиж зодох, утсаар заналхийлэх гээд сэтгэл санааны хувьд маш их дарамтад орж байна. М.Д бол уурласандаа намайг болон миний хоёр охиныг яаж ч магадгүй байгаа тул өөрийгөө хамгаалуулах хүсэлтэй байна. Би цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн зүйл байхгүй. М.Д нь намайг “чи ингээд мэдүүлэг өг” гэх зэргээр дарамттайгаар хэлж зөрүүтэйгээр мэдүүлэг өгсөн зүйл байгаа байх. Худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Би М.Д-тэй тусдаа амьдарч байгаа бөгөөд М.Д хөдөө ажиллаж байгаа гэсэн, хаана ажиллаж байгаа талаар мэдэхгүй байна. 2024 оны 10 дугаар сарын эхээс хойш холбогдоогүй. Урьд өмнө өгсөн мэдүүлгийг өгөхөд М.Д “чи өөрөө юманд цохисон гэж мэдүүлэг өг” гэх зэргээр дарамталж байсан учир зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Надад учирсан гэмтлийг М.Д учруулсан. М.Д миний машиныг зарчихаад мөнгийг нь надад өгөөгүй байсан. Үүний дараа миний данс руу мөнгө шилжүүлж байсан. Үүнийгээ чамд мөнгө өгсөн, ... чи худал мэдүүлэг өгчих, мөнгө өгье гэдэг. Би М.Д-ээс машины мөнгөө авч чадахгүй байсан учир мөнгө авахын тулд за тэгье гээд 3 сая орчим төгрөг өгсөн. Тухайн мөнгийг би машин зарсан мөнгө гэж ойлгоод авчихсан. Үүнийг М.Д мөнгө авч худал мэдүүлэг өгсөн гэж яриад тухайн үед утсаар ярьж байхад М.Д чи надаас мөнгө авсан биз дээ гэж байгаад яриулаад бичиж аваад сидинд хуулсан байж магадгүй. М.Д бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байгаа. ...” /1хх 24-25, 32-33, 36-37, 184-185/ мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2595 дугаартай “…Ц.Г-ийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /1хх 39-40/ дүгнэлт,

ХУДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх 22/, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчийн бичгээр гаргаж өгсөн өргөдөл /1хх 23/, аюулын зэргийн үнэлгээ /1хх 43-44/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч М.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Д-ийн өөрийн эхнэр Ц.Г-тай гэр бүлийн хүрээнд хэрүүл маргаан үүсгэж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б “… хохирогч Ц.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй мэдүүлэг өгсөн, ... хохирогч нь шүүгдэгч М.Д-д зодуулсны улмаас биедээ гэмтэл аваагүй, ... мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлсэн нь тэдний гэр бүлийн харилцааны хүрээнд үүссэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаантай холбоотойгоор М.Д-ээс хөрөнгө шаардаж авах зорилготой, ... шүүхээс харилцан яриатай холбоотой дүгнэлтийг хийгээгүй буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, ... М.Д нь өөрийн эхнэр байсан Ц.Г-г зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай тогтоогдоогүй ... тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Ц.Г 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “...Дух руу маш хүчтэй цохисон, мөн сэрээгээр хацар луу зооно гэсэн, хацар дээр тулгаж бариад байсан, мөн баруун гарнаас бариад чирсэн, миний гар хөхөрсөн...” /1хх 24-25/ гэж, 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “...Миний дух руу цохиж, хоолойноос боож, баруун гарыг базаж, цохиж байсан. Одоо гэмтэл эдгэж байна. ...” /1хх 32-33/ гэж, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “...Өмнө надад гар хүрээд тухайн асуудлаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгагдаад шүүхээр шийдэгдсэн. ...” /1хх 36-37/ гэж тус тус тодорхой мэдүүлэг өгсний дараа 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “…Тэр үед М.Д намайг цохиж зодсон зүйл байгаагүй, харин наашаа цаашаа түлхэлцсэн зүйл байгаа. Миний духанд учирсан гэмтлийг би өөртөө учруулсан. ...” /1хх 105-106/ гэж өмнөх мэдүүлгээ өөрчилжээ.

Мэдүүлгийн нотлох баримт нь мэдүүлэг өгөгч мэдүүлэг өгөх цаг хугацаанд ядарсан, согтуурсан байсан, эсхүл хэргийн талаарх хувийн ашиг сонирхол, ой тогтоолт зэрэг дотоод шалтгаанаас хамаарч хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тусган тогтоосон байдалд тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч болдог.

Харин хохирогч Ц.Г мэдүүлгээ өөрчлөх болсон шалтгаан нөхцөлийн талаар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “М.Д чи өөрөө юманд цохьсон гэж мэдүүлэг өг гэх зэргээр дарамталж байсан учир зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Надад учирсан гэмтлийг М.Д учруулсан” гэж /1хх 184-185/ мэдүүлэг өгчээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлгийг харьцуулан шинжлэн судлаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж,

мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж,

мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан.

Хохирогч Ц.Г “... Д намайг чи худал мэдүүлэг өгчих, мөнгө өгье гэдэг. Би Д-ээс машины мөнгө авч чадахгүй байсан учир мөнгө авахын тулд за, тэгий гээд 3 сая орчим төгрөгийг өгсөн. Тухайн мөнгийг би машин зарсан мөнгө гэж ойлгоод авчихсан. Үүнийг Д мөнгө авч худал мэдүүлэг өгсөн гэж яриад тухайн үед утсаар ярьж байхад Д чи надаас мөнгө авсан биздээ гэж асууж байгаад яриулаад бичиж аваад СД хуулсан байж магадгүй. ...” /1 хх 184-185/ гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч М.Д нь хохирогч Ц.Г-тай ярилцсан бичлэгийг сийрүүлж, ярианы бичлэгт тусгагдсан нөхцөл байдлыг шалгуулах хүсэлтийг гаргажээ. /1хх 83-88/

Шүүгдэгч М.Д-ээс гаргаж өгсөн хохирогч Ц.Г-тай ярилцсан бичлэгийг сийрүүлсэн баримтыг хуульд заасан үндэслэл, журмаар авсан баримтат мэдээлэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хохирогч Ц.Г хэргийн нөхцөл байдлын талаар удаа дараа мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийн эх сурвалж, мэдүүлгээ өөрчлөх болсон шалтгааны талаар үндэслэл бүхий тайлбарласан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон түүний мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч М.Д-ээс гаргаж өгсөн хохирогч Ц.Г-тай ярилцсан бичлэгийг сийрүүлсэн баримтыг хуульд заасан үндэслэл, журмаар авсан баримтат мэдээлэл гэж үзэх боломжгүй буюу бичлэгийг хэзээ, ямар санаа зорилгоор, ямар нөхцөл байдалд, хэрхэн хийсэн зэрэг нь нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан үндэслэл, журамд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж /сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай/, тухайн үйлдлийг хүсэж, эсхүл хохирол, хор уршигт зориудаар хүргэсэн байхыг ойлгоно.

Хохирогч “миний дух руу цохиж хоолойноос боож, баруун гарыг базаж, цохиж байсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн “... Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт болон хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд хохирогч Ц.Г-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч М.Д-ийн цохисон, хүч хэрэглэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д-ийн өмгөөлөгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2164 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д-ийн өмгөөлөгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР