Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/1256

 

М.Э-, Ч.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Өлзийхүү,

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч Л.Батжав,

шүүгдэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1861 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч Л.Батжавын гаргасан давж заалдах гомдлоор М.Э-, Ч.Э- нарт холбогдох 2406050930848 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.У овгийн М-ийн Э, 1968 онд Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, “Н” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 800 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан;

2.Б овгийн Ч-ын Э, 1968 онд Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, чихэр, нарийн боовны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн;

Шүүгдэгч М.Э- нь байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл болох 1982 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х54мм-ийн калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум 80 ширхэг, 1990 онд Оросын Холбооны Улсад байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39мм-ийн калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум 240 ширхэг, нийт 320 ширхэг сумыг хууль бусаар олж авсан,

улмаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэрт буюу Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод хадгалсан,

шүүгдэгч Ч.Э- нь байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл болох 1974 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Тула мужийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62x39 мм-ийн калибртай ПС (Steel core bullet) загварын ган зүрхэвчтэй 20 ширхэг сумыг хууль бусаар олж авсан,

улмаар 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н төвийн өргөтгөл хэсэгт борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: М.Э-, Ч.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Э-г “байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” худалдааны төв хүртэл зорчих чиглэлээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

шүүгдэгч Ч.Э-ийг “байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, борлуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч Л.Батжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч М.Э- нь гэм буруугийн талаар маргадаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд “шууд” учирсан үр дагавар байхгүй бөгөөд М.Э- нь бусдад төлөх төлбөргүй.

Анхан шатны шүүх өндөр настай, эмчилгээ сувилгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай хувийн байдлыг нь харгалзалгүй зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсанд гомдолтой байна. Баянгол дүүрэгт амьдардаг тул Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг эмнэлэгт үзүүлж, сувилалд явах, Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт үзүүлэх гэх мэтчилэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар амьд явах эрхэд нь саад учруулах буюу тухай бүрд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зөвшөөрөл авах нь хүндрэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан.

М.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн, түний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой.

Монгол Улсын эрүүгийн ялын бодлогын хувьд, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн бүрд ял шийтгэл оноох бус, үйлдсэн гэмт хэргийн ялын хэмжээнээс хамааруулан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, цаашилбал, ялын хэмжээ бага гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бодлоготой билээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж заасан.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, өндөр настай, эмчилгээ, сувилгаанд зайлшгүй явах шаардлагатай хувийн байдлыг нь харгалзан торгох, эсхүл хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэхээр сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Э- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч Л.Батжавын гаргасан гомдолтой холбоотой тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Ч.Э-ийн үйлдэлд хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Э- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор З.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, шүүгдэгч М.Э-гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн байдал, шүүхээс оногдуулсан ял, албадлагын арга хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулах санал гаргасан. Харин анхан шатны шүүх эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэх шинжтэй байх ёстой. Мөн Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг дэс дараалалтай, одоо хорих ял эдлүүлсэн бол дараа тэнсэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Шүүгдэгч М.Э-г өмнө нь 3 удаа тэнсэж, сүүлд 5,400,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн бөгөөд энэ удаагийн үйлдэлд анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч Л.Батжавын зүгээс үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн талаар дурддаг боловч анхан шатны шүүхийн шатанд эрүүл мэндийн байдалтай холбоотой буюу хорт хавдартай, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэсэн баримтыг ирүүлээгүй. Мөн давж заалдах шатны шүүхэд энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна. Өмгөөлөгч Л.Батжаваас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байхад хорих ял оногдуулж, тэнсэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэж үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулсан агуулгатай тайлбар гаргаж байгаад харамсаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хэрэгт хяналт тавьж ажилласан. Хэрэгт авагдсан баримт, үйл баримтыг дүгнэхэд, Нхудалдааны төвд жижиглэнгийн бараа зарж амьдрал ахуйгаа авч явдаг гэсэн хувийн байдал тогтоогддог. Гэтэл хувийн байдал гэдэгт зөвхөн эрүүл мэндийн байдлыг авч үзэхгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ үйлдэлдээ яагаад дүгнэлт хийхгүй байгаа вэ гэсэн гол зүйлийг дурдсан. Тиймээс тус ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Э-, Ч.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч Л.Батжавын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

1. 9, 10 гэж дугаарласан сум нь 1982 онд хуучнаар ЗХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х54мм-ийн калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум, 11, 12 гэж дугаарласан сум нь 1990 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39мм-ийн калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум болох талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3491 дүгээр (3хх 6-17),

-3 нэр төрлийн 339 ширхэг галт хэрэглэлийн талаарх мэргэжлийн дүгнэлт (3хх 34-36),

-М.Э-гийн гэрээс бичиглэл бүхий сумнууд хурааж авсан талаарх 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх 17-25),

-2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн галт зэвсгийн суманд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 205-207),

-М.Э-гийн эзэмшлийн Хаан банкны дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 211-213),

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх 15) зэргээр шүүгдэгч М.Э- нь байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл болох 1982 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х54мм-ийн калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум 80 ширхэг, 1990 онд Оросын Холбооны Улсад байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39мм-ийн калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум 240 ширхэг, нийт 320 ширхэг сумыг хууль бусаар олж авсан,

улмаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэрт буюу Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод хадгалсан;

2.Гэрч Н.Б-ын: “...Манай эхнэр Ч.Э- нь “Н” худалдааны төвийн өргөтгөлд хувиараа сум худалдан борлуулдаг. Ангийн зориулалтай сум худалдаалдаг болоод 4 жил гаран болж байна. Сумнуудаа хаанаас авдгийг нь мэдэхгүй. Гэрт сум хадгалж байгаагүй. Ч.Э- өмнө нь цагдаагийн байгууллагад хууль бус зөвшөөрөлгүйгээр сум худалдан борлуулж байсан гэх үндэслэлээр шалгагдаж байсан. Өөр хэд хэдэн эмэгтэй эхнэртэй хамт нэг цэгт зогсож сум худалддаг. 1 хайрцаг сумыг зах зээлийн ханшаар барагцаагаар 100,000 төгрөгөөр зардаг...” (2хх 73-74),

-гэрч Д.Н-ийн: “...Би Ч.Э- гэх хүнийг танихгүй. Тухайн өдөр яаралтай хөдөө явах ажил гараад “Н” төв дээр зогсдог сумны ченж гэх ахимаг насны эмэгтэйгээс 20 ширхэг калибрын сумыг 50,000 төгрөгөөр бодож авсан. Миний бие галт зэвсэг эзэмших гэрчилгээтэй, мөн галт зэвсгийн сумыг албан ёсоор худалдан борлуулдаг дэлгүүрээс нь байнга авдаг боловч тэр өдөр дэлгүүр хаалттай байсан...” (2хх 155) гэх мэдүүлгүүд,

-Ч.Э- сум худалдан борлуулж байгаа талаарх 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ердийн журмаар ажиглалт хийсэн тэмдэглэл (2хх 226-228),

-2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 47240054 дүгээр мөрдөгчийн магадлагаа /1хх 89-141),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3311 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сум нь ажиллагаатай, буудах ба 1974 онд хуучнаар ЗХУ-ын Тула мужийн зэвсгийн үйлдвэрт үйлдвэрлэсэн сум байна. 7,62x39 мм-ийн калибрын гол төмөр болон сумны байртай буугаар буудахад зориулсан, үйлдвэрийн хийцийн сум байна. 7,62x39 мм калибрын 5 ширхэг сум “ПС” загварын байлдааны зориулалттай, ган зүрхэвчтэй сум байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2хх 246-250),

-2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл (2хх 229-230),

-Ч.Э-ийн гар утсанд үзлэг хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх 218-220),

-Ч.Э-ийн эзэмшлийн Хаан банкны дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 211-213) зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Ч.Э- нь байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл болох 1974 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Тула мужийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62x39 мм-ийн калибртай ПС (Steel core bullet) загварын ган зүрхэвчтэй 20 ширхэг сумыг хууль бусаар олж авсан,

улмаар 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н худалдааны төвийн өргөтгөл хэсэгт борлуулсан гэмт хэргийн үйл баримт тус тус нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээр нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй ба шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч Л.Батжаваас “өөрийн үйлчлүүлэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эсхүл торгох ялаар солих, зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг багасгуулах” гэсэн хэд хэдэн санал гарган, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр гомдол гаргасан.

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших” гэмт хэрэг нь торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын санкцтай ба хорих ялын хувьд, 5 жил хүртэл оногдуулахаар хуульчилсан.

Шүүгдэгч М.Э-гийн байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл болох нийт 320 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, хадгалсан; шүүгдэгч Ч.Э-ийн байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл болох 20 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, борлуулсан үйлдлүүдийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд хохирол учраагүй, шийтгэх тогтоолоор тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзжээ.

Ийнхүү дээрх ерөнхий ангийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдсоны дагуу анхан шатны шүүхээс хэргийн хүрээнд харгалзвал зохих нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах болон торгох ялыг ялгамжтай сонгон оногдуулсан байна.  

2.Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солих, эсхүл хэмжээг багасгуулахаар өмгөөлөгч Л.Батжаваас гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэхэд дараах нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулиар хориглон тогтоосон нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг “гэмт хэрэг” хэмээн томьёолсноор аливаа этгээдийн зарим үйлдэлд хязгаарлалт тогтоогдсон байдаг. Хэрэв уг хориглосон үйлдлийг хийсэн тохиолдолд тэрээр тохирсон ял, шийтгэлийг эдлэх нь гарцаагүй юм.

Гэтэл шүүгдэгч М.Э- нь урьд 4 удаа энэ төрлийн буюу галт хэрэгсэл хууль бусаар эзэмшихтэй холбоотой гэмт хэрэг үйлдэж, 3 удаа хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 удаа торгох ял оногдуулж байжээ.

Ийнхүү төрөөс түүнд нийгмийн харилцаанд орж аж төрөх, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг удаа дараа олгосон боловч тэрээр өөртөө дүгнэлт хийж, хууль бус үйлдэл дахин хийхгүй байхыг эрмэлзэж чадаагүй байхад түүний үйлдсэн адил төрлийн гэмт хэрэгт дахин тэнсэх, эсхүл торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй.

3.Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэг нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх хуулийн зорилтыг зөрчиж, хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан үйлдлийн улмаас нийгэмд аюул заналхийлж байдаг тул хор аюулын шинж ихтэй байдаг.

Шүүгдэгч М.Э-гийн байлдааны зориулалттай нийт 320 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, улмаар хадгалсан үйлдлийг таслан зогсоогоогүй бол цаашид өөр гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэй.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгчийн дээрх үйлдэлд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдэх болсон шалтгаан нөхцөлд бүрэн нийцсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй...” гэж хүний үндсэн эрхийг хуульчилсан.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Ийнхүү дээрх байдлаар зорчих эрхийг нь тодорхой хүрээнд хязгаарлах нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон “эрүүл мэндээ хамгаалуулах” иргэний үндсэн эрхийг хөндөх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь зайлшгүй хэрэгцээ, шаардлагад тулгуурлан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг тодорхойлох хууль ёсны баримтыг бүрдүүлэн эрх бүхий байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан зөвшилцөж, тухайн байгууллагаас чиглэл нэмсэн, зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг өөрчилсөн маршрутын дагуу зорчин явах эрх нээлттэй болно.

Иймд шүүгдэгч М.Э- нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй боловч түүний хүмүүжиж ухаараагүй хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж, түүний өмгөөлөгч Л.Батжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Э-ийн үйлдэлд дээр дурдсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (20 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, улмаар борлуулсан), урьд 1 удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон болон бусад хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд торгох ялыг сонгон оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвд шилжүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заажээ.

Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгж гүйцэтгэхээр заасан тул цаашид энэ асуудлыг анхаарах шаардлагатайг энэхүү магадлалаар сануулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1861 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч Л.Батжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН