| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2503 00000 0757 |
| Дугаар | 2025/ДШМ/1264 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/1264
2025 11 06 2025/ДШМ/1264
Ц.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтохын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Б-т холбогдох 2503 00000 0757 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д- овогт Ц-ийн Б-, ..................../.
Шүүгдэгч Ц.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан хугацаа дуусаагүй байхад буюу 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбын баруун замд Toyota prius 30 маркийн .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.13% согтолтой үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болно. Өмгөөлөгч болон миний үйлчлүүлэгч Ц.Б-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаагүй болно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хувьд бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Өмгөөлөгч миний зүгээс Ц.Б-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэм буруу дээрээ маргахгүй байгаа нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэд хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэрэг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн нөхцөл байдал 4 оюутан хүүхдийнхээ төлбөрийг барилгын ажил хийж төлдөг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир өөрийн үйлчлүүлэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас орж Ц.Б-т 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж орсон болно. Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт тохируулж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн болно. Энэ шүүхэд үүрэг олгосон биш эрх олгосон хэм хэмжээ учир анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд миний үйлчлүүлэгч Ц.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан. Миний үйлчлүүлэгч Ц.Б-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэрэг дээр дурдсан бодит шалтгаан нөхцөл, Ц.Б-ын хувийн байдал, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг шалтгаан байгааг хүлээн авч миний үйлчлүүлэгч Ц.Б-т хорих ял оногдуулахгүйгээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хэрэв зорчих эрх хязгаарлах ялыг зөрчвөл нэг хоногийн зорчих эрх хасах ялыг нэг хоногийн хорих ялаар солих, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, ухамсарлаж байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэснээр миний үйлчлүүлэгч Ц.Б-ыг зорчих эрхийн хүрээнд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн харилцаанд орж, үр хүүхдийнхээ нийгэм эдийн асуудлыг шийдвэрлэх боломжийг эрхэм шүүх, шүүх бүрэлдэхүүн олгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гаргасан үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргаж байсан. Шүүгчийн хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтохын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Б- нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/2893 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбын баруун замд 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 40 минутын орчимд “Toyota prius 30” маркийн .... УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Ц.Б-ын “...Тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй. ...намайг драйгер багаж үлээлгэхэд 2.13 хувийн согтолттой байсан. ...Эрхээ 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулж, 30 хоногийн баривчлах шийтгэл авсан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар мэднэ...” гэх мэдүүлэг /хх 33/,
жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Өдөр: 6-р сар 11, 2025, Цаг: 00:40:49, Спиртийн агууламж: 2.13%...” гэх тэмдэглэл /хх 12/,
Цагдаагийн Ерөнхий газрын “...Жолооны үнэмлэхийн төлөв: Эрх хасагдсан, ...Бүртгэгдсэн мэдээлэл: Эрх хасах: Улаанбаатар, Чингэлтэй, Зөрчлийн тухай хууль 14.7.5.1, 2024-10-29, 2025-10-29, 1 жил, др: 0.50%...” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 37/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/2893 дугаартай шийтгэврийн хуулбар /хх 13-14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Б- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Ц.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох нь “...хорих ял оногдуулахгүйгээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудалд шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хэсэгт дурдалгүй орхигдуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давхардуулж авч болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг заасан тул шүүхийн шийдвэрийг тодорхой, ойлгомжтой байх шаардлагад нийцүүлэн шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсон байх боловч энэ талаар дурдалгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтохын “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулахаар” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б-ын 2025 оны 09 дүгээр сарын 08-наас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,
- 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын 2025 оны 09 дүгээр сарын 08-наас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ