| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0613/Э |
| Дугаар | 624 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 624
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Н.Анхбаяр
хохирогч С.Д
шүүгдэгч Н.Ц, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Ц-т холбогдох 1803003540227 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Ц нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн үед ...улсын дугаартай Toyоta prius /20/ загварын автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бололх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”... гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Д-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Н.Ц нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Залуус хорооллын баруун замд ... улсын дугаартай Toyоta prius /20/ загварын автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бололх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”... гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Д-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-3-7/,
- хохирогч С.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой 20 цаг өнгөрч байхад сүү өргөх гээд гэрээсээ буюу залуус хороолол 48Б-680 тоотоос гарсан. Би байрнаас гараад эсрэг тал руу гарахдаа явган хүний гарцаар гарсан. Сүүгээ өргөчихөөд буцаад гэр рүүгээ орох гээд явган хүний гарцаар гарч байтал зүүнээс баруун чиглэлтэй явган хүний гарц дээр цагаан өнгийн жижиг тэрэг миний биеийн баруун хэсэг рүү мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-28-29/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5751 дугаартай:...С.Д-гийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдийн зулгаралт, цусан хураа, хүзүүний баруун хэсэг, мөчдийн цус хуралт, зүүн шууны хугарамхай хэсгийн далд зөрөөтэй хугарал тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-62/,
- Замын Цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 318 дугаартай:... тоёота приус маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө...гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна... гэх дүгнэлт /хх-78/
- гэрч Ч.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...манай нөхөр тоормосоо гишгээд зогссон боловч тэр эмээ машинд мөргөгдөөд газар унасан. Тэгээд би тухайн үед түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд эмээг түргэн тусламжийн эмнэлэг ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-89/
- шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчимд өөрийн тоёота приус-20 маркийн ... тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр Б, охин З, Т нарыг аваад хөдлөөд явж байтал автобусны буудлын үзүүр нэг охин гар өргөөд Залуус хорооллын үүдэнд бууна гэхээр нь тэр охиныг суулгасан. Залуус хотхон руу орох гарцны наахан талд 2 машин зогсож байхаар нь голд нь орж зогсоод тухайн охиныг буулгасан. Тэгээд тэр газраас хөдлөөд Залуус хорооллын урд явган хүний гарц дээр ирж байх үед туслах замаас хойд талаас нэг машин орж ирэх гэж байна гээд толиндоо харчихаад урагшаа хартал хүн урдаар тулаад орж ирээд машинд мөргөгдсөн. Машинаа зогсоогоод би 88****** дугаарын утаснаас манай эхнэр түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-83-84/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Цыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээчийн бүрэлдэхүүн худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохиролд нийт 2.135.800 төгрөгийг нэхэмжилсэн /хх-105/, шүүгдэгч нь эмчилгээний зардалд нийт 1.300.000 төгрөг төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн ба эм тарианы 160.820 төгрөг / х-101, 109-112/-ийг нотлох баримтын хүрээнд хангах, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Бусад асуудал
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул шүүгдэгч Н.Ц-ын 1003618 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Ц-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ц-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ц-т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ц нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирлын 160820 төгрөгийг шүүгдэгч Н.Ц-аас 3 сарын хугацаанд гаргуулж, хохирогч С.Д-д олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч С.Д нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Н.Цын ...... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР