Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/89

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ачмаа,

улсын яллагч Э.Нямбилэгт,

хохирогч Н.,

шүүгдэгч А. түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн А-н У-д холбогдох эрүүгийн 1717000380018 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 09  сарын 03-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуульд жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Багш нарын байрны ............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх А овгийн А-н У /РД:.............../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч А.У нь 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 20 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 20 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ таслан зогсоох гэсэн иргэн И.Т-г эсэргүүцэж үйлдсэн,

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 20 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хохирогч Н.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч А.У нь 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 20 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 20 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 6 дугаар сарын 01-ны өдөр охин маань хүүхдийн баяраар жагсах ёстой байсан. Тэгтэл Н.А жоохон уучихсан ирэхээр нь яагаад уучихсан юм бэ? гээд 1 алгадсан. Т гэдэг хүн хорьсон гээд байх юм. Т гэдэг хүн манай ажлын хүн. Тэр хүнийг боль гэхэд нь би нэг алгадчихаад тэгээд больсон. Т-г гараад 2 минут ч хүрээгүй байхад эргэж орж ирэхэд нь бид 2 хүүхдүүдээ хувцаслаад гарсан. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гээд тодорхой заагаад байх юм. Тэр өдөр хэдэн байсан гэдэг нь тодорхойгүй. Тэр өдөр хүүхэд хичээлээсээ тарж ирээд, би ажлаасаа 4 цагт буугаад ирэхэд хоол хийгээгүй байхаар нь би жоохон уурлаад маргасан чинь эхнэр маань 2 хүүхдээ аваад яваад өгсөн. Үүнийг зүйл ангид оруулаад яллах гээд байгааг нь гайхаж байна. 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн үйл явдлыг би бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Тэр өдөр болсон явдалд би их гэмшиж байгаа.  Би эхнэрээсээ уучлалт гуйсан гэв.

 

1.2. Шүүгдэгч А.У мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2017 оны 09 сарын 06-ны өдөр эхнэр Н.А-д гар хүрч хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 06 сарын 01-ны өдөр, 2017 оны 08 сарын 22-ны өдөр эхнэр А-тай хэрүүл хийж ам мурийсан нь үнэн. Ер нь гэр бүлийн хооронд тиймэрхүү хэрүүл уруул байдаг. Тэрнээс аймар зодож нүдээд хүчирхийлэл үйлдээд байсан юм байхгүй. Миний урд нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би үүнийгээ давтаад яръя.

2017 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүүхдүүдээ баярлуулах гээд байхад А тэр өдрөө ажлаасаа буугаад ирэхгүй байж байгаад өдөр 10 цагийн үед архи уучихсан халамцуу гэртээ ирсэн. Тэрнээс болоод би А-г ор луу түлхсэн. Нэг алгадсан.

А-г намайг аллаа гээд орилоход манай хоёр хүүхэд айгаад уйлсан. Тэгээд би А-г хүүхэд айлгачихлаа чимээгүй байгаач гэсэн чинь манай ажлын Т эгч гаднаас орж ирээд яагаад байгаа юм, орилолдоод байх юм гэсэн. Тэрнээс би Т эгчийг эсэргүүцээд А-г зодсон зүйл байхгүй.

Тэгээд удаагүй А, Т эгч бид гурав 2 хүүхдээ аваад аймгийн ЗДТГ-н талбай дээр ирээд охиноо хүүхдийн баярын жагсаалд оруулсан. Тэр өдөр А бид хоёр хүүхдүүдээ бүхэл өдөржин баярлуулж цугтаа явсан. Зүгээр л байсан.

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манай эхнэр А ажлаасаа бууж ирэхдээ архи уучихсан ирсэн. Тэгээд А-н хэлдэг тайлбар нь дарга айраг өгсөн гэж хэлдэг. Тэрнээс болж бид хоёр маргасан. Тэгэхэд би Алтансувдыг цохиж зодоогүй.

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө Алтансувд ажлаасаа буух байсан бөгөөд би 12 цагийн үед залгахад А би ажлаасаа буугаагүй байна гэсэн.

Тэгээд дараа нь ахиад А руу залгахад эгч А-н ажил дээр байна гэсэн. Тэгэхээр нь хэдэн цагийн үед ирэх юм бэ үдээс хойш манай найзууд хотоос ирэх юм шиг байна шүү хоол унд хийе гэсэн. Тэгээд манай 9 настай охин Э хичээлээсээ 15 цагийн үед гэртээ ирээд ээжийгээ байхгүй болохоор ээж рүүгээ утсаар залгасан. Тэгсэн ээж нь одоо таксинд суугаад очиж байна гэсэн юм билээ. Тэгээд А гэртээ ирээгүй байхад манай хашааны гадаа 44-44 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Соната-6 маркын автомашин зогсож байсан. Тэгээд би уг автомашины жолоочтой хардаж гар хүрсэн нь үнэн. Би тэгэхдээ яг тэр автомашинд А-г байсан, үгүйг хараагүй. Тэр өдөр бид хоёрын муудах үндсэн шалтгаан нь 24 цаг ажилд гарсан хүн маргааш орой нь 16-17 цагийн үед гэртээ ирсэн юм.

Ер нь ажилд 24 цагаар ажиллаад буухдаа 18-19 цагт гэртээ ирнэ. Би  энэ талаар хэлэхээр муудна. Тиймэрхүү юмнаас болж маргаан үүсдэг....гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр нөхөртэйгөө муудаад мэдүүлэг өгөх гээд очсон. Ер нь бол 9 дүгээр сарын 6-ны өдрийн үйл явдалд л мэдүүлэг өгөх гээд очсон. Би хуулийн талаар сайн мэдэхгүй болохоор цагдаа надад 3 хэрэг байх ёстой гэсэн. Тэгээд санаж байгаагаас 2017 оны 6 дугаар сарын 01-ны өдөр хүүхдэдээ хүнээс дээл авах ёстой байсан. Өмнөх өдөр нь ажил ихтэй байсан болохоор очиж дээлийг нь авч чадаагүй. Өглөө нь очиж авах ёстой байсан болохоор нөхөр маань их бухимдалтай байсан.  Би өөдөөс нь юм хэлсэн чинь уурлаад нэг алгадсан. Тухайн үед Т эгчийн нэг хөл нь огт нугалардаггүй хөл муутай хүн. Тэр үед Т эгчийг түлхүүлээд уначихлаа л гэж бодсон. Түлхүүлж, цохиулсандаа унаагүй байх. Хөл муутай болохоороо л унасан байх гэж бодож байна. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн үйл явдлын цаг хугацааг яг баттай мэдэхгүй болохоор багцаалдаад хэлчихсэн. Тэр өдөр намайг алгадахаар нь би зөрүүлээд алгадсан. 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр бид 2 муудалцаад, намайг алгадаад тэлээгээр цохисон. Тэрэнд би их гомдоод ах, эгч хоёрыгоо дуудаад оройн нь хувцсаа авч яваад маргааш нь өргөдөл өгсөн гэв.

 

1.4. Хохирогч Н.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би А-н У гэх хүнтэй 2005 онд танилцсан бөгөөд 2007 онд гэр бүл болж, гэрлэлтээ 2007 онд батлуулсан. Бид хоёр одоо 3 настай хүү У.Т, 1-р цэцэрлэгт сурдаг. Том охин 9 настай У.Э одоо 1-р сургуулийн 5в ангид сурдаг. Гэртээ буюу Сүмбэр сумын 1-р баг БНБ-ны 20 тоотод нөхөр У, хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ амьдарч байгаа.

А.У анх надтай суусан цагаасаа хойш одоог хүртэл намайг зодож дарамталж ирсэн. Тухай бүр нь би цагдаа болон ар гэртээ энэ талаар хэлж байгаагүй. Учир нь намайг их дарамталдаг. Гэрээс гаргахгүй, утас хураагаад авчихдаг юм. Чамайг алчихаад шоронд явахад надад суугаад ирэх нас байна. Чиний муу амийг хэн надаас нэхэж ирдэг юм гэдэг.

Хамгийн сүүлд өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би эгч А-тай уулзчихаад ажил дээр нь очиж юм хийж байгаад гэртээ 16 цагийн үед ирэхэд манай хашааны гадаа 44-44 ГСА улсын дугаартай автомашин зогсож байсан гээд манай нөхөр У чи энэ автомашин дотор нэг залуутай үнсэлцээд жигтэйхэн байна гээд намайг гэрээс чирч гаргаад худлаа гэвэл энэ автомашины мөрийг хар гээд нэг мөр харуулаад гэр лүү орж байгаад өөрийнхөө суран тэлийгээр миний зүүн мөр, нуруу, толгой орчим хэд хэдэн удаа ороолгосон.

Тэгээд намайг өмдөө тайл шалгуул гээд миний өмдийг тайлсан. Тэгээд чи угаачихаад ирсэн юм байгаа биз гэсэн. Тэгээд хувцаснаас заамдаж аваад ор луу шидээд тэгж, тэгж нэг юм гайгүй болсон. Тэр үед гэрт хүн байгаагүй.

Тэгээд би хувцсаа сольж өмсөөд У хамт хүүхдээ авах гээд тоглоомын талбай руу дагаж явсан. Тэгж яваад хамаатны У эгчтэй таараад ойр зуурын юм яриад намайг харахад нүүр ам бэлцийсэн байсан болохоор У эгч намайг чи ингэн ингэн байж байх ямар шаардлагатай юм гэр орондоо хариач гэж хэлсэн.

Тэр үед У намайг хөөё явъя гээд аваад явсан. Би У эгчид У-тай муудсан гэж л хэлсэн. Зодуулсан гэж хэлээгүй. Тэгээд У эгч манай төрсөн эгч А хэлсэн юм билээ.  А эгч орой 21 цагийн үед манай төрсөн ах Н.Э цуг манай гэрт ирээд намайг авч явъя гэсэн.

Тэгсэн У юу ч хэлэхгүй буруу харж сууж байгаад 2 хүүхдээ ийшээ зогс гээд хүүхдээ явуулахгүй гээд 2 хүүхдээ аваад гарсан.

Ер нь муудахаараа надад 2 хүүхдээ өгдөггүй юм. Тэгээд би эгч А, ах Э нартай явсан. Тэгээд ээжийндээ хоноод сая цагдаад гомдол гаргаж байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн мөрөн дээр хөхөрсөн байсан, нуруугаар хөхрөөгүй байсан.

Ер нь бол байнга зоддог учраас ялгаж салгаж ярихад хэцүү. Ер нь бол архи ууж зоддоггүй, эрүүлдээ зоддог. Манай нөхөр У ер нь их хараал хэлдэг бөгөөд хүүхэд юм унагачихаар хүүхдээ пизда минь гэж хараана. Тэгэхээр нь би юугаа хүүхэд хараагаад байгаа юм гэхээр нь хүн цохиж, зодно, пизда гэж хараах энүүхэнд, жоохон хүүхдээ гичийгээр нь дуудаж хараана.

2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай охин Э урлагийн тоглолтонд орох байсан бөгөөд урлагийн дээлийг нь би ажлаас буугаад манай найз Ө-с авчрах байсан юм.

Тэгээд би ажлаасаа буугаад дээлийг авчраагүй шалтгаанаас болж У намайг чи ажил төрлөөсөө эрт бууж ирээд дээлийг нь аваад ирэхгүй гээд хараалаа хэлэхээр нь би чи ядаж эх үрсийн баярын өдөр элдэв хараал хэлэхгүй байж болсонгүй юу гэсэн чинь У над руу хүүхдийн хуванцар сандал аваад шидэхээр нь би зөрүүлээд дэр аваад У руу шидсэн чинь чи хүний өөдөөс сарвалздаг болоо юу гээд босож ирээд намайг орон дээр хэвтүүлж байгаад өөрөө орон дээр зогсож байгаад пүүзтэй хөлөөрөө миний цээж рүү хэд хэдэн удаа дэвссэн.

Тэр үед манай гэрт 1-р сургуульд жижүүр хийдэг Т гэдэг эгч байсан бөгөөд У-г хорьсон боловч дийлээгүй. Тэгч хөл муутай хүн байдаг юм. Зүгээр түлхэж хаячихаад намайг дэвсээд байсан.

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа бууж ирээд хоол ундаа хийсэнгүй гээд У намайг орон дээр сууж байхад миний үснээс зуураад доошоо сэгсэрч алгадаад тэгж байгаад л гайгүй болчихно. Тэгэхэд манай 2 хүүхэд байсан бөгөөд би хоёр хүүхдээ дагуулаад ээжийн гэр лүү очиж хоноод маргааш нь гэртээ ирсэн. Ээжийн гэрт очихдоо У-тай муудсан гэж хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Н.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай төрсөн дүү Н.А-г 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажлаасаа буухаар нь би дуудаад надтай цуг юм хийлцээд өг гээд ажил дээрээ дуудсан. А 10 цаг өнгөрч байхад манай ажил дээр ирсэн. Тэгээд байж байхад А руу нөхөр У нь байнга залгаад дуудаад байсан. Тэгэхэд А очноо байж бай эгээгийн ажил дээр юм хийж байна ш дээ гэж байсан. Дараа нь У өөрийнхөө охиноор А руу яриулаад байсан. Би ямар сайндаа А-н гар утсыг авч байгаад охинтой нь яриад ээж чинь юм хийж байна байж байгаач гэж загнасан. Дараа нь А-г надтай байхад охин нь миний гар утас руу залгаад ээжтэйгээ ярихыг бодоход А-н гар утас нь цэнэггүй болоод унтарсан юм шиг байна лээ. Тэгээд А надтай байж байгаад 15 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явсан. Орой 19 цагийн үед манай хамаатан У над руу залгаад чи А ярьсан уу, нүүр ам нь бэлцийгээд, хоолой амаа бариад нөхөр боож барьсан юм биш биз дээ, нөхөртэйгээ хамт түрүүн сүртэй царайтай юм явж байна лээ. Зодуулсан юм биш үү чамд хэлэх үү байх уу гэж байгаад хэллээ гэж байсан. Тэгэхээр нь би өөрөө А руу залгаад яасан, юу болсон юм гэсэн чинь А уйлаад эгээ намайг ирээд аваатах гэсэн. Тэгэхээр нь би төрсөн ах Э-г гэрээс нь аваад У-н гэрт нь хамт очсон. Тэгээд би А-г хувцасаа ав гэж хэлээд гэрээс нь авч явах гэтэл У дуугаа хураачихсан байж байгаад А-д хандаж дээрээс хойш чамайг зайл гээд байгаа шүү чи бараг дурандаа энд байгаа биздээ, хүүхдүүдээ өгч явуулахгүй шүү гэж хэлээд 3-10 настай хүү, охин хоёроо аваад гараад явчихсан. Тэнд У бид нар хэрүүл уруул хийгээгүй. Тэгээд би А-г гэртээ авчирсан. Тэгэхэд А надад хэлэхдээ У хаа хамаагүй хүнтэй харддаг, ялих шалихгүй юмнаас болж дандаа зоддог байсан талаар ярьсан. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дүүгээ цагдаад гомдол гарга гэж зөвлөсөн… гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

1.6. Гэрч И.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 05 дугаар сарын 31-ний орой А.У-н гэрт нь хүүхдүүдийг нь хараад хоносон. У-н эхнэр А ээлжийн ажилтай байсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өглөө У автомашинтайгаа гарч А-г ажлаас нь аваад ирье гэж явсан. Намайг 10 цагийн үед хашаанд нь 00-д бие засах гээд байж байхад У, А 2 гэр лүүгээ орж байгаа харагдсан. Тэгэхэд бол ер муудаагүй юм шиг л орж байсан. Тэгээд намайг гэрт нь ороод очиход А гэрийнхээ орон дээр уйлчихсан сууж байсан. Тэгсэн У А нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Би болиоч яасан юм, юу болоод байгаа юм гээд Улаанааг болиулах гэтэл гэхэд намайг түлхсэн. Тэр 2 муудсан шалтгаанаа надад хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

1.7. Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Н.А бид 2 төрсөн ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Би “Дашваанжил” ХХК-ны Говьсүмбэр аймгийн салбарын дарга болоод Н.А-г 2017 оны 01 сард түгээгчээр ажилд авсан. 2017 оны 05 сард байхаа манай ажилчид Дорноговь аймгийн Хамрын хийд явсан юм. Тэгэхэд А болон түүний нөхөр У нар хамт явсан. Тэрнээс өөрөөр би ажилчидтайгаа хамт архи ууж байсан удаа байхгүй. Манай ажилчид ээлжнээс буугаад архи уугаад байдаг асуудал байдаг. Н.А-н хувьд ажил дээрээ архи уудаггүй бөгөөд тиймэрхүү зөрчил гаргавал хамаатан гэхгүй арга хэмжээ авах болно. Би ажил дээрээ өдрийн цагаар байдаг. У нь ажлаа хийж байгаа эхнэрээ байн байн утсаар яриад юу хийж байна гээд хэрүүл үүсгээд байгаа ажиглагддаг. Тэрнээс гэртээ очихоор ямар ааш гаргадаг талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

1.8. Гэрч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 09 дүгээр сарын 06-ны орой намайг гэртээ байж байхад манай төрсөн дүү Н.А ирээд дүү Н.А-г нөхөр болох У нь зодсон байна гэж хэлсэн. Тэгээд А бид 2 хамтдаа А-н гэрт очсон. Тэгэхэд гэртээ У, А нар 2 хүүхдийн хамт байсан. Тэгээд дүү А-г авч явлаа гэхэд У юм хэлээгүй. Харин 2 хүүхдээ өгч явуулахгүй гээд аваад үлдсэн. Би У-г манай дүүг зоддог талаар урд нь сонсож байгаагүй. У зан аашийн хувьд гайгүй л хүн шиг байдаг юм, гэр орондоо байхаар яадаг талаар нь би мэдэхгүй, гэрээр нь очоод байдаггүй юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

1.9. Гэрч Г.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Н.А нь манай нөхөр Г-той төрсөн ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны үдээс хойш А Унар 2 хүүхдийн хамт явж байгаад надтай тааралдсан. Тэгэхэд А уйлчихсан шинжтэй хүзүүгээ дараад байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад А хэлэхдээ У таксины хүнтэй унтаж хэвтлээ гэж хардаад зодсон. Тэгээд дараа нь хүүхдүүдээ тоглуулна гээд авч явсан болтой юм ярьж байсан. Намайг А-тай уулзаж байхад Утүрүүлж явж байгаад эргэж хараад А-г явья гэж дуудаад авч явсан. Би А-г ээж эгч нартаа хэлээч гэсэн чинь утас өгөхгүй байна гэлүү, утасны цэнэг дууссан гэж байлуу нэг тиймэрхүү юм хэлж байсан. Ямар ч байсан У-г утсаар яриулахгүй байна гэж байсан. Би гэртээ хариад А-н талаар эгч А-т нь утсаар ярьж хэлсэн... гэх мэдүүлэг. /хх-ийн 24-26 дугаар хуудас/

 

1.10. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 324 дугаартай дүгнэлтэд: 

- Н.А-н биед бүх биеийн доргилт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2017-09-06-ны өдөр үүсгэгдэх байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

1.11. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 109-113 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.У нь гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Н.А-г 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3 удаагийн үйлдлээр буюу байнга зодсон, харгис хэрцгий харьсан, догшин авирласан үйлдэлд хамаарч байх бөгөөд энэ нь гэр бүлийн хүчирхийллийн бие махбодын хүчирхийллийн хэлбэрт хамаарч байна.

Мөн шүүгдэгч А.У нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 20 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г зодож хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг иш татаж заасан бөгөөд уг зүйлийн 2.8 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн талаар зохицуулж хуульчилсан байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан этгээдийг хамааруулах бөгөөд түүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэдэг нь гурав буюу түүнээс дээш удаа дээрх үйлдлийг хийсэн байхыг ойлгоно гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагддаг, даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчийг хяналтандаа байлгах зорилгоор шүүмжлэх, доромжлох, улмаар зодох зэргээр хохирогчийн бие махбодь болон сэтгэл санааны хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Н.А нь мөрдөн байцаалтын шатанд “...А.У нь анх надтай суусан цагаасаа хойш одоог хүртэл намайг зодож дарамталж ирсэн. Тухай бүр нь би цагдаа болон ар гэртээ энэ талаар хэлж байгаагүй. Учир нь намайг их дарамталдаг. Гэрээс гаргахгүй утас хураагаад авчихдаг юм. Чамайг алчихаад шоронд явахад надад суугаад ирэх нас байна. Чиний муу амийг хэн надаас нэхэж ирдэг юм гэдэг...

...2017 оны 06 сарын 01-ны өдөр манай охин Э урлагийн тоглолтонд орох байсан бөгөөд урлагийн дээлийг нь би ажлаас буугаад манай найз Ө-с авчрах байсан юм... ...намайг орон дээр хэвтүүлж байгаад өөрөө орон дээр зогсож байгаад пүүзтэй хөлөөрөө миний цээж рүү хэд хэдэн удаа дэвссэн...

...2017 оны 08 сарын 22-ны өдөр ажлаасаа бууж ирээд хоол ундаа хийсэнгүй гээд У намайг орон дээр сууж байхад миний үснээс зуураад доошоо сэгсэрч алгадаад тэгж байгаад гайгүй болчихно...

...2017 оны 09 сарын 06-ны өдөр би эгч А-тай уулзчихаад ажил дээр нь очиж юм хийж байгаад гэртээ 16 цагийн үед ирэхэд  манай хашааны гадаа 44-44ГСА улсын дугаартай автомашин зогсож байсан гээд манай нөхөр У чи энэ автомашин дотор нэг залуутай үнсэлцээд жигтэйхэн байнаа гээд намайг гэрээс чирч гаргаад худлаа гэвэл энэ автомашины мөрийг хар гээд нэг мөр харуулаад гэр лүү орж байгаад өөрийнхөө суран тэлээгээр миний зүүн мөр, нуруу, толгой орчимд хэдэн хэдэн удаа ороолгосон...” гэх мэдүүлгээр шүүгдэгч А.У нь хохирогч Н.А-г гэр бүлийн хүчирхийлэлд байлган байнга зодож харгис хэрцгий харьцсан, догшин авирласан болох нь тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч А.У нь 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 20 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-г зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ таслан зогсоох гэсэн иргэн И.Т-г эсэргүүцэж үйлдсэн гэх хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Учир нь:

Хохирогч Н.А-г 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ таслан зогсоох гэсэн иргэн И.Т-г эсэргүүцэж, түлхэх үйлдэл хийсэн боловч И.Т- “...Улаанаагаар түлхүүлээд би газар унаагүй”, “...би гэрийнх нь гадаа жоохон байж байгаад гэрт ороод ирэхэд А тэр хоёр муудахаа больчихсон байсан”, “...тэр өдөр хүүхдийн баярын өдөр байсан, А.У, Н.А нар хүүхдээ аваад баярын жагсаалд явсан” гэх мэдүүлгээс үзэхэд А.У Н.А үргэлжлүүлэн зодож цохиогүй, таслан зогсоох гэсэн иргэн И.Т-н эсрэг дахин ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдож байх тул дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж идэвхтэй үйлдэл хийгээгүй, “эсэргүүцэж” үйлдсэн үйлдэл нь хэлбэр төдий байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А овгийн А-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч А.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч А.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Т.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

У нь манай охин А-н нөхөр байгаа юм. А У нар 2006 онд гэр бүл болоод 2007 онд том охин У.Э, 2014 онд бага хүү У.Т нар гарсан. Манай охин А, У нар 2 хүүхэдтэй бөгөөд хэрэг гарах хүртэл хамт амьдарч байсан. Одоо бол А надтай цуг манай гэрт амьдарч байна. 2 хүүхэд аав ээжийнхээ дунд ирэн очин байдаг юм. Зан байдлын хувьд У гайгүй л гэж бодож байсан. Би тэр 2-н харьцааг таарамж муутайг мэддэггүй байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны орой А-г эгч А ах Э нар аваад гэрт хүргэж ирсэн. Тэгээд тэрнээс хойш л А-г У-д зодуулсан, зодуулдаг байсан талаар нь мэдсэн. Тэрнээс өмнө нь би талаар огт мэддэггүй байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28  дугаар хуудас/

 

2.2. Гэрч А.У  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Бид нар эхээс 8-уулаа бөгөөд одоо 7 нь Улаанбаатар хот, Төв аймгийн Угтаалцайдам, Говьсүмбэр зэрэг аймгуудад ажиллаж амьдарч байна. Манай нэг ах нас барсан. А.У нь дээрээсээ 5 дахь нь бөгөөд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуульд жижүүр ажилтай. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт манай дүү З-н байранд амьдардаг. Өөрийн гэсэн орон байр байхгүй. Манай дүү зан байдлын хувьд дөлгөөн тайван байдаг. Нээх уур уцаар гаргаад байдаагүй. Урлаг спортын авьяас чадвартай. Сургуулиасаа байгууллагуудын дунд зохиосон урлаг, спортын тэмцээн уралдаанд тогтмол амжилттай сайн оролцдог. Бид нарын хажууд бол У, А нар хоорондоо муудаад байдаггүй, гайгүй л байдаг. Ямар учраас цагдаад гомдол гаргасан талаар нь би сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

2.3. Гэрч Б.Э  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Сүмбэр сумын 1-р сургуульд 34 дэх жилдээ үйлчлэгч хийж байна. У манай сургуульд 2007 оноос одоог хүртэл жижүүр хийж байна. У нь эхнэр А-н хүү, охин 2-н хамт эгчийнхээ байранд амьдардаг. Өөрийн гэсэн байр байхгүй. Эхнэр Н.А нь “Дашваанжил” газан колонкд түгээгч хийдэг. Том охин У.Э нь Сүмбэр сумын 1-р сургуулийн 4-р ангид сурдаг. Бага хүү Т нь 1-р цэцэрлэгт сурдаг. Би хааяа гэр орноор нь очиход дулаахан сайхан хоол ундтай байдаг. Зан байдлын хувьд урлаг спортын авьяас чадвартай, байгууллагаа төлөөлөн уралдаан тэмцээнд тогтмол сайн оролцдог. Хамт олондоо нэр хүндтэй, бусдыг манлайлах авьяас чадвартай хүн байгаа юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

2.4. Насанд хүрээгий гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй. Би аав, ээж, дүүтэйгээ хамт баймаар байна. Аавыгаа өрөвдөөд байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 86-87 дугаар хуудас/

 

2.5. Охин У.Э, хүү У.Т-н төрсний гэрчилгээний лавлагаа, Н.А, А.У нарын гэрлэлтийн баталгааны лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47-51 дүгээр хуудас/

 

            2.6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

 

            2.7. Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн захирал А.З-н гаргасан ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Хэдийгээр шүүгдэгч А.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн:” мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч А.У-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг нь зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тус тус заасан байна.

 

            Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1717000380018 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч А.У нь 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр аралтай 4,8 см өргөнтэй 143 см урт хүрэн өнгийн тэлээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар устгуулахаар Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А овгийн А-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч А овгийн А-н У-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1717000380018 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч А.У нь 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр аралтай 4,8 см өргөнтэй 143 см урт хүрэн өнгийн тэлээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар устгуулахаар Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ