Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00437

 

 “Ноён адмирал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1487 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлалтай,

         “Ноён адмирал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Х.Баярсайханд холбогдох       

         Түлшний үнэ 30.260.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Чулуунбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Манай “Ноён адмирал” ХХК нь “СС Монголиа” ХХК-тай нефть бүтээгдэхүүн нийлүүлэн худалдах, худалдан авах 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3616 тоот гэрээтэй, Х.Баярсайхан нь С.Даваасамбуугийн хамт 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дээрх хийсэн гэрээний дагуу Дархан-Уул аймгийн “Петрожамп” ХХК-иас нийт 31 тонн түлшийг гэрээнийхээ дагуу Х.Баярсайхан нь хүлээн авсан нь үнэн болно. Ярилцаж тохиролцсоны дагуу түлшийг Дархан-Уул аймгийн “Петрожамп” ХХК-ийн шатахуун түгээх газраас Х.Баярсайхан өөрийн биеэр баримттайгаар хүлээн авсан ба хамтарч алтны бизнес хийж, ашгаа тэнцүү хуваана гэсэн боловч ярьсан хэлсэндээ хүрээгүй, улмаар уулзахаас цааргалан утсаа ч авахаа байсан. Энэхүү үйлдэл нь хамтарсан гэрээтэй 2 компанийг давхар өрөнд оруулан залилан хохироож байгаа юм. Баярсайханаас нийт түлшний үнийн 15.000.000 төгрөгийг авсан ба үлдэгдэл 30.260.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.” гэжээ.

    Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Чулуунбаатар нь найз С.Даваасамбуугийн хамт 2016 оны 06 дугаар сарын эхээр сонгуулийн сурталчилгаанд Увс аймаг явах болоод “Оюуны-Ундраа” ХХК-иас зээлээр дизель түлш авах боллоо. Энэ түлшийг танай аймагт байдаг “Петрожамп” ХХК-иас авах юм. Үүнийг ченжийн үнээр бэлэн мөнгө болгох хэрэгтэй байна. Энэ түлшийг зарж өгөөч гэж надад хэлсэн. Үүний дагуу би Б.Бүдбаатар, Н.Хишигбаатар хоёртой түлшний үнэ 1 литр нь 1.250 төгрөгөөр авахаар тохиролцсон. Энэ тухай би Ч.Чулуунбаатар, С.Даваасамбуу нарт хэлэхэд зөвшөөрсөн. “Петрожамп” ХХК-иас түлш авахад Ч.Чулуунбаатар өөрөө түлш авах хүнийг тэр колонкийн нягтлантай яриулаад түлшийг авахуулдаг байсан. Намайг 31 тонн түлш авсан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Би тэдний нийт 27.130 тонн түлшийг 33.912.000 төгрөгөөр борлуулж өгсөн. 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би Ч.Чулуунбаатарт 3.375.000 төгрөгийг бэлнээр өгснийг Б.Бүдбаатар, н.Тулгаа, н.Баяраа нар харж байсан. Дараа нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөг өгсөн. Мөн С.Даваасамбууд дансаар нийт 17.320.000 төгрөг шилжүүлж өгсөн банкны баримт нь байгаа бөгөөд С.Даваасамбуу ч өөрөө авснаа хүлээн зөвшөөрдөг юм. Ингээд би Ч.Чулуунбаатар, С.Даваасамбуу нарт 35.695.000 төгрөг өгсөн. Ч.Чулуунбаатар нь С.Даваасамбуугаас авбал зохих мөнгөө надаас нэхэмжлээд байна. Ийм учраас би Ч.Чулуунбаатарт ямар нэгэн өр төлбөр байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1487 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х.Баярсайханаас түлшний үнэ 19.827.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ноён адмирал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 10.432.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Баярсайханаас 257.089 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1487 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар Х.Баярсайханаас түлшний үнэ 7.631.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ноён адмирал” ХХК-д олгож, үлдэх 21.212.780 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож”, 2 дахь заалтыг “...хариуцагч Х.Баярсайханаас 257.089 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч Х.Баярсайханаас 137.054 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Чулуунбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “... Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх алдаатай тооцоолж буруу магадлал гаргажээ хэмээн үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж гомдлыг гаргаж байна. Учир нь: Магадлалын үндэслэх хэсэгт “Хариуцагч Х.Баярсайхан нь давж заалдах гомдолдоо: С.Даваасамбуу болон Ч.Чулуунбаатар нар нь нефтийг 1.250 төгрөгөөр зарж борлуулах хүсэлт гаргасан. Энэ талаар шүүх хуралдаан дээр С.Даваасамбуу, Ч.Чулуунбаатар нар мэдэгдсээр байхад шүүх 20.430 литр түлшийг 1.460 төгрөгөөр тооцож гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.” хэмээн мэдүүлжээ. Энэ нь ор үндэсгүй худал гэж үзэж байна. Хариуцагч X.Баярсайхан нь алтны эрэл хайгуул хийдэг хувийн компанитай ба өөрөө нэхэмжлэгч Ч.Чулуунбаатар надад хандан “хамтарч ажиллая. Та хөрөнгө оруулалт хий надад лиценз, машин техник нь байна. Олсон ашгаа хувааж авъя гэсэн санал гаргасны дагуу Ч.Чулуунбаатар би өөрийн “Ноён адмирал” ХХК-ийн нэрээр “СС Монголиа” ХХК-тай нефть худалдах, худалдан авах 3616 тоот гэрээг 2016 оны 6 дугаар сарын 8 өдөр байгуулж, гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс Дархан-Уул аймгийн “Петрожамп” ХХК-иас 27.130 литр түлшийг Х.Баярсайхан нь хүлээн авсан үнэн болно. X.Баярсайхан тус түлшийг алт олборлох үйл ажиллагаандаа хэрэглэнэ гэж тохиролцсон бөгөөд хэрэв хамтран ажиллах саналыг гаргаагүй бол Ч.Чулуунбаатар би “СС Монголиа” ХХК-тай 1 литр түлшийг 1.460 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулахгүй, өөрөө өрөнд орохгүй байсан. Эдгээр зальт хүмүүс нь нийлж үгсэн хуйвалдаж иргэн намайг өрөнд орууллаа. Учир нь X.Баярсайханыг би танихгүй. Н.Даваасамбуугаар дамжуулж танилцсан юм. Энэ хоёр багын сайн найзууд юм. Үүнийг анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд үнэн бодитой дүгнэсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т заасан үүргээ биелүүлсэнгүй хэмээн үзэж байна. Ямар ч эрүүл ухаантай хүн 1 литр түлшийг 1.460 төгрөгөөр худалдан аваад цааш нь 1.250 төгрөгөөр зарж 1 литр тутмаас 210 төгрөгийн алдагдал хүлээх наймааг хийхгүй. Хариуцагч нь 1 литр нь 1.250 төгрөг байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байхад шүүх ямар нотлох баримтанд үндэслэсэн нь тодорхойгүй байна. Гэтэл Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээ болон санхүүгийн баримтаараа 1 литр түлшний үнэ 1.460 төгрөг гэдгийг батлаад байгаа юм. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт: Хариуцагч X.Баярсайхан нь “Ноён адмирал” ХХК-ийн захирал Ч.Чулуунбаатарын зөвшөөрлөөр “СС Монголиа” ХХК-ийн шатахуун түгээх станцаас 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 6.700 литр, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 6.700 литр, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 6.700 литр, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 7.030 литр, нийт 27.130 литр түлш авсан болон түүнд түлшний үнэ төлбөрт 15.000.000 төгрөг, 3.375.000 төгрөгийг тус тус өгсөн талаар зохигчид маргадаггүй хэмээн зөв бичжээ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн үндэслэх хэсэгт: хариуцагч 20.130 литр түлш авч борлуулсан болохоо хүлээн зөвшөөрдөг, түлшний үнэнд 18.375.000 төгрөг өгсөн талаар зохигчид маргаагүй байна.” хэмээн алдаатай дүгнэлт хийжээ. Хавтаст хэрэгт X.Баярсайхан нь шатахуун түгээх станцаас нийт 27.130 литр түлш хүлээн авснаа зөвшөөрдөг ба 6.700 литр түлшийг 1.320 төгрөгөөр буюу 8.844.000 төгрөгөөр худалдан борлуулсан тал дээр талууд маргаагүй харин үлдэгдэл 20.130 литр түлшний 1 литр тутмыг 1.460 төгрөгөөр тооцохгүй, 1250 төгрөгөөр тооцож төлнө гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасаар байхад шүүх бүрэлдэхүүн хэргийн материалаа уншиж судлахгүйгээр “нийт 20.130 литр түлшийг X.Баярсайхан нь хүлээн авсан байна” гэсэн өрөөсгөл дүгнэлт гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй буюу ямар нотлох баримтанд үндэслэсэн нь тодорхойгүй байна. Иймд Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж шийдвэрлэсэн хэмээн үзэж байгаа тул ...шийдвэрийг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.                                                                ХЯНАВАЛ:

    Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

        Нэхэмжлэгч “Ноён адмирал” ХХК нь хариуцагч Х.Баярсайханд холбогдуулан 31 тонн түлшний үнийн үлдэгдэл 30.260.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 21.130 тонн түлшний үнийн үлдэгдэл 21.349.800 төгрөг, ажилчдын цалин 2.700.000 төгрөг, Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг руу алт олборлох гэж явахад гаргасан зардал 833.500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3.960.980 төгрөг, нийт 28.844.280 төгрөг болгож багасгажээ.

Хариуцагч Х.Баярсайхан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ч.Чулуунбаатар, С.Даваасамбуу нарт 35 695 000 төгрөг өгсөн, би тэдний 27 130 тн түлшийг борлуулж өгсөн, одоо тооцоо байхгүй гэж маргажээ.

         “Ноён адмирал” ХХК нь “СС Монголиа” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

         Хариуцагч Х.Баярсайхан нь “Ноён адмирал" ХХК-ийн захирал Ч.Чулуунбаатарын зөвшөөрлөөр “СС Монголиа” ХХК-ийн шатахуун түгээх станцаас 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 6.700 литр, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 6.700 литр, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6.700 литр, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 7.030 литр, нийт 27.130 литр түлш авч борлуулсан ба түлшний төлбөрт 18 375 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн талаар зохигчид маргасангүй.

          Харин 1 литр түлшний үнийг хэдэн төгрөгөөр тооцсон тухайд маргасан бөгөөд нэхэмжлэгч “... 6.700 литр түлшний 1 литрийг нь 1.250 төгрөгөөр, үлдэх 20.430 литр түлшийг 1.460 төгрөгөөр тооцсон” гэж тайлбарласан бол хариуцагч Х.Баярсайхан нь “...Ч.Чулуунбаатар нь энэ шатахууныг зах зээлийн үнээс доогуур үнээр зарчих, хурдан бэлэн мөнгө болгох хэрэгтэй гэсэн учир түүний зөвшөөрсний дагуу 6.700 литр түлшийг 1.320 төгрөгөөр, 13.730 литр түлшийг 1.250 төгрөгөөр тооцож зарсан” гэжээ.

Нэхэмжлэгч “Ноён адмирал” ХХК нь “СС Монголиа” ХХК-иас худалдан авсан түлшээ хариуцагч Х.Баярсайханд худалдах, хариуцагч Х.Баярсайхан нь түлш худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан тухай баримтгүй, хариуцагчид 27130 литр түлш худалдан авах хэрэгцээ шаардлага байсан, түлшийг ашигласан гэж үзэх нөхцөл байдал талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчийг худалдагч тал гэж тодорхойлж, түлшний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.  

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд “Ноён адмирал” ХХК-ийн захирал нь “СС Монголиа” ХХК-иас худалдан авсан түлшний борлуулалтыг Х.Баярсайхан хариуцах, тэрээр түлшний төлбөрийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон байх тул   зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д нийцсэн,  үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 19 827 800 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх үүнийг 7 631 500 төгрөг болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлага байхгүй бөгөөд нэхэмжлэгч “Ноён адмирал” ХХК, хариуцагч Х.Баярсайхан нарын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар 27 130 литр түлш борлуулсан талаар талууд маргаагүй, харин нэг литр түлшийг хэдэн төгрөгөөр бодож тооцоо хийх талаар 1.250, 1.460 төгрөг гэж зөрүүтэй тайлбар гаргасан ба эдгээр тайлбарыг нотлох ач холбогдол бүхий баримт хэрэгт авагдаагүй байна. Гэвч 27 130 литр түлш борлогдож дууссан, борлуулалтын орлогын зарим хэсгийн нэхэмжлэгчид өгсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч 6.700 литр түлшийг 1.250 төгрөгөөр борлуулах зөвшөөрөл өгснөө үгүйсгээгүй, үнийг 1.460 төгрөг болгон өөрчилсөн тухайгаа баримтаар нотолж чадаагүй байх тул  нэг литр түлшний үнийг 1.250 төгрөгөөр тооцож, 27.130 литр түлшний үнэ 33 912 500 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 18 375 000 төгрөгийг хасч, үлдэх 15 537 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. 

         Түүнчлэн нэхэмжлэгч “Ноён адмирал” ХХК нь хариуцагч Х.Баярсайханаас ажилчдын цалин 2.700.000 төгрөг, Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг руу алт олборлох гэж явахад гаргасан зардал 833.500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3.960.980 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн боловч дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч, хуулийн үндэслэл заагаагүй, хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулна

         Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Чулуунбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1487 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Х.Баярсайханаас түлшний үнэ 15.537.500 төгрөг гаргуулан “Ноён адмирал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.306.780 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “... 137.054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,” гэснийг “... 235.637 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Ноён адмирал” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.100 /хоёр зуун арван мянга нэг зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

                                                ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН