Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2020/00831

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00831

 

Я.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00544 дугаар шийдвэртэй, Я.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Д-д холбогдуулан гаргасан

Зээлийн гэрээний үүрэгт 18 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.М-, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, хариуцагч З.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Я.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Д- нь нэхэмжлэгчээс 2016 онд 2 000 000 төгрөг, 2016 оны 1 сард 5 000 000 төгрөг зээлсэн. Улмаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай байгуулсан. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 10-нд 3 500 000 төгрөгийг нэмж зээлсэн. З.Д- 2017 онд 8 удаагийн гүйлгээгээр 3 400 000 төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлсөн. 2018 оны 2 сараас 2019 оныг хүртэл нийт 6 удаагийн гүйлгээгээр 2 600 000 төгрөг төлснийг 7 000 000 төгрөгийн үндсэн зээлээс хасч, 3 400 000 төгрөг үлдсэн. Зээлийн хүү нийт 8 400 000 төгрөгөөс 3 400 000 төгрөгийг хасахаар 5 000 000 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Алданги 3 500 000 төгрөг нийт 16 400 000 төгрөгийг З.Д-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.М-ээс 2016 онд 7 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 7 000 000 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг өөрөө хэрэглэж, Я.М-ийн найз н.Оюунгэрэлд 2 000 000 төгрөгийг, дүү н.Ариунболдод 1 500 000 төгрөгийг өгсөн. Ингэхдээ энэ 2 хүнийг Я.М-тэй уулзуулаад хүү, мөнгөө эд нараас аваарай гэдгийг хэлсэн. Я.М- энэ 2 хүнээс зээл, хүүгээ авч байгаа. Би өөрийнхөө зээлсэн 3 500 000 төгрөгийг хариуцна. 2017 оны 11 сард зээлийн хүү өндөр байна, хүүгээ бууруулж өгөөч гэж гуйсны дагуу зээлийн хүүгээ буруулсан. Сард 500 000 төгрөгөөр төлж байсан. 2017 онд 4 950 000 төгрөг, 2018 онд 2 600 000 төгрөгийг боломжоороо төлсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Замбалхүүгийн Д-гээс 16 400 000 /арван зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Ядамсүрэнгийн М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Я.М- нь З.Д-гээс үндсэн зээл 10 500 000 төгрөг, зээлийн хүү 4 650 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг, нийт 18 650 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримт буюу банкны гүйлгээний хуулгыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр багасгаж үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нийт 15 400 000 төгрөг болгон нэхэмжилсэн. Шүүх зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр "хүү" тохирсон гэрээг бичгээр хийсэн боловч нотариатч энэ гэрээг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрчилсэн нь эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үзэх үндэслэлгүй. Хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй гэж дүгнэлээ гэж үндэслэсэн. Нэхэмжлэгч тал нотариатаар батлуулсан зээлийн гэрээний хуулбарыг шүүхэд нотлох баримтаар өгсөн бөгөөд хариуцагч 3.Д- нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй. Мөн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг тусгасан гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр байгуулагдсан, сарын хүүг 10 хувь байхыг өөрөө санаачлан гэрээг нотариат дээр очиж байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Зээлийн гэрээг нотариатч баталж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэсэн огноо бүхий тэмдэг дарсан байсныг шүүх гэрээг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрчилсэн гэж дүгнэсэн. Бичгээр байгуулсан гэрээг заавал нотариатаар батлуулсан байхыг шаардаагүй. 3 500 000 төгрөгийг зээлүүлэхдээ мөнгө өгч, авалцсан тухай баримтгүй боловч П.Цолмонбаатар гэрчилсэн. Я.М- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн тэмдэглэл дээрх огноог буруу харж 3 500 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлүүлсэн гэж бичсэн байсныг шүүх хуралдаан дээр засаж 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлүүлсэн гэдгийг хэлсэн ч шүүх "мөнгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй, мөнгийг зээлүүлсэн гэх цаг хугацаа нь эрс зөрүүтэй" гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх боловч давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Я.М- нь хариуцагч 3.Д-гээс зээл, хүү, анз нийт 18 650 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 15 400 000 төгрөг болгон өөрчилсөн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 13, 34/

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2016 онд 2 000 000 төгрөг, 2016 оны 1 сард 5 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөг зээлж авсанд маргаангүй. Талууд 2016 оны 12 дугаар сарын 27-нд 7 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай байхаар гэрээг сүүлд бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдалд нийцжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тохиролцсон гэрээг бичгээр байгуулах бөгөөд нотариатаар заавал гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавигдаагүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Нэгэнт хүү төлөхөөр тохиролцсон бол хариуцагч гэрээний үүргээ биелүүлж хүү төлөх үүрэгтэй.

 

Талууд бичгээр байгуулсан гэрээндээ сарын хүүгийн хэмжээг 10 хувь гэж тохиролцсон нь улсын хэмжээний банк, банк бус санхүүгийн байгууллагын дундаж хүүгийн хэмжээнээс ч өндөр байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор байна. Талуудын хооронд хүүгийн хэмжээ илт өндөр талаар маргаан гарч сарын 5 хувь болгон хүүгийн хэмжээг бууруулсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Хариуцагч хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 7 000 000 төгрөг, сар бүрийн 5 хувийн хүүд 12 сарын хугацаанд 4 200 000 төгрөг нийт 11 200 000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Дээрх үүргээс 1 000 000 төгрөгийг хариуцагчийн заасан этгээд болох н.Оюунгэрэлээс авсан гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул уг 1 000 000 төгрөгийг, түүнчлэн хариуцагчийн буцаан төлсөн нийт 6 000 000 төгрөгийг /хх14-26/ хасч тооцоход хариуцагчийн төлбөл зохих үүрэг 4 200 000 төгрөг үлдэж байгааг төлүүлэх нь зүйтэй. Зээлдэгчийн гэрээний хугацаанд төлсөн хүүгийн хэмжээг 5 хувиар тооцон бодож харьцуулан дүгнэхэд хугацаандаа үүргээ биелүүлж байжээ. Хүүгийн хэмжээ илт хохиролтой байгаа нөхцөлд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар нэмж анз тооцох үндэслэлгүй юм.

 

Харин 2018 онд зээлдүүлсэн гэх 3 500 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн баримтгүй, гэрч П.Цолмонбаатар гэгч нь нэхэмжлэгчийн нөхөр байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00544 дугаар шийдвэрийн

-тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хариуцагч З.Д-гээс 4 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

-тогтоох хэсгийн 2 дахь заалтын 251 000 гэснийг 82 150 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төлсөн 234 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД