| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2406088410343 |
| Дугаар | 2025/ДШМ/1250 |
| Огноо | 2025-10-31 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2025/ДШМ/1250
Н.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гэрэлбаатар,
цагаатгагдсан этгээд Н.Г-, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2005 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцлээр Н.Г-д холбогдох 2406088410343 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Н-ийн Г, 1985 онд Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, М-эд хэлтсийн дарга ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Шүүгдэгч Н.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ү.Э-гийн өмчлөлийн “Toyota Vanguard” загварын ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өшиглөж гэмтээн, 1,260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Гэрэлбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх ба мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлэх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд тодорхойлон заасан.
Цагаатгах тогтоолын 2, 3 дугаар хуудсанд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын агуулгыг тодорхойлон тусгасан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогчийн “170,000 төгрөгийн хохирол учирсан гэх хохирогчийн тайлбар” гэх нотлох баримт шинжлэн судлагдаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон “хохирогчийн тайлбар”-ыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримтат мэдээлэлд хамаарахгүйгээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ү.Э-гийн өгсөн мэдүүлэг, автомашиныг удаа дараа өшиглөж байгаа камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шүүх дурдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг шүүх “хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй” гэсэн дүгнэлтийг удаа дараа хийсэн атлаа цагаатгах тогтоолын 6 дахь талд “шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн” гэж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлыг хэмжээг тогтоосон “Онцгой үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл зэргийг шүүхэд хүргүүлсэн, хэрэгт авагдсан байхад “шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлээгүй” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Мөн “шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч хохирогч Ү.Э-гийн тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн” гэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн тайлбарыг шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Б.Гомбодоржоос гарган өгсөн байхад улсын яллагчаас гаргаж өгсөн гэсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус ноцтой зөрчсөн. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Гомбодорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Онцгой үнэлгээ” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ бол шинжээчийн дүгнэлт биш юм. Эрх бүхий албан тушаалтнаас шинжээч томилсон тогтоол, эрх, үүрэг танилцуулсан баримт, шинжилгээ хийх эрхтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбарласан бөгөөд шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэн шүүгчийн захирамж гарсан. Энэ шүүгчийн захирамжид заасан ажиллагаа огт хийгдээгүй. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3792 дугаар шүүгчийн захирамж гарч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан болоход шинжээчийн дүгнэлт гараагүй байсан. Хохирогч өөрийн тээврийн хэрэгслийн шинэ, хуучин бүх гэмтлийг үнэлүүлж, 1,260,000 төгрөг болсон байсан. Хохирогч сүүлд нь “Н.Г-ын өшиглөсөн үйлдлээс 170,000 төгрөгийн хохирол учирсан” гэдгийг илэрхийлсэн. Тиймээс хэрэгт хяналт тавьж байсан прокурорын зүгээс шүүхийг буруу дүгнэлт хийсэн гэж буруутгах үндэслэлгүй. Мөн цагаатгах тогтоолд Н.Г-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй талаар тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирол учраагүй гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Н.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. 1,260,000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг бодитой биш гэж үзэн дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан хойшилсон. Шүүх хуралдааныг хойшлуулсны дараа дахин шинжээч томилоогүй, шинжээчийн дүгнэлт гараагүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд Н.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос Н.Г-ыг бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор тогтов.
Шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь гагцхүү “Шүүх” байхыг хуульчилсан.
Ийнхүү шүүх эрх мэдлийг бие даан хэрэгжүүлдгийн хувьд шүүх нь аливаа хууль Үндсэн хуульд захирагдах, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг бүх нийтээр дагаж мөрдөх, төрийн байгууллагууд хуулийг гуйвалтгүй, нэг мөр биелүүлэх, зөв хэрэглэх зарчмын хүрээнд зөрчигдсөн буюу маргаантай эрхийг сэргээх, түүнийг зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна гэм буруутай этгээдийн эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон нийт иргэдэд хүмүүжлийн үр нөлөө үзүүлдэг тул зөвхөн хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой.
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн онцгой үйл ажиллагааны эцсийн үр дүн болох шүүхийн шийдвэр нь эрх зүйн харилцааг тодорхойлох, түүнийг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх хэлбэрээр тухайн хэрэг маргаанд хамааралтай этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг акт юм.
Иймээс шүүхийн шийдвэр нь аливаа этгээд заавал биелүүлэх үүргийг хүлээлгэдэг хүчин чадал бүхий албан ёсны бичиг баримт тул Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулиар тогтоосон шаардлагад бүрэн нийцсэн байхыг шаарддаг.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд буюу “шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй” бол хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн, цагаатгагдсан этгээд Н.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”,
мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор доор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй:
1.4.энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх;
1.10.яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх”,
мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно:
1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” хэмээн мөрдөгч, прокурорын хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх үүргийг хуульчилсан ба шүүх тухайн гүйцэд цугларсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэнэ.
Гэтэл анхан шатны шүүх дээрх ажиллагаа хийгдээгүй байхад буюу “хэрэгт авагдсан “Онцгой үнэлгээ” ХХК-ийн үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийг тус тус зөрчсөн гэж дүгнэн, дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд дүгнэлт гаргуулж шүүхэд ирүүлээгүй” гэж дүгнэсэн хэрнээ нотлох баримтын бүрэн гүйцэд байдлыг хангуулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, улмаар Н.Г-ыг цагаатгасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Мөн нотлох баримт гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллийг хэлэх ба эрх бүхий байгууллагын ажилтан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлж авснаар нотлох баримтын шаардлагыг хангадаг.
Гэтэл дээрх аргаар бэхжүүлээгүй буюу хохирогч Ү.Э-гийн бичгээр гаргасан гэх тайлбар (хохирогч өөрөө шүүх хуралдаанд оролцоогүй, тус тайлбарыг цагаатгагдсан этгээдийн талаас гаргаж өгсөн) нь нотлох баримтаар тооцох хуулийн шаардлагыг хангахгүй тул түүнийг шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлэх боломжгүй.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг агуулсан буюу шаардлага хангасан шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн хохирогчийн шүүхэд ирүүлсэн тайлбар гэх зүйлийг үндэслэн шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд, давж заалдах шатны шүүхээс “хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Н.Г-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2005 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.
2.Шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН